МАХН-ын лидерүүдийн ээлжит тулаан хотын намын хорооноос эхлэв
Тэгвэл хоёр хоногийн өмнө нийслэлийн МАХН-ын хорооны дэд дарга Д.Баасансүрэн түүнийг огцруулах тухай өргөх бичгээ барьжээ. Тиймээс Ё.Отгонбаяр дарга өчигдөр орой гишүүдээ цуглуулан энэ асуудлаар хуралджээ. Улс төрийн хүрээнийхэн энэ үйл явдлыг Ах намын лидерүүдийн зөрчил эцэстээ хүрсний илрэл гэж хүлээж авч байна. Саяхан МАХН-ын удирдлагууд аймгуудынхаа намын дарга нарыг цуглуулан Их тэнгэрт Сонгуулийн ерөнхий менежмент семинар зохион байгуулсан.
УИХ-ын дарга Ц.Нямдоржийн энэ семинар дээр хэлсэн үг ч дээрх дүгнэлт нэлээд бодитой гэдгийг нотолж болох юм
Ц.Нямдорж дарга хэлсэн үгэндээ Манай нам доторх бизнесийн бүлэглэлүүдийн зөрчил эцэстээ хүрч, төрийн тэргүүн нь хүртэл үүнд хутгалдаж эхэллээ. Бүхнийг нэг хүний эрхшээлд оруулахын тулд Ерөнхийлөгчийн засаглал руу зүтгүүлж, үүнд нь саад болсны төлөө төрд шударгаар зүтгэсэн над мэтийг золиослохыг оролдож байна, Бизнесийн бүлэглэлүүд манай намын хүчийг сулруулж эрх мэдлийг гартаа авахыг оролдож байна, үүний нэг жишээ нь төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгох оролдлого гэх мэтээр нөлөө бүхий лидер рүүгээ чиглэсэн илэрхий дайралтуудыг хийжээ. Өнгөрсөн өвөл Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийхээр томилогдсон ажлын хэсгийг өргөтгөж хуулийн төслийг Төрийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг боловсронгүй болгох тухай /нэлээд урт нэртэй байсан учир утгачилан буулгахыг чармайв/ болгон өөрчилсөн, төрийн бүх шатны албан хаагчдыг намын харъяалалгүй болгохоор оруулсан гэх мэт нь бүгд Ерөнхийлөгчийн санаачилгаар хийгдсэн тул УИХ-ын даргын дайралт хэн рүү чиглээд байгааг тааж мэдэхэд хэцүү биш л дээ.
Саяхан УИХ-ын чуулганаар Парламентын ордон барих газрын тухай хэлэлцэхэд ч Ц.Нямдож дарга ам хуурай байгаагүй. Тэр төрийн ордны баруун талд орших хуучин хэвлэх үйлдвэрийн байшинг нурааж газрыг нь суллаж өгөх саналыг оруулж хотын газрын албаны нөхдийг дуудаж ирээд Энэ хэний мэдэлд байдаг эд вэ? хэмээн нэг нэгээр нь байцаахад цаадуул нь нүд нь бүлтэлзэж, нулимс нь гялалзаад юу ч дуугарч чадаагүй гэнэ лээ.
Тэгэхээр нь хотын дарга Ц.Батбаярыг өөрийг нь авчраад асуухад цаадах нь Улаанбаатар таймс сонин менежмэнтийн хувьчлалаар авсан гэнэ лээ гэж хэлээд зугтчихсан. Өмнө нь намрын чуулган дээр бас л иймэрхүү яриа өрнөж Шувууны үүр болох шахсан энэ байшингийн эзэд хоёр га газраа гурван тэрбумаар үнэлсэн гэнэ, арай ч дээ гэж Ц.Ням¬дорж дарга хэлж байсан. Буруу ч юм байхгүй л дээ. Цаад учир нь Улаанбаатар таймс сониныг менежмэнтээр хувьчилж авсан гэх эзэн нь Бүдханд гэдэг нэртэй, тэр нь манай Ерөнхийлөгчийн ээжийн нэртэй ижил байгаа гэнэ.
Гэвч энэ бүхэн хотын намын хорооны даргын суудалтай юуных нь хамаатай юм бэ гэж эргэлзэх хүн байж магадгүй. Учир нь сонгууль болоход ганцхан жилийн хугацаа үлдээд байгаа. Энэ сонгуульд хэний фракц хэдэн хүн нэр дэвшүүлэв гэдгээр ирэх дөрвөн жил хэн хүчирхэг байх нь тодорхойлогдоно гэсэн үг. Харин МАХН-ын гол цөм болсон хотын хорин тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээ хотын намын хорооны дарга шийдэх жанцан-тай. Өнгөрсөн жил С.Баяр МАХН-ын генсек болонгуутаа намынхаа бүх гишүүдийн дунд сунгаа явуулж боловсон хүчний фонд нэрийн дор 250 хүний нэр тод¬руулсан. Харамсалтай нь энэ 250 дотор одоогийн УИХ, Засгийн газрын гишүүдээс тун цөөхөн нь багтсан байдаг. Хоёр дахь сунгаа энэ тавдугаар сард болно, ирэх зургадугаар сард бүсийн чуулгантай. Энэ гурвын нэгтгэсэн дүнгээр ирэх 2008 онд сонгуульд нэр дэвшигчдийн төлөв тодорно гэсэн үг. Тиймээс хоёр дахь сунгаанаас өрсөж нийслэлийн намын хороог өөртөө авах гэсэн лидерүүдийн тэмцэл эхлээд байгаа бололтой. Нийслэлийн МАХН-ын хорооны дарга Ё.Отгонбаяр бол цэвэр экс даргын талын хүн гэгддэг.
Харин Д.Баасансүрэнг одоогийн дарга нь хотын намын хорооны дарга байхдаа нарийн бичгийн даргаараа авчирсан, өнөөг хүртэл суудлаас нь хөдөлгөөгүй. Өөрөөр хэлбэл намын залуу дарга экс намын даргынхаа нам доторх эрх мэдэл, тойрон хүрээллийг хумихын тулд Ё.Отгонбаярыг унагахаар шатрын хүүг түлхжээ гэсэн гаргалгаа гарч байгаа юм. Зарим лидер намын асуудалд гүнзгий орох боломжгүй учраас Ё.Отгонбаяр даргын хамгаалалт тийм ч найдвартай биш, нэг удаа хамгаалаад үлдсэн ч хоёр дахь удаагаа бол боломжгүй зүйл гэж МАХН-чууд ярьж байна. Үүний хажуугаар МАХН дахь жигүүрийнхэн ч сонгууль угтан идэвхжиж эхэлсэн С.Баярыг намын даргаар сонгоё гэдэг мессежийг тараагаад байна.
(Ардын эрх 99/631)
Ц.БУЛГАНЗАЯА