Эх нялхаст тэрлэсэн тэмдэглэл

Хэвтэгсдийн 1/3 нь дандаа хожуу хордлоготой эхчүүд байдаг гэсэн. Хожуу хордлого гэдэг эмчлэгддэг эмгэг биш гэж М.Энхжаргал эмч хэлж байна. Жирийн үедээ л явахдаа амьсгааддаг, бөөр, зүрх өвддөг хүн бас нэг хүнийг дотроо тээгээд ирэхээр улам л сульдаж, суурь өвчин нь сэдрэх нь ойлгомжтой. Тэгээд л даралт нь ихсээд, ухаан алдаад, Эх нялхас руу уйлж дуулж очно доо. Бид яах вэ онцолсон багаж төхөөрөмж хэрэглэдэггүй, нөгөө л модон чагнуур даралтын аппаратаараа л үзэж эмчилж байгаа юм. Гэтэл ирж байгаа өвчтөнүүдийн маань дийлэнх нь хожуу хордлогын хүнд хэлбэртэй хүмүүс. Гадаадынхан шиг өвчтөнөө монитор дээр хянаж байдаг бол сайхан л санагддаг. Ядахад даралтын аппарат хүрэлцээ муутай.

Дутуу зулбах гээд байгаа хүмүүст сэтгэхүйн байдал их нөлөөлдөг. Гэтэл манайд сэтгэлзүйн эмчилгээ их муу. Үнэнээ хэлэхэд бид хүнээ үзээд онош тавиад гаргахыг бодохоос сэтгэлзүйгээ үзэж чаддаггүй. Тэгэх зав ч, боломж ч байхгүй гэж М.Энхжаргал эмч учирлаж байна.

Төрөлт ихэсч байгаад Энхжаргал эмч түгшиж байна. Тэрхүү түгшүүрээ Хүнийхээ тоог олшруулж болно, чанар чухал шүү дээ. Өнөөдөр голдуу дунд буюу түүнээс доош амьдралтай хүмүүс олон төрж байгаад санаа зовж байна гэж тайллаа.

Эм, тарианы эрэлд хатдаг аптекийн дарга

Ахиухан эм тариа хэрэглэвэл л их сайн эмчилж байна гэсэн сэтгэхүй монголчуудын дунд түгээмэл гэнэ. Гэтэл эм тарианы хүрэлцээ хангамж муутайг Эх нялхсын хэсэг, тасаг бүрээс харж болох ажээ.

Эргэлтийн хаалган дээр очвол ямар эм нэн хэрэгцээтэйг төвөггүйхэн мэдчихээр санагдлаа. Нэгэн бүсгүй дүүдээ захисан эмийг нь авчирч байна аа. Энэ актовегин чинь ургийг бүтэлтээс хамгаалдаг тариа гэнэ. Нэг нь 2500 төгрөг юм байна. Ариун бээлий ширхэг нь 500. Загасны тос бас 500 төгрөг… Эчнээ тооцтол бараг л 10-аад мянган төгрөг элбэгхэн гарчээ. Түүнтэй уулзвал анхны төрөгчид 12 ширхэг ариун бээлий хэрэгтэй гэнэ. Тийм олныг хэрэглэдэг л юм байх даа. Арай л спирт хөвөнгөө зөөлгөхгүй юм. түүнээс бусдыг нь гаднаас авч өгч байгаа. Ер нь манай эмнэлгүүд хэцүү болжээ гэж зовлон тоочлоо.

Эм тарианы төсөв, хангамжийн талаар лавлахаар хариуцсан тасгийн эрхлэгч Х. Балданжавтай уулзахаар очтол эзгүй байв. Гадуур л явж байгаа. Нэг эмч нь ийм эм тариа яаралтай хэрэгтэй гэхээр түүнийг олох гээд л гардаг юм. Гэтэл дарга нар ирээд танай эрхлэгч яагаад ажлынхаа байранд байхгүй байна гэж уурлах юм. Яаж эндээ суух вэ дээ. Тэгээд ч манай дарга шиг албаны ажилд амины машинаа унаад, бензин түлшний ч мөнгө авалгүй явдаг хүн ховор гэж ажилчид нь даргаа өмөөрч байна. Эднийх уг нь шингэн эмээ өөрсдөө хийдэг байжээ. Гэтэл нийслэлийн Мэргэжлийн хяналтаас шалгалт хийгээд хаах шийдвэр гаргаж, эмүүдээ Монголд нээгдсэн хувийн компаниас авахыг заавардсан гэнэ. Би энд Гандангийн эмнэлэг байхаас нь эм найруулж ирсэн. 400- 500 төрлийн шингэн эм хийж, Хүүхдийн больниц, төрөхүүдийг шингэн эмээр хангадаг байлаа. Энэ олон жилд элдэв муу юм огт л болоогүй, хангаад л ирсэн. Гэтэл яахаараа болохоо больчихдог юм бол бүү мэд. Тэр хувийн үйлдвэр нь шингэнийг 100, 200 мл-аар савладаг юм билээ. Гэтэл хүүхдийнх бол тун бага, 10, 20, 50 мл-аар савлагддаг. Одоо ингээд манай тасгийг хаачихаар тэр жижигхэн шилүүдийг ариутгах газар ч алга боллоо гэж эм найруулагч Ц.Цэвэлсүрэн эгч учирлаж байна. Дотроо шингэн эмээ үйлдвэрлээд тасгууддаа тараахаар хямд л тусдаг байж таарна. Одоо гаднаас, тэгээд хувийн компаниас авахаар угаасаа хүрдэггүй эмийн төсөв нь яана даа гэсэн бодол төрж байна. Гэвч энэ бодолд минь Эх нялхсынхан биш Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан хариу өгөх учиртай тул тэндээс гарлаа. Нэгэнт дээрээс ингэж эм тарианы төсвийг өсгөхийг шаардаж байгаа бол яая гэх вэ, элдэв халдварт өвчин ихтэй байгаа үед магадгүй гаднаасаа эм тариа, бээлийгээ захиж авчруулж байсан нь илүү найдвартай гарц байж мэдэх л юм.

Намайг орох үед Эхийн 2-р тасгийн эмч нар өчигдөр олдсон хүүгийн тухай ярьж байлаа. Эргүүлийн цагдаа шөнө 23.00 цагт Нарантуул захын хашаанаас дөнгөж төрөөд цусандаа хутгалдсан 2.8 кг жинтэй хүүхэд олж авчирчээ. Үзлэг хийгээд үзтэл эрүүл саруул сайхан хүү байсан гэнэ. Сүүлийн үед амаржсан эхчүүд хүүхдээ хаях явдал цөөнгүй гарах болсны нэг нь энэ юм. Аз болоход хүү ус уух хувьтай байж. Хаягдмал хүүхдийн, Траншейнийхний гэсэн хоч зүүсэн ЭБЭК-ийн Эхийн 2-р тасагт янз бүрийн үрэвсэл, элэгний өөрчлөлттэй, сүрьеэ, Бэлгийн замын халдварт өвчтэй эхчүүдийг хүлээн авч амаржуулдаг аж. Эрүүл улсуудтай харьцуулахад тэс өөр орчин. Тиймээс ч энэ тасагт удах хүн үгүй. Удаан ажилласнаараа Тасгийн эрхлэгч Дулмаа тэргүүлдэг гэнэ. Сая нэг хүн ийм шахцалдсан өрөөнд хэвтүүллээ. Телевизийнхнийг дуудна гэж байна гэсээр М.Ариунаа эмч гаднаас орж ирэв. Телевизийнхнийг дуудна гэдэг нэг төрлийн шинэ сүрдүүлэг гарчээ. Түүнчлэн эмч нараас буруу эмчиллээ хэмээн сая сая төгрөг нэхэх, шүүх цагдаад хандах нь ч олширч буй аж.

Хятадын зулбуулдаг эм ууж цус алдаад гүн шоконд орсон бүсгүй Хүлээн авахаас тэдний тасагт шилжиж иржээ. Эмч нар үзлэг хийгээд шууд Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүллээ.

Үхэл, амьдралын торгон дэнсэн дээр

Зулбуулдаг эм уусан бүсгүй шууд мэс засалд орлоо. Гадуур 35000 төгрөгөөр зардаг хятад эмийг сонины зарын дагуу утастаж үл таних хүнээс худалдаж авсан, тэгээд гэртээ ууснаа бүсгүй хэлсэн аж. Манай хүүхнүүд бас л хариуцлагагүй байна. Үр хөндөлт чөлөөтэй байхад урьдчилан арга хэмжээ авч болно шүү дээ. Тэгээд хугацаа хэтэрсэн хойно зулбуулдаг эм уугаад байх юм. Хятад эм уусан хүмүүс дандаа хүндэрч ирж байгаа гэж Эх нялхсын эмч нар хэллээ. Зулбуулдаг эмийг ууж буй бүсгүйчүүд дийлэнх нь мэргэжлийн эмчийн хяналтгүй, дур мэдэн буруу тунгаар уудагаас эрүүл мэндээ хохироодог байна. Түрүүн дурдсан бүсгүйн хувьд байдал илүү ноцтой аж. Бүсгүйн бэлгэ эрхтэний өвөрмөц тогтоцоос болоод эхэс нь гаралгүй дотроо үлдчихсэн байжээ. Ингээд л 30 настай оюутан бүсгүйн амь нас хутганы ирэн дээр торлоо

Эх нялхсын бурхан эмч нарын тоонд Эмэгтэйчүүдийн сэхээний С.Амармандах, Хүүхдийн сэхээний Ж.Эрдэнэчимэг хоёр маргаангүй орно. Тэдний алтан гар олон л эх, хүүхдэд амьдрал бэлэглэсэн дээ. Бас тэдний зүрх аварч чадаагүй олон хүний хойноос шимшрэн цохилсон. Угаас сэхээнд мэдлэг чадваргүй, хурд хүчгүй, сэтгэлийн тэнхээгүй хүн ажиллах аргагүй ээ.

ЭБЭК-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчил¬гээний тасагт энэ өдөр эмэгтэйчүүдийн 2 хагалгаа, төрөхийн 7, яаралтай 2 хагалгаа хийгджээ. Тэдний нэг нь өнөөх бүсгүй. Юутай ч түүний амь аврагдсаныг сонсоод сэтгэл уужрав.

ЭНЭШТ-ийн ЭБЭК-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч С.Амармандах Манай эхчүүдийн эрүүл мэнд маш муу байна гэсээр намайг угтлаа. Энэ үгийг би Эх нялхаст хичнээн олон эмчийн амнаас сонсов доо. Түүнээс дутуугүй чих халууцуулсан өгүүлбэр бий. Тэр нь Төрөлт ихэсч байгаа ч чанар нь муу байна. Эрүүл хүмүүс нь бага, өвчтэй нь их жирэмслээд байна.

Эрчимт эмчилгээний тасаг болохоор сэхээнийхэн шаардлагатай эм тариагаа нөөцлөөд авчихдаг гэнэ. Хамгийн хэцүү нь тоног төхөөрөмж муутай. Байнга хянадаг хоёрхон аппараттай.

Дээр нь хэл үг гомдол тасрахгүй. Ямар ч гомдол гарсан эмч буруутдаг. Хүн үхүүлье гэж ямар ч эмч бодохгүй. Ямар нэг юм болохгүй болоод л алдаа гарсан байгаа шүү дээ гэж Амармандах эмч хаширсан, халширсан өнгөтэй хэллээ.

Жишээлбэл төлөвлөгөөт хагалгаа хийх гэтэл хэрэгтэй бодис нь байхгүй, учрыг лавлахаар цаанаасаа тасарчихсан байдаг. Тэгээд Эх нялхсын аптекийн дарга тэр бодисын эрэлд гарна. Түүнийг хүлээж суух хооронд өвчтөний бие муудвал, амь нас нь хохирвол яах вэ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Мэдээж сэхээний эмч. Угтаа жинхэнэ буруутан нь хэн юм бэ? Манай эрүүл мэндийн салбарын өнөөгийн тогтолцоо биш гэж үү.

Сэхээнийхэн буруугаа шүүлгэх хуралд олон л ордог гэсэн. Тэгээд цалингаасаа хасуулна, бүгдэд муугийн жишээ болж яригдана. Тэгж дарамтлуулж баалуулан байж ажилласныхаа төлөө Сэхээний нэмэгдэл гэж сард 2000 төгрөг авдаг. Энэ 4-р сарын 1-нээс ЭНЭШТ-ийн захирлын тушаалаар 3000 төгрөг нэмэх болжээ.

Хүнд хүн ирвэл нарийн мэргэжлийн хүнээс зөвлөгөө авдаг гэнэ. Тэр хүндээ нэг ч төгрөг өгдөггүй байсныг ярьсаар байж 3000 төгрөг өгдөг болсон гэнэ. Хн, эмчийн ажлыг биеэ үнэлэгч хүүхнээс дор үнэлж байна ш дээ гэж уурлах, гомдох эмч гарсан гэнэ лээ. Өөр юу ч хэлэх вэ дээ.

Нуулгүй үнэнийг хэлэхэд өвчтэй эхээс төрж байгаа хүүхэд том боллоо ч дундаас дээш сурахгүй. Гэтэл манай эмэгтэйчүүд үүнийг ойлгохгүй байна. Багаас нь хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгож хэвшүүлмээр байна гэж С.Амармандах эмч түрүүн М.Энхжаргал эмчийн хэлснийг давтлаа.

Эрүүл монгол хүүхэд хөтөлбөртэй болъё

Эрүүл мэндийн боловсрол бол өнөөдөр ярихаас аргагүй, хойш тавих эрхгүй чухал асуудал мөн. Харин энэ боловсролыг хэнд, хэзээ олгох вэ гэдэг бодох л зүйл.

Л.Гүндалай Эрүүл мэндийн сайд байхдаа Эрүүл монгол хүн хөтөлбөр хэрэгжүүлэхээр мэрийж байсан билээ. Энэ хэрэгтэй хөтөлбөр мөн үү мөн. Гэхдээ эзнээ хэр олсон бэ гэдэгт анхаарах зүйл ч байх шиг.

Яг халуун цэг дээр нь ажиллаж байгаа Эх нялхсын эмч, мэргэжилтнүүдийн хувьд Эрүүл монгол хүүхэд хөтөлбөр илүү чухал гэсэн бодолтой явдаг юм билээ.

Ухамсар сэтгэхүй нь нэгэнт төлөвшсөн том хүний толгойг боловсруулахад бага балчир хүүхдүүдтэй ажиллахаас илүү зардалтай, тэгсэн атлаа үр дүн муутай гэдэгт тэд эргэлзэхгүй байна. Магадгүй түүний оронд цэцэрлэг, сургуулийн бага насныхныг эмчилж, эрүүл, зөв амьдрах мэдлэг, дадал суулгавал 20-30 жилийн дараа үндэстэн маань харьцангуй эрүүлжиж, Эрүүл монгол хүн хөтөлбөр зорилгоо биелүүлнэ гэдэгтэй үүнийг бичигч ч санал нэгдэж байна.

Үр хүүхэддээ хайргүй хэн байх вэ. Тэгээд ч нэг үеийг бодвол манай эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг болсон. Хэрвээ хүү буюу охины минь сургуульд мэргэжлийн эмч ажилладаг, тэр эмч нь сургуулийнхаа хүүхдүүдийг жилдээ 2 удаа бүх төрлийн нарийн мэргэжлийн шинжилгээнд хамруулдаг, тусгай төлөвлөгөөгөөр эмчилдэг бол түүний төлөө мөнгө зарахдаа би лав харамсахгүй. Хэдий саятан тэрбумтан биш ч гэлээ.

Эцэг эхчүүдийн тээж явдаг нууцхан хүслийг Эх нялхсын эмч нарын ачаар гэнэтхэн дэлгэсэндээ би жигтэйхэн олзуурхав. Мэдээж над шиг мянга мянган эцэг эхийн хүслийг сургуулиуд маань бүгдээрээ хэрэгжүүлэхгүй л дээ. Гэхдээ л боломж, бололцоотой хувийн сургуулиуд маань ирэх хичээлийн жилээс Эрүүл монгол хүүхэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлбэл сайхан сан даа.

Багш ингэж бич гэсэн гээд багшийнхаа зааснаар хийх гээд мэрийн суудаг насанд нь хүүхдүүдэд шүдээ зөв угаахыг, эрүүл зөв амьдрахыг, бас байнга биеэ үзүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлдэг сэтгэхүй, хандлагыг төлөвшүүлбэл сайхан сан.

Монголын хүүхдүүд Багш ийм юм авчир, тийм юм ав гэсэн шаардлагын оронд Манай сургуулийн эмч намайг ийм шинжилгээ өг гэсэн, энэ шүдээ эмчлүүл гэсэн гээд шалаад зогсох сайн цаг тун удахгүй гэдэгт итгэнэм. Үнэхээр юуг ч сурахад бэлэн сайхан үе шүү дээ, балчир нас гэдэг. Түүнийг багш сурган хүмүүжүүлэгчид сайн мэднэ. Одоо эмч нар, эцэг эхчүүд мэдэх цаг болжээ

Эрүүл мэндийн салбарын өвчлөл

Монголын эрүүл мэндийн салбар өвчтэй байна. Толгой, шүд, нүд, зүрх, бөөр ходоод, ер өвчлөөгүй газар гэж алга. Түүнийг эмчилж эдгээхгүй бол амь тавихад ойрхон байна. Өөрөө амь тариа хийлгэж байгаа энэ салбарт амь насаа даатгана гэдгийг юу ч гэж хэлэлтэй юм бэ дээ. Гэхдээ л Монголчууд бүгдээрээ Хятад, Сингапурт эмчлүүлдэг бэлтэй чадалтай болчихоогүй цагт (угаасаа энэ бол үлгэр гэдгийг бүгд мэднэ) муу хэлэгдсэн эмч нартаа үзүүлсээр, энэ биеэ даатгасаар л байх болно. Тиймээс энэ салбарыг өөд нь татах, хөгжүүлэх нь ганц эмч, эмнэлгийнхний биш бүх нийтийн хэрэг байх учиртай.

Нийгэмд эмнэлгийнхний талаар таагүй, буруу хандлага газар авлаа. Энэ хандлагыг салбарынх нь сайд хүртэл биечлэн өөгшүүлж, эмч нарынхаа нэр хүндийг унагасан нь тун харамсалтай. Өнөөдөр мэдэх мэдэхгүй ламд очиж ном уншуулчихаад түүнийгээ муу хэлдэг, хэлсэнд нь итгэхгүй хүн ховор. Тэгсэн атлаа эмчийн хэлсэнд итгэх, эмчийг шүтэх сэтгэлгээ бараг байхгүй болжээ. Түүгээр үл барам авилга авагчид, муусайн шунахай юмнууд, сайд чинь хүртэл тэгж хэлээ биз дээ гэж харааж загнагсад, дайран доромжлогсод олшрох төлөвтэй.

Үнэндээ амин хувиа бодож, амьдралаа гэсэн хэсэг нь улсын эмнэлгүүдэд ажиллахаа хэдийнэ больсон шүү дээ. Тийм хүмүүс зах зээл эхлүүт эмнэлгээсээ гараад наймаа хийх нь хийгээд, лангуу ажиллуулах нь ажиллуулаад, хувийн эмнэлэг нээх нь нээгээд амьдралаа бодоод явчихсан. Ажил мэргэжилдээ хайртай, дуртай, бусдад туслах гэсэн өрөвч нинжин сэтгэлтэй хэсэг нь энэ бага цалингаар ийм их ачааллыг үүрч яваа. Энэ л халуун сэтгэлтэй эмч, ажилтнуудынхаа цалин, хангамжийг нэмэх нь Эрүүл мэндийн сайдын /энэ хүн аль ч намынх бай ялгаагүй/ ¹1 зорилт байх ёстой. Гэхдээ бас бодолцох зүйл бий. Өнөөдөр өрхийн эмчийн хийж буй ажлыг 3-р шатлалын эмнэлгийн, нарийн мэргэжлийн, өндөр ур чадвартай эмчийнхтэй харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай. Тэр тусмаа хүнд нөхцөлд ажилладаг хүүхдийн эмч нарын цалин хангамж, ачаалал, ажлын цаг, цаашдын залгамж халааны асуудал Эрүүл мэндийн сайд таны толгойны өвчин байх учиртай. Өнөөдөр ч яах вэ, маргааш таны миний ач, зээг хэн эмчлэх юм бэ? ЭМШУИС хүүхдийн эмч бэлтгэхээ больсон. Бэлтгэе гэсэн ч хийж буй ажилтай нь харьцуулахад цалин дэндүү бага энэ ажилд зах зээлийн сэтгэлгээтэй оюутнууд төдийлөн дурлахгүй байгаа. Ийм байхад хүүхдийн эмчийн залгамж халаа бэлтгэхэд төр бодлогоо чиглүүлэх л учиртай.

Хэрвээ орчин үеийн чадалтай тоног төхөөрөмж байдаг бол Монголын эмч нарын мэдлэг, ур чадвар хаанахын хэн бугайгаас ч дутахгүй гэдэгт би эргэлздэггүй. Бараг хүй нэгдлийн үеийн багаж зэвсэгтэй, зөн мэдрэмжээрээ өвчнийг оношилж суугаа монгол эмчийг мэдэхгүй байна, чадахгүй байна гэж буруутгах ч утгагүй. ЭМЯ-ны түрүү түрүүчийн удирдлагууд өрх, сумын эмнэлэгтээ их анхаарч, багагүй хөрөнгө зарсан юм билээ. Одоо 3-р шатлалын эмнэлгүүддээ сэтгэл гаргах цаг болжээ. Тэгэхдээ бодлоготойгоор, багагүй хөрөнгийг зарах шаардлагатай байна. Ялангуяа Эх нялхсын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхгүй бол хориод жилийн тэртээ байгуулагдсан энэ эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь эзэдтэйгээ хамт тэтгэвэрт гарахад ойрхон байна. Энэ тоног төхөөрөмжүүд зогслоо гэхэд энхрий үрсээ бид яах билээ.

Монголын үрс маш олон болж буй нь сайхан хэрэг. Харин түүнийг дагаад босч байгаа олон асуултыг яах вэ. Сүүлийн үед ургийн хөгжил зогсох, гаж хөгжил ихсэх хандлагатай байгааг эмч нар тэмдэглэж байна. Үр хөндөлт, кесарв хагалгаа олширсноос үүдэн Монголд урьд нь байгаагүй янз бүрийн эмгэг ч илрэх болжээ.

Сөрөг бүлгийн цустай эмэгтэйчүүд ч ажиглагдах болжээ. 2007 он гарсаар 4 ч хүн бүртгэгджээ. Энэ нь цусны донор хэрэгтэй гэсэн үг юм. Дээр нь ДОХ Монголд хурдацтайгаар тарж байна.

Эцсийн эцэст энэ бүхэнд эмч нар, эмнэлгүүд маань бэлэн байх хэрэгтэй. Харин бүх л эд эрхтэн нь өвчилсөн салбар бэлэн байж чадах болов уу? Эх нялхас лав бэлэн биш байна. Эмч мэргэжилтнүүд маань чадлаараа хичээгээд ч хүчрэхгүй байна.

Эх нялхаст тэрлэсэн тэмдэглэл маань ийнхүү өндөрлөлөө. Уншсан хүнд нэгийг бодуулсан бол зорилго минь биеллээгэж бодном. Басхүү сүслэн залбирах нь

Миний Монголын үрс маш олон болж, эрүүл саруул өсөх болтугай!

(Yг сонин 13/105)

Сэтгүүлч О.Энхжавхлан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button