Хаврын чуулган анхны хуулиа баталлаа
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эцсийн хэлэлцүүлгийн босгыг нэг ч их саадгүй давж гишүүдийн олонхийн дэмжлэгийг авав. Гэхдээ Э.Бат-Үүл гишүүний ойг хамгаалахдаа нэгдлийн малыг малчдаар маллуулахтай адил хандаж байна гэсэн шүүмжлэлийг эс тооцвол шүү дээ. Хаврын чуулган эхэлснээс хойш анхныхаа хуулийг эх барих гэж буй УИХ-ын даргад Тамгын газрын эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн хуулийн төсөл таалагдсангүй. Энэ хуулийн төсөл дээр Тамгын газрын дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга ч ажилласан гэсэн Тамгын газрын ажилтны хариулт Ц.Нямдорж даргыг нэлээд бухимдуулаад авав. Хуулийн төсөл дээр ажилласан нь үнэн биз гэж лавлан асууснаа хариу хэлэхийг ч хүлээхгүи дуу нь чангараад ирэв. Мундаг ажиллаж дээ, Тамгын газрынхан. Энэ төслийн 18.6-г хар. Тухайн газар нутагт байнга аж төрдөг нутгийн иргэн гэж ямар хуулийн томъёолол байдаг юм. Нэртэйгээр нь та нар нинжа гаэд бичих Ийм хөгийн юм оруулж ирдгээс чинь болж Yндсэн хуулийн Цэц дээр хэчнээн дуудагдах юм. Ажлаа хийж чадахгуй Тамгын газрынхан өргөдлөө өгөөд бүгд явцгаа хэмээн хатуурхсан УИХ-ын дарга Тамгын газрын асуудлыг авч үзэхгүй бол болохгүй нь гэж гишүүдэд санууллаа. Нутгийн иргэд гэж хуулийн нэр байдаггүй, тухайн засаг захиргааны нэгжид байнга бүртгэлтэй оршин суугч гэж залруулав. Энэ үеэр Тамгын газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Нарантуяа, Ц.Мөнх-Оргил гишүүнтэй ямар нэг зүйл аминчлан ярилцаж байсан нь гал дээр тос асгасан мэт болов. Дарга царайлж машин унасан юмнууд төсвөөс цалин авчихаад юу ч хийхгүй. Өрөөндөө ч ажлаа хийхгүй, чуулганы танхимд ч хийхгүй хурал үймүүлээд явах юм гэж ширүүлхсэн УИХ-ын дарга Тамгын газрынхныг Шахаад ч шүүс гаргахаа больсон хүмүүс гэж тодорхойлов. Ц.Нямдорж даргын халдлагад БОЯ-ныхан ч, Н.Баяртсайхан сайд ч өртлөө. Татвар төлөгч-дийн мөнгөөр тэжээлгэж байгаагаа байнга санаж, ажилдаа сэтгэл гарга гэж тэдэнд зөвлөлөө. Ийн Тамгын газрынханд халгаатай байсан, УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг аваад удаагүй хуулийн талаар мэдээлэл өгөхөөр төсөл санаачлагчид хэвлэлийн хурал зарлав.
1970-аад оны үед хийсэн судалгаагаар нийт газар нутгийн 13 хувь нь ой гэсэн байдаг бол өдгөө 8,5 хувь болтлоо буурсан гэнэ. Ийм үед ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь нүдээ олсон хэрэг хэмээн хуулийн төслийг санаачилсан эрхэм гишүүн Ч.Раднаа мэдэгдэв. Нийтээрээ эзэмшдэг нийгмийн баялаг ингэж л дуусч төгсдөг юм байна гэж халагласан Ч.Раднаа гишүүн энэ хуулийг мөрдөж эхэлснээр ойн санг нэмэгдүүлэх боломжтойг дурдлаа. Үндсэн хуульд заасан ой нь төрийн өмч бөгөөд ард түмний мэдэлд байна гэсэн заалт жинхэнэ утгаараа хэрэгжих аж. Тухайн орон нутгийн байнга оршин суудаг иргэд нөхөрлөл байгуулж ойг эзэмшиж, хамгаална. Гэхдээ энэ нөхөрлөл Компани, нөхөрлөлийн тухай хуулиар биш, Иргэний хуулиар зохицуулагдах учир татвар төлөхгүй. Нөхөрлөл байгуулсан иргэд 60 хүртэл жил тэр ойн эзэн болох учиртай гэнэ. Ойг эзэмшүүлэхдээ эхний удаа улсын төсвөөс тооллого хийж хэдэн га ой байгааг нарийвчлан тооцох аж. Эзэмшдэг ойд нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас түймэр зэрэг гамшиг тохиолдвол нөхөрлөл хариуцлага хулээхгуй хэмээн хууль санаачлагч өгүүллээ. Нэг ёсондоо энэ хуулийг баталснаар ой төриинх ч биш, хувийнх ч биш болж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл нөхөрлөл байгуулах иргэд менежментийн гэрээгээр л ойг эзэмших аж.