Л.ДАШНЯМ Хэсэг хүний чадваргүй, чансаагүйгээс төр доройтож байна
ЭРТНИЙ СОЁЛ, ТYYХИЙН ИХ АРХИВ НЬ ХЭЛ
-Монгол хэлээ хадгалах, хамгаалах талаар санаа зовж явдаг хүний нэг нь та. Эхлээд энэ тухайд үгийг тань сонсмоор байна.
-Хэлний талаар санаа зовох юм бишгүй их болжээ. Заримдаа ч монголчууд бид ер нь хэлгүй болчих вий дээ гэж бодогдох ч үе гарах болсон байна.
Ялангуяа өнгөрсөн зуугаад жилд монгол хэл асар их хөгжсөн. XX зуунаас монголын нийгэм дэлхийн соёлтой их өргөн дэлгэр харилцдаг боллоо шүү дээ. Монгол хэл маань дэлхийн том том хэлтэй холбогдож, харилцаж эхэлсэн. Ингэснээр их ч хөгжсөн, сүрхий ч баяжсан. Дотоод нөөц бололцоогоо гайхамшигтай нээсэн.
Ямар ч томоохон бүтээлийг орчуулахад монгол хэл чадваргүйдэнэ гэж үгүй. Ер нь эртний, түүхт хэлнүүдийн нэг шүү дээ. Тийм болохоор энэ сайхан баялагаа хэн хүнгүй л хайрлаж хамгаалах хэрэгтэй л дээ.
-Та монгол хэл хөгжсөн гэлээ. Гэтэл сүүлийн үед ядуурсан гээд байгаа юм биш үү? Зөрчилтэй санаа гараад байгаа юм шиг?
-Yндэсний хэл соёлоо хамгаалах, хөгжүүлэх талын ажил сүүлийн 10 гаруй жил айхтар цалгардлаа. Орчин үед мэдээллийн хэрэгсэл давамгайлаад ирэхээр амьд хэлний үүрэг багасах, уранзохиолын хэл хураангуйлагдах үзэгдэл бий болж байх шиг байна.
Нөгөө талаар залуучууд гэр орныхоо хүрээнд ч, ажил албандаа ч монгол сайхан хэлээрээ ярих нь бараг болчихож. Орчин нь ч тийм болчихсон байна.
Өөрсдөө ч эх хэлээ эзэмших талаар хичээл чармайлт муутай, ном зохиол унших нь бүр багассан. Иймээс цөөн хэдхэн үгийн хүрээнд л ярьдаг бичдэг болж. Тэгэхлээр хэлээ цэвэр ариунаар хадгалах, хойч үедээ өвлүүлэхэд юуны өмнө мэргэжлийн хүмүүс, зохиолчид, сэтгүүлчид онцгой анхаарах учиртай юм.
Ер нь хэлээ хадгална, хөгжүүлнэ гэдэг бол хүн бүрийн л хичээх, чармайх учиртай өөрсдийнх нь хувь заяаны хэрэг шүү дээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ.
-Зах зээлийн харилцаанд шилжсэнээр хүмүүс мөнгө бодохоос хэл соёлд төдийлөн анхаарахгүй болсон гэвэл та зөвшөөрөх үү?
-Yнэндээ хүмүүсийн гол зорилго нь яаж ахиухан ашиг орлоготой амьдрах вэ? гэдэг л болж дээ. Цагаа дагаад тэр нь ч зөв байх. Манайх шиг хөгжиж буй орны хувьд бусдын хийж бүтээсэн бэлэн зэлэн юмыг л гол нь борлуулах, хэрэгцээгээ түүгээр л хангах хандлага зонхилж байна. Нэг талаар хүмүүсийн юм хийх чадвар хөгжихөө больж, улам л бэлэнчилэх хандлагатай болоод байна. Арилжаа наймааны хүрээнийхний хэлийг аваад үз л дээ. Улам л явцуураад байгаа биз? Хүний оюуны уужим орон зай нь хумигдах тал руугаа л яваад байгаа нь тэр. Жаахан амьдрал жаахан хэрэглээг, жаахан оюун л бий болгодог.
-Дээр нь ядуурал хэл соёлын хөгжилд чөдөр болж байгаа гэх юм.
-Тиймээ! Нийгмийн байдал, хүмүүсийн амьдралын төвшин, хэлний хэрэглээтэй шууд холбоотой. Амьдрал нь муу, ядуу хүн юун ном зохиол унших, танин мэдэхийн хойноос зүтгэх, чармайх, баялаг тансаг хэлээр ярих манатай. Хоногийн хоолоо л бодох нь ойлгомжтой.
Нийгэмд зохистой зайгаа эзэлж чадахгүй болохоор хүмүүсийн нэлээд хэсэг сэтгэл санаагаар ч гундуу, хэл яриа нь ч уруу дорой, хэг ёг болчихдог бололтой.
-Залуучууд ном уншихгүй болчихсон гэсэн шүүмжлэл бас нэлээд сонсогддог.
-Тэр үнээн. Гэхдээ номны оронд телевиз, интернэт гээд мэдээлэл олж авах суваг нь олон болсон. Түүн дээр монголчууд хэзээний аман мэдээллийн их уламжлалтай улс. Өөрөө уншихаасаа илүү хүний уншиж мэдсэнийг дам сонсож мэдэх сонирхолтой.
За тэгээд залуучуудын дунд бэрхээс хальширч, хөнгөн хялбар амьдрах сонирхол давамгайлах болсон. Идэвхи, эрмэлзэл, тэмүүлэл алга болсон.
-Таныг орчуулагч хүний хувьд асуухад үгийг зөв буулгаваас сайнаар, буруу буулгаваас эх хэлэнд муугаар нөлөөлдөг гэдэгтэй санал нийлэх үү?
-Шинэ зүйлийг, шинэ нэр томъёог өөрийн болгох олон аргууд байдаг л даа. Гадаад үгийг тэр чигээр нь авах, өөриймшүүлэх ч гэж бий.
Заримыг нь өөрийн хэлний үгээр оноох, орлуулах шаардлага ч гарна. Буруу оноох, гаж хэллэг их хортой. Хэлд маш муугаар нөлөөлдөг. Тиймээс орчуулга хийхэд анхаарах юм энэ. Гэтэл хүн болгон өөрийгөө би чаддаг гэж үздэг болсон нь орчуулгын хөгжилд хор болж байх шиг байна.
-Монгол бичгийг төрийн бичиг болгоход цаг алдлаа. Хойшлуулаад байна гэх хүн цөөнгүй байдаг. Энэ талаар таны бодол?
-Яг одоо хуучин монгол бичгийг төрийн бичиг болгоход түвэг чирэгдэл бий.
Маш товчоор хэлэхэд бэлтгэл нь хангагдаагүй хэвээрээ л байгаа. Ерөөс хуучин монгол бичиг маань олон зууны өмнөх хэлний соёл шинжийг гүн хадгалсан учраас орчин үеийн монголчуудын хэл, яриа, сэтгэлгээнээс их хөндийрчихсөн.
Хэлний зохион байгуулалт, утга санааг илэрхийлэх чадвар нь ч зөрүүтэй. Тэр бүхнийг нарийн бодолцох нь чухал. Тиймээс энэ бол амархан шийдэх асуудал биш.
Гэхдээ монгол бичгийн хэрэглээг тодорхой хүрээнд илүү түлхүү анхаарч хэвшүүлэх боломж бий. Жишээ нь судалгааны, сургалтын хүрээнд мөн ахуйн хүрээнд реклам сурталчилгаа, танилцуулгад хуучин монгол бичгийг өргөн ашиглаж бүрэн болно.
Наад зах нь гудамж, албан газрын хаягнаас л эхлэх нь зөв. Монгол бичгээр хаягаа биччихсэн байхад хүмүүс хүссэн хүсээгүй эхлээд нүд дасаж улмаар сурах мэдэхийн төлөө бодох, ажиллах болно шүү дээ.
Мөн сургалтыг заавал дөрвөн хананы дунд ба, бэ гээд заах биш, ахуйд нь хэвшүүлж сургах хэрэгтэй. Хэрэглээтэй нь ойлгуулмаар байна шүү дээ.
Ингэж шат ахиулаад алсдаа төрийн бичиг болгодоггүй юмаа гэхэд түүхэн асар их соёл гэдгийг хүн бүхэнд мэдүүлэх, тодорхой хэрэглээг бий болгох хэрэгтэй.
Хэрэв бичгээ солъё гэж байгаа бол магадгүй латин үсгийг хэрэглэх нь ч зөв байж болно. Yүнд цаг хугацаа, зардал шаардах юм байхгүй. Өнөөдрийн техникийн хөгжилтэй уялдаад монголчууд интернет, гар утас хэрэглээ нь шинэ үсгээс дутахгүй болсон.
Криллээ орхин, латин, хуучин монгол хоёроо зэрэгцүүлж хэрэглээд явчихвал илүү үр дүнтэй байж ч магадгүй.
ӨНӨӨ YЕД МАШИН ТЕХНИК БИШ МЭДЛЭГ, МЭРГЭЖИЛ СУЛ ЗОГСДОГ БОЛЖ
-Таныг ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж, улстөрийн халуун тогоо гэдэг юмыг сайн мэддэг хүний хувьд улстөрөөр жаахан хөөрөлдөе гэж бодсон юм. Тэгэхээр та өнөөгийн улстөрийн байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Өнөөгийн нийгмийн амьдралд болж байгаа үйл явдлыг хүмүүс янз бүрээр хэлэлцэж, янз бүрээр томъёолж байна. Нэгдмэл санаа бодолтой болж, нэг л чадахгүй байна.
Нэг хэсэг нь амьдрал сайн болж байна гэдэг. Тэгвэл нөгөө хэсэг буюу хүн амын дийлэнх нь амьдрал муу, болохгүй бүтэхгүй байна гэж байгаа. Би бол өнөөгийн монголын нийгмийн амьдрал тийм ч өөдрөг биш, болохгүй, бүтэхгүй нь дийлээд байна гэдэгтэй санаа нийлдэг.
Хямралтай байгаад олон шалтгаан бий. Монголчууд бид төрөө хүндэтгэж, төр л бүхнийг зохицуулдаг гэж ойлгож ирснээс ч тэр үү төр төвхнөвөл бид сайн сайхан амьдрана гэж боддог шиг байна.
Гэтэл монголын төр маань тогтвортой хэвшлээ нэг л олж чадахгүй байна. Гол нь төрийн албыг залгуулж, төрийг төлөөлж буй дээд хүрээнийхнээс л их юм шалтгаалж байна. Бүх юм хүнтэй холбоотой. Шуудхан хэлэхэд хариуцлага хүлээдэг хүнгүй болж. Ажил, үүргийн хуваарь гэж юм алга болчихож. Бас төр засгийн дээдчүүдийн ажил, албаны зорилго нь нийгмийн төлөө биш (өөрсдөө бол бид нийгмийн төлөө, ард түмнийхээ төлөө ажилладаг гэдэг) хувийн эрх ашиг, авах завшихын төлөө болчихож.
Монголыг жижигхээн нийгэм гэж үзэж болно л доо. Тэгвэл тэр жижигхэн нийгмийг дэндүү олон хэрчиж, хуваагаад, дэндүү жижигхэн хүмүүс удирддаг болчихож.
-Олон хэрчиж, хуваагаад гэнээ. Yүнийгээ жаахан дэлгэрүүлэхгүй юу?
-Олон ургальч үзлийн улмаас бий болсон тэр хэрчмүүд хоорондоо байнга сөргөлдөж, тэр дундаас оновчтойг нь сонгон авахад хүнд байгаа юм.
Монголын нийгэмд намууд нь дор дороо нэг юм ярьдаг болохоор төрийн бодлого зангидагдаж чаддаггүй. Улс орныхоо хөгжлийн төлөө бүгд санаа зовж чаддаггүй болсон. Улс биш нам, за тэгээд хамгийн гол тэр хүнийг өөрийнх нь эрх ашиг дийлдэг болсон.
Сонгуульд ялж олонхи болсон нам нь өөрийн үзэл бодлоор, зөвхөн өөрийн хөтөлбөрөөр улс орныг удирдах гэж зүтгэдэг гаж тогтолцоо бий болсон.
Уг нь сонгуульд оролцсон намуудын хөтөлбөрөөс улс орны хөгжилд нэн түрүүнд анхаарах зүйлсийг нэгтгэн авахад болохгүй газар үгүй. Судлаачид, мэргэжлийн байгууллагын санаа хөтөлбөрт тусна гэж хэзээ ч байгаагүй.
За тэгээд хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүмүүс нь хэн байнав гэвэл тэр намын хүмүүс л байна. Тэд нь чадвартай ч байна, чадваргүй нь ч байх.
Гэтэл цаана нь нөгөө намуудад хичнээн сайн чадвартан, мэргэжилтэн байлаа ч тэд улс орны хэрэгт ер пад байхгүй. Манайхны ярьдагаар лааз өшиглөөд явж л байна.
Өнөө үед ер нь машин техник сул зогсох биш мэдлэг мэргэжил, боловсрол сул зогсдог боллоо гэж хэлж болно.
Ийм эрүүл бус тогтолцоогоор явж байна шүү дээ.
-Өнөөгийн Засаг, төрд ажил үүргийн хуваарь гэж байхгүй юм шиг өнгө төрх харагддаг даа.
-Тэр үнэн л дээ. УИХ гэхэд Засгийн газартайгаа холилдчихсон. Хэлэлцэж шийдэж байгааг нь аваад үзэхээр улс орны хөгжлийн төлөө биш, гишүүнийхээ тойрогт гаргах нэг худаг юмуу нэг байшингийн дээвэр засах тухай л ярьдаг.
Нэг бол хэн нэгнийг огцруулах, өөр хүнийг томилох тухайд л хэлэлцэж, цаг заваа бардаг болсон. УИХ-д боловсрол, мэргэжлийн төвшин тааруу, мөнгөтэйдээ л дулдуйдан гарч ирсэн чадваргүй хүмүүс олон байгаа.
Яагаад тэд төрд шургалчихав гэхээр сонгуулийн систем буруу нь харагддаг. Нэг хэсэг хүмүүсийн чадваргүй, чансаагүйгээс төр доройтож байна.
Бараг онигоо шиг юм ярихад Төрийн сүлд өршөө гээд цайныхаа дээжийг өргөдөг байсан, одоо юунд өргөхөө мэдэхийг болилоо гэж ярьж яваа хүн олон болсон.
Энэ монголын эмгэнэл биш гэж үү.
-Төр төвхнөхгүй байгаа нь Yндсэн хуульд оруулсан нэмэлтийн балаг гэж тайлбарлах хүн олон байна.
-Зөв л дөө. Хууль тогтоох болон гүйцэтгэх Засаглалыг хооронд нь хольсон. Тэгснээр төрийн эрх мэдлийн хуваарь, тэнцвэржилтийг алдагдуулсан. Балаг нь засаж залруулахаас нааш арилахгүй.
Yндсэн хуульд оруулсан нэмэлтийг татан авч, анх эх барьж авсан байдалд нь оруулах хэрэгтэй. Yүний дараа л харин хуульд оруулах өөрчлөлтийн тухай ярьж болох юм. Яаж өөрчлөлт оруулах нь Yндсэн хууль дотор байгаа.
-Төр нам хоёрыг зааглах, тодруулбал төрийн ажлыг намын нөлөөллөөс гаргах тухай яриа гарах болсон. Энэ тухайд
-Нэг үе төр, нам хоёрыг заагласан гээд байлаа. Тэгтэл өнөөгийн байдлыг харвал нам төвтэй төр чинь дахиад бий болсон байна. Өмнөх нийгэмд нэг намын ноёрхол төрд байсан бол одоогийн төрийн хүзүүн дээр нэг биш хэд хэдэн нам зайдагначихсан байгаа шүү дээ.
УИХ-ыг бүх нийтийн сонгуулиар байгуулдаг, төрийн эрх мэдэл ард түмний гарт гэдэг нь зүгээр л хэн хүний амны уншлага болсон дэл сул үг мэт болсон байна. Yнэн хэрэгтээ бол төрийн эрх мэдэл нэг намын гарт шилжчихээд байна. Yүнийг газар сайгүй ярьж, үүнээс л бүх болохгүй бүтэхгүй ургаад байгааг шүүмжлэх болж.
-Төр нийгэмд байгаа алдаа завхарлыг засаж залруулах яриа, оролдлого байдаг ч үр дүн муутай байна уу даа?
-Нийгмийн амьдралд байгаа буруу зөрүүг засаж залах явдал шаардлага аяндаа амьдралаас урган гарч байна. Нийгэм үүнийг ойлгоод болохгүй бүтэхгүй байгааг хэлж шаардлага тавихаар эрх мэдэлтнүүд ард түмнийхээ үгийг сонсох дургүй, сонслоо гэхэд эрх мэдлээ ашиглан өөрсдийн эрх ашигт нийцүүлэн засаж залдаг болсон. Заримдаа ч бүр дарамталж дарангуйлдаг, өөрсдөө хээвнэг хууль зөрчдөг болж. Yндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанд нөлөөлсөөр ирснийг үүний нэг жишээ болгон хэлж болно. Өөр ч олон жишээ бий.
-Мөнгө, эрх мэдэл хоёр нэгдэхээрээ олигархи болдог гэдэг. Монголд олигархи байна уу?
-Би түрүүнд хэлсэн. Болох бүтэхгүй байгаа бүхэн хүнтэй л холбоотой байна гэж. Олигархи гэдэг эрх мэдэл, хөрөнгө мөнгөний л сүлбээ холбоо л доо. Хүнгүйгээр яаж тийм зүйл бий болохов. Мэдлэг чадваргүй эрх мэдэлтнүүд алдаа дутагдлаа мөнгөөр хамгаалдаг, ажил үйлээ эзэнгүйдүүлдэг. Хамгаалж хаацайлаад байгаа зүйлийнх нь цаана өөрийнх нь хувийн эрх ашиг байдаг нь ил болсон доо.
Буруу юм хийсэн сайд бусад орны жишгээр бол өөрөө л огцордог. Тэгвэл манайхан болохоор миний зөв гэж гүрийгээд суугаад байдаг. Нөгөө тал нь болохоор алдаа яахав ээ, наадах чинь бидэнд хэрэгтэй хүн байгаа юм! гэх жишээтэй.
-Ерөөс нэг хүний асуудал яриад байгаа юм шиг мөртөө тэр нь нэг хэсэг хүний хувийн эрх ашигт хамаатай учир бурууг зөвд нь шингээгээд орхиж байна гэсэн үг болох нээ?
-Яг л тийм юм. Эцсийн эцэст бурууг зөв гээд, буруутныг буруутан биш гээд байгаа нь өнөөдөр бид төрдөө түшээдгүй болчихжээ гэдгийг л хэлээд байгаа хэрэг.
Түшээдгүй болохоор төр төр биш болчихоод байна гэсэн үг. Монголын ард түмэн өнөөгийн төрдөө зөв үнэлгээ өгчихөөд байгаа. Гэхдээ заавал дөрвөн жил болж байж түүнийг халдаг явдал буруу. Дөрвөн жил улс орны хөгжил, ард түмний амьдрал ахуй хохирч байна шүү дээ.
-Улстөрчид сонсогчдоосоо хоцорчихжээ гэж дүгнэж болох юм шиг
-Тийм дүгнэлт хийж болно. Нийгэм нь наад зах нь юу хүсээд байгаагаа, болох болохгүйг олж харж, түүнийг засаж залруулах гэж тэмцэж байгаагийнхаа хувьд тэртээ дээр суугаа тэр хүмүүсээс хамаагүй хол түрүүлчихсэн байна. Ийм дутагдал байна гэхэд дутагдал байхгүй гэдэг. Yүнийг засаж залруулая гэхээр засахгүй ээ! гээд гэдийчихдэг хүмүүс чинь хоцорсон байлгүй яахав.
-Маш олон Яамтай болсон. Гэтэл ашиг нь харагдахгүй байгаа талаар хүмүүс шүүмжилж л байна.
-Аргагүй шүү дээ. Манайхан Яам байгуулчихвал л ажил алба шийдэгдчих юм шиг боддог. Гэтэл өнөөгийн Яамд бодлого боловсруулж байгаа юм огт байхгүй, чаддаг нь төсвийн мөнгийг л зувчуулж сурсан байх даа. Түүндээ бол чадмаг байх шиг байнаа.
-Авлигыг үгүй болгоно гэж яриад байдаг. Гэтэл тэр нь улам хөгжөөд байгаа юм биш үү?
-Авлигыг хөгжүүлээд, идээшлүүлээд байгаа нь нарийндаа өнөөгийн улстөрийн тогтолцоо нь намчирхал, эрх ашигийн талцал, чадваргүйдэл, шунал, идэх дон авилгыг үйлдвэрлээд байгаа юм. Аргаа барахдаа авилгатай тэмцэх газар гэдэг том газар байгууллаа. Тэр нь ажилдаа орох гээд хэдэн сар ч болов доо. Олигархиуд бий болчихсон нөхцөлд тэр байгууллага сайн ажиллана гэдэг итгэхэд бэрх. Ажиллах гэж оролдоно. Дараа нь цөхрөнө. Тэгээд уусаж эхлэнэ. Цаашид ажиллахын тулд тэр авилгын байгууллага нь дээд шатны авилгачдад авилга өгөх хэрэг гарч ч магадгүй. Ийм шог ирээдүй тэр байгууллагыг хүлээж байна.
Харин авилга гэдэг юм төрийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж, төрийн ажлыг төрийн жинхэнэ чадвартай хүн өндөр төвшинд гүйцэтгэдэг болсон цагт аяндаа устана.
-Эцэст нь асуухад Та иргэний хөдөлгөөний талаар ямар бодолтой байдаг вэ?
-Иргэний хөдөлгөөнийг би дэмжиж, талархаж явдаг. Иргэний хөдөлгөөнийхөн нийгэмд байгаа алдаа, дутагдлыг зөв олж харж, гарах гарцыг нь олон нийтэд оновчтой санал болгож байна.
Ялангуяа хугацаа нь дөхөж буй сонгуулийн өмнө ард түмэнд сонголтоо зөв хийхийг сануулж өгч байгаа нь маш зөв.
Харин харамсалтай нь олон түмний маань дийлэнх хэсэг тэр санал, санаачлагыг дэмжиж байгаа хэрнээ хөдөлгөөний үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байна.
Ер нь хүмүүс иргэний хөдөлгөөнийхнийг ажлаа зөв эхэлж байна гэж үзэж байх шиг байна. Ерөөсөө түүх нэг л юм хэлдэг шүү дээ. Юу гэвэл өөрийнхөө амьдрал, хувь заяаг ард түмэн өөрөө л авардаг, аврахын төлөө цуцалтгүй тэмцдэг, тэмцсээр ч ирсэн. Нөгөө талаар, иргэд төрийн үйл ажиллгааг өөрсдөө хянаж чадсан цагт л сая ардчилал зөв хэвшинэ, нийгэм иргэншинэ.