Шотландад үндсэрхэг лидер гарч ирлээ

Санал хураалт хоёр үе шаттай болжээ. Нэгдүгээр шатанд А.Сэлмонд 49 санал авчээ. Түүний гол өрсөлдөгч, Шотландын лейборист намын лидер Жек Макконел 36 санал авчээ. Ж.Макконел 2001 оноос хойш Засгийн газрын тэргүүний албыг хашсан юм.Консерватив намын нэр дэвшигч Аннабель Голди, Либерал ардчилсан намын Никол Стивен нар тус бүр 16 санал авсан тул хоёрдугаар шатанд шалгарсангүй.
Хоёрдугаар шатанд Сэлмонд мөн 49, Макконел 46 санал авчээ. 33 депутат санал өгөхөөс татгалзсан байна. Сэлмондын нам парламентад 47 суудал эзэлдэг бөгөөд Шотландын ногоон намын хоёр саналыг урвуулж чадсан аж.
А.Сэлмонд ялалт байгуулсны дараа Шинэ, илүү ардчилсан загварыг төлөөлсөн Засгийн газрыг байгуулах болно. Зөвхөн Шотландын эрх ашигт нийцүүлж ажиллах болно хэмээн мэдэгджээ. 2007 оны тавдугаар сарын эхээр болсон Шотландын парламентын сонгуульд Шотландын үндэсний нам 47, лейбористууд 46, консерватив, либералууд 16, ногоонтнууд хоёр суудал авсан юм.
Шотландын үндэсний нам социал демократ чиг баримжаагаараа Европын үндсэрхэг намуудаас ялгардаг. Тус нам өөрийгөө зүүний төвийн үзэлтэй гэдэг. Шотландын үндэсний нам төрийн албан хаагчдын цалинг нэмэх, ядуу оюутнуудад Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлэх, баялгийг үр дүнтэй хуваарилахын тулд ашгийн татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэхийн төлөө байдаг. Мөн хамтын нөхөрлөлийн (СоmmonWealth) хүрээнд Шотландад тусгаар тогтнол олгож, Европын холбооны бие даасан гишүүн улс болох санааг дэвшүүлдэг байна.
Шотландад үндсэрхэг үзэлтнүүд эрх мэдэлд гарч ирснээр 1707 он хүртэл тусгаар улс байсан Шотландад салан тусгаарлах үзлийг улам дэвэргэнэ хэмээн ажиглагчид үзэж байна. Шотландын тусгаар тогтнолын төлөө нэрт жүжигчин Шон Коннери зэрэг урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд чанга дуугардаг билээ.
Yүнээс гадна Их Британи Европын холбоонд Шотландын ашиг сонирхлыг хамгаалж байгаад шотландууд дургүй байдаг. Салан тусгаарлах үзэлтнүүд Шотландад эдийн засгийн бие даасан байдал хангалттай байгаа гэж үздэг.
Шотланд нь Норвегийн тэнгис, Хойд тэнгист асар их нефтийн нөөцтэй юм.
