Хөвсгөл нутгийн торгон мэдрэмжтэй давтагдашгүй содон хүмүүс
Хөвсгөл нуур, Дархадын хотгор бол эрдэмтдийн судалгааны бэлэн объект юм. Хөвсгөл зөвхөн байгалиараа бус хөдөлмөрч авъяаслаг ард зоноороо алдартай. Хөвсгөл нутгаас төрсөн торгон мэдрэмжгэй, ур ухаантай хүмүүсийн тухай толилуулсу.
Нэг. Нисэхийн хүсэлд автсан Гэлэнхүү
Сайн Ноёнхан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ард (одоогийн Хөвсгөл аймгийн Жар¬галант сум) Хайнзангийн Гэлэнхүү хөдсөн дээлтэй хөлсөн гуталтай хүү байхаасаа жигүүрт хөлгөөр дүүлсэн тухай үлгэр сонсоод од гялалзах огторгуйд дүүлэх хүсэлд автжээ. Хийдэд суусан боловч учир утга үл ухагдах харь хэлийн ном үзэхээс хөндийрч гэртээ харин ан гөрөө ав шувуунд явах болов. Угийн ухаалаг, уран хүү ангийн буу хийснийг сонссон олон түмний дунд Гэлэнхүү ороолон болоод хийдээс оргож олон амтай буу хайж, хамаг амьтныг хядахаар зэхэж байна гэсэн цуу тархав. Алх дөшинд төмөр балбаж, буу шуу, хутга зуух сэлтийг хийж худалдан амь зуух Гэлэнхүүгийн бүтээх хүсэл тэлсээр байв. Тэр шувуу яаж нисдэгийг ажиглан, бүргэд агнаж, өд бүрээр нь салгаад, эргээгээд яг хэвээр нь оёжээ.
Сармай дээлийн илэг, бугын эврэн цавуу, бүргэдийн далавчаа аваад агуйд очиж нууцаар ном хийх болов. Энэ нь ч аргагүй. Гэлэнхүүгийн нисэх жигүүр урлаж буйг хүмүүс мэдвэл амны хэмжээгээр цуурч Чөтгөр болоод ниссэн гэх биз. Нэгэн өдөр Гэлэнхүү Дүнтэрийн цохио өөд гарлаа. Тэгээд өндөр хадан цохионоос жигүүрээ хийгээд гараа даялан даялсаар алгуур доош буув.
Энэ явдал 1913 онд болсон гэх бөгөөд ухаант ард түмэн маань монгол хүн сансарт нисэх хожмын мөрөөдлийг биелэх эхийг ийнхүү тавьсан түүхтэй.
Хоёр. Уран гарт бөөс Гончиг
Дархад ястны алт, мөнгөн эдлэл чамин хийцтэй. Гайхалтай уран дархцуултай, тэдний нэг нь олонд бөөс гэж алдаршсан Гончиг. Тэрээр дарх хийж амьжиргаагаа залгуулдаг байв. Ураа гаргаж хийсэн нэг домбыг нь нас гүйцсэн шараар худалддаг байсан гэхээр хэр уран нь мэдэгдэнэ. Гончиг хэт бэл, хутга, эмээлийн бүүрэг, хударгад үүлэн хээ, шувуу, шоргоолжин товруу зэргийг хөөх юм уу цохиж сийлдэг байжээ. Түүний үүлэн хээ, эвэр хээ, усан хээ, жигүүртний дүрс нь давтагдашгүй урлал төдийгүй бэлгэдлийн гүн утгатай байжээ. Унаж яваа морио дүүлэн нисэж яваа бүргэдийн дүрсээр чимж, хувинд усан хээ тавьдаг нь сүү сааль усны урсгал адил бялхаж байхыг бэлгэднэ. Гончиг дархан маш нарийн ур ухаан сийлж бөөс хийсэн нь амьд бөөстэй ив ижил бөгөөд тэр нь хөдөлдөг гэнэ. Энэ ер бусын уран гартан Дирхад зоны дунд өнгөрсөн зууны эхэн үед амьдарч байв.
Гурав. Хүүхдийн үс модон хутгаар хуссан гэгээнтэн
Мөрөн хотын төвд 1960 оны дунд хүртэл Билигдэмбэрэл гэгээнтэн гэж олноо алдаршсан нэгэн багш амьдарч байлаа. Тэр 1940 оны дунд үеэс 1950 оны эхэн хүртэл багшилж байсан нэгэн, нэг үе Гэгээрлийн хэлтсийн байцаагч ч байжээ. Түүнийг Жалханз хутагтын хойд дүрд тодорсон гэдгээр захиргаадалтын үед ихэс дээдэс эвэр тууртнууд их л хавчдаг байв.
Уг нь тэрээр лам хувраг бус, Улаанбаатар хотын багш бэлтгэх сургууль төгссөн жирийн сэхээтэн. Энэ хүн хувилгааны хойд дүрд тодорсон нь бодит үнэн. Түүнийг төрөхийн өмнө бороо ороогүй байтал уулын оройгоор 7 өнгийн солонго татаж удтал арилаагүй байжээ. Шөнө дөлөөр айлын гэр шатаж бөөн гал утаа маналзахад тэвдэж сандарсан ойр хавийнхан нь шаранд ус чирсээр очиход гэр огт шатаагүй, дөнгөж төрсөн нярай хүүхдийн дуу хадаж байв. Хүмүүс гайхан алмайрч ер бусын хүү төрлөө гэж бэлгэшээжээ.
Цагаан-Уул суманд Билигдэмбэрэл багшийг ажиллаж байхад захирал нь дуудан маргааш аймгаас шалгалт ирж сургуультай танилцах гэнэ. Дотуур байрны энэ хэдэн бандийн үс толгой өрвийж сөрвийгөөд хэл амны бай болох вий дээ. Та нар ер нь санаагаараа энэ хэдэн хүүхдийн үсийг хусчихад яадаг улс вэ? гэж ууртайхан хэлээд гаргажээ. Захирал сэтгэл зовоод дотуур байраар орвол Билигдэмбэрэл багш хүүхэд тойруулж суулгачихаад үсийг нь шир шир хийтэл хусч байв гэнэ. Ажвал модон хутгаар үс аваад байх шиг, юу билээ гээд ойртож очоод харвал яах аргагүй модон хусуураар авч байх юм гэнэ.
Захирал эвэртэй туулай үзсэн мэт болоод толгой сэгсэрчээ. Билигдэмбэрэл багшийн увдис шидийн тухай энэ мэт жишээ олныг хэлж болно.
Цагийн хатуу аясыг гэтэлгэсэн болчиг өдгөө наян нас хэлтрээд явж байх л хүн байсан даа. Нутгийн ах дүүс 2005 онд ургийн баяр хийж Билигдэмбэрэл гэгээнтэнд суварга босгожээ.
Дөрөв. Манж амбантай толгойгоороо мөрийцсөн Годон Дамбил
Улиастайн амбаны наадамд баригдаж хүчээ үзэж аз туршихаар Ахай бэйсийн Годон Дамбил хошуунаасаа гарчээ. Даншигийн арслан чийрэг эр наадамд хождож очив. Наадам эхэлсэн тул түүнийг барилдуулсангүй. Дамбил гайхшаа бараад Улиастайн манж амбанаас зөвшөөрөл авахаар жууз тэрэгтэйгээ морилж яваа амбаныг тосон очжээ. Амбан
-Хай чи юун боол вэ?
-Жа, би мунхаг нэгэн боол оо, Хотгойдын Дамбил гэгч бөх дөө. Би танай наадамд барилдахаар ирсэн чинь хожимдсон гээд халгаахгүй байна, би танай наадамд түрүү хүртэх гэж ирсэн юм сан.
-Хай яа, чи яасан бардам байхаа. Хэрвээ чамайг түрүүлэхгүй бол яахуу гэхэд
-Ай тэгвэл үү. Миний энэ мөрөн дээрх бөндгөрийг хяргаж орхив оо гэхэд Амбан түшмэдтэйгээ зөвлөж энэ муу боол түрүүлэх нь юу л бол барилдаж ялаа эдлэг гээд барилдахыг зөвшөөрчээ. Наадамд үзүүр түрүүний хоёр бөх тунаж үлдэв. Манж захирагч сэлмээ хуйнаас нь дутуу сугалж барилдаж байгаа эрийг унавал ам алдсан ёсоор толгойг нь хяргахаар зогсоно.
Амбаны бөх дэвжээн дээрээ сүртэй зогсоно. Гэвч Дамбил сүрдсэнгүй хоёул өрж байснаа барилцаж аваад давжээ. Ийнхүү Ахай бээсийн годон Дамбил амбан захирагчийг чадсан түүхтэй.
(Yг сонин 13/105)
Ж.ГУНААСҮРЭН