Худал хэлдэг сайдуудад хариуцлага тооцъё

Мөн Энэ циант натри гэдэг бодис чинь хүний биед ямар ч хор хөнөөлгүй юм ш дээ гэж мэргэжлийн дүгнэлт айлдсан Эрүүл мэндийн дэд сайд та суудлаа тавьж өгвөл яасан юм бэ, бас sorry. Мэдэхгүй юмаа мэддэг юм шиг ярьж, гай тарилцсан сумын Засаг даргадаа хариуцлага тооцоо ч үгүй, тооцож чадах ч үгүй шахам байж Асуудлыг дэврээлээ, иргэдийг маань цочирдууллаа гэж сэтгүүлчдийг буруутгаж буй Дархан-Уул аймгийн Засаг даргад ч Огцор гэдэг энэ үгийг хэлмээр байна. Энэ бол бидний буруу биш, сайд, дарга та нарын буруу. Та бүхний хариуцлагагүй, хайнга ажилласаар ирсний гор гарч байгаа нь энэ.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд хүнд ямар ч гай гамшиг тохиолдсон түүнийг Аюулгүй гэж суух эрх байхгүй. Харин ч ард түмэндээ сэрэмжлүүлж, Аюултай байж мэднэ шүү гэдэг мэдээллээр цочроо өгч байх учиртай. Эрүүл мэндийн салбарыг толгойлж яваа эрхмийн хувьд хүн ард нь эрүүл энх, элдэв урхагт автахгүй байх нь л нэн сайн баймаарсан. Химийн хорт бодисын хөнөөлийн улмаас хүн ард үй олноороо сүйрч, удмын санд нь гаж өөрчлөлт орсон явдал хүн төрөлхтөний түүхэнд хар толбо болон үлдсэн байдаг. Гэвч эрхэм сайдуудын хийсэн мэдээллээс харахад нэг талаар тэд хариуцлагаас бултах гээд байгаа мэт. Нөгөө талаар гамшигт нэрвэгдсэн Хонгор суманд бус тэр хавийн аймаг, сумдад онц байдал зарлахаар болчихоод байна. Учрах хор холбогдлын талаар сайд, дарга нар бодлоготойгоор нуун дарагдуулахын тулд худал мэдээлэл хийж байна уу даа гэсэн хар төрж эхэллээ.

Хүмүүст ноцтой аюул учруулахгүй гэсэн мэдээллийг албан ёсоор хийсэн эрхмүүдэд энэ удаад одоо болж буй хийгээд өнгөрсөн хэрэг явдлуудыг албан ёсоор сануулчихъя. Япон улсын Жайка байгууллагынхан 2004-2005 онд Төв аймгийн Борнуур суманд судал­гааны ажлаар очоод ёстой л мэл гайхаж, цэл хөхөрчээ. Сумын өрхийн 60 гаруй хувь нь хувиараа алт олборлодог. Бүр сумынх нь Засаг дарга тэдэнд Алт олборлож болно гээд түр журам гаргаад өгчихсөн. Ингээд айл бүрийн хүүхэд мөнгөн ус алган дээрээ наа­дуулж, эцэг эх нь тэрхүү бодисыг ашиглана. Мэдээж хэрэг, тэд мөнгөн устай хамт гэртээ хононо. Товчхондоо, Борнуур сумын иргэдийн амьдралаас иймэрхүү дүр зураг харагдсан аж. Одоо тэгвэл мэргэжилтнүүд юу гэж хэлж байна вэ. Мөнгөн ус бол халуун чанарын химийн хорт бодис. Алт угаах үед уг бодис ууршиж алга болно. Харин агаарт дэгдсэн энэ бодис мөнгөн устай хамт хоносон айлын шалны хулдаасан дээр өглөө нь бөөн бөөнөөрөө бөнжигнөсөн байдаг. Судалгааныхан мөн үүнийг олж харжээ. Тэд сумын Засаг даргатай уулзаж, хор холбогдлынх нь талаар учирлаж хэлэхэд тэрээр дохио сануулга авах нь байтугай Өө тийм юм байхгүй. Миний дүү сүүлийн зургаан жилийн туршид алт угаахдаа мөнгөн ус ашиглаж байна. Ингэлээ гээд зүв зүгээр л байна даг хэмээн ажиг ч үгүй өгүүлж суусан гэнэ. Иргэд нь судалгааны багийнхны үгийг бүр ч ойшоогоогүй гэсэн. Харин ч Бид малаа зуданд алдсан. Алт олборлохгүй бол бид яаж амьдрах юм бэ. Тэгвэл та нар бидэнд ажил олж өгөхгүй юү хэмээн хэдэрлэж байсан гэдэг. Шинжилгээ судалгаа хийх гэж очсон биш ийм явдалтай тулгарсан япончууд болон Монголын эрдэм шинжилгээний ажилтнууд эл байдалд цочирдож, Үйлдвэр, худалдааны яаманд мэдэгдсэнээр Засаг даргын гаргасан түр журам хүчингүй болж байжээ.

Өнгөрсөн жил. Архангай аймгийн Цэнхэр суманд 700 гаруй мал гэнэт үхжээ. Гэвч энэ нь ямар нэгэн халдварт өвчин биш, хуурайшилтын ултаас нитрит ихтэй байгалийн давс хөрсөн дээр ил гарч, түүнийг нь адуу мал долоосноос болж ийм явдал болсон юм байна. Тухайн үед үүнээс болж бөөн хэрэг мандан тус аймгаас сонгогдсон эрхэм гишүүдийн чих амрахаа байсан гэдэг.

Манай зарим аж ахуйн нэгж ашигт малтмалын хайгуулын лиценз эзэмших зөвшөөрөл авчихаад түүнийгээ ашиглалтын болгож зүсийг нь хувиргадаг. Улмаар хятадуудад үнэ хүргэж зарна. Ингээд лиценз худалдаж авсан хятадууд ямар ч хор хөнөөлтэй юм бүү мэд, янз бүрийн хорт бодис авчирч үйлдвэрлэлд ашигласаар нэлээд хэдэн жил өнгөрч байгаа аж. Хамгийн сүүлийн бодит жишээ гэвэл, Ховд аймгийн Алтай суманд үүсээд буй хэрэг явдал юм. Гоүлдэн алт гэдэг компани ашигт малтмалын лицензээ урд хөршийнхөнд ху­далдсан. Одоо тус сумаар нэг хэл ам нь ойлгогдохгүй хэрмэл хэдэн хятад шавах болж, аргаль, янгир, вансэмбэрүү цэцэг зэрэг ховор ан амьтан, ургамалтай Алаг дэгтий хэмээх уулыг сэндийчих гэж байгааг тэнд очоод ирсэн хүмүүс дуулгалаа. Үүнийг эсэргүүцсэн Алтай сумын хэсэг иргэн зэсийн агуулга ихтэй уулаа аврах нөхөрлөлийг санаачлан бай­гуулсан гэнэ. Үүнээс болж алт ухах гэсэн дундад иргэд, байгалийн баялагт уулаа аврах гэсэн нутгийн иргэдийн дунд ширүүн дажин өрнөхөд бэлэн болчихоод байна. Энэ мэтээр өнгөрсөн, одоогийн явдлыг тоочвол их л урт түүх болох нь ээ.

Өмнө өгүүлсэнчлэн худал хэлдэг, аливааг нуун дарагдуулах дуртай сайдуудыг учир мэдэх эрдэмтэн, мэргэжилтнүүд шоглож, бас тэдний өмнөөс халаглаж сууна. Циант натри хүний биед хоргүй. Онц хариуцлагатай алба хашдаг хүн ийм үг хэлэх нь туйлын онц хариуцлагагүй явдал гэж тэд хэлж байна.

Энэ бүхний эцэст эрхэм дарга нарт сануулахад, эх орны минь эрдэс баялгийг хамаа замбараагүй онгичигсдын хар гайгаар химийн чимээгүй дайн эхэлчихээд байна шүү.

С.Баттулга

Ардын Эрх 2007-05-18

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button