Монголчууд татварыг цус махаараа мэдэрдэг үү?

Харин бусад хөгжсөн улс оронд үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдгийг яс мах, амь нас, хувь заяагаараа мэдэрдэг билээ. АНУ-д хэдийгээр эрх чөлөөг тунхагласан боловч татвар төлөхгүй бол шоронгийн цаана сууна гэдгийг ойлгодог.

Нөгөө талаар ухамсартай хүмүүс улс эх орондоо оруулж буй хувь нэмэр, татвар бол миний хайртай эх орны хөгжил цэцэглэлт юм гэдгийг мэдэрдэг юм. Тэнд татвар төлөгчдийн мөнгийг улс орны цэцэглэл хөгжил, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төлөө зарж ард түмэндээ ил тод байдаг билээ. Олон оронд татвар үндэсний ухамсрын асуудал байдаг юм байна. Тэр жил одоогийн манай улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяртай цуг хэсэг сэтгүүлчид, улс төрчид Дани орноор аялаж билээ. Анхны уулзалтан дээр дээд сургуулийн нэгэн багш ярихдаа, манай улсын хувьд татвар гэдэг бол үндэсний ухамсар, тун онцлог зүйл байдаг.

Дани орныг ойлгоход бэрх, хүйтэн дайны үед ЗХУ юм уу, Хятадын элчин сайдын яамныхан энэ бол хөрөнгөтөн улс гэж хэлдэг байсан. Тэгвэл АНУ болон бусад орны элчингүүд энэ бол социалист улс байна гэж тайлбарладаг байсан. Манай орон бол хөрөнгөтөн ч биш, социалист, коммунист ч улс биш. Гэхдээ дэлхий ертөнц дээр хаана ч байхгүй нэгэн онцлог бий. Энэ бол Дани хүн хилийн чанадад ч хамаагүй 100 доллар олдвол 60 долларыг нь эх орондоо авчирч өгч чаддаг юм. Энэ бол Дани хүн юм. Бас 100 долларын 60 долларыг нь итгэл үнэмшлээр авч чаддаг энэ орон бол Дани орон юм.

Тийм учраас манай улсад боловсрол, эрүүл мэнд үнэгүй бөгөөд манай улс дэлхийн баян орны нэг гэж хэлж байсныг санаж байна. Тэгвэл Монголд татварын ухамсартай тогтолцоо бий болоогүй юм шиг санагддаг. Тэгээд би нэгэн удаа тун сайн танил татварын ахмад ажилтнаас асуухад, тиймээ, манайд дээрээ ч, доороо ч татварыг яс махаараа ойлгохгүй байгаа юм гэж хэлж байсан. Яагаад гэхэд, олон таван юм яримааргүй байна. Гэхдээ л татварын хуулийн төлөө улс эх орныхоо төлөө санаа зовж явдаг юм даа. Задарсан нэгэн нь татвар төлдөггүй, ядарсан цөөхөн нь л татвар төлдөг тодорхой биш шударга биш хууль ноёрхож байх юм. Манайд орлогоо өөрөө тодорхойлж өөрөө татвар төлнө гэсэн тогтолцоо байдаг юм. Энэ нь тун бүтэмжгүй зүйл. Компаниуд улирлаар тайлан бланс гаргах гэж их зовдог. Энэ баланс ашиггүй гарч ирдэг. Үүний оронд тодорхой тоо баймаар санагддаг юм.

Хятад улсад тодорхой тоо байдаг гэсэн. Хотын захын лангуутай нөхөр 10 000, арай нааш нь 20 000, том зах дээр байдаг нь 30 000 гэдэг ч юм уу, тодорхой тоо л байна. Тэдэнд тайлан бланс гаргах шаардлага байхгүй. Хуучин бид 8 нэрийн барааны дэлгүүрээс 10 000 төгрөг авдаг байв, жилдээ 120 000, арван жилд сая 200 мөнгө гэсэн үг. Гэтэл одоо тайлан баланс нь ашиггүй гарч бүр мөнгө авахаа больсон. Хэрвээ хуучинаараа 10 000 -аа авч байсан бол 10000 дэлгүүрээс бага ч гэсэн овоо мөнгө авах шүү дээ. Ийм маягаар тариаланчдаас мөнгө авч чаддаггүй. Дарамт учруулахгүйгээр бага ч гэсэн тодорхой тоо баймаар байгаа юм. Сүүлийн үед олон кафе, ресторан, зочид буудлууд байгуулагдаж байгаа боловч эзэн олдохоо байсан. Татварынхан очихоор ажиллаж байгаа хүмүүс нь бид мэдэхгүй л гэж хариулдаг. Нөгөө талаас энэ хуулийг цөөхөн хэдэн хүмүүст зориулж баталдаг ч юм шиг.

Манай татварын байцаагч нар татварын том том хэргүүдийг илрүүлсэн боловч дээрээс дарамталдаг. УИХ-ын эрхэм гишүүн Эрдэнэбат дээр гэхэд л 28 тэрбум төгрөгийн татвар тавьсан боловч шүүхээр ороод зүгээр л гарсан. Энэ асуудлыг илрүүлсэн татварын байцаагч хүнд байдалд орсон гэсэн. Хэдэн жилийн өмнө татварын нэгэн томоохон хэргийг илрүүлтэл тэр үеийн Ерөнхий сайд Татварын газрын дарга руу утасдаж, тэр нэг байцаагчаа янзалж чаддаггүй юм бол би чамайг янзална шүү гэх маягийн сүрдүүлэг хэлэхэд асуудал аяндаа зогссон.

Хөх толбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button