Д.Ганхуяг Засгийн газар буруутай этгээдийг нь тодруулаагүй байж 50 хувийн хохирлыг барагдуулах төсөл оруулж ирж болохгүй
Гэсэн хэдий ч Ажлын хэсэг тайлангаа бараг жилийн дараа УИХ-аар хэлэлцүүлж байна. Тус ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуягаас хэдэн зүйл тодрууллаа. Тэрээр саяхнаас Эдийн засгийн байнгын хорооны даргын үүрэгт албыг хаших болсон юм.
-ХЗХ-д дампуурахад бэлэн байна гэдгийг 2004 оны 4-р сард Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн боловч сонгууль болох гэж байна гэдэг шалтгаанаар асуудлыг хойш тавьсан байдаг. Энэ баримтыг бид сониндоо нийтэлж байсан. Ингэж цаг алдсан нь хохирлын хэмжээг нэмэхэд нөлөөлсөн болов уу?
– Үүнийг би олж хараагүй. Ажлын хэсэг шалтгаан, түүнчлэн болж өнгөрсөн явцыг судалсан. Харин асуудлыг хойшлуулсан эсэхийг судалж үзээгүй. Бид хууль нь ямар байсан юм, хоршоодын эзэд нь яасан юм, хуулийн хэрэгжилтэд ямар хяналт тавьсан юм, хохирогчид нь яасан юм гэдгийг л шалгасан. Харин үүнийг хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаад найман сар гаруй болж байна. 2004 онд хойшлуулсан гэж яриад байдаг болохоос энэ нь дампуурах шалтгаан болсон гэсэн зүйл байхгүй юм билээ. Гэхдээ энэ хохирол нэмэгдэх шалтгааны нэг байж болно. Шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд л гэм бурууг тогтооно.
-Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэл¬цэхээ яагаад ингэж удаан хугацаагаар хойшлуулсан юм бол?
– Албан бус тайлбараар бол, 2006 оны 9-р сарын 12-нд Ажлын хэсэг дүгнэлт саналаа өргөн барьсан. 10-р сард УИХ-ын намрын чуулган нээмэгц энэ асуудлыг хэлэлцэнэ үү гэсэн саналыг Ажлын хэсэг тавьсан. Аливаа хэрэг төвөгтэй холбоотой асуудлыг мөрдөн шалгаад, шүүх шийдэж байж дараагийн асуудал яригдах учиртай. Харин тэр үед энэ явц дуусаагүй байсан учир түр хүлээзнэе гэсэн шийдвэр гарсан. Иймэрхүү байдлаар хүлээлгээд байсан юм. Харин 11-р сард Эдийн засгийн байнгын хороогоор Ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн боловч дахин дээрх шалтгаанаар УИХ-ын нэгдсэн чуулганд оролгүй явсаар өдий хүрсэн.
-Ажлын хэсэгт багтсан гишүүдээс дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гарын үсэг зураагүй гишүүн бий юу?
-Ажлын хэсэгт надаас гадна Р.Бадамдамдин, Ч.Раднаа, Р.Раш, Д.Туяа, З.Энхболд нарын 6 гишүүн багтсан. Тухайн үед Ч.Раднаа гишүүн Би олонхийн саналыг дэмжиж байна гэсэн хэдий ч гарын үсгээ зураагүй байгаа. Бусад нь зурчихсан.
– Засгийн газраас өргөн бариад буй ХЗХ-дын хохирлын 50%-ийг төсвөөс барагдуулах хуулийн төслийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
– Шүүхээс хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу л хандах ёстой гэсэн байр суурьтай байна. Засгийн газар, буруутай этгээдийг нь тодруулаагүй байж 50%-ийн хохирлыг барагдуулна гэсэн төсөл оруулж ирж болохгүй. Манай Ардчилсан намын зөвлөл олон удаа ярилцсаны эцэст ийм байр суурьтай байгаа.
(Yг сонин 13/105)
С.ГАНХУЯГ