Монгол төрийн шагналууд
Одонгийн дүрэм маяг зэргийг үйлдэж, Буриадын хамба Авгааныг илгээн, Оросын Санкт-Петербург хотын Бокийн пүүснээ Эрдэнийн Очир одонг анх захиалан хийлгэжээ.
Эрдэнийн Очир одон нь ерөнхий гурван зэрэг, зэрэг тус бүрийг дотор нь12 дэслэдэг байжээ. 1913 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Орост айлчлах үеэрээ Оросын эзэн хаан II Николайд бараалхаж, хадаг бэлэг, бичгийг барьж ёслоод нэг нэг хадгийн дээр Чингис хааны тэргүүн зэргийн нэгдүгээр Эр¬дэнийн Очир, Абтай сайн хааны тэргүүн зэргийн хоёрдугаар Эрдэнийн Очир одонг тавьж Монгол Улсад төр байгуулсан цагаас нааш ихээхэн тус хүргэсээр байгаад Монголын ард түмний баярласны тэмдэг болгож уг одонгоор шагнасан болохыг мэдэгджээ. Энэ одонгоор эзэн хаанаас гадна Оросын Засгийн газрын сайд, түшмэд, мөн буусан Гранд Отель зочид буудлын тэргүүлэгч нарыг шагнасны дотроос бидний сайн мэдэх хүрээнд сууж байсан консул Я.Шишмарев, монголч эрдэмтэн В.Котвич, элчин Коростовец, Цогт Бадамжав нар хүртжээ.
Нэгэн сонирхолтой баримт бол 1919 онд Эрдэнийн Очир одонгоор Солонгосын харъяат эмч И Тэ Жүнг шагнасан байдаг. Тэрбээр 1914 оноос Нийслэл Хүрээнд ирж эмнэлгийн үйлчилгээ явуулж нэрд гарсан бөгөөд Богд хааны оточ байсан гэдэг. И Тэ Жүн Хятадын генерал Го Сылинг эмчилж, ихээхэн нэр алдартай болсон ч энэ нь түүнийг үхэлд хүргэжээ. Барон Унгерний туслах байсан Борис Волков дурсамждаа түүнийг хятадуудтай хамт Нийслэл Хүрээг орхиж гарахаас татгалзсан гэж тэмдэглэсэн байдаг. Энэ нь үнэн бололтой. Учир нь Хүрээнд байсан Япон эмч Иошудагийн ярианаас үзвэл И Тэ Жун 1921 оны хоёрдугаар сард Унгернийн цэргүүдэд баригдан алуулжээ. Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч И Тэ Жүн эмчийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн Зайсангийн амнаа байдгийн учир энэ хүний тухай цухас дурдсан буюу.
1921 оны Үндэсний хувьсгалын дараахан Эрдэнийн Очир одонгоор шагнан соёрхох явдал үргэлжилж байжээ. Тухайлбал ЗОУ-аас Монголд сууж байсан элчин төлөөлөгч А.Охтин, Монгол цэргийн штабын дарга асан В.Хува, зөвлөх түшмэл Нацов нарыг шагнаж байсан баримт хадгалагдан үлджээ. Харин манай нам төрийн зарим зүтгэлтэн гавъяа шагнал хүртэхээс татгалзаж байсан нь сонин. Тухайн үед нам засгийн албан ёсны хэвлэл гэгдэж байсан Уриа сонинд нэгэн жигтэй хэргийн тухай тэмдэглэжээ. Түүнд МАН-ыг анх байгуулахаас нь эхлэн гашуун зүдрэлийг амсаж явсан Д.Сүхбаатар гавъяа шагнал хүртэхээс татгалзсаныг үнэхээр сайшаалтай хэрэг гэж үнэлээд Үүнийг нийтээр хянаж мэдэлтэй хэмээсэн байдаг. Гэтэл Ерөнхий сайд Бодоо Богд хаанаас хүрэн жинстэй малгай, Эх дагинаас гайхамшигт хутга, Ёнзон хамбаас баярын хадаг авсныг мэдээлээд, Бодоо Ерөнхий сайдын тушаалд сонгогдсоноос хойш зэрэг жинс горилж, хэргэм тушаал, хувийн ашиг завшаан хөөцөлдөж, жинс үл хадвал элдэв хэргийг орхин одно гэж гурван настай хүүхэд шиг аягласныг нийслэлд олон хүн түрхрэн ярилцаж байна хэмээн бичжээ. Намын суртлыг бузарлагчид гэсэн гарчигтай дээрх өгүүлэлд бас Ардын нам, засаг байгуулах хэрэгт оролцогчид ард түмнийг, амаржуулахын төлөө амь биеэ тэвчиж зүтгэх андгайтай биш бил үү.
Зэрэг жинс, нэр цол, ашиг завшаанд ховдоглох нь ардын эрхт гэгээн засгийн хойчийг залган сайжруулах, түмэн иргэний энх амгалангаар удирдах их хэрэгт саад болж, намын суртлыг бузарлаж байгаа хэрэг хэмээн шүүмжилсэн байна. Ерөнхий сайд Бодоог ийнхүү шүүмжилсэн 1921 оны 11-р сарын 23-ны 10-р дугаараас хойш бараг зургаан сар шахам хугацаанд Уриа сонины хаягаас Засгийн газрын гэдэг үг хаягдан гарчээ. Үүнийг зарим судлаачид Д.Бодоо Ерөнхий сайдын албан тушаалд байхдаа тэр үгийг авахуулсан байх гэсэн таамаглал дэвшүүлсэн байдаг.
1926 онд хуралдсан Улсын III Их хурал БНМАУ-ын Бичгийн гавъяаны одон, Цэргийн гавъяаны одон-г бий болгож, уг шагналыг олгох дүрмийг батлан гаргажээ. Эдгээр одонгийн маяг хэлбэрийн талаар нэлээд хэлэлцэж, Зөвлөлт Буриадын зураач, тухайн үед Цэргийн явдлын яамнаа ажиллаж байсан Сампилоны зурсан төслийг сонгон авчээ. 1927 онд хувьсгал үүсч мандсаны 7 жилийн ой, БНМАУ-ыг тунхагласны 3 жилийн ойг ёслон тэмдэглэхтэй холбогдуулан жанжин Д.Сүхбаатарын хамтаар хүчин зүтгэж явсан хүмүүсийн гавъяаг онцлон тэмдэглэж, БНМАУ-ын төрийн дээд шагнал анхны одон тэмдгээр шагнах тухай УБХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарчээ. Энэ тогтоолоор хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцож явсан УБХ-ын гишүүн, Бүх цэргийн жанжин Х.Чойбалсан, баруун хязгаарт бугшиж байсан цагаантны үлдэгдлийг даран устгах хэрэгт онц гавъяа байгуулсан Цэргийн Явдлын Яамны тэргүүн сайд С.Магсаржав нарыг БНМАУ-ын Цэргийн гавъяа-ны одонгоор, Ардын хувьсгалыг үүсгэхэд анхны үеэс нь эхлэн зүтгэж гавъяа байгуулсан УБХ-ын тэргүүлэгч Д.Лосол, шинэ тулгар төр улсыг бататган бэхжүүлэх үйл хэрэгт хүчин зүтгэж гавъяа байгуулсан Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндорж нарыг БНМАУ-ын Бичгийн гавъяа-ны одонгоор тус тус шагнажээ.
Одон тэмдэг бий болсон анхны үед Бичгийн гавъяа-ны одонгоор шагнах асуудлыг Дотоод Яам, Цэргийн гавъяа-ны одонгоор шагнахыг Цэргийн Зөвлөлөөс эрхлэн байсан бөгөөд дараа нь УБХ-ын Тэргүүлэгчид, Засгийн газраас шууд эрхлэн гүйцэтгэх болжээ.
1930 оноос эдгээр одонг Цэргийн гавъяаны улаан тугийн одон, Аж үйлдвэрийн гавъяаны улаан тугийн одон хэмээн өөрчлөн нэрийдэхээр тогтож олон хүнийг шагнажээ. Түүнчлэн энэ одонгоор шагнагдагсдыг мөнгөн шагналаар шагнах болжээ. Анх удаа шагнагдсан хүмүүст сар тутам 15 төгрөг, дахин шагнагдвал сар тутам 10 төгрөг олгож байх, үр хүүхэд нь гадаадад сургуульд явбаас бусдаас онц ялгавартай үзэх, алба татвараас хөнгөвчлөх, өртөөгөөр нэг удаа үнэ төлбөргүй зорчих, орон сууц, цахилгаан гэрлийн хөлсийг 25 хувиар хорогдуулах гэх зэрэг зүйлийн хөнгөлөлт үзүүлэх болжээ. Энэ үеэс эхлэн эдгээр одонгоор зөвхөн гавъяа байгуулсан ард иргэдийг бус хөдөлмөрийн амжилт бүтээл гаргасан улсын байгууллагуудыг шагнаж эхэлжээ. Тухайлбал Цэргийн гавъяаны улаан тугийн одон-гоор 1931 онд МХЗЭ-ийн Төв Хороо, 1936 онд Цэргийн Ерөнхий сургууль, Аж үйлдвэрийн гавъяаны улаан тугийн одон-гоор 1935 онд Хатгалын ноосны үйлдвэр, 1936 онд Налайхын нүүрсний уурхайг шагнаж байжээ. 1936 онд Алтан гадас одон бий болжээ.
1940 оноос одон медалийн тогтолцоонд томхон өөрчлөлт гарсан хэмээн үздэг. Х.Чойбалсангийн Үндсэн хуулинд УБХ-ын Тэргүүлэгчид нь БНМАУ-ын одон тэмдэг, хүндэт үнэмлэх хийгээд алдар цолоор шагнах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ хэмээн заасан бөгөөд БНМАУ-ын одон, хүндэт тэмдгийн тодорхойлолтыг өөрчлөн шинэчилжээ. Энэ үед Халх голын ялалтын дурсгалын тэмдгээс (1940) эхлээд Ардын хувьсгалын ойн медалиуд, Шударга журам (энэ медалийн нэрийг Б.Ринчин гуай өгсөн гэдэг) хүртэл бүхэл бүтэн цогцолбор буюу төрийн шагналын нүсэр тогтолцоо бүрэлдэн тогтох эх үндэс тавигджээ.
Дэлхийн II дайны он жилүүдэд Зөвлөлтийн удирдагчид, дайчдыг БНМАУ-ын төрийн одон медалиар олонтаа шагнаж байсан юм. Энэ тухай академич Б.Ширэндэв гуай зохиогчтой уулзах үеэрээ дурсаж …1942 оны өвөл маршал Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид хойшоо явсан. Дөрвөн хэсэгтэй. Бумцэнд гуай, Сүрэнжав, Мижид нэг нэг цуваа авч явсан. Маршал ерөнхийд нь удирдана. Тус бүр 50 вагонтой явсан шиг санагдана. Дөрвөн фронтод аваачиж өгсөн. Ц.Дамдинсүрэн бид хоёр сэхээтний төлөөлөгч болж явсан.
Гэхдээ орчуулагчаар нь давхар ажилласаан. Очсон даруйдаа Сталинградын тулалдаан болж байсан учраас Сталин манай төлөөлөгчдийг хүлээн авч уулзаагүй. Маршал уулзана гэсээр байгаад 1943 он гарсан юм даг. Г.Жуков Сталинградын тулалдааныг дуусгачихаад Москвад ирчихсэн байлаа. Хотын захад Маршалын буусан өргөөнд ирж тулалдаан яаж болсон талаар таван цаг хуучилсан. Тулалдааны дараа Сталин том хүлээн авалт хийсэн. Тэр хүлээн авалтыг Сталин нээж, дараа нь маршал үг хэлсэн. Дараа нь нэг босоод Сталин, Молотов нарыг Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан УБХ-ын Тэргүүлэгчдийн зарлигийг уншлаа. Бумцэнд гуай одонгоо гардуулсан. Тэгээд Сталины кителийг цоолохоор оонын эврээ аваад дөхтөл Берия энэ юу вэ гээд булаагаад авчихсан. Тэгээд Сталины гар дээр нь одонгоо өгсөн юм даг. Бусад нь зүүгээд л өгсөн. Дараа нь Сүрэнжав их удаан 30-иад минут ярьсан. Маршал уурлаад царай нь харлачихсан яриагаа товчил гээд байсан. Сүрэнжав одоохон гээд яриад байсан. Намайг товчилж орчуул гэхээр нь ёсоор нь хийсэн. Гэтэл Сүрэнжав ты не правильно перевёл гэж байна. Тэгэхээр нь өөрөө орчуул гээд суучихсан. Сталин дараа нь нөхрийн чанар ядарсан цагт танигддаг. 1921 онд бид та нарт тусалсан бол 1941 онд та бүхэн бидэнд мөнгө зоосоор хариугаа барьж байна гээд төгсгөлд нь бид өнөөдөр монголчуудаас удаан ярих сургуультай боллоо гээд хундага өргөсөн.
Сталин бидний яриаг орчуулсан залуугийн төлөө гээд хундага өргөлөө. Би Ждановын хажууд сууж байсан юм. Жданов Сталин чиний төлөө хундага өргөлөө, чи юу уух вэ гэлээ. Би архи ууж огт үзээгүй юм чинь зөөлөн л юм, ус байсан ч болно гэв. Гэтэл Жданов тэгэж болдоггүй юм гээд хундаганд архи хийж өглөө. Би ч сандраад уух гэж байгаад ханцуй дээрээ дусаачихгүй юу. Гэтэл Берия харчихаж. Миний дэргэд ирээд чи Сталины төлөө уухгүй юм уу гэж байна. Би уулгүй яахав гэлээ. Гэтэл миний барьж байсан хундагатай архин дээр конъяк нэмж хийгээд за уу гээд шахлаа Миний дотор халуу шатаад удалгүй толгой эргээд ашгүй удсан ч үгүй хүлээн авалт тарлаа. Би ч өрөөндөө очоод бүхэл унтаад өгсөн байсан. Сүүлд нь сонсохнээ Цэдэнбалыг бас тэгэж шахсан юм байна лээ хэмээн хуучилж билээ.
1940-1990 оны хооронд улс орны улс төр, нийгэм эдийн засаг, соёл боловсролын салбарт гавъяа байгуулж, амжилт гаргасан сайчуудыг 7 одон, 19 медалиар шагнаж урамшуулж иржээ. Эдгээрээс хамгийн хүндтэй нь 1945 оны 9-р сарын 27-нд батлан гаргасан Сүхбаатарын одон болно. Энэ одонгийн анхны шагналыг эцэг Сталинд 1945 онд хүртээжээ. Үүнээс хойш Сүхбаатарын одон-гоор ах дүү социалист орны нам төрийн удирдагчдыг шагнах жишиг тогтсон бөгөөд энэ одонгоор И.Сталин, Л.Брежнев нар тус бүр хоёр удаа, Ким Ир Сен, Хо Ши Мин, Тодор Живков, Иосип Броз Тито, Янош Кадар, Рауль Кастро гээд олон хүмүүс шагнагджээ.
Харин нүдээ олсон нэгэн одон 1957 онд мэндэлжээ. Олон хүүхэдтэй эхийг шагнах Алдарт эх I, II зэргийн одонг бий болгож, 1-р зэргийн одонгоор 8 ба түүнээс олон хүүхэд төрүүлэн өсгөсөн эхийг, 2-р зэргийн одонгоор 5-8 хүүхэд төрүүлэн өсгөсөн эхийг тус тус шагнаж байх, 1-р зэргийн одонг 200 төгрөг, 2-р зэргийн одонг 100 төгрөгийн мөнгөн шагнал дагалдуулан олгож байхаар тогтоожээ. Дашрамд дурдахад энэ одонгийн анхны эх зургийг УГЗ, зураач Д.Лувсанжамц гуай бүтээсэн гэдэг.
Олноо өргөгдсөн Монгол Улсаас улс орноо хамгаалан тэмцэх үйлсэд баатарлаг гавъяа байгуулсан хүмүүст баатар цол олгож байсан гэдгийг бид төдийлөн мэддэггүй. Ховдыг чөлөөлөх тулалдаан болон Өвөр Монголыг чөлөөлөх тэмцэлд хүчин зүтгэж явсан олон хүнд тухайлбал Дамдинсүрэнд Манлайбаатар, Магсаржавт Хатанбаатар, Баярт Шударга баатар цол олгож байв. Үүнээс үндэслэн Ардын Засгийн газраас Д.Сүхбаатарт Зоригт баатар цолыг 1922 онд олгожээ. 1936 онд улс хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан УБХ-ын Тэргүүлэгчид, Ардын СнЗ-ийн хамтарсан хур¬лаас МАХЦ-ийн дээд алдар цолыг буй болгох тухай 14 тоот тогтоол гаргаж, түүндээ Улсын баатар цолыг улсын ба ард түмний төлөө дайсан этгээдийг онц баатарлагаар байлдан дарж цусан гавъяа байгуулсан хүмүүст шагнан олгож байх-аар тогтжээ. БНМАУ-ын баатар цолыг бага дарга Ш.Гонгор, нисэх отрядын дарга, хурандаа Д.Дэмбэрэл нар анхлан хүртжээ. 1941 онд УБХ-ын Тэргүүлэгчдээс Улсын баатар цол олгох журам-д өөрчлөлт оруулж улмаар маршал Х.Чойбалсанд БНМАУ-ын шалгарсан баатар цол, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Мөн энэ үеэс энэ хүндтэй цолоор гадаадын нам төрийн удирдагчид, Зөвлөлтийн Улаан армийн байлдагч дарга нарыг шагнах болжээ. Үүнээс гадна 1957 онд БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цолыг бий болгож, аж үйлдвэрийн салбараас уур¬хайчин Д.Даваа¬жав, малчдаас хоньчин З.Очир, тариаланчдаас тракторч Н.Бямба¬цогт нар анхлан хүртсэн бөгөөд 1990 гэхэд энэ эрхэм алдрыг 301 хүн хүртжээ.
Социализмын үеийн одон медаль, шагналын тогтолцоонд нэгэн жигтэй сонин жишиг тогтсоныг хэлэлгүй өнгөрч үл болно. 1961 онд нам, засгийн удирдагч Ю.Цэдэнбал автомашины осолд орж удаан хугацаагаар Москва хотноо эмчлүүлсэн билээ. Түүний сэтгэл санааг сэргээхийн тулд Ю.Цэдэнбал даргын 45 насны ой болж буйг холбогдуулан 1961 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолыг олгосноор нам засгийн удирдагчид бие биедээ төрсөн өдрөөрөө одон медаль олгох уламжлал тогтжээ. Тухайлбал 1965 онд АИХ-ын Тэргүү¬лэгчдийн дарга Ж.Самбуугийн 70 насны ойгоор БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, 1966 онд Ю.Цэ¬дэн¬балын 50 насны ойг тохиол¬дуулан БНМАУ-ын баатар, түүнчлэн 1976 онд БНМАУ-ын Хүндэт иргэн Л.Брежневт БНМАУ-ын баатар цолыг тус тус олгож байлаа. Энд дурдагдсан БНМАУ-ын Хүндэт иргэн хэмээх цолыг манайхан зөвхөн Л.Бреж¬невийг шагнахаар л 1974 онд бий болгосон бөгөөд дараа нь энэ шагналыг үгүй болгожээ.
1935 онд УБХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Улсын алдар гавъяат жүжигчин, дуучин, хөгжимчин, уран зохиолч алдар цол бий болгож, урлагийнхнаас Д.Ичинхорлоо, Ч.Цэвээн, М.Дүгэржав, Ж.Дорждагва, Ц.Төмөр, Д.Ишдулам, Д.Түдэв, зохиолчдоос С.Буяннэмэх, Ши. Аюуш зэрэг олон хүнийг анх шагнажээ. Ингэж салбарын алдар гавъяатнуудыг тусад нь алдаршуулах эхлэл тавигджээ. 1942 онд Улсын XXҮ Бага хурлын шийдвэрээр БНМАУ-ын гавъяат багш цол бий болсноор материаллаг үйлдвэрлэлийн болон нийгмийн бүх салбарт гавъяат цолтон төрж гарах үндэс бүрэлджээ. Мөн оноос Ардын гэсэн хүндэт цол олгох эхлэл тавигдаж, Ардын эмч, Ардын багш, Ардын жүжигчин, Ардын зураач ,Ардын уран зохиолч цол бий болсон байна. Эдгээр цолыг анх жүжигчин Ц.Цэгмид, багш Г.Батсүх, зураач Ү.Ядамсүрэн, О.Цэвэгжав, зохиолч Ц.Дамдинсүрэн, эмч Р.Пүрэв нар хүртжээ. Нэгэн тоо дурдахад 1940-1990 онуудад БНМАУ-ын Ардын болон гавъяат 40 гаруй нэр бүхий хүндэт цолыг 800 гаруй хүн хүртсэн байна. Мөн Засгийн газрын хүндэт жуух бичиг, салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр олон зуун хүнийг шагнаж байв.
1990 оны хувьсгалын дараагаас төрийн дээд шагналын бүтцэд зарим өөрчлөлт гарч эхэлсэн нь Эрдэнийн Очир одонг дахин сэргээх тухай УБХ-ын 1991 оны 68-р тогтоол болно.
Таван жилийн өмнө Монгол Улсын Их Хурлаас Чингис хааны одон-г шинээр буй болгосон байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр нэгэн инээдтэй шийдвэр гаргасан нь УИХ-ын 2001 оны Монгол Улсын гавъяат малчин цол олгох дүрэм юм.
(Yг сонин 13/105)
Ч.БОЛДБААТАР