Парламентын бүлгийн гишүүдийг хүлээн авч уулзав
Хоёр орны харилцаа өргөжиж, төр засгийн айлчлалууд тогтмолжин, удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад айлчлах гэж байгаа, түүнчлэн БНСУ-ын Парламентын дарга Монголд айлчлах урилагатай байгаа тухай УИХ-ын дарга ярилаа.
Парламент хооронд ажил хэрэгч, нягт харилцаа тогтож, парламент дахь найрамдлын бүлгүүд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд, солонгосын тал тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн орчин нөхцөлийг сайжруулахад анхаарал байнга тавьж байдагт баяртай байна гэдгээ тэрээр хэлсэн.
Монгол-Солонгосын эдийн засгийн харилцааг өргөжүүлэн, солонгосын хөрөнгө оруулалт, техник, технологийн тусламжтайгаар уул уурхай, ашигт малтмалын салбарт бие биеэ нөхөх хэлбэрээр, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжууд их байгаа талаар уулзалтанд оролцогчид санал солилцов. Түүнчлэн эдийн засгийн гол түншлэгч орнуудын хувьд хоёр орны хооронд худалдааны чөлөөт хэлэлцээр байгуулах нь зөв зүйтэй асуудал болохыг талууд тэмдэглэж байв.
/Оллоо.МН/