Хөрсөнд нэгэнт нэвчсэн циантын хорыг саармагжуулна гэдэг маш төвөгтэй
Хэзээнээс эхэлж энэхүү утах үйл ажиллагаа эхэлсэн юм бүү мэд. Ямартай ч үхэр, хонь үхсэнээр энэ явдал олны сонорт хүрсэн. Дархан-Уул аймгийн Хонгор сумын зарим иргэн, хөрс, ус, агаар циант натрид хордсон тухай холбогдох албан тушаалтнууд анхааруулах бус, харин ч гайгүй ээ гэсэн үгээр халхавчилж тайвшруулах мэдээллийг хийсэн билээ. Тэгвэл циант натри хэмээх энэ бодис хүн, байгальд ямар хор хөнөөлтэй бодис болох тухайд Байгаль орчны яамны Мэдээлэл, хяналт-үнэлгээ, шинжилгээний газрын мэргэжилтэн Ж.Нэргүйгээс тодруулав.
-Хонгор суманд ажиллаад ирсэн Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд болон Эрүүл мэндийн дэд сайд нар циант натриг хүний биед онц аюулгүй гэж мэдэгдсэн. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж хэлэх вэ?
-Хүний биед хортой байлгүй яах вэ. Уг бодис нь хуурайгаараа цагаан давс хэлбэрээр байдаг. Урвалд оруулахад маш хүчтэй хорт хий ялгаруулдаг юм. Гэсэн атал Дархан-Уул аймгийн Хонгор сумын хөрсний хорыг саармагжуулна гэж яриад байх юм. Хөрсөнд нэгэнт нэвчсэн циантын хорыг саармагжуулна гэдэг маш төвөгтэй. Лабораторид хөрсний дээжний задаргаа хийхэд ашигладаг бодис юм шүү дээ. Ийм л учраас алт ялгахад хэрэглээд байгаа юм. Химийн хорт бодис адаглаад л хурууны салаанд тууралт өгч, амьcгалын замд хүндрэл учруулна. Мөн цусанд ордог. Цусанд нь нэгэнт химийн хорт бодис холилдсон хүн цаашид ямар байдалд орох нь тодорхой.
-Хүн, ургамлын удмын санд сөрөг нөлөө үзүүлэхүйц муу нөлөөтэй гэсэн биз дээ, уг нь?
-Онцгой хортой бодис бүхэн л ямар нэгэн аюул дагуулдаг. Удмын санд нөлөөлөхөөсөө өмнө хүн, амьтны амьсгалыг боогдуулах, харшил өгөх зэрэг янз бүрийн сөрөг нөлөөг үзүүлнэ. Ер нь циант натри, мөнгөн ус хоёрыг хамт хэрэглэх нь маш буруу байхгүй юу. Хөрсөн дор ч гэсэн зарим төрлийн амьтад, ургамлын үндэс зэрэг амьд организм байдаг.
-Сайд тэргүүтэй хүмүүсийн хэлснээр, хэсэг шороог ухаж гаргаад нэг газар овоолчихсон. Түүнийг өөр тийш нь зөөвөрлөж аваачаад хорыг саармагжуулна. Асуудлыг ингэсхийгээд л зохицуулах юм тэд яриад байх юм?
-Юун түрүүнд ус, хөрсийг бүрэн шинжилгээнд хамруулж аль хэр газар авсныг нь тогтоох шаардлагатай. Хөрсний өнгөн хэсгийг ухаж овоолчихсоноор ажил дуусахгүй. Хөрс бол маш олон үе давхаргаас бүрддэг учраас тэр болгонд нэвчсэн хорыг саармагжуулна гэдэг юу л бол. Улс орны аюулгүй байдлын үүднээс бодсон ч циант натриг байгаль орчинд замбараагүй хэрэглэх нь буруу. Хятадын хөрөнгө оруулалттай Мофсен гэдэг компани өнгөрсөн өвөлжингөө бидний үйлийг үзсэн. Тус компанийнхан хаягдал тос нэрсний гайгаар хятад ажилчдын нэг нь амиа алдсан. Хорт бодисоос үүдэлтэй гамшиг удаа дараа нүүрлэсээр байхад Мэргэжлийн хяналтын газар ямар арга хэмжээ авдаг юм бэ. Гурван зуу гаруй ажилтантай ийм том байгууллагыг юуны тулд байгуулсан хэрэг вэ гэж асуумаар байна. Тус байгууллагынхны хараа хяналт хөдөө орон нутагт ер байдаггүй нь баруун хоёр аймагт сая очиход анзаарагдсан. Тусгай хамгаалалттай газар нутагт улсын байцаагч ажиллуулахаар аймгийн Засаг даргатай Байгаль орчны сайд зөвшилцдөг. Ингээд хүнээ томилж ажиллуулдаг юм. Гэтэл Мэргэжлийн хяналтын газрынхан дур мэдэж бидний очсон аймгийн улсын байцаагчийн үнэмлэхийг хүчингүй болгосон байна. Үүний мөрөөр тодорхой санал тавьсны дараа тус газрынхан улсын байцаагчийн үнэмлэхийг сэргээж өгч байгаа юм даа. Хууль бусаар мод огтлогчид, ангийн хулгайч нарын өмнө үнэмлэхгүй байцаагч зогсч болохгүй биз дээ.
-Хөрсийг саармагжуулснаар хор хөнөөлгүй болчих хэрэг үү?
-Хэзээ мөдгүй бороо орно. Тэгэхээр циант натри хөрсөнд бүр лав нэвчиж, ус руу орох нь гарцаагүй. Яах вэ, 500-800 грамм дээжинд циант цацсан бол саармагжуулж болох юм. Гэтэл бүхэл бүтэн сумын газар нутагт нэвчсэн хорыг саармагжуулна гэсэн яриаг ойлгохгүй байна. Одоохон яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй. Хүн, малыг тэр хавиар явуулахгүй байж, хэчнээн км газарт циант натрийн хор тархсаныг тогтоох шаардлагатай. Циант натрийн хорыг саармагжуулдаг гэх дегоксин ч мөн адил химийн хорт бодис. Үүнийг лабораторийн шинжилгээнд оруулж хөрсний хорыг үнэхээр саармагжуулж байна уу гэдгийг тогтоох хэрэгтэй. Энэ чинь эрдэм шинжилгээний цогц ажил шахам юм болно шүү дээ. Нэг химийн бодис нөгөө бодисынхоо хорыг саармагжууллаа гэхэд өөр бодистой нэгдэж, ямар хүчтэй хорт бодисыг үүсгээ билээ. Анхаарах л асуудал.
Мэргэжилтэн бидэнд ийм тайлбарыг өгөв. Үйл явдлын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг дуулгахад, Байгаль орчны яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Химийн хүрээлэн, МУИС-ийн Химийн факультетийн мэргэжилтнүүдээс бүрдсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг уржигдар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ажиллахаар явсан байна. Тэд хордсон хөрсийг дегоксиноор саармагжуулах зорилгоор тус сумыг зорьсон аж. Мөн Хордлогын төвийн эмч нар гамшиг нүүрлэсэн газарт ажиллаж байна. Тэдний хэлж буйгаар хөнгөн, архаг хэл-бэрийн хордлого авсан хүмүүсийн бие гайгүй байгаа гэнэ. Усны хэрэг эрхлэх газрын лабораторид Хонгор сумын ундны ус-ны дээжээс авчирч шинжилгээ хийж байгаа аж.
(Ардын эрх 99/631)
С.Тулга