О.Энхсайхан агсны өв хөрөнгийг булаацалдсан маргаан үргэлжлэх бололтой
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр өв залгамжлах эрхээ баталгаажуулах, компанийнхаа хөрөнгийг захиран зарцуулах эрхээ сэргээлгэх гэсэн нэгэн хэргийг Баянгол дүүргийн шүүх авч хэлэлцсэн юм. Юуны учир үүнийг онцлоод байна вэ гэвэл УИХ-ын гишүүн, Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн О.Энхсайхан агсны бэлэвсэн гэргий, өнчирч хоцорсон хоёр охин нь өв хөрөнгө эзэмших эрхээ баталгаажуулахыг шүүхээс хүссэн энэ байлаа. Учир нь, О.Энхсайхан агсны төрсөн дүү О.Отгонсайхан ахынхаа бүх л өмч хөрөнгийг өөрийн нэр дээр болгуулахаар оролдож, талийгаачийн ээж Надмид гуай ч хүүгээ өөрийгөө төлөөлөх итгэмжлэгчээр оролцохыг зөвшөөрсөн байв. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчаар Зос трейд компанийн гүйцэтгэх захирал Энхболд оролцсон юм. Тэрээр О.Энхсайхан агсны багын найзаар барахгүй Идэр холдинг компанийнх нь тодорхой хувийг эзэмшдэгийн хувьд чамлахааргүй хувь хүртдэг нэгэн аж. Түүгээр ч үл барам тус компанийн нэр дээр байдаг орон сууцанд амьдардаг гээд тоочвол олон. Тиймдээ ч өдгөө О.Отгонсайхантай нэгдэн өв хөрөнгийн авд мордсон нь энэ.
Монголчууд бид талийгаачийн ясыг өндөлзүүлэхийг цээрлэн, хүний ёс жудгийг эрхэмлэдэг ард түмэн. Хөвсгөл аймгийн нөхөн сонгуульд ахынхаа улстөрийн үйл хэргийг залгамжлахаар өрсөлдөж байсан О.Отгонсайхан өдгөө АН-ын YЗХ-ны гишүүн болоод буй. Түүнийг ард түмэн их л найрсгаар хүлээн авч, залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ахынхаа санаж, бодож явсныг гүйцэлдүүлэх нь зөв гэж дэмжиж байсан ч бэлэвсэн гэргий, өнчин хоёр охинтой нь өв хөрөнгө булаацалдана чинээ огт санаагүй билээ. Энэ удаагийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Д.Энхтуяагийн гомдлыг хэлэлцээд О.Энхсайхан агсны эхнэр Д.Энхтуяа болон охин Э.Зул, Э.Энхзул нарт өв залгамжлах эрхийг олгох шийдвэрийг шүүхээс гаргасан ч үүгээр маргаан, тэмцэл эцэс болохгүй бололтой.
Баянгол дүүргийн шүүхээс хүссэн шийдвэрээ гаргуулж чадаагүй О.Отгонсайхан ахынхаа нэр дээр буй 600 сая төгрөгийн дүрмийн сантай Идэр хөгжлийн сан банк бус санхүүгийн байгууллагыг өөрийн болгохоор зүтгэж дахин шүүхэд хандахаар болсон байна. Талийгаачийн хөл дээр нь босгосон Идэр плаза, Идэр төв нь 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 2005 онд эдгээрийг зарж, Идэр хөгжлийн сан банк бус санхүүгийн байгууллага байгуулжээ. Холбогдох хуульд заасны дагуу уг байгууллагыг байгуулахын тулд нийт 600 сая төгрөгийн дүрмийн сантай байх ёстой ч одоогоор хэчнээн буйг хэн ч мэдэхгүй суугаа аж. О.Отгонсайхан зарж, шилжүүлж болох бүхий л хөрөнгө, обьектыг бусдын нэр дээр болгож холын ах дүү, найз нөхөд гээд олон хүнд дур мэдэн өмч тасалж өгч, тараан байршуулсан гэнэ. Тухайлбал, Зос трейд барилгын компанийг Зост констракшн болгон өргөжүүлж захирлаар нь талийгаачийн хувийн жолоочоор олон жил ажилласан Б-г томилсон байна. Хар залуугаасаа гэр бүл, эх эцэг, дүү нарынхаа төлөө гахай чирэхээс эхлээд борви бохисхийлгүй ажилласан О.Энхсайхан агсны олон жилийн хөдөлмөрийн үр дүн эцэстээ гэр бүлийг нь ах дүүстэй нь хагаралдуулах юм чинээ бодоогүй биз ээ.
О.Отгонсайхан хэдийгээр ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, байгуулсан компанийг нь өнгөтэй, өөдтэй авч явахыг хүсэмжлэх нь зүйн хэрэг ч гэр бүлд нь ийн хатуу хандаж боломгүй санагдах юм.