Дэлхийн жишгээс ухарч хөгжих Улаанбаатар
Гэтэл Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн бодлого нь хүний аюулгүй амьдрах орчныг устгах хэтийн төлөвийг баримтлах болов гэхэд хилсдэхээргүй болсон байх юм. Нийслэлийн нэг сая дахь иргэнээ бид хаана салхилуулж, хөлд ороход нь ямар цэцэрлэгт хүрээлэнд зугаацуулж, тоглуулах вэ гэдэгт та хариулт олох гээд үз дээ. Yнэндээ орон сууцанд байдаг нэг нь байрныхаа гадна, гэр хороололд бол тоос шороо бужигнасан гудамжиндаа л салхилуулахаас өөр орчин, газар Улаанбаатарт алга. Хувийн унаатай, боломжтой нэг нь зуны гурван сард зусланд гарч хүүхдэдээ цэвэр агаар амьсгалуулах л байх.
Энэ бол өнөөдрийн Улаанбаатар хотын амьдралын дүр төрх. Агаарын бохирдол, машины хорт утаа, өвөлдөө гулгаатай замд гэр хорооллын айлууд нь үнсээ гадаа асгасаны үр дүнд хавар хийсэх өлөн цагаан тоосны улмаас шинээр мэндэлж буй иргэд маань амьсгалын болон тархины даралттай төрдөг болоод удаж байна. Гэтэл өдөр тутам барилгажиж буй хотод хүүхдээ салхилуулах цэцэрлэгт хүрээлэн, модтой гудамж талбай үлдсэнгүй. Орон сууцны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбай, социализмын үед тарьж, өдгөө ид залуугаараа найгаж буй моддыг булга татан машины гарааж, дэлгүүр барьж орхив.
Yнэндээ Төрийн ордны ар талд Улаанбаатарт цорын ганц гэж хэлж болох цэцэрлэгт хүрээлэн бий. Гэтэл удахгүй энэхүү сакура цэцэглэж, модод найгасан цэцэрлэгт хүрээлэнг тойруулан хашаа хатгаж, модыг нь булга татан Парламентын ордон босгох гэж буй сурагтай. Ийнхүү Улаанбаатар хотод залуусын зугаалах, хүүхэд салхилуулах модтой, зүлэгтэй, тохилог, цэцэрлэгт хүрээлэн үгүй болох нь тодорхой болов. Монголын түүхийн нэгэн үед муухай ааштай, Монголын хөрөнгийг үрэн таран хийсэн хэмээн цолуулж байсан А.И.Филатова-гийн үүсгэн байгуулсан Хүүхдийн парк буюу Yндэсний соёл амралтын хүрээлэнгээс өөр хүүхэдэд зориулсан тоглоомын газар Монголд үзээд эргүүлээд өгьё гэсэн ч байхгүй. Уг соёл амралтын хүрээлэнг анх байгуулахдаа 24 тоглоом суурилуулж байснаас өдгөө дийлэнх нь ажиллахаа больсоныг бид мэднэ. Япон улсын хөрөнгө оруулалтаар шинэчлэн засч орчин үеийн дэлхийн жишигт нийцсэн Шинэ диснейлэнд байгуулах сураг гараад даруй хоёр жилийг үдэв. Япон улсын Засгийн газартай гэрээ байгуулан Иточу компаниас 30 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой ч газрын асуудлаас болоод өнөөг хүртэл хойшлуулсаар байна. Уг соёл амралтын хүрээлэн нь нийтдээ 35 га газрын эзэмшилтэй, багагүй хэсгийг нь ногоон байгууламж эзэлдэг. Yүнээс 1.2 га-г нь Б.Наранхүү захиралтай Мон-Уран компани өмчирхөөд таван жилийг үдэж буй. Мөн тус хүрээлэнгийн нэгээхэн хэсгийг солонгосууд эзэмшиж, Сөүл рестораныг ажиллуулаад удаж байгаа.
Уг нь дэлхий нийтэд томоохон хотууддаа орон сууц, хотхон байгуулахдаа хамгийн эхлээд цэцэрлэгт хүрээлэн, сургууль, хүүхдийн тоглоомын талбай бий болгодог юм билээ. Энэ нь суурьшмал соёл иргэншлийн хэдэн зуун жилийн өв уламжлалтай улс орнууд хийгээд өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудын хүнээ дээдэлсэн хөгжлийн үндсэн үзүүлэлт юм. Гэтэл монголчууд бид үүний эсрэг, алга дарам газар бүхэндээ барилга барихаар өрсөлдөх болов. Yүний үр дүнд цэцэг бус, цементээр цутгасан явган хүний замын тоос шороог дарах, зуны халуун наранд халж хайлмагтсан машин замаа норгож услах ажил бий болох бололтой. Нэгэнт услах мод, цэцэрлэгт хүрээлэн, цэцэггүй болохоор өөр юугаа ч услах билээ дээ.
Эрх мэдэлтэй, мөнгөтэй бүхэн газрын наймаанд хошуурч, хотоо гадагш нь тэлж хөгжүүлэх бус, дотогш нь хумих бодлого барих болжээ. Нэгэнтээ гадаадын нэгэн мэргэжилтэн Хотын төв рүүгээ хэт төвлөрсөн барилгажилт эргээд хотынхоо хөгжилд сөрөг нөлөөлөлийг бий болгодог аюултай. Хүн амын нягтшилт ихэсч эдийн засаг өсөхийн хэрээр төвөөс зугтах хандлага бий болдог. Ингэснээр хэт барилгажсан хотын төв, эзэнгүйдсэн орон сууцны барилгуудаа буулгах, цэцэрлэгжүүлэн тохижуулах ажилд асар их хөрөнгө шаардлагатай болдог гэсэн нь бий. Өнө эртний түүхтэй дэлхийн томоохон хотуудын төв нь эртний түүх дурсгалт барилгуудаар дүүрэн байж зугаалах, амрах, цэцэрлэгт хүрээлэнтэй байдгийн нэгэн нууц ч энэ биз ээ. Дэлхийн хөгжилтэй орны жишгээс харахад хэмээн ярих, ишлэл авах дуртай уран илтгэгч дарга нар маань харин өнөөдрийн өөрсдийн олох ашгийн төлөөх улайралдаа хэт автаад энэ мэт дэлхийн хот байгуулалтын түүхийн онцлогийг олж харахыг хүсэхгүй байгаа бололтой. Ямартай ч нэг сая дахь иргэнээ хүлээн авсан Монгол Улсын нийслэлд хүүхэд салхилуулах, залуус зугаалах, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрөөх, цэцэрлэгт хүрээлэн байхгүй болоод удаж байна. Манай улсын хувьд хүнээ өсгөх бодлогыг төрөөс явуулах нь зөв зүйтэй алхам. Гэхдээ шинээр төрж буй иргэн ч, өсч буй залуус ч өтөлж буй өндөр настан ч эрүүл, аюулгүй орчинд сэтгэл тайван амьдрах, амарч зугаалах эрхтэй. Гэвч энэ эрхийг маань газрын наймаачид, зохицуулалтгүй газар олголт, авлигын сүлжээ үгүй болгож байна.