Шри Чинмой ОРГИЛУУР УРЛАГ-аа дэлгэлээ

Хүн гэдэг амьтан урлагийн нэгэн бүтээл учир өөрийн эрхгүй дүрслэх урлагт шунаж эхэлсэн аж.

200 гаруй мянган уран зураг, 15 сая шувууны тухай дүрслэлийн урын сантай Шри Чинмой бүтээлийн дээжээсээ монголчуудад толилуулж Оргилуур урлаг сэдэвт үзэсгэлэнгээ нээлээ.Yзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн галерейд өчигдөр 15 цагаас нээх байсан боловч Шри Чинмой цаг гаруй хоцорч ирлээ. Харин түүнийг дагалдан ирсэн шавь, шүтэн бишрэгчид нь үзэсгэлэнг ерөнхийд нь зохион байгуулж төрөл бүрийн хөгжмийн зэмсгээр багшийнхаа аялгуунаас тоглож үзэгчдийг баясгаж байв. Удтал хүлээлгэсэн Шри Чинмой өр зүрхнийхээ талархлаа монголчуудад дамжуулаад яриагаа эхлэв. Тэрээр Миний амьдрал бол мод. Олон мөчиртэй. Мөчир бүр өөрийн онцлогтой. Түүний нэг нь дүрслэх урлаг юм хэмээв. Мөн 15 сая шувууны зураг зурсан тухайгаа тайлбарлахдаа, Нисч яваа шувуу хүний сүнсийг илэрхийлдэг. Тэнгэрт дүүлэх шувуун сүрэг. Энэ бол хүн төрөлхтөний нэгдэл юм гэлээ. Оргилуур урлаг-т 2005 оноос эхлэн туурвисан бүтээлээ дэлгэжээ. Түүний тухай товчхон танилцуулъя.

Шри Чинмой 1931 онд Энэтхэгийн Бенгалд төрж 1964 оноос өнөөг хүртэл Нью-Йорк хотноо амьдарч байгаа. Түүний бүтээлүүдийг дэлхийн олон орны нэр хүндтэй галерейд дэлгэн тавьж байжээ.

Монгол гэдэг үгийг сонсох болгонд надад баяр баясгалан төрдөг хэмээн тэрээр онцлов. Учир нь Шри Чинмойн аав монгол гаралтай хүн ажээ. Өчигдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Шри Чинмойд Монголын урчуудын эвлэлийн хорооны нэрэмжит шагнал гардуулсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button