Газын зурваст хүчирхийлэл гаарлаа

Өрсөлдөгч бүлгүүдийн хоорондохь тулаан өчигдөр бүтэн өдөр үргэлжилсэн байна. Уул нь хоёр тал гал зогсоох талаар тохиролцоод байсан ч ийнхүү дахин бүтэлгүйтэв. Гал зогсоох анхны гэрээ өнгөрсөн ням гаригт зөрчигдсөнөөс болж 40 хүн хүчирхийллийн золиос болоод байна. Палестины Ерөнхийлөгчийн өргөө байдаг дүүрэг, гудамж зэвсэглэсэн цэргийнхнээр дүүрсэн бол, хэвлэл мэдээллийнхэн байрлаж байгаа байшин мөн буудалтад өртжээ.Тулааны талбарт хашигдсан хэд хэдэн оршин суугч орон нутгийн радиогоор дамжуулан тусламж хүсчээ. Yүний өмнөхөн Хамас-ын гишүүд Израиль руу пуужингаар харваж таван хүнийг шархдуулсан юм. Хамас-ынхан Израилийг мөргөлдөөнд татан оруулахын тулд энэ довтолгоог хийсэн бололтой. Израилийн тал тэр дор нь хариуг нь барьж, Хамас-ын нэг тасгийг пуужингаар довтолж, дөрвөн босогчийг цааш харуулсан байна. Эдүгээ Иордан голын баруун эрэгт байгаа Палестины автономийн Ерөнхийлөгч Махмуд Аббас хоёр талаас галаа зогсоож, тайвшрахыг олон удаа уриалсан ч түүний үгийг, өөр улстөрчдийн үгийг ч сонсч, дагаж байгаа хүн алга. Газын зурваст болж байгаа тулаан бие биенээсээ өш хонзон авах маягаар явагдаж байна хэмээн ВВС-ийн Рамалла дахь сурвалжлагч мэдээлэв. Фатх, Хамас-ын төлөөлөгчид дахин гал зогсоох гэрээ байгуулахаар ярилцаж байгаа ч өрсөлдөгч бүлгийн гишүүд хэнд ч захирагдахгүй байна.
Фатх, Хамас хоёр өнгөрсөн хоёрдугаар сард Палестины үндэсний эв нэгдлийн Засгийн газрыг байгуулахаар тохиролцсоноос хойш талуудын хооронд гарч буй хамгийн ширүүн мөргөлдөөн нь энэ болж байна.
