Монгол Улсыг хагас дарангуйлалтай орон гэж дүгнэжээ

Олон улсын Хил хязгааргүй сэтгүүлч байгууллагаас жил тутам гаргадаг судалгаагаар хэвлэл мэдээллийнхэнд халтай арван орны жагсаалтад манай хоёр хөрш, харин олон улсын өөр нэгэн судалгаагаар Монгол Улс хагас дарангуйлалтай орны тоонд багтжээ. Сэтгүүлзүйн эрх чөлөө нь тухайн орны ардчиллын хамгийн гол үнэлэмж, амин сүнс болдог атал манайд сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар ялладаг нь ийнхүү хагас дарангуйлалтай орны тоонд багтахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

Сүүлийн үед авлигад нэр холбогдож, албан тушаалаа урвуулан ашигласан төрийн томоохон албан тушаалтнуудын талаар баримт дэлгэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа сэтгүүлчдийг эрүүгийн гэмт хэрэгт яллах явдал хавтгайрсан. Нэр холбогдсон албан тушаалтнуудын гэмт үйлдлийг шалган тогтоох ажлыг огт хийхгүй байгаа нь төрөөс гэмт этгээдүүдийг өмгөөлөн хаацайлж байгаа явдал юм.

Иймд Иргэний холбооноос мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, авлигатай нэр холбогдсон улстөрчдийг хардах сэтгүүлчийн эрхийг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлэн, сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах явдал нь төрд иргэний хяналтыг тогтоож, хариуцлагатай улс төр, тунгалаг төрийг төлөвшүүлэхэд саад тотгор болдог гол хүчин зүйл юм. Энэ нь авлигачдыг өөгшүүлэх гэсэн арчаагүй оролдлого бөгөөд сэтгүүлчид болон иргэдийг айлган сүрдүүлэх дарангуйллын эхлэл гэж Иргэний холбооныхон үзэж байна. Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлийг нэн даруй өөрчилж, сэтгүүлчийн мэдээлэлд нэр холбогдсон албан тушаалтан гэм буруугүй гэдгээ өөрөө нотлох заалтаар солих ёстой гэж үзэж байна. Тиймээс нэр холбогдсон хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө өмгөөлж ярилцлага өгөх биш, өөр хэлбэрээр нотлох ёстой гэв. Сэтгүүлчдийг шүүхэд өгдөг авлигач, улстөрчдийг дэмжихгүй байх хөдөлгөөнийг өрнүүлэн, авлигад нэр холбогддог, ил тод биш улстөрчдийг дэмжихгүй байхыг иргэний нийгмийн байгууллагууд, иргэдэд уриалжээ.

Тус холбоо мөн улстөрчид болон төрийн албан хаагчдад зориулсан Авлигын эсрэг иргэдийн эв нэгдлийн гэрээний төсөл боловсруулснаа танилцуулав. Энэ нь сонгуулиар сонгогддог улс төрийн салбарын төлөөлөгч, татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төрийн албаны ажилтны хувьд хөрөнгө, орлого, зарлагаа үнэн бодитоор нь сонгогчдодоо ил тод зарлаж байхаа баталж, авлигад хардаж бичсэн сэтгүүлчийн эрхийг хүлээн зөвшөөрч, шүүхэд хандахгүй, ил тод гэдгээ өөрөө нотолно гэсэн утгатай. Хэрэв тэд гэрээгээ зөрчвөл ёс суртахууны хувьд өөрөө сайн дураараа огцроход бэлэн гэж үзэж нэр төрийн баталгаа болсон гарын үсгээ зурах юм байна.

Сэтгүүлчид уулзалтын үеэр төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын талаар жишээ, мэдээлэл солилцсон юм. Хамгийн гол нь бүхний нүднээ ил байгаа авлигатай холбоотой байж болохоор эдгээр дутагдал, цалин, орлогоосоо илүү хөрөнгөтэй төрийн албан хаагчдыг хардах эрхтэй төдийгүй үүрэгтэй гэдэгт санал нэгдэв.

Төрийн албан хаагчид булхайгаа нуун дарагдуулах зорилгоор сэтгүүлчдийн эсрэг мөнгө амлах, хүчний байгууллагаар зэвсэглэх нь энүүхэнд байгаад болгоомжлох хэрэгтэй. Гадаад орны жишгээр сэтгүүлчийн амьдын гэрээслэл үйлдэх эрх зүйн акттай болох, мөн сэтгүүлчдийн амь насыг хамгаалахад анхаарах зэрэг санал гаргаж байв.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button