Хадган цэнхэр, дун цагаан өнгө илүү зохимжтой
Хэдий тийм ч өөрт тохирох донж маяг, хувцсаа сонгож бусдаас содон атлаа ихэмсэг харагдана гэдэг бүсгүйчүүдийн хувьд тийм ч амаргүй.
Тиймээс загвар зохион бүтээгч, эмэгтэй гадуур хувцасны зураач Ц.Байгалмаагийн зөвлөгөөнд бүсгүй та анхаарлаа хандуулаарай. Тэрээр зөвхөн бүсгүйчүүддээ зориулж аминчлан зөвлөж байна.
-Бусдаас үргэлж өвөрмөц, эрхэмсэг байхыг хүсдэг бүсгүйчүүд энэ зуны загварын чиг хандлагыг сонирхоод эхэлчихсэн байгаа. Тиймээс зун цаг бүсгүйчүүдийг ямар загвараар байлдан дагуулахаар зэхээд буй талаар яриагаа эхэлье гэж бодлоо?
-Өнөө цагт загварын чиг хандлагыг тодорхойлдог орон олон болсон. Хэдий тийм ч тэдгээрээс загвараараа тэргүүлдэг хот бол яах аргагүй Милан, Токио, Лондон, Парис орно. Эдгээр хотуудын загварын долоо хоног тухайн жил, улирлынхаа загварыг тодорхойлдог юм. Мөн эдгээр долоо хоногт янз бүрийн пүүс компани, хотуудын загварууд гарч ирдэг болохоор энэ зун яг тийм өнгө, ийм загвар зонхилно гэж хэлэхэд хэцүү болсон. Тиймээс охид, бүсгүйчүүд өөрсдийн, мөн хэтэвчнийхээ нимгэн, зузаанаас шалтгаалан хувцаслах нь тохиромжтой.
Мэргэжлийн хүний хувьд ажиглахад монголын хувцасны чиг хандлагыг тодорхойлж байгаа зүйл бол Солонгосын олон ангит кинонууд гэж боддог. Яагаад гэхээр, манайхан телевизээр гарч буй олон ангит киноны гол дүрийг дуурайж хувцаслахаас гадна, дэлгүүрүүдэд хятад, солонгосын бүтээгдэхүүн хямд байдаг нь нөлөөлдөг болов уу. Тиймээс ч ийм загварын хувцас манай зах зээлд давамгайлдаг юм. Гэхдээ мэдээж энэ дотроо 1970-аад оны хийц, том цэцэгтэй, судалтай загвар хадгалаатай байдаг. Харин тодорхой хэмжээний өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй бүсгүйчүүд гадаад руу явж хувцсаа бэлддэг болж. Энэ хандлага ч жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Ийм нөхцөлд энэ зуны чиг хандлагыг тодорхойлох нь утгагүй.
-Гэхдээ аль ч улсад өөрийн гэсэн онцлог байдаг байх?
-Манай улс өндөрлөг, нарлаг болохоор тод өнгө илүү тохиромжтой. Ялангуяа хадган цэнхэр, дун цагаан өнгө манайханд зохимжтой байдаг. Yүн дээр хар, цагаан өнгийн хувцас ямар ч үед сонгодогт тооцогддог. Харин завсрын өнгө төдийлөн зохисгүй.
-Тухайн жилийн загвараас гадна охид, бүсгүйчүүд ямар нэгэн загварт хэт туйлширдаг. Тиймээс хүүхнүүд яавал өөрийнхөө имижийг бүрдүүлж болох вэ?
-Тийм зүйл ажиглагддаг л даа. Энэ нь манай нийслэлийнхний нэг сул тал. Мөн хэт чамин хувцаслах дуртай байдаг. Энэ нь олон жил хойд хөрштэй холбоотой байсны нөлөө. Өөрөөр хэлбэл оросууд хүний нүдэнд туссан, дэгжин хувцас их өмсдөг л дөө. Yүнийг гудамжинд гараад л харахад өвдгөөр татсан том том халаас, том товчтой богино өмд, бондгор хоншоортой гутал, огтор банзалтай охидоос харж болно. Түүнчилэн Цагаан сар, наадмаар бүгдээрээ зохисон зохиогүй эрээн мяраан торгоор хийсэн хувцас өмсдөг.
Тиймээс бусдыг дуурайн хувцаслах бус, өөрийнхөө гоо сайхныг илтгэсэн хувцсаар гоёхыг хүсвэл мэргэжлийн загвар зохион бүтээгчээс зөвлөгөө аваад үзээрэй. Хэрэв түүний зөвлөгөө өөрт тань таалагдвал түүнийгээ цааш нь хөгжүүлж болох юм. Миний хувьд бүсгүйчүүдийг чөлөөтэй хэрнээ эмэгтэйлэг, зөөлөн талаас нь илтгэхийг хүсдэг. Гэтэл манай бүсгүйчүүд их зөрүүд. Тэр бүр мэргэжлийн хүний зөвлөгөөг дагадаггүй. Нэг жишээ хэлье л дээ. Энэ зүйл надад их соргог анзаарагддаг юм. Тодорхой хэмжээний хувийн компанитай, ажил хэрэгч 30-40 насны бүсгүйчүүд маань цэрэг маягийн их хатуу мөртэй хүрэм хослол өмссөн байдаг. Эмэгтэй хүнд ийм хувцас хэзээ ч сайхан харагддаггүй. Харин ч их хатуу, хахир харагдуулдаг юм.
-Гадаадынхан манай охидын хэтэрхий дэгжин, чамин байдал нь монголын нөхцөлд тохироогүй юм байна гэдэг гэсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
-Европын томхон хотуудад өндөр өсгийтэй гутлыг хүүхнүүд нь тэр бүр өмсөөд байдаггүй. Харин хүндэтгэлийн зоог, оройн арга хэмжээнд хөлд эвтэйхэн, моодоо дагасан гутал өмсдөг. Гэтэл манайхан өөрийнхөө байгаа хэмжээнээс илүү өндөр харагдах гэж, бас гоё гэж боддог юм уу өндөр өсгийтийг өдөр тутам өмсдөг. Ингэж өндөр өсгийтийг удаан хугацаагаар хэрэглэх нь эрүүл мэндээ бодсон ч сайн биш. Европын загвар өмсөгчид хоолны дэглэмээс гадна өндөр өсгийт дээр байнга явдаг болохоор эрүүл мэнд нь амархан мууддаг гэсэн судалгаа байдаг юм.
-Одоогоор манайд 1940-өөд оны загвар ноёлж байна. Ялангуяа бөөрөнхий хоншоортой гутал өнгөрсөн жилээс хойш охид бүсгүйчүүдийн хамгийн эрэлт ихтэй зүйл болоод байгаа. Тэгвэл энэ загварын дараа ямар чиг хандлага шинээр гарч ирэх бол?
-Европын нэртэй загвар зохион бүтээгчид загва-рын чиг хандлагыг тодорхойлохдоо байж магадгүй гэж тухайн загвараа гаргадаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын хэрэглэгчдийн хандлагаас тухайн жилийнхээ загварыг тодорхойлох болсон. Нэг хэсэг Азийн загварын элементүүд ноёлж байсан бол одоо Шотланд, Английн загварын чиг хандлага түлхүү орж ирж байна. Хэдий тийм ч энэ хандлагыг хэрэглэгчид хүлээж авах нь эргэлзээтэй. Тэр ч утгаараа буруу дүгнэлт хийгээд хүн авдаггүй загварууд гаргасан тохиолдол их байдаг.
Харин манай бүсгүйчүүдийн хувцаслалтын хандлага нь дээр хэлсэнчлэн солонгос загвар руу хандаад байгаа.