Миний хайртай Монгол эх орны үүрийн гэгээ буюу Эрдэнэтийн зэс доторх далд эзийн засгийн далд колоничлол

/Ш.Абэгийн Японы парламентын 166 дахь чуулганд тавьсан ЗГ-ын бодлогын үндсэн чиглэлийн тухай илтгэлээс/

1. Малын хулгайчдаас аюултай Монголыг хулгайлагчид хэн бэ?

Өгүүлэх нь Малын хулгайчдыг би өмөөрөх гээгүй юмаа. Гэхдээ манайхны хэн нэгэн нь хэлсэн байсан. Бид малын хулгайчдаа тойрч асуудлыг яримааргүй байна. Алсыг харж яримаар байна гэж. 1000 төгрөгийн татвар нуусан нөхрийг би өмөөрөх гээгүй л дээ. Гэхдээ тэрбум тэрбумыг алдаж байгаа тэр л бодлогын тухай би сэтгэл халаглан боддогоо илэрхийлэх гэсэн юм. Саяхан Эрдэнэтэд Ерөнхийлөгч нь оролцсон бүс нутгаа хөгжүүлэх тухай том зөвлөгөөн хийж байх юм. Санаа нь бол зөв юм. Арга нь нөгөө л хүнд суртлын амьдралгүй хоосон төсөл. Харин татварын зөв мэргэн бодлого гаргаж Эрдэнэтийн 5% болох 200 сая доллараар монголчуудын ясны хөлс, хүслийг нь бадрааж монголыг бүхэлд нь хөгжүүлж болох мэт санагдана. Манайхныг баян орон гэдэг боловч арчаагүй, гуйлгачин ядуу хэвээрээ байгаад зогсохгүй тийм зам руу явж байж магадгүй байна. Миний бие 1990 онд монголын чөлөөт хэвлэлийн анхны салхит шувуун болсон Ардчилал сонины анхны дугаарт Асгатын мөнгө, Модотын там, Эрдэнэтийн эзэнт гүрэн гэдэг өгүүллүүдийг бичиж Сүхбаатарын талбай дээр болсон цуглаан дээр Монгол орон сарны зураг болох учиргүй юм гэж үгээ хэлж байсан юм. Улс төр эрх мэдлээр улс төрчид хувьдаа их мөнгө хийдэг боловч бас улс төрчид эрх мэдэлтний бодлогоос болж жирийн татварын байцаагчийн олдог болон алддаг мөнгөнөөс хичнээн мянга дахиныг алддаг байна. Эх орны алт эрдэнэсийн түүх, эрдэнэс баялгийн хувь тавилан гунигтайгаар бичигдэж байна. Хэн ч маргахгүй Япон бол дэлхийн хүчирхэг том гүрний нэг. Японы хөгжил даян дэлхийд гайхуулж, Японы эдийн засаг Азид мандаж байна. Гэвч Ерөнхий сайд Ш.Абэ Бид тайвширч, зогсож болохгүй гээд л саяхан сайхан Япон орныг хэрхэн ирээдүйд цогцлуулах тухай асар том төсөл гаргаснаа танилцууллаа. Бид санаа амарч болохгүй. Бидэнд хийх, бүтээх асар их зүйл байна гээд л тэрээр Өнгөрсөн 9-р сард Ерөнхий сайдаар томилогдох үед миний бие Абэгийн ЗГ-ын зорьж буй Японы дүр төрх Сайхан орон-Япон юм гэдгийг ард түмэн та бүхэндээ танилцуулсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ нь амьдрах чадвар, эрч хүч, нөөц бололцоо, эелдэг сайхан сэтгэлээр бялхсан, хувийн сахилга батыг дээдэлсэн дэлхий нийтэд нээлттэй орон байснаар дэлхийн хүн ардад шагшин гайхагдсан, хүндлэгдсэн, мөн түүнчлэн хүүхэд багачууд маань өөртэй итгэлтэй, омог бардам байж болохуйц орон болгохыг зорьж байна. Энэхүү шинэ японы дүр төрх биеллээ олоход ард түмэн та бүхний хамт алхам алхмаар хурдлан үр дүнд хүрэх нь чухал гэж бодож байна. Би япон орныг 21-р зуунд олон улсын тавцан дахь шинэ загвар орон болгохыг хүсч байна. Үүний тулд бид цаашид Японы гэрэлт ирээдүйн төлөө бүх хүчээ дайчилна гэдгээ амлаж байна. Мөн татварын системийг эргэн харж дэлхийн бусад оронтой хамтдаа хөгжих Азийн үүд хаалга үзэл санаа-ны хүрээнд бид хүүхэлдэйн кино, япон үндэсний хоол зэрэг японы өвөрмөц онцлог, сайхан зүйлийг агуулсан салбарын өрсөлдөх чадварыг эрчимжүүлж дэлхий нийтэд түгээх Японы соёлын үйлдвэрлэлийн стратеги-ийг боловсруулна. Хүүхэд бол улсын баялаг, гэр бүл бол улсын баялаг. Ийм учраас сэтгэл амар тайван гэрлэн, үр хүүхдээ төрүүлж өсгөх боломж бүхий Японыг байгуулах нь чухал бөгөөд гэр бүлийн гайхалтай сайхан болон үнэт зүйлсийг дахин ойлгож ухамсарлах хэрэгтэй юм гэж хэлээд ноён Ш.Абэ мөн Япон улс нь хорт хавдар бусад өвчнийг эмчлэхээс гадна япон орон нь 21-р зууны байгаль орчныг хамгаалах улс байна гэж зарлалаа. Миний бие 1993 онд Японы Токиогийн Ражиа Тампагийн Азийн 9-р шагналыг хүртэхдээ Японы тухай хэлсэн дэлхийн нэгэн нобелийн шагналт эдийн засагчийн үгийг иш татсан юм. Тэр хүн хэлэхдээ Байгалийн баялгаар бол улс орон хөгждөггүй юм байна. Бразил бол хамгийн их баялагтай боловч хамгийн ядуу орон хэвээр байна. Тэгвэл галт уулын нүцгэн бөгөөд хоосон тогоон дээр эдийн засгийн гайхамшигийг үзүүлсэн ид шидийг бүтээсэн Японы 122 сая ард түмний өмнө би толгойн бөхийн ёслоё гэсэн юм. Өнөөдөр Японы Ерөнхий сайд тийм ч зэс олборлоё, тийм ч алт олборлоё гэж ярихгүй байгаа биз дээ. Харин 40 жил улс орныг цэцэглүүлэх татварын систем боловсруулах тухай онцоллоо. Япон улс болон Дэлхийн Байгаль Хамгаалах Сан эсэргүүцсээр байтал Төв Азийн байгаль экологийн онцгой ховор тогтоц болох Чоно харайхын гол дээр БНХАУ-ын зээлээр УЦС барих болсон нь таагүй зүйл болсон гэж би хувьдаа боддог. Тэгвэл өнөөдөр БНХАУ-ын зээлээр Эгийн голын УЦС-ыг барих гэж байгаа нь тийм ч таатай явдал бишээ. Олон орд газрыг тооцоогүй, бодлогогүй ашиглаж байгаа нь таатай зүйл бишээ. Бороо Гоулд, Төмөртийн овоо бидэнд юу өгөв. Зөвхөн ил 5%-ийн ашиг нь дээр л улс болон дарга нар ажилласан. 95%-ийн цэвэр ашиг гадагшилсан. Ингэж байгаад юмаа алдаж дээр нь байгаль дэлхийгээ сүйтгэж тэнэгтэж болох уу даа.

2. Монголчуудын мэдэхгүй үнэн буюу Эрдэнэтэд хэрэгжүүлсэн

ЗХУ-ын, Төмөртийн овоонд хэрэгжүүлсэн БНХАУ-ын бодлогыг Оюу толгойд давтах нь уу?

Бүх лицензүүдийг хурааж олон орд газар сэглэхийг зогсооё. /Доктор П.Нэргүй/

Миний хувьд газар доорх зэс алт биш, газар дээрх өвс ногоо, ургамал, ус булаг үргэлж өсөн төлжих, мал, мах мөнхийн баялаг, мөнхийн алт эрдэнэс юм. /Сэтгүүлч Б. Эрдэнэбаатарын Тосон заамар нийтлэлээс/

Салхилах өдрөө салхилж, шуурах өдрөө шуурч, цас орох өдрөө цас нь орж миний Монгол эх орон эхнэр хүн шиг олон аашилж байгаа ч түүний үүрийн гэгээ нэг л сайхан байдаг юм. Шувууд шулганан жиргэж өндөр хөх огторгуйд нисэлдэн үүр хаяарах нь үнэндээ сэтгэл хөдөлгөм сайхан. Энэ сайхнаас би эх орныхоо байгалийн сайхам, ирээдүйн амьдралын сайхан, бас өөрийхөө аз жаргалт сэтгэлийн сайхныг олж мэдэрдэг юм.

Ийнхүү би хайрт эх орныхоо тухай бодох нь надад хэмжээлшгүй их аз жаргал байдаг. Миний эх орон сэтгэл хөдлөм их хөгжлийн өмнө тулж ирчихээд л байна. Саяхан 2 жилийн өмнө Монгол улсад айлчилсан Солонгосын ерөнхийлөгч Монгол бол дэлхийн арван баян орны нэг гэж хэлсэн билээ. Энэ нь санамсаргүй хэлсэн үг бишээ. Эрдэнэтийн зэс, Асгатын мөнгө, Оюу толгойн алт, Таван толгойн нүүрс болон бусад газар доорх баялаг нь ийнхүү монголыг дэлхийн арван том баян орны нэг болгосон юм. Гэвч сэтгэл дундуур зүйл бас байна. Монгол орны 100 000 иргэн эх орноосоо дүрвэн одож харь газар ажиллаж байна. Одоо ч хөдөөнийхөн хотруу дүрвэж хотынхон гадагшаа дүрвэхээр сэтгэл шулуудсан байна. Сарын өмнө Сөүлийн нисэх онгоцны буудал дээр хүүхдээ тэврэн зугатаж яваа нэгэн эмэгтэйтэй таарсан юм. Нүд нь айж цочсон гөрөөс шиг ийш тийш цочиж балмагдан харж байлаа. Түүний хэлсэн нь Ямар ч болсон би эх орноосоо дүрвэж байна. Тэнд очоод мөнгө байхгүй, байр байхгүй, аав ээж хоёр маань нас барсан, миний хайртай эмээ мөнгөгүй ядуу амьдарч байгаа. Тийм учраас эргэж харах горьдлого байхгүй. Зуучлах алба-аар суусан солонгос нөхрөө тэр бас хаяхаар шийджээ. Чи гартаа хүүхэд тэвэрсэн, чамд мөнгв байхгүй, чамайг түших тулах хүн байхгүй, чамд нэг бол төрсөн эх орондоо буцах, нэг бол солонгос нөхөртөө очих л нэг зам байна, чи сайн бод. Чиний шийдвэр зөв юмуу даа гэхэд Би маш олон дахин бодсон. Би эргэлт буцалтгүй шийдсэн. Ямар нэгэн аргаар солонгос гарч нэг бол өөрийгөө аврах, алдахын аль нэгийг нь үзэх гэж л эрсдэлтэй алхам хийж байгаа юм. Энэ алхмаасаа эргэж буцахгүй гэж хэлээд л түм түжигнэж бум бужигнасан их хотын гүнлүү одсон. Тэр уг нь эмч болохоор ОХУ-д олон жил суралцсан боловч ар гэрт нь хүнд уй гашуу тохиолдож арга буюу эх орондоо ирсэн бөгөөд гэр бүлээрээ ядуучуудын армид орсноо солонгос хэмээх авралын орон, амьд диваажин-ы өлгий Сөүлрүү явж байгаа нь энэ ажээ. Энэ нь одоохондоо энэ эмэгтэйн хувь тавилан, энэ эмэгтэйн гай барцад мөн мэт боловч баян эх орны зуу зуун мянган хүн ийм л бодолтой, ийм л хувь тавиланг сонгож байна. Гэтэл эх орон, уул ус, газар шороог эзэгнэсэн гадаадын улс орнуудын томхон компаниуд бидэнд юу өгнө вэ. Дор хаяад татвараа төлж чадаж байна уу, өнгөрсөн жил миний бие Төмөртийн овоогоос Эрдэнэтийн овоо хүртэлх 6000 км-ын урт аяныг хийсэн билээ. Төмөртийн овооны төмөр БНХАУ-ын хөрөнгө техникийн дор өмнө зүг хөвөрсөөр байна. Зуу зуун машины тоос зүүн аймгийн тэнгэрт манарсаар байна. Тэгвэл Сэлэнгийн Төмөртөө мөн л хулгайч нарын гараар, луйварчдын гараар өдөрт жар жаран вагонаар БНХАУ руу хөвөрсөөр байна. Дархан орох замд Бороо Гоулдын алтыг хэрхэн зөөж байгаг бид сэтгэл шимшрэн хардаг. 1990 онд доктор П. Нэргүй Эрдэнэтийн зэс, Мардайн уран, Асгатын мөнгө, Заамарын алт гэсэн 4 том ордыг ашиглаж монгол орон гадаадын ямар ч зээл тусламж, гадаадын ямар ч хөрөнгө оруулалтгүйгээр хөгжих бүрэн боломж байна. Эрдэнэтийг ЗХУ-ын далд колоничлолын дарангуйллаас гаргаж Эрдэнэтийг монголын ард түмний үйлдвэр болгож, монголын ард түмний эрх ашгийн тусын тулд ашиглавал Эрдэнэтийн зэс монголыг 400 жил тэжээж чадна гэж хэлж байсан билээ. Монголын ардчилсан хувьсгал гэдэг бол монголын ард түмэнд бурхнаас хайрласан энэхүү том орд газруудыг ард түмний эрхэнд авахыг хэлж байгаа юм гэж хэлсэн. Фрийдланд гэдэг хүн хэдхэн жилийн өмнө аравхан сая доллартай байжээ. Одоо тэгвэл дэлхийн 500 баячуудын нэгэнд орж дэлхийн тэрбумтангуудын жагсаалтанд бүртгэгдлээ. Хэдэн жилийн өмнө Канадын нийслэл Торонтой хотод хэлсэн үг нь дэлхийд болон монголд шуугиан дэгдээсэн билээ. Тэр хэлэхдээ Монголын Говьд сэтгэл хөдөлгөм их баялаг байна. Энэ их баялгийг та нартаа хуваалцахыг би хүсэж байна. Энэ нь 5 доллараар хийсэн фудболкийг 100 доллараар зарж цэвэр 95 долларын ашиг олох ховорхон боломж байна. Тэр бол эзгүй нутаг. Тэнд хэдхэн тэмээ, хэдхэн малчидаас өөр юу ч байхгүй, тэнд бараг эзэн байхгүй цул алт байна гэж шуугиан дэгдээсэн билээ. Энэ бол шуугиан бишээ, энэ бол монголын тухай хэлсэн гашуун үнэн юм. Саяхан би Эрдэнэтэд очив. Эрдэнэт өнөөдөр агуу хэвээрээ л байна. Монгол улс жилдээ 314 тэрбум төгрөгийн худалдаа хийдэгээс бараг далан хэдэн хувь буюу 200 гаруй сая долларын арилжаа наймааг ганцаараа Эрэнэт хийдэг юм байна. Энэ наймаан дээр монголын том компани, том улс төрчид гадаадын томоохон компаниудын худалдаа явагддаг юм байна. Энэ нь бидэнд их мэт санагдавч Фрийдландын хэлсэн 5 долларын фудболк юм. Үүнээс цаана Эрдэнэтийн 95%-ийн цэвэр ашиг хилийн чанадад том улс орнуудын, том компаниудын дунд явагдаж байна. Яагаад үүнийг өнөөдөр ярих хэрэгтэй болсон бэ гэвэл, Фрийдландын ярьсан Оюу толгойн агуу их алт эрдэнэсийн хувь заяаг Миеэгомбын Энхболдын Үндэсний эв нэгдлийн ЗГ шийдэх гэж байна. Энэ гэрээг хийх гэж байсан Ц.Элбэгдоржийн ЗГ-ыг унагаж МАХН өөрийн ЗГ-ыг байгуулсан билээ. Төмөртийн овооны төмөр цайр, Эрдэнэтийн овооны эрдэнэс баялаг, Бороо Гоулд-ын алт эрдэнэс, Оюу толгойн их баялгийн цаана монгол орныг хөгжүүлэхээс гадна монгол орныг залгиж мэдэх төслүүд явагдаж байна. Авдарт байгаа алтнаасаа болж алагдсан хүмүүс бий шүү дээ. Хэрэв буруу замаар явбал эх орныг минь булшилж мэдэх аюул эрдэнэс баялгийн бодлогын цаана нуугдаж байна.

3. 595 буюу Оюу толгойг дансны арга-аар идэх аргыг Фрийдланд оросуудаас авсан юм

Манай татварын систем нь Сайхан Япон орон-ыг дэлхийн шинэ загвар улс болгон хөгжүүлж чадах болно. /Ш.Абэ/

Хэдхэн хоногийн өмнө Доктор П.Нэргүй гуайтай уулзахад Одоо ашиглах гэж байгаа Оюу толгой байтугай олон жил ашигласан Эрдэнэтийн зэсийн ордыг ямар үнэтэйг өнөөдөр монголчууд мэдэхгүй байгаа нь харамсалтай байна гэж яриагаа эхэлсэн юм. Түүний яриа үнэнхүү надад таалагддаг. Энэ хүн монголын тухай гашуун үнэнийг хэлж байгаа нэгэн билээ. Тэрээр монгол орны маргаашид үнэхээр ихээр сэтгэл зовниж байгаа билээ. 1990 оноос хойш эргэж буцалгүй урваж шарвалгүй гашуун үнэнийг ярьсаар байгаа. Түүнтэй би гурван ярилцлага хийсний нэгийг дахин толилуулж байна. Яагаад гэвэл Фрийдландын яриад байдаг 5 доллараар хийж 100 доллараар зарж 95 долларын цэвэр ашиг олох Оюу толгой хэмээх тэмээний зурагтай фудболкны гэрээг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Саяхан нэг буяны байгууллага Айвенхоу Майнзаас 30 000 төгрөгийн тусламж хүсэхэд Манайх монголын ЗГ-тай гэрээ байгуулаагүй байна, гэрээ байгуулсан нөхцөлд мөнгө хаяна. Одоо бол 1000 төгрөг ч өгч чадахгүй гэж хариулсан байна. Монголын далд эдийн засаг, хээл хахууль, авилгалын бараан эрээн сүүдэр, лиценз, тогтвортой байдлын гэрээ, Эрдэнэт, Төмөртийн овоо хэмээх том ашигт малтмалуудын орд газруудын цаана явагдаж байна. Үнэхээр л их ашиг харагдаж байгаа учраас Канадын нөхдүүд Монголын говьд Бойнг хөлөглөн сэтгэл хөдлөн ирдэг биз дээ. Тэгээд л манай дарга нар хамаагүй юм ярьж болохгүй, тэр тусмаа хамаагүй үнэн зүйл ярьж болохгүй, аятайхан байгаарай. Тэд үргээд л усны шувуу шиг буцаад явчихна гэж хэлдэг. Фрийдланд, Бороо Гоулд бол нүүдлийн хүн шувуу бишээ. Тэднийг бараг зодсон ч явахгүй гэж Буянгийн Жагаагийн хэлдэг л үнэн байхгүй юу. Фрийдланд 25-р суваг телевизэд ярилцлаганд орж байхдаа сэтгүүлч Уянгатай маргасан байгаа юм. Фрийдланд хэлэхдээ Монголыг би хулгайлаагүй, монголыг монголын дарга нар хулгайлж байна. Манай Оюу толгойгоос холгүй сайн чанарын нүүрсийг хэдхэн доллараар гадагш гаргаж танаа дарга нар хилийн цаана ашгаа хувааж байна. Нөгөө л 110 долларын нүүрсийг хэдхэн доллараар зарж байна. Надтай тэмцэхээр монголыг хулгайлж буй монгол дарга нартайгаа тэмцэхийг сануулсан. Үнэхээр нэг сэм луйварчин монголын нүүрсийг хямдханаар зарж байгаа нь илэрхий болсон. Фрийдланд мөн ч шударгаар загнаж, эхлээд л монголынхоо дарга хулгайчтай тэмцэж байж гадны хулгайчтай тэмц гэдгийг хэлсэн. Манайхан болохоор малын хулгайч гэж аймаар юм байна гээд л их ярьдаг биз дээ.

4. Монголд үргэлжилж буй Далд колоничлолын аюул гэж юу вэ?

Украин улс оросын ил далд эрхшээлэс гарах гэж амь тэмцэж байна. Орос Украинд эрх мэдлээ тогтоохын тулд Эрчим хүчний компанийг дээрэмдэн авч байна. Оросын зааж өгсөн маршрутаас хазайхыг оролдсон бүхэнд сургамж өгч байна. Орос Украины хооронд тэнцвэртэй харилцаа байлгах ёстой. Манай зарим арчаагүй улс төрчид оросоос дэмжлэг авч, оросууд ноёлогч хүчний дүрд тоглохыг би зөвшөөрөхгүй байна. Оросын өмнө украины эрх ашгийг хэрхэн хамгаалах аргыг бид олох болно. Бид ард түмэндээ нь л үнэнч байх болно.

/Украины төмөр хатагтай Ю. Тимошенкогийн мэдэгдлээс/

Өгүүлэх нь Эрдэнэт Монголыг тэжээж байна гэж ярьдаг боловч үнэндээ Эрдэнэт Монголыг уу, аль эсвэл харь орныг тэжээж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. 1990 онд МоАХ-ны зөвлөх доктор Нэргүй гуай Эрдэнэтийг шал өөрөөр харж, Эрдэнэтийн үнэнг гаргаж тавих ёстой гэж мэдэгдэж байсан. Түүнээс хойш Ш.Отгонбилэг, Д.Дорлигжав, Х.Наранхүү нарын монгол нөхдүүд Эрдэнэтийн дарга болсон боловч энэ тухай жинхэнэ үнэнг хэн ч гаргаж ирсэнгүй. Ингээд доктор Нэргүй гуатай уулзаж ярилцсан ярилцлагын хэсгээс толилуулж байна.

Сур- Ашигт малтмалын лиценз гэдэг нь юуг өгүүлэн вэ? Авилгалын асуудлыг уу, аль эсвэл луйвар, дээрэм, заль мэхийн асуудал уу? П.Нэргүй Манай улсын өнөөгийн улс төрийн байдал зөвхөн засаглалын төлөөх тэмцлээр том том албан тушаалуудын шинэ шинэ хуваарилалтаар хэмжигддэг болжээ. Албан тушаалын цаана улс төрийн өөр том үйл явдлууд өрнөдгийг манай улс төрийн намууд юуны түрүүнд онцолж харах ёстой. Би ийм үйл явдлуудын тоонд лиценз гэдэг улс төр, эдийн засгийн оньсыг зориуд хэлэх гэсэн юмаа. Лиценз нь зөвхөн неоколоничлолын хүчит оньс төдийгүй бас далд колоничлолын муугүй оньс болж хувирсныг манай гашуун туршлага нотолж байна. Ямар ч л байсан гадаадын том гүрнүүд тэдгээрийн компаниуд Монгол дахь зах зээлийн хувьсгалд оролцохдоо зөвхөн инфляцийг төдийгүй, зөвхөн хувьчлал, тендрийг төдийгүй бас лицензийг гарамгай сайн ашигладаг гэдгээ бүрэн нотлож чадлаа. Ялангуяа лиценз нь Монголын нутаг дэвсгэрийг том гүрнүүдээс хувааж авах найдвартай бөгөөд зальжин хөшүүрэг болж чадсаныг хэлэх нь чухал. Буурай орныг нийгэм, улс төрийнх нь хувьд ашигт малтмалыг гол ордуудаар нь барьцаалж хуваан авч колоний эзэмшил болгоно гэдэг бол XXI зуунд Мокгол Улсыг мөлжин колоничлох гол чиг шугам мөн гэж үзэж болно. 1991 оны 1-р сараас Засгийн газрын XX тогтоолоор эхлүүлсэн нүргээнт зах зээлийн хувьсгал нь зөвхөн олонх Монголчуудыг ядуу болгоход чиглэгдсэн төдийгүй хамгийн гол нь Монгол Улсын асар их ашигт малтмалыг том гүрнүүд эзэгнэлдээ оруулахад чиглэгдсэн байжээ.

Энэхүү лут зорилт нь хэрэгжсэнээр зах зээлийн хувьсгалын эхний үе шат дуусгавар боллоо гэж хэлж болно.

Сур-Лиценз нь зөвхөн дотоодын асуудал биш бүр гадаадын том гүрнүүдийн колончлолын асуудал гэж үү?

П.Нэргүй- Гадныхны колоничлол яаж хэрэгждэг талаар товч хэмжээний тайлбарыг өгөх шаардлагатай. Хөх толбо сонинд Фрийдландын 5 долларын футболкыг 100 доллараар зарах гайхамшигт үг нийтлэгдсэнийг бид мэдэж байгаа.. Тэрбээр футболкыг хэзээ ч үнийг нь 20 дахин нугалж зарж чадахгүй. Неоколоничлолын нэгэн нууцыг Фрийдланд футболкаар жишээ болгож тайлбарлахыг оролдсон. Фрийдланд неоколоничлолын чухал нууцыг 5 доллараар, 100 доллараар төлөөлүүлж ярьсныг бид мэдэх учиртай. Гол учир нь юүндаа байна вэ? гэвэл 595

буюу 119 гэдэг харьцамжиндаа байгаа юм. Фрийдланд Эрдэнэтийн үйлдвэрийн эдийн засгийн гол асуудлыг мэдэж байсан учраас Монголчууд бидэнд, гадаадын бизнесменүүдэд 595 харьцамжийн асуудлыг дурдсан юм шүү. Оросууд Эрдэнэтийн ордыг 20 тэрбум доллараар үнэлсэн гэж Фрийдланд үзээд л тэрбээр Оюу толгойн ордыг 38 тэрбумаар үнэлэхэд улс төрийн тооцооны хувьд алдахгүй гэдгээ ойлгож байсан. 20 тэрбум доллар гэдэг нь нөгөө л бидний яриад байгаа 5 хувь нь юм. Нөгөө 95 хувь нь 95% 200,5%=400. 400-20=380. Эрдэнэтийн орд 400 тэрбум долларын үнэтэй орд. 5 хувь буюу 20 тэрбум нь Монголчуудад үлдэнэ. Цаана нь үлдэж байгаа 380 тэрбумыг Оросууд халаасалж байгааг Фрийдланд мэдэгдсэн юм. Ингэж тооцохдоо 1 алтан рублийг 1 доллартай тэнцүүлж авсан. Эрдэнэтийн ордыг ямар үнэтэй вэ гэдгийг өнөөдөр Монголчууд мэдэхгүй байгаа нь дэндүү гунигтай явдал юмаа. Үүнийгээ манай орос ах нар маш нууцалдаг. Ийм тооцоог ярих гэж оролдсон хүмүүсийг солиотонгууд гэж нэрлэдэг. Эрдэнэтийн ордын нийт баялгийн 95 хувийг халаасалж Монголчуудад дөнгөж 5 хувийг үлдээж байгааг бид далд колоничлол гэж нэрлэдэг юм. Тийм ч учраас 1990 оны 2 дугаар сарын 18-наас 5 дугаар сарын 6 хүртэл 3 хүрэхгүй сараар үргэлжилсэн Ардчилсан хувьсгалаар Эрдэнэтийн ордыг хаах хүртэл асуудал тавигдсан түүхтэй.

Сур- Тиймээ, МоАХ-ны анхны мөрийн хөтөлбөрт энэ асуудал тавигдаж монголын ард түмэн анхааралтай хүлээн авч байсныг санаж байна.

П.Нэргүй- Тиймээ, энэ асуудал үнэхээр хурцаар яригдаж байсан. Фрийдланд Эрдэнэтийн орд ямар үнэтэйг мэддэг байсан учраас Оюу толгойн орд нь Эрдэнэтийн ордоос 2 дахин их нөөц баялагтай гэж байнга ярьдаг байв. Фрийдландын тооцоолсон Оюу толгойн ордын нийт баялгийг 38 тэрбум гэвэл Оюу толгойн орд 760 тэрбум доллараар үнэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл 38 х 20 =760 тэрбум болж байна. Футболкыг үнэлсэн 5 доллар нь мөн чанартаа Оюу толгойн ордын баялгийн 5 хувийг Монголчуудад өгнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл 760 тэрбум долларын 95 хувь буюу 720 тэрбум нь Фрийдландын халаасанд орж 38 тэрбум нь Монголчуудад үлдэнэ гэсэн утгатай юм. Гадныхан иймэрхүү л байдлаар Монгол Улсын ашигт малтмалын асуудалд ханддаг болсон нь Бороо Гоулд дээр ч, Сүхбаатарын Төмөртийн цайрын орд дээр ч, Сэлэнгийн төмөртийн орд дээр ч тод харагдаж байна. Бид гадныханд ингэж мөлжүүлэх шаардлагагүй. Гадныхны хөрөнгө оруулалтад улс төрийн том шалгуураар хандах ёстой. Гадаадынхны хөрөнгө оруулалт голдуу монжооч, мөлжлөгийн шинжтэй гэдгийг мартаж болохгүй. Эрдэнэтийн үйлдвэрийг мөнхийн найрамдлын бэлэг тэмдэг гэж ухуулж Монголчуудын толгойг олон жил угаасан шиг угаасан шүү. Эрдэнэтийн үйлдвэрийн эдийн засгийн тооцоо бүгд хуурамч тооцоонууд. Энэ тоонууд Монголын хилээр гармагц шал өөр утга бүхий тоонууд болж хувирдаг. Би хувьдаа Эрдэнэтийн Гокийг Зөвлөлтийн далд колоничлолын, өнөөгийн шалгуураар бол Их Оросын далд колоничлолын объект гэж үздэг. Тийм ч учраас 1990 оны ардчилсан хувьсгалд Эрдэнэтийн ордыг улс төрийн том бодлогын түвшинд авч үзсэн. Өнөөдөр Оюу толгойн орд ганцхан зэс агуулдаг орд биш. Энэ орд нь Эрдэнэтийн ордтой адил олон эрдсүүдийг агуулдаг юм. Ганц Эрдэнэтийн орд Монголчуудыг 400 жил тэжээх чадалтай бол Оюу толгойн орд 800 жил тэжээх нөөцтэй шүү. 1990 оны ардчилсан хувьсгалаар Эрдэнэтийн ордыг хаах асуудлыг хөндөхдөө энэ орд Монголчуудын бүрэн өмчид шилжсэнээр манай төр, улс төрийн бодлогыг Оросуудын гараас мулталж энэ бодлогоо өөрсдөө ухаан зарж хэрэгжүүлнэ хэмээн тооцоолж байсан.Үүний нэгэн адил Оюу толгойн орд ч гэсэн стратегийн асар их ач холбогдолтой. Манайхан стратегийн орд гэдгийг дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувийг өгөх ёстой гэсэн шалгуураар хэмжих гээд л байгаа юм. 1%-ийг өгдөг ч байсан гэсэн стратегийн орд байж болох юм.

Улс төр нь эдийн засгийн хувьд ямагт тэргүүлэх рольтой байсан нэг чухал томъёолол байдаг. Өөрөөр хэлбэл улс төрийн бодлогоор эдийн засгийн бодлого, нийгмийн бодлого, соёлын бодлогыг уялдуулдаг гэсэн утгыг дээрх томъёолол агуулж байдаг. Хэрэв бид Эрдэнэтийн ордын баялаг ард түмний гарт бүрэн төвлөрсөн бол гадны зээл тусламжгүйгээр улс төрийнхөө бодлогыг санхүүжүүлнэ гэсэн үг. Том чиглэмж үүнээс урган гардаг. Ер нь манай улс үндэснийхээ их баялгийг гадны зальжин пүүс, компаниудыг баяжуулахын төлөө биш Монголын ард түмний төлөө, Монгол Улсынхаа төлөө, цаашилбал Их Монгол улсынхаа төлөө зориулах учиртай. Үүнтэй уялдаж гадаадын пүүс, компаниуд Монгол Улсын төлөө зүтгэхгүй юм бол, Монголын их баялгийг цөлмөх гэж байгаа л юм бол тийм компаниудыг бид нутгаасаа хөөж гаргах эрхтэй. Ийм шаардлагыг дэлхийн аль ч улс орон хатуу чанд баримталдаг.

Сур- Зөвхөн Эрдэнэтийг биш, Мардайн уран, Заамарын алт, Асгатын мөнгөний ордыг 1990 онд хааж ард түмний мэдэлд авах тухай МоАХ-ны

мөрийн хөтөлбөрт орж байсан нь санагдана?

П.Нэргүй Тиймээ, ер нь 4 том ордыг хаах асуудлыг тэр үед ярьж байсан. Тэгэхэд манай ард түмэн нааштай хандаж байв.

Сур- Эрдэнэтийн монгол удирдлагууд мал биш биз дээ. Эрдэнэтийн нууц тооцоог мэддэг үү?

П.Нэргүй- Тэд бол энэ тооцоог мэдэхгүй. Яагаад гэвэл мэргэжлийн хүмүүс биш. Оросын талын дарга нар бол мэднэ. Эрдэнэтийн нууц бол улсын нууц, төрийн нууцад ордог. Эрдэнэтийн тооцоогоор зөвхөн зэсийн баяжмал, молибдений баяжмалын үнийг авч байна. Алт, силени гэх мэтийн асар их үнэтэй 20 гаруй эрдэс, баялаг байгаа.

Сур- Нэг үе мөнгө тооцож авч байсан гэж хүмүүс ярьдаг?

П.Нэргүй- Мөнгө тооцож авах гээд бүтээгүй. Оросууд улаан цайм гүрийгээд өнгөрсөн.

Сур- Та Эрдэнэтийн анхны техник эдийн засгийн үндэслэлийн талаар юу хэлэхсэн билээ?

П.Нэргүй- Эрдэнэтийн анхны техник эдийн засгийн үндэслэл гэсэн том хэмжээний материалууд ирдэг байсан. Нэгдсэн эдийн засгийн том үзүүлэлтүүд нь тэнд байхгүй байсан.

Сур- Гадаадын колоничлолын бодлогыг ойлгодог, түүний төлөө тэмцдэг улс төрч хүмүүс байна уу?

П.Нэргүй- Колоничлолыг Монголтой холбож ярьдаг хүн бараг байхгүй. Колоничлол гэхээр Африкийн орнуудын тухай өнгөрсөн ойлголтыг яриад байдаг. Ер нь манай улс 1924 оноос Зөвлөлтийн далд колони орон болж эхэлснийг тэр үеийн хувьсгалчид гадарлаж эсэргүүцэж байсан учраас тэд бүгд хэлмэгдсэн. Бид колоничлолыг төдийгүй бүр далд колоничлолын асуудлыг хөндөж гаргасан. Үүнтэй уялдаж капиталист биш замнал,

социалист замналын асуудал хөндөгдөж эцсийн дүнд манай улс капиталист биш замаар ч яваагүй, социализмыг ч байгуулж чадаагүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэсэн. Колоничлолын асуудлыг мэддэг бөгөөд түүний эсрэг тэмццэг хүн, тийм улс төрч УИХ-д одоогоор ганц байгаа. Энэ бол УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан. Тэрбээр ардчилсан хувьсгалд идэвхтэй оролцож байсны хувьд Асгатын мөнгөний ордыг Оросуудад өгөхгүй гэдгийг ил тод хэлсэн. Тэгээд зогсохгүй эл ордын талаар байгуулсан гэрээг ерөнхий сайд Энхболдоор дамжуулж Жаргалсайхан хүчингүй болгож чадсан. Тэрбээр бас Канадад болон Хятадуудад панзалсан хэд хэдэн лицензийг хүчингүй болгожээ. Жаргалсайхан манай аж үйлдвэрийг, ялангуяа уул уурхайн салбарыг зөв чиглэлд оруулах гэж чин сэтгэлээсээ зүтгэсэн гэдгийг дурдах нь зөв байх. Үнэндээ Жаргалсайханыг цаагуураа Оросуудын хатгаасаар, наагуураа манайхан жүжиглэж байгаад огцруулсан юм шүү. Жаргалсайхан үнэн мөний төлөө шударгаар тэмцэж байгаад хохирсон гэж хэлсэн юм. Монголын баруун хязгаарт цас мөсөн дунд хилийн цэг дээр монголын нэгэн уул дүнхийн бий. Энэ бол бидний ирээдүйн баялаг болох Асгат-ын мөнгө билээ. Тэрээр манан дундаас манант ирээдүйн маргаант асуудлын нэгэн байна. Доктор П.Нэргүй гуайн хэлж буйгаар олон ордыг сэглэх нь юу билээ.

5. Татварын эмх цэгцтэй зөв бодлого манай ирээдүйг тодорхойлно

Сайхан Япон төслийн хүрээнд боловсруулах манай татварын бодлого 40 ба түүнээс дээшх жилийн цэцэглэлт хөгжлийг тодорхойлох болно.

/Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн мэдэгдлээс/

Өвөрмонголоос сүү, Хөх хотоос өндөг, Улаан-Үүд, Эрхүүгээс мөхөөлдөс зөөж байгааг хараад сэтгэл хямардаг юм. Буянгийн Жагаа нэг биш удаа бэлэн хувцас оруулахаа больё, татвараар хориглоё. Ганцхан татваргүйгээр зүү утас, бэлэн даавуу, оёдлын машин оруульё. Манай хүүхнүүд дор хаяад оёж шиддэг болно. Ногоо оруулахаа больё, ногоогоо бид тарьж сурна. Солонгос орон өнөөдөр солонгосчууддаа зориулсан татварын бодлогоор тун аятайхан хөгжиж байна. Тэгвэл Эрдэнэтийн 5% хэмээх 200 сая Доллараар монголчуудыг хөдөлгөж болж байна, хөгжүүлж болж байна. Солонгост хараар ажиллаж буй нэгэнтээ уулзаж ярилцахад энд би 1 сая төгрөгийн цалин авахын тулд л боол болж нүхэнд айдас хүйдэстэй амьдарч байна гэж хэлсэн. Монголчуудын орлого 1 сая төгрөг хүрсэн үед солонгост хараар ажиллах монгол хүн олдохгүй. Бүгд л солонгос орныг орхин гарах болно гэж хэлсэн юм. Манайд цалин хангамж муу байгаа учраас л биднийг гадагш нь шахаж, нэг бол боолын хөдөлмөр нэг бол өөрийгөө худалдаж хохироход хүрч байгаа юм гэж хэлсэн. Манай нэрт эдийн засагч доктор П.Нэргүй гуайн хэлээд байгаагаар, далд алдаж буй баялгаа шударгаар тооцож ард иргэдийнхээ цалинг 1200 долларт хүргэвэл далд эдийн засаг ч эрүүлжиж, далдуур хулгайгаар амьдрах хүн ч алга болж, малын хулгайчаас эхлүүлээд монголын хулгайч хүртэлх бүх хулгайчид сайн дураар устах юм. Яагаад гэвэл байр авах, машин авах, хүүхдээ сургах, эмэгтэйчүүд гоо сайхнаа авах, гоё хувцасаа худалдаж авах, таалагдсан хоолоо идэх боломж нь нээгдэх юм, Тэгээд л солонгосын Эмигрейшнээс эхлээд бусад орны цагдаа нар монголын хулгайчдыг барих, гавлах, буцаах гэж бөөн чирэгдэл ажил болохгүй юмаа. Монголд малын хулгайчийн сэдэв байхгүй болно. Манай Ерөнхийлөгч солонгосын Ерөнхийлөгчтэй уулзахдаа манай хараар ажиллагч хэдэн хулайчийг минь аятайхан баривчлаарай гэж захихгүй. Харин шал ондоо, жинхэнэ ориг глобаль асуудлыг хэлэлцэх болно. Тэгээд л оросын агуу их зохиолч, нобелийн шагналтан Александр Солжыницин Оросын төр засаг нь хулгайч байгаа учраас оросын ард түмэн хулгайч, гуйлагчин байгаа юм. Яагаад гэвэл төр засагт ч, ард түмэнд ч хулгайн зүйл хоол болдоггүй гэж хэлсэнийг монголын 2,7 сая ард түмэн анхаарвал зохино. Бидэнд бусдын хөрөнгө шатаадаг ард Аюуш, арай холын хошуунаас хулгай хийдэг ардын баатар, үндэсний бахархалт хүн Тооройбанди шиг ирээдүйд хэрэггүй. Цалингаараа амьдардаг ажилч хичээнгүй, үнэнч шударга хүмүүс хэрэгтэй. Тэр жил японы сонинд бичсэнээр Эрх мэдэлтнүүдээсээ аваад энгийн иргэн хүртлээ эдийн засгийн гэмт хэрэгт орооцолдсон энэ улсын 100 000 хүн эх орноосоо дүрвэн оджээ. Яг өнөөгийн хятадууд шиг мөнгө л олж л байвал ямар аргаар олох нь хамаагүй гэсэн аймшигт бодолд автагдсан гэж бичсэн байсан. Хүүхнүүд мөнгөнд явдаг гэж, биеэ үнэлдэг гэж ярьж байгаа шиг манай баян эрчүүд ч мөн мөнгөнд худалдагдсаар байгааг бичиж байна. Эцэст нь хэлэхэд энгийн нэгэн үнэн гэвэл татварын зөв бодлогоор улс орон маань их аятайхан, эмх цэгцтэй хөгждөг бус уу. Монголчууд бид монголчуудаа алдах биш монголдоо монголчуудаа цуглуулж хөгжинө. Сайхан зүйл бодоцгооё. Сайхан үйлс дэлгэрэг.

2007.05.14 Улаанбаатар -Түндэмүн. Сэтгүүлч Батын Эрдэнэбаатар

Хөх толбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button