Хар тамхи-чдын Хар арми

Энэ хэрэгт манай нэртэй хамтлаг, дуучдын төлөөлөгчид, жүжигчид, дарга нарын хүүхдүүд орооцолдох боллоо. Саяхан БЗД-ийн шүүх дээр 13 хар тамхичин залуугийн хэргийг шүүж ихэнхэд нь 10 жилийн хорих ял оноов. Энэ хэрэгт Нарантуул захын босс Сайхансамбуугийн хүүхдээс эхлэн нэр төртэй залуучууд оржээ. Өмнө нь манай нэртэй бизнесмен банкир О.Чулуунбат болон бусад томчуудын хүүхдүүд шүүхээр орж хэдэн арван саяар торгуулан ялаас мултарсан билээ. Ажил хөдөлмөрт бага дадаж, сэтгэлийн хат муу суусан залуучууд маань хар тамхи, архи, компьютерт донтож сэтгэл мэдрэлийн гажигтай болж шар хадны галзуугийн больницын тасагт хэвтэх нь ч олширлоо. Залуучууд мянга мянгаараа баар сав хэсэж, нийллэг баяр, төрсөн өдөр хэмээн архидаж стрессээ архиар тайлдаг муу зуршил бий болжээ. Сүүлийн үед эмч, сэтгэл зүйчид нийгэм стресст байна, бид бүгд стресст байна хэмээн сурталчилж стресс тайлах аргыг архидах, сексдэх буруу зуршлыг залуучууд сонгох болсноос хар тамхичдын хар арми-ийг бий болгож байна. Ардчилал эрх чөлөөг буруу ойлгож, мөнгөний үнэ цэнийг хэтэрхий буруу мэдэрч, зөвхөн гадаадад гарвал боловсрол олж, гадаадад л ажиллавал баяжих мэтээр буруу төөрөгдөлд автсанаас гэр орон, эх нутаг, ахан дүүсээ санасан залуучууд ийнхүү сэтгэлээ барьж чадахгүйгээс хар тамхинд автаж байгаа нь аймшигтай байна. Хар тамхичдыг шоронд хорьж олон жилийн ял өгснөөр асуудлыг шийдэхгүй. Нөгөө талаар хар тамхи том улсуудын улс төрийн явуулга гэдгийг мартаж болохгүй. Нэг талаас архийг дэлгэрүүлснээр нөгөө талаар архитай тэмцсэнээр орос орон архин далайд живж байна. Оросын ард түмэн архичин болж төгсөж байна. Тэгвэл АНУ хар тамхийг улс төр, гэмт хэргийн хөзөр болгосноор мөн л хар тамхинд, чөлөөт ардчилсан залуучууд живж байгаа гунигтай түүхийг бид санах ёстой юм. Сайхан, гэгээлэг залуучууд маань ийнхүү буруу замаар будаа тээж буцах замдаа шороо ч тээх юмгүй болж байгааг анхаараасай. Стресс гэж байхгүй, стресс хэрвээ байдаг бол түүнийг архи, тамхи, сексээр тайлахгүй. Түүнийг ажил хөдөлмөр, хичээл зүтгэл, аялал спорт, тэвчээр тэсвэрээрээ тайлах ёстой. Бид энэ дэлхий дээр дэндүү цөөхүүлээ билээ. Энэ цөөхөн хүний хичнээн нь архичин тамхичин, янхан болж, хичнээн нь эрт хөгширч, хичнээн нь залуугаараа үхэж, хичнээн нь шороонд булагдаж, хичнээн нь зүйл бусаар ийнхүү олон жил шоронд суух болж байна вэ?

Хөх толбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button