Харийнхны эзэмшилд түр шилжсэн цэнгэлдэхэд орох эрх олдсонгүй
Өглөөнөөс эхэлсэн бүртгэл үд дунд гэхэд багагүй хүнийг бүртгэсэн байлаа. Хөлс төлөн дугаар захиж байсан хүмүүс бүртгүүлэхээр ирсэн болоод ч тэр үү, эсвэл ойр урт дарааллаас залхсан ойр дотныхондоо хань болох гэсэн хүмүүс ирсэн дээ ч тэр юм уу энд өмнөх өдрүүдэээс илүү олон хүн дугаарлан зогсох аж. Бухимдсан иргэд дугаар дарааллаа булаацалдан үймээн самуун дэгдээнэ гэж сэрэмжилсэндээ ч тэр үү цагдаагийнхан бас нэмэгдчихэж. Эрэгтэй эмэгтэйгээр нь ялган хоёр хаалгаар оруулж, хангалттай бүртгэгч байгаа гэх ч хүний цуваа дуусч, багасах бус эсрэгээрээ нэмэгдсээр байх аж.
Харин мэдээлэл авахаар дотогш орохыг оролдсон ч цагдаагийн албан хаагчид хориг тавина. Учир байдлаа хэлсэн ч дээд удирдлага нь сэтгүүлчдийг оруулж болохгүй гэсэн лүндэн буулгасан гэнэ. Цагдаагийн хошуучийн тайлбарласнаар бол өчигдрийн үд дунд гэхэд Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд сэтгүүлч, сурвалжлагч нарт уурлаж дотогш оруулахгүй байхыг шаардсан гэв. Ингээд хуучнаар бол Төв цэнгэлдэх, өчигдрийнхөөр бол Өмнөд Солонгосын эзэмшлийн нутагт хөл тавих визгүй сэтгүүлчид хөөрхийлөлтэй нь аргагүй цагдаагийнхнийг ятгах ч дотогш оруулна гэж даанч үгүй. Арга ядаж бүртгүүлээд гарч ирсэн иргэдийг шалгааж зарим зүйлийг асуув. Өөрийгөө Л.Батдорж гэж танилцуулсан залуугийн хэлснээр бол өчигдрийн 16.00 цаг гэхэд 4500 хүн бүртгүүлжээ. Солонгос хэлний шалгалт авах хүмүүсийн тоо 15 мянгаар хязгаарлагдаж буй. Харин тэдний 4000 нь эмэгтэй байх шаардлагатай. Бүртгүүлэх ёстой эмэгтэйчүүдийн тоо үндсэндээ бүрдсэн аж. Тиймээс одоо оочирлоод нэмэргүй дээ гэх түүний үгийг дугаарлан зогсоо бүсгүйчүүд харин ч нэг тоохгүй. Аманцар нэг нь Битгий худлаа хэлээд бай, авгай чинь ардуур оочиртой болохоор албаар ингэж хэлж байгаа юм. Тийм биз дээ гэж аашлах нь дуулдана. Энэ шалгалтыг өнгөрөөчихвөл ирэх жилийг хүлээхээс өөр аргагүй болно гэсэн эмэгтэйчүүд залуугийн үгийг сонсоод нүүрээ үрчийлгэн уурласандаа дэмий л цагдаа нарыг хардана. Арын хаалгаар авгайгаа оруулчихаж. Арай ч ийм хурдан 4000 хүн бүртгүүлэхгүй шүү дээ гэж ирээд цагдаа нарыг дайрч, татсан туузынх нь дээгүүр давж орохыг оролдоно. Цагдаагийнхний тайлбарлаж буйгаар бол маргааш гэхэд 15 мянган хүнийг бүртгээд дуусах гэнэ. Албаны хүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч ажлын байраар хангах гэж байгаа Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд уурыг хүргэсэн болохоор уулзуулахыг татгалзав. Бусад эх сурвалжуудын мэдэгдэж байгаагаар бол ямартай ч өнөөдөр бүтэн бүртгээд дуусгах гэнэ. Өчигдөр бүрий болтол бүртгэсэн болохоор арга ч үгүй биз дээ.
Л.ТӨГСӨӨ
Ардын Эрх 2007-05-18