Хилээр иргэд визгүй зорчих гэрээ, хэлэлцээрийн төсөл бэлэн болжээ

Парламентын дээд танхим-Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга С.М.Мироновын айлчлал өндөрлөхийн өмнөхөн уржигдар тэд Улаанбаатарт ирсэн юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Төрийн Думын Газар тариалан, Эдийн засгийн бодлого, аж ахуйн нэгж, аялал жуулчлал, Соёл, Гадаад бодлого, Эрчим хүч, зам тээвэр, холбоо, Аж үйлдвэр, барилга, шинжлэх ухаан, технологи зэрэг зургаан байнгын хорооны орлогч дарга нар багтжээ. Мөн Эрхүү, Улаан-Үд, Чита, Тува, Омскоос сонгогдсон депутатууд ирсэн байна. Тэд Улаанбаатараас гадна Хэнтий аймагт зочилж, Ээж хад руу явахаар төлөвлөжээ. Төрийн Думын гишүүд өчигдөр УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүдтэй уулзалт хийв. Ажлын уулзалтыг Эдийн засаг, бизнесийн харилцааг өргөтгөхөд юу саад болж байна вэ гэсэн сэдвээр явуулсан юм. Монголд хөрөнгө оруулагч томоохон компанийн төлөөлөгчид түүнд оролцов. Уулзалтыг хоёр орны парламент дахь найрамдлын бүлгийн дарга нар болох эрхэм гишүүн Д.Идэвхтэн, Думын депутат В.П.Войтенко нар хөтлөн явууллаа.

Уулзалтад яам, тамгын газрын ажилтнууд, хоёр талын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид оролцож парламентчдынхаа хамт жаргал зовлонгоо ярилцлаа. Аль боло­хоор асуудал дэвшүүлсэн яриа өрнүүлэхийг Д.Идэвхтэн дарга уриалж байсан юм. Гадаадын хөрөнгө оруулагчдын дунд ОХУ зургадугаар байр эзэлдэг ажээ. Оросын хөрөнгө оруулалт бусад орныхоос хоцрогдонгуй байдгийг ҮХЯ-ны газрын дарга В.Энхболд хэлсэн. Харин сүүлийн үед Реново, Базовый элемент, Северсталь зэрэг компанийн төлөөлөгчийн газар Монголд нээгдэж үйл ажиллагаа эрчимжих замд орсонд тэрээр талархаж байлаа. Орос-Монголын хамтарсан Монголросцветмет нэгдлийн нэгдүгээр орлогч дарга В.А.Тюрин байгууллагынхаа түүхээс товч танилцуулаад энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын төмөр замын зүгээс тус нэгдлийн ачаа барааг задгай вагоноор тээвэрлэхийг хориглосон нь хүндрэл учруулж буйг дуулгалаа. Монголросцветмет нэгдлээс ОХУ-ын Полиметалл компанитай хийсэн гэрээг Монгол Улсын Засгийн газраас цуцалсныг ч үгийнхээ төгсгөлд дурдана лээ. Зам тээвэр, аялал жуулчлалын яамны ажил­тан Г.Бэхбат хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн хууль, эрх зүйн орчинг шинэчилж байгаа талаар тайлбарлалаа. Монголд ажиллаж байгаа Оросын барилгын компаниудын хувьд тендерийн шалгаруулалт шударга бус болдог, хил, гаа­лийн хүнд суртал, тарифын хөнгөлөлттэй бус нөхцөл гээд тохиолддог бэрхшээлүүдээ тоочиж байсан.

Үүнээс гадна хилээр иргэд зорчиход хөнгөлөлт үзүүлж, визгүй дэглэмд шилжих талаар бүлгүүд санал гаргалаа. Эрхэм гишүүн Д.Идэвхтэний хэлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д айлчлах үеэр энэ талаар нэлээд ярилцжээ. С.М.Мироновын айлчлалын үеэр ч яригдсаныг дурдав.

Визгүй зорчих гэрээ хэлэлцээрүүдийн төсөл бэлэн болж буй, Монголын барааг Оросын зах зээлд нэвтрүүлэх боломж, тарифын хураамж, гаалийн татварыг багасгах талаар санал солилцсоноо парламентын гишүүд ярилцлаа. Монголын ноолуур, оёмол, сүлжмэл эдлэл, хивсэн бүтээгдэхүүн мал аж ахуйн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ руу гаргах тариф өндөр тул ихээхэн алдагдалтай байдаг байна. Монголын барааг ОХУ-ын нутгаар тээвэрлэх тариф мөн өндөр байдаг талаар ярилцлаа. Үүнийг яаж бууруулах, хоёр талдаа ямар үүрэг хүлээх талаар ч санал солилцов.

Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах тухай өмнөх гэрээг сэргээх асуудлыг ч энэ үеэр хөндсөн юм. Энэ ордыг аль ч талаас нь бодсон Оросын талтай хамтарч ашиглах нь зүйтэй гэж талууд санал нийлж буй аж. Санкт-Петербургээс гаралтай Полиметалл компани 100 хувь хөрөнгө оруулъя, технологио өөрөө оруулж ирье, сайн технологи бий, ордын 50 хувийг бид эзэмшье, 50 хувиа яахаа та нар мэд гэжээ. УИХ-д асуудал удахгүй орох бололтой. ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан Хятад руу төмөр замаар ачаа тээвэрлэхэд нэг тонн нь есөн ам.доллар байсныг хэдэн жилийн өмнө 27 ам.доллар болгож гурав дахин үнийг нэмсэн нь Монголд ажиллаж байгаа Оросын бизнесийнхэнд хүндрэлтэй байдаг, хүнд суртал, зөвшөөрлийн механизм, хяналт, шалгалт нэрээр ажил цалгар­дуулдаг талаар Оросын бизнесийн төлөөлөгчид дурдаж байв. Уулзалтаас баримт бичиг гаргахаар тохиролцож хоёр өдрийн дараа бэлэн болгохоор тохиролцсон юм.

Д.ЦЭЦЭГ

Ардын Эрх 2007-05-18

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button