Иргэний холбоо авлигачдыг дэмжихгүй байхыг уриаллаа
Авлигатай нэр холбогдсон албан тушаалтнуудын талаар баримт дэлгэсэн сэтгүүлчдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, яллах явдал ихэсч буй мөртөө нэр холбогдсон албан тушаалтнуудын гэмт үйлдлийг шалган тогтоох ажлыг огт хийхгүй байгаа нь төрөөс гэмт этгээдүүдийг хаацайлж байгаа явдал юм гэж уулзалтад оролцогчид үзэж олон нийтэд хандаж мэдэгдэл гаргалаа.
Иргэний холбооны санаачилсан Авлигын эсрэг иргэдийн эв нэгдлийн гэрээ -ний дагуух энэ мэдэгдэлд Авлигад холбогдсон улстөрчдийг хардах сэтгүүлчдийн эрхийг тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлээд, сэтгүүлчдийг бичсэн нийтлэлийнх нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах явдал нь авлигчдыг өөгшүүлэх гэсэн арчаагүй оролдлого бөгөөд сэтгүүлчид, иргэдийг айлган сүрдүүлэх дарангуйллын эхлэл гэж дүгнэжээ. Мөн Эрүүгийн хуулийн 110 болон 111 дүгээр зүйлийг нэн даруй өөрчилж, сэтгүүлчдийн мэдээлэлд нэр холбогдсон хэрэгслээр өөрийгөө өмгөөлсөн албан тушаалтны үгийг бид гэм буруугүйн нотолгоо гэж хэрхэвч үзэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Улмаар, Иргэний холбоо нь хавчигдан гадуурхагдаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажиллаж, сэтгүүлчдийг шүүхэд өгдөг, авлигач улстөрчдийг ирэх сонгуульд дэмжихгүй байх хөдөлгөөнийг өрнүүлэхээ мэдэгдээд авлигад нэр холбогддог, ил тод биш улстөрчдийг дэмжихгүй байхыг иргэний нийгмийн байгууллагууд болон нийт иргэддээ уриаллаа.
Г.Баатар
Ардын Эрх 2007-05-18