Төмөр замаас эзэмших Монголын талын хувийг 51 болгоё

Төмөр замын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх хуралдаан дээр Батж.Батбаяр гишүүн Монголын төмөр замыг дундад зууны үеийнх шиг гэсэн нь түүнийг ийн бухимдуулсан юм. Р.Раш, Ц.Дамиран, Ц.Цэнгэл, Г.Батхүү нарын санаачилсан уг хуулийн төслийн хэлэлцүүлэг Орос монголын хамтарсан 1949 оны хэлэлцээрийг эгээ л цаазын тавцанд аваачсангүй.

Хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж байгаа хуулийн төсөл биш, 1949 оны хэлэлцээр л гишүүдэд мөлжүүр болов. Yг хэлсэн гишүүн бүр уг хэлэлцээрийг буруутгаж Монголын тал төмөр замаас эзэмших хувиа 51 болгон нэмэгдүүлэх ёстой гэж санал хэлж байлаа. Орос Монголын эзэмшдэг хувь адилхан 50, дээр нь 1949 онд байгуулсан хэлэлцээр өнөөг хүртэл үйлчилдэг нь Компанийн тухай хуульд ч захирагддаггүй монополь төмөр замыг бий болгосон гэж А.Бакей гишүүн хэлэв. Төсөл санаачлагч Р.Раш гишүүн 1949 оны хэлэлцээрийн есдүгээр зүйлд хувь нийлүүлсэн төмөр зам Монголын хуулийг мөрдөнө гэсэн байдгийг сануулж манай улсын хуулиар зохицуулагддаг гэв. Харин З.Энхболд гишүүн 1949 оны хэлэлцээрийн дагуу татвараас чөлөөлөгддөг төмөр зам манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа татваруудаас яг алийг нь төлдөг талаар асуулаа. Бас тэртэй, тэргүй 1949 оны хэлэлцээрээр хөнгөлөлт чөлөөлөлтийг хангалттай өгсөн төмөр замчдад дахиад л тэтгэвэрт гаргахад нь нэмэгдэл олгоно гэж заасан зургадугаар бүлгийг шаардлагагүй хэмээсэн юм. Хүнд нөхцөлд ажилладаг нь үнэн ч байгууллагынхаа дотоод дүрэм, журмаар зохицуулж болох зүйлийг заавал ингэж хуульчлах шаардлагагүй. Энэ тохиолдолд бусад салбарынхан ч барьцаж магадгүй гэж З.Энхболд гишүүн болгоомжлов. Р.Раш гишүүн 1949 оны хэлэлцээрээр төмөр зам татвар төлөх ёсгүй, харин ч орлогоос бусад татварт Оросын талаас нууж хаагаад төлдөг гэсэн хариу өгөв. Д.Бат-Эрдэнэ, Ц.Баярсайхан нарын гишүүд том том ордуудыг ашиглаж эхлэх гэж байгаа энэ үед дахин төмөр зам барих нь зайлшгүй учир зохицуулах хуулиа батлах шаардлагатай хэмээж байв. З.Энхболд гишүүн Асгат зэрэг барьцаатай байгаа дээрээ төмөр замын асуудлыг Монголд ашигтайгаар хөндөж тавих хэрэгтэй хэмээн сануулаад зөвхөн одоогийн УБТЗ-ыг толгойдоо бодож хууль батлаж болохгүй гэлээ.

Хэдийгээр уг хуулийн төсөлд УБТЗ-ын эзэмших Монголын хувийг 51 болгоно гэж заагаагүй ч төрийн өмч төмөр замд давамгайлна гэж оруулсан аж. Ер нь л Төмөр замын тухай хуулийг чуулганаар хэлэлцсэн нь 1949 оны хэлэлцээрийг дуэльд дуудах шиг болов.

Олон жилийн турш өөрчлөхөөр ярьж буй ч үр дүнд хүрэхгүй байгаа хэлэлцээрийг оросуудын сонирхлыг татаж байгаа Асгатын мөнгөний ордоор барьцаалж Монголд ашигтайгаар шийдэх хэрэгтэй гэсэн саналыг нэлээд гишүүн хэллээ.

Улсын ачааны хүндийг үүрэлцдэг монополь байгууллагын тухай хуулийг дэд бүтцийн салбарт ажиллаж байсан гишүүд биш, Засгийн газар санаачлах ёстой байсан гэсэн шүүмжлэлийг мэр сэр хэлж байсан ч Төмөр замын тухай хуулийг УИХ хэлэлцэхээр болов.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button