Өмгөөлөгч Ч.Энхээ Түүний дууг зөвхөн хоригдлууд сонсоно гэж бодохоор харамсалтай
авилга өгсөн зэрэг дуулиант хэргийг өмгөөлж буй өмгөөлөгч Ч.Энхээтэй ярилцлаа. Тэрээр хуулийнхантай холбоотой зарим нэгэн баримтыг дэлгэсэн юм.
-Та нийгэмд анхаарал татаад байгаа олон хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Саяхныг гэхэд л Гэр хорооллын барилгажилт ХЗХ-ны хохирогчдыг өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон. Энэ үеэр Би Ц.Түмэнгэрэлийг хэзээ ч өмгөөлөхгүй байсан гэсэн үг унагасан нь чинь их л хачирхалтай сонсогдож байлаа?
-Хурал дээр хүмүүс миний санааг буруу ойлгосон байна лээ. Би түүний хийсэн муухай хэргийг зөвтгөж байгаа юм биш. Гэхдээ утга зохиолд оруулсан хувь нэмэрт нь баярлалаа гэж хэлсэн. Зарим хүн намайг хохирогчдын өмгөөлөгчөөр орсон тул Ц.Түмэнгэрэлийг жигшээд өмгөөлөхгүй гэж жүжиглэсэн гэж ойлгоод байгаа юм.
-Санал тавьсан бол өмгөөлөх байсан уу?
-Yгүй. Би талийгаач болон түүний аавтай нь хамт ажиллаж байсан. Тэгэхээр хүний хувьд яав ч зохимжгүй хэрэг. Татгалзах нь өмгөөлөгчийн эрх.
-Та дуучин Х.Лхагвасүрэнг өмгөөлж байгаа ч түүнийг уран бүтээлээ туурвихын тулд нэг өвс татаа л биз. Хуулийнхан дэндүү бүдүүлэг авирлаж байна гэж шүүмжилсэн байсан. Өмгөөлөгч хүн ингэж ярихаар нийгэмд тэр тусмаа залууст буруу үлгэр дууриал болохгүй гэж үү?
-Миний хэлсэн, ярьсан болгон бүх хүнд таалагдах албагүй. Би өөрийн байр сууриа илэрхийлэх эрхтэй. Тиймээс ингэж ярьсан. Энэ хэрэг анх яригдаж эхэлснээс хойш л нийгэмд сөрөг ойлголт газар авч, цагдаа нарын турхиралтаар Х.Лхагвасүрэн хар тамхичин гэж олон жил ярьж, бичлээ. Харин би санаж бодсоноо хэлснээс хойш хүмүүс өмөөрөнгүй хандах болсон. Тиймээс зорилгоо биелүүлсэн гэж ойлгож байгаа. Асуудлыг ингэж гаргаж ирэхгүй л бол Харанга-ын Х.Лхагвасүрэн 10-15 жилийн ял авах нь тодорхой болсон шүү дээ. Хуульд ингээд заачихсан юм чинь яах билээ. Харин би үүнийг дэндүү шударга бус гэж үздэг. Тэр хүнийг өөрийнхөө эрүүл мэндийг хохироосных нь төлөө санаатайгаар хүний амь хөнөөсөн хүнтэй адил ял өгнө гэдэг дэндүү бүдүүлэг, байж боломгүй зүйл.
-Та хэчнээн ингэж яриад, өмөөрөөд хуулийн заалтыг өөрчилж чадахгүй. Тухайн хүн ял авлаа ч, нийгэм ядахдаа ойлгож, нааштайгаар хүлээж аваасай гэсэндээ ийм алхам хийсэн юм уу?
-Тэгж ойлгож болно. Цогт тайж киноны улаан малгайтад тоглодог Лувсанжамц гуай бурхан зурсныхаа төлөө олон жил шоронд сууж байсан. Р.Чойном байна. Шүлэг бичсэнийх нь төлөө түүнийг шоронд суулгаж байсан. Энэ бүгдийг өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад хуулийн тогтолцоо ямар муухай бүдүүлэг, хатуу байсан нь харагдаж байна. Өнөөдөр ч гэсэн энэ байдал давтагдах нь. Х.Лхагвасүрэн олон жилийн ял авлаа ч холбогдох хүмүүс хэдэн жилийн дараа энэ хуулийн заалтаа эргэж хараад дэндүү хууль байж дээ. Тэр сайхан авьяастай дуучныг 15 жилээр тасалж байсан байна шүү дээ гэнэ. Тэрээр хүн болгонд тэр бүр заяадаггүй ховор авьяастай хүн. Түүний дууг зөвхөн шоронгийн хоригдлууд сонсдог болно гэж бодохоор үнэхээр харамсалтай санагдаад байгаа юм.
-Түүний бие тааруухан байгааг мансууруулах бодисоо хэрэглээгүй удсантай холбоотой гэж тайлбарлах хүн ч байна?
-Х.Лхагвасүрэнгийн хэрэглээд байгаа тэр өвсийг дэлхийн нэлээд олон оронд зөвшөөрчихсөн. Цагаан нунтаг эсвэл судсаар тарьдаг нь биш. Энэ өвсний гол онцлог нь огт донтдоггүй. Тийм байсан бол энэ олон сар хоригдож байхад түүнийгээ үгүйлээд байж ядаад хачин болно биз дээ. Гадуур бие нь тааруухан байгааг үүнтэй холбон ойлгоод байгаа. Тийм биш юм.
-Урлагийн авьяастай, олны танил, ард түмэнд дуугаа хүргэхийн тулд өвс татаж байсан гэдэг нь шүүх хуралдаанд хөнгөрүүлэх шалтгаан болох уу?
-Харамсалтай нь үгүй л дээ.
-Хуулийнхан таны энэ тайлбарыг хэрхэн хүлээн авч байна?
-Ер нь эерэг талдаа хүлээж авдаг юм. Арай ч хатуу байна гэдгийг өөрсдөө ч хэлдэг.
-Та түүнд ийм өндөр ялтай зүйл ангиар шийтгэгдэх нь гэдгийг хэлсэн үү?
-Хэлсэн. Мэдэж байгаа. Гэхдээ хэн баярлаад гүйх вэ дээ.
-Та Х.Лхагвасүрэнг өндөр ял авна гэдэгт сэтгэл зүйн бэлтгэлтэй байна гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Та хоёрт жаахан ч гэсэн итгэл байна уу?
-Байна. Энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахыг хичээж байна. Тэгснээр иргэдийн ойлголт өөр болж байна. Өмнө нь хар тамхи татдаг сагсуу нөхөр гэдэг байсан бол одоо авьяастай залуу гэдэг талаас нь өмөөрөх аяс мэдрэгдэж байна. Yүнийг шүүх харж үзэх болов уу гэж найдаж байна.
-Х.Лхагвасүрэн хар тамхитай холбогдсоноо хэрхэн тайлбарлаж байна. Хүний эрх гэдгээр мөрдөн байцаагчтайгаа тэрсэлдэх явдал гарч байна гэж сонсогдсон?
-Түүнтэй яагаад чи хэрэглэсэн юм, үүнийгээ юу гэж бодож байна гэж ер ярьдаггүй. Тийм ч ёсгүй юм. Мөрдөн байцаагчтайгаа тэгтлээ тэрсэлдээд байгаагүй байх аа.
-Та хэл амтай томоохон хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байнга л шүүгч, хуулийнхантай тулж байх юм. Зарим нэг нь таниас төвөгшөөдөг тал ч ажиглагддаг. Энэ бүгдийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Хэлэхээс өөр аргагүй юм гардаг юм. Саяхан Чингэлтэй дүүрэгт нэг залуу гэрийн эзнийг гараад явсан хойгуур ороод зурагтыг нь аваад гарчихсан байгаа юм. Гэрийн эзнийг байхад ална шүү гээд аваад гарсан бол дээрэм болно. Гэтэл Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Цэцэгмаа гэрт нь хүн байсан ч аваад гарах байсан гээд дээрмийн хэргээр ял оноочихож байгаа юм. Yүнээс харахад үйлдсэн хэрэгт нь бус үйлдэж болох хэрэгт нь таамгаар ял өгч байна. Хулгай, дээрмийн хэрэгт өгөх ял тэнгэр газар шиг зөрөөтэй. Мөн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны гурван шүүгч, хяналтын шатны тав гээд нийтдээ 11 шүүгч нэг хэргийг шийдэж байгаа юм. Урьд өдрийн 16 цагийн үед айснаасаа болоод зүрх нь зогссон хүнийг маргааш өглөөний нь 07 цаг хүртэл гадуур явсан байна гээд зүтгээд байгаа юм. Би гайхаад та нар яагаад ингэж үзэж байгаа юм гэхээр тийм байж болно шүү дээ гэх. Шүүгч нар дандаа хэрэг хийсэн хүнтэй харилцсаар байгаад өөрөөс бусад нь хэрэгтэн гэж бодоод ял өгөх, яллах гаж донтой болчихсон. Шүүх, цагдаа, прокурорт ажиллаж байгаа хүмүүсийг жилдээ, болохгүй бол хоёр жилд нэг удаа сэтгэцийн эмнэлэгт үзүүлж баймаар. Доромжилсон асуудал биш шүү. Yнэн нь л тэр.
-Та цаашид олон удаа шүүх хуралд оролцоно. Ингэж хэлэхээр чинь шүүгчид танд талархахгүй нь лавтай?
-Бодож, санаж байгаагаа хэлэхээс өөр арга алга. Бүгд дуугүй байвал хулгайн хэргийг дээрэм болгоод, үхсэн хүнийг бүтэн өдөр дэмий тэнүүлээд байх юм бол хэцүү биз дээ. Yүнийг Монголын шүүх тогтолцооны төлөө хэлээд байгаа гэдгийг л тэд ойлгох хэрэгтэй. Би хэн нэгэн шүүгчид дургүйдээ биш, шүүхийн байгууллага нэр хүндтэй, цэвэр байгаасай гэсэндээ үүнийг хэлж байгаа юм.
-Та өмнө нь өөрийгөө хар тамхи татаж үзсэн. Тийм ч сүртэй эд биш маягийн зүйл ярьсан байсан. Хар тамхи татсан, хэрэглэсэн хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлж байгаа хүн өөрөө ингэж ярихад ёс зүйн хувьд таарамжгүй биш үү?
-Би үзсэн юмаа л ярьсан. Ёс зүй зөрчсөн гэж үзвэл Монголын өмгөөлөгчдийн холбоо ёс зүйн хороогоороо авч хэлэлцэх биз.
-Та Ноёд группын захирал С.Буяндоржид холбогдох хэрэгт ажиллаж байгаа гэсэн. Түүнийг олон сая төгрөг залилаад гадаад руу оргон зайлсан гэдгээр эрэн сурвалжилж байгаа гэх юм. Хэр үнэний ортой вэ?
-Яг С.Буяндоржтой холбоотой биш юм аа. Түүнээс авилга авсан гэсэн хэрэгт сэрдэгдээд байгаа Дархан-Уул аймгийн хоёр мөрдөн байцаагчид холбогдох хэрэг юм. Тэднийг С.Буяндоржоос 10 сая төгрөгийн хахууль авсан гэдэг ч энэ нь нотлогддоггүй. Учрыг лавлаад сонирхоод үзэхэд С.Буяндоржийг хэрэгт холбогдуулах сонирхол, улс төрийн эрх ашиг ч байх шиг. Би Авилгатай тэмцэх төрийн бус байгууллага байгуулаад ажиллаж байгаа юм. Энэ байгууллагад анх энэ мэдээлэл ирснээр шалгаж эхэлсэн.
-АТГ гэж нүсэр бүтэц, төсөвтэй байгууллага байхад та яагаад төрийн бус байгууллага байгуулсан юм бэ?
-Төр өөрөө өөрийнхөө авилгыг шалгана гэж байхгүй. АТГ гэж төрийн байгууллага байгуулах юм бол урьд нь шүүх, цагдаа, прокурорт хамгийн их авилгад өртдөг байгууллагад ажиллаж байсан хүмүүсийг удирдлагад нь тавих ёсгүй байсан юм. Дарга нь Дээд шүүхийн, орлогч дарга нь цагдаад ажиллаж байсан. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл гарт баригдаж, чихэнд сонсогдох ямар ч ажил хийгээгүй байна. Мөн УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба гэж бий. Олон хүнтэй бас ямар ч ажил хийдэггүй мухар олгой л байдаг. Аваад хаячихад хэн ч үгүйлдэггүй. Тэнд ажиллаж байгаа мөрдөн байцаагчдыг АТГ-т ажиллуулбал харин ч нүдээ олно. Манайд АТГ олон. Хамгийн түрүүнд тэмцэх газар бол шүүх, прокурор, Тэд ажлаа хийж чадахаа байгаад өөрсдөө авилгад өртөөд эхэлсэн. Цаашлаад төрийн байгууллага бүрийн хажууд Сахилгын хороо, Ёс зүйн зөвлөл байдаг ч юу ч хийдэггүй. УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сахилгын хороо гэхэд л сахилгагүй шүүгчийг хамгаалдаг хороо болсон. Тэдэнд шүүгч чинь ёс зүйгүй байна гээд хандахаар ганцхан хариулт өгдөг. Тэр нь зөрчөөгүй байна гэсэн. Залуу шүүгч өмгөөлөгчийг элдвээр занаж, чичилж баривчилна гэж далайлгаж, шүүгч нар нь шүүхийн шийдвэртээ засвар хийж байхад ёс зүй зөрчөөгүй гэж үздэг гайхалтай тогтолцоотой.
-Тухайлбал?
-Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Туяа алтны хоёр компанийн хоорондын газартай холбоотой маргааныг шийдвэрлэн шүүхийн шийдвэр уншсаныхаа дараа эргээд засварласан байгаа юм. Хяналтын шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх болоход анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгч нь Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгогдохоор дөрөв, таван өгүүлбэр нэмээд оруулчихсан байсан. Гэтэл шүүх хуралд та нар зөвшөөрчихсөн байна гээд. Ийм л холион бантан хийж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгч Батбаатар байна. Мөн ийм маягаар засвар хийсэн байгаа. Ийм ноцтой явдал их гарна. Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт хэн ч гар хүрэх эрх байхгүй. Манай шүүгчдийн дунд энэ байдал хавтгайрч байгаа.
-Авилгатай тэмцэх хуулийг хэрэгжүүлэхэд эрх зүйн орчинг бүрдүүлж өгөөгүй мөртлөө яаран сандран нүсэр бүтэцтэй байгууллагыг байгуулсан. Энэ нь цагаа олсонгүй гэсэн шүүмжлэл гарч байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Мянганы сорилын сангаас хэдэн юм авах гэж л байгуулсан шүү дээ. Өнөөдөр гэхэд юу ч хийдэггүй баахан улс цалин аваад сууж байна. Энэ чинь татвар төлөгчдийн л мөнгө. Хуульдаа өөрчлөлт оруулаагүй байж яаран байгуулсан нь үнэн. Манай улс гадныханд авилгатай тэмцээд байгаа, жаахан юм өгөөч гэж байгуулсан нь харагдаж байна. Асуудлыг шийддэг хуулийнхан өөрсдөө ийм байхаар ямар ч авилгыг илрүүлэхгүй, шийдэхгүй шүү дээ.