Гао Шумао Элчин сайд хүн төрийн бодлогынхоо эсрэг дуугараад сууж байвал ажилдаа тэнцэхгүй гэсэн үг

Тэрээр манай оронд БНХАУ-ыг төлөөлж суусан 13 дахь Элчин бөгөөд дөрвөн жил орчим Монголд ажиллаад эх орондоо буцах гэж байгаа юм

-БНХАУ Монгол Улстай сайн хөрш, сайн түнш, сайн найз байхыг хүсдэг-

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гао Шумаотай ярилцлаа. Тэрээр манай оронд БНХАУ-ыг төлөөлж суусан 13 дахь Элчин сайд бөгөөд дөрвөн жил орчим Монголд ажиллаад эх орондоо буцах гэж байгаа юм.

Монголоос нярай хүүхдийн бараа авч харьж байснаа мартдаггүй

-Та гадаадын олон оронд дипломат алба хашсан хүн. Улс орон бүр өөр өөрийн онцлогтой. Тэр бүгдээс таны сэтгэлд юу ойр үлдсэн бэ?

-Би гадаадын дөрвөн оронд ажилласан. Гэхдээ танай орон миний хувьд их онцлог. Монгол бол 1973 онд миний ажил албаа эхэлсэн анхны гадаад орон. Бас дипломат албаа дуусгаж байгаа сүүлийн газар. Хятадад Сайнаар эхэлж сайнаар дуусна гэсэн үг бий. Монголд дипломат албаа эхэлсэн миний бие мөн л Монгол гэдэг сайхан газарт энэ ажлаа өндөрлөж байна. Миний сайхан газар гэж хэлснийг орхилгүй заавал онцолж оруулаарай. Монголоор эхэлж Монголоор төгсгөж буй дипломат албаны он жилүүддээ би Энэтхэг, Канад, Италид ажиллаж байсан. Энэтхэг бол өнө эртний түүх, арвин баялаг соёлын өлгий. Канад тохилог орчин, үзэсгэлэнт сайхан байгальтай. Итали улс Европын түүх, соёлыг агуулсан орон. Миний хувьд Монгол бол хамгийн баялаг өв соёлтой улс. Дэлхийд нүүдэлчний соёлыг бүрэн бүтнээр нь өвлөн уламжилсан, өөрийн гэсэн газар зүйн өвөрмөц онцлогтой орон.

-Таны 1970-аад онд ажиллаж байсан БНМАУ, одоогийн Монгол Улсын хооронд ямар ялгаа харагддаг вэ. Та сэтгэлд хамгийн их хоногшиж үлдсэн дурсамжаасаа хуваалцана уу?

-Монгол-Хятадын харилцаа миний анх энд ирж байсан үед муу байсан. Одоо бол хөрш хоёр орны харилцаа хамгийн сайн үедээ ороод байна. Үүнээс ч илүү сайн болно гэдэгт итгэдэг. Тэр үед Монголд ахуй хангамж Хятадаас илүү сайн байсан юм шүү дээ. Хятадад тэгэхэд соёлын хувьсгал гарч, эдийн засгийн хямралтай он жилүүдийг туулж байв. Миний охин 1975 онд төрсөн юм. Тэгэхэд эндээс хүүхдийн бараа авч очиж байснаа хэзээ ч мартдаггүй. Нярай хүүхдийн бие угаах түмпэн сав зэргийг аваад нутаг руугаа явж билээ. Тэр үеийн хөгжлийн ялгаа гэвэл Монгол хөгжиж байсан орон. Харин Хятадын эдийн засгийн хөгжил зогсч, хямралтай, дампуурлын байдалд ороод байсан. Хоёр дахь удаагаа Монголд ирсэн үе бол танай орон, Хятад хоёулаа зах зээлд шилжиж, бараа бүтээгдэхүүн элбэг дэлбэг болсон огт өөр цаг үе л дээ. Намайг энд 2003 онд Элчингээр ирэхийн өмнө найз нөхөд маань Монголд бараа хангамж тийм ч хүрэлцээтэй биш байх гэж ярьцгааж байсан. Гэвч би ирээд монголчууд бэрхшээлтэй цаг үеэ туулж өнгөрөөд эдийн засгийн хэвийн нөхцөлд орсныг мэдэрсэн.

-Энд 1970-аад онд ажиллаж байхад тань танай ЭСЯ-ны ажилтнууд Улаанбаатараас гарч хөдөө гадаа явж чаддаг байв уу?

-Тэр үед чөлөөтэй явж болдоггүй байсан юм. Хамгийн хол явсан газар гэзэл Төв аймгийн Жаргалант сум.Тухайн үед Улаанбаатараас 40 км-ийн хол зайд явах хэрэг гарвал заавал Засгийн газраас зөвшөөрөл авч байж ЭСЯ-наас гардаг байсан. Өндөр албаны хүмүүс л хол явбал явна, бусад нь явахгүй. Улаанбаатарыг тойроод ирлээ гэхэд хойноос заавал хүн дагах жишээтэй.

-Одоо цаг үе өөр болж, гадаадын хүмүүсийн явах суух чөлөөтэй болсон. Та Монголын олон аймгаар явж үзэв үү. Аль аймаг танд хамгийн их таалагдсан бэ?

-Би олон аймгаар явсан. Баруун зарим аймгаас бусдаар нь явсан даа. Хүн хүний бодол өөр. Зарим хүн Сэлэнгийг их гоё, гол мөрөн элбэг, газар тариалантай гэдэг. Зарим нь Дорнод сайхан, нам дор, тал хээр нутагтай гэдэг. Рашаан ус, үзэсгэлэнтэй ой шугуйтай Архангай гоё гэх нь ч бий. Өвөрхангайд Хархорин байдаг болохоор, бас гоё гэдэг. Тал хээр нутаг, онгон зэлүүд бэлчээртэй Сүхбаатар аймаг ч гоё, Чингис хааны нутаг Хэнтий ч сайхан гэж ярьдаг хүн байдаг. Говийн үзэмж төгс Өмнөговь ч зарим хүнд таалагддаг. Арвин их байгалийн баялагтай Дорноговь гоё гэдэг хүн тааралддаг. Харин миний хувьд Монгол Улсад хайртай. Монгол бол манай хөрш орон. Хятадын Засгийн газраас Монгол Улсын тусгаар , тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ардчиллын замыг хүндэтгэдэг. Найрамдалт хөрш Монголд олон сайхан газар бий. Төв аймгийг хэлэлгүй орхиж болохгүй. Түүний нутаг дэвсгэр дээр би амьдарч байна.

-Та дөрвөн жилийн өмнө ирэхдээ монголоор тааруу ярьдаг байсан. Харин одоо монгол хэлийг сайн сурсан байна. Яаж хэлнийхээ мэдлэгийг хурдан сайжруулсанаа хэлж болох уу?

-Гадаад хэл сурахад үндсэн хоёр нөхцөл бий. Нэгд, хэлийг нь сурч байгаа орноо хайрлах ёстой. Хоёрт, сурч байгаа хэлээ хүндэтгэж, анхаарал хандуулах хэрэгтэй. Би дахин хэлье. Монгол Улсад хайртай, ажилдаа хайртай. Би Монголд ажиллаж байгаа учраас монголчуудтай төрөлх хэлээр нь харилцах ёстой. Хүндэтгэнэ, хайрлана гэдэг хоёр зүйл маш чухал.

-Гэр бүлийнхэн тань Монголтой танилцаж амжсан уу?

-Миний гэргий одоо энд, Монголд байгаа. Нэг насаараа Энэтхэгтэй харилцаж ажилласан хүн. Монголын тухай ойлголт түүнд маань сүүлийн гурван жилд л төлөвшсөн гэж хэлж болно. Танай орны тухай ойлголтод нь энэ хугацаанд маш их өөрчлөлт гарсан. Бид оройн цагаар Богд уулаар зугаалж, Туул голын хөвөөгөөр алхах үед гэргий маань Эндээс явна гэхээр хоргодоод байна гэж хэлж байсан.

Тийм үг хэлсэн бол Хятадын Засгийн газар намайг тэр даруй буцаан татах байсан

-Таныг Элчин сайдаар ажилласнаас хойш хоёр орны харилцаанд багагүй өөрчлөлт дэвшил гарч, өндөр дээд хэмжээний олон айлчлалыг харилцан хийсэн. Энэ бол таны ажлын үзүүлэлтэд гарцаагүй тооцогдох үр дүн. Таатай энэ сэдвээр яриагаа үргэлжлүүлэх үү?

-Хоёр орон сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаатай. Намайг анх Элчингээр ирж байхад Хятадын төрийн тэрүүн Ху Жинтао айлчилж, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад айлчилсан. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдтай уулзаж байв. УИХ-ын дарга Хятадад хуралд оролцох үеэрээ Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын даргатай уулзсан. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын орлогч дарга Оюунчимэг 2004 онд Монголд айлчилсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2005 онд Хятадад, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч У И хатагтай мөн тэр онд Монголд айлчлав. Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд 2006 онд Хятадад айлчилж, Шинжаан-Уйгарын өөртөө засах оронд зочилсон. Мөн Хятадын Улс төрийн зөвлөлийн орлогч дарга БНХАУ-ын даргын тусгай элчийн хувьд 2006 онд Монголд айлчилж Их Монгол Улсын 800 жилийн ойн apra хэмжээнд оролцсон. Хоёр орны харилцаа улс төрийн хувьд харилцан итгэлтэй, эдийн засгийн хувьд харилцан ашигтай, соёл иргэншлийн хувьд харилцан хүртээлтэй, аюулгүй байдлын хувьд харилцан тустай байх ёстой. Энэ бол хоёр талын харилцаанд баримтлах гол чухал зарчим юм.

-Хоёр талын эдийн засгийн харилцаа улам идэвхжиж байна. Монголд Хятадын хөрөнгө оруулалттай хэдэн үйлдвэр, компани ажилладаг, ямар чиглэлийн үйлдвэрүүд голлодог вэ?

-Монгол Улсад 2893 компани бүртгэлтэй байдаг. Гэхдээ үнэхээр сайн ажиллаж байгаа нь олон биш. Зарим нь компани байгуулаад л явчихдаг. Хэрэг дээрээ 800-900 орчим нь л үйл ажиллагаа явуулдаг. Харин хэдэн үйлдвэр байдгийг мэдэхгүй. Голдуу оёдол, сүлжмэл, нэхмэл, мал аж ахуйн түүхий эд боловсруулах, барилга, барилгын материалын үйлдвэр, нийтийн хоол, жижиглэн худалдаа, ашигт малтмалын олборлолтын cалбарт Хятадаас хөрөнгө оруулж байна. Ашигт малтмалын салбарт хоёр орны төрийн тэргүүний харилцан тохиролцсон Төмөртийн oвооны цайрын орд газар гэж бий. Хоёр орны төрийн тэргүүний өндөр дээд хэмжээний уулзалт дээр энэ талаар олонтаа ярьсан. Үүнийг хоёр орны хамтын ажиллагааны жишиг төсөл болгон хөгжүүлэх саналтай байгаа. Илэн далангүй хэлэхэд Хятадаас Монголын ашигт малтмалын салбарт оруулсан хөрөнгө бага байна.

-Хууль бусаар Монголд ажиллаж амьдардаг Хятадын харьяат иргэн хэд орчим байдаг бол?

-Үнэхээр нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Хууль бусаар оршин сууж байгаа гэдэг талаасаа нуугдмал байдаг учраас тэдний тоог тогтоож мэдэх боломжгүй юм. Хэрэв ЭСЯ-наас хууль бусаар ажиллаж, амьдарч байгааг нь мэдвэл хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэхийг шаарддаг. Монголд, ялангуяа ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулж байгаа Хятадын компаниудад манай ЭСЯ-наас гурван шаардлага тавьдаг. Нэгд, Тухайн орны хууль, тогтоомжийг чанд сахих, хоёрт, байгаль орчныг хамгаалах, гуравт, нийгэмд ашиг тусаа хүртээх хэрэгтэй гэдэг. Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа хүмүүст оршин суугаа улсынхаа хууль тогтоомжийг мөрдөх, монгол хэл сурах, зан заншлыг нь хүндэтгэх хэрэгтэй гэж захидаг.

-Тэднээс зарим үед Монголын хууль тогтоомжийг зөрчих явдал гардаг. Үүнд Элчин сайдын яамны зүгээс ямар нэг хариуцлага тооцдог уу?

-Хариуцлага тооцно гэдэг бол хууль, шүүхийн асуудал. Манай ЭСЯ-ны хувьд Хятадын харьяат иргэдийн аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг нь хамгаалах ёстой. Хэрэв тэд хууль тогтоомж зөрчсөн бол зохих байгууллага нь хуулийн дагуу хариуцлага тооцох учиртай. Олон улсад энэ талаар дагаж мөрддөг жишгийн дагуу үүнийг хийх ёстой.

-Монголд Элчин сайдаар ажиллахад танд ямар нэг бэрх шээл гарч байв уу?

-Элчин сайдаар ажиллах үед тулгарсан хамгийн гол бэрхшээл бол хоёр орны ард иргэдийн хоорондох зарим нэг үл ойлголцол байсан. Бие биеэ дутуу ойлгосноос иргэдийн хооронд заримдаа тийм бэрхшээл гардаг.

-Таныг Монгол Улс бол Хятадын нэг хэсэг гэсэн утгатай ярилцлага хэвлэлд өгсөн гэж шүүмжилдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Зарим хүн намайг Монгол бол Хятадын нэг хэсэг гэж хэлсэн гэдэг юм. Хэрэв БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хүн тийм үг хэлсэн бол Хятадын Засгийн газар намайг тэр даруй буцаан татах байсан. Энэ бол Хятадын Засгийн газар, төрийн бодлогод огт нийцэхгүй асуудал. Хэрэв Элчин сайд хүн Засгийн газар, төрийн бодлогынхоо эсрэг үг хэлээд сууж байвал ажилдаа тэнцэхгүй гэсэн үг. Хоёр улсын ард иргэд бие биеэ ойлгох ойлголтоо нэмэгдүүлэх ёстой. БНХАУ Монгол Улстай сайн хөрш, сайн түнш, сайн найз байхыг хүсдэг.

-БНХАУ-ын гадаад бодлогод Монгол Улс ямар байр суурь эзэлдэг вэ?

-Манай улсын гадаад бодлогод Монгол Улс нэн чухал байр суурь эзэлдэг. Хөрш зэргэлдээ орнуудын харилцаа бол бусад ямар ч харилцаанаас чухал гэж үздэг. Хил залгасан гэдгээрээ бид өдөр тутам ойр дотно харилцаатай байдаг. Өнгөрсөн үед хоёр орны хоорондын харилцаа муу байсан үеийг бид бас туулсан. Хаяа нийлсэн улс орнууд сайн харилцаатай явахын чухлыг бид мэдэрсэн. Хөршийн харилцаа найрсаг байвал хамтдаа хөгжиж, хамтдаа сайхан байна гэсэн үг. Манай хоёр орны харилцаа муу байсан үед хөгжлийн төвшин ч муу байсан. Харин харилцаа сайжирснаар хоёр орны хөгжлийн төвшин сайн болсон. Энэ хэвээрээ найрсаг дотно харилцвал хоёр орон хоёулаа чинээлэг, хүчирхэг байх болно.

XXI зууныг Ази, Номхон далайн зуун гэж би хэлье. Бас дорнын зуун гэж хэлье

-XXI зууныг Хятадын зуун гэж нэрлэх нь бий. Шинэ зуунд танай улсын дэлхийд эзлэх байр суурь өндөр болно гэсэн үг үү?

-Шинэ зууныг Хятадын зуун гэдэг хүмүүс байдаг. Би үүнтэй санал нийлдэггүй. XXI зууныг Ази, Номхон далайн зуун гэж би хэлье. Бас дорнын зуун гэж хэлье. Хятад, Монгол хоёулаа дорнын улсуудын хувьд энэ зууны эзэн мөн. Хэрэв манай хоёр орон сайн хөршийн харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаагаа илүү хүндэтгэн хөгжүүлбэл дэлхийн тавцанд баттай байр суурь эзэлнэ. Бас өөр нэг бодлого бол хөрш улстайгаа найрамдалт харилцаагаар харилцаж түнш орон болно гэсэн баримтлал байдаг. Манай гадаад бодлого дахь Монгол Улсын байр суурь хэчнээн чухлыг эндээс харж болно. БНХАУ 14 хөрш оронтой. Хятадын Засгийн газар бусад хөршүүдээ ч хүндэтгэн харилцдаг. Гэхдээ Монгол Улстай хамгийн урт хилийн шугамтай.

-Хоёр орны харилцааны ирээдүйн төлөвийг ямраар төсөөлдөг вэ?

-Монгол, Хятад хоёр орны харилцааны ирээдүйн төлөв хандлага маш сайхан, итгэл найдвар дүүрэн юм.

-Харилцан оюутан сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хоёр тал хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Оюутан, мэргэжил дээшлүүлэгч солилцох талаар хоёр улсын Засгийн газар өөр өөрийн зүгээс хичээл зүтгэл гаргасаар байна. 2003 онд 180 монгол оюутан Хятадын Засгийн газрын тэтгэлгээр манай улсад суралцаж байсан бол дараа жил нь Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлах үеэр тэтгэлэгтэй оюутны тоог 40-өөр нэмж 220 болгосон. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч У И хатагтай 2005 онд Монголд айлчлах үеэр Хөххотод жил бүр 100 монгол оюутан сургах бололцоог нээж өгсөн. Энэ оныг оролцуулбал Хөххотод гурав дахь жилдээ нийт 300 оюутан Монголоос суралцах юм. Энэ жилийн байдлаар БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сургах оюутны тоо 520 болж байна. Монголчууд боловсролыг маш их хүндэтгэж үздэгийг бид мэднэ. Иймд тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэх талаар Хятадын Засгийн газарт санал тавьсан. Тухайн үед Монголын 180 оюутныг Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамруулж байх үед энэ үзүүлэлтээрээ танайх гадаад орнууд дотроос хоёрдугаарт орж байсан бол одоо 520 оюутан үүнд хамрагдсанаар нэгдүгээрт гарч ирж байна. Монгол Улсын Засгийн газраас ч Хятадад оюутан сургах талаар маш их чармайлт гаргаж дэмжлэг үзүүлсэн. Нэг зүйлийг хэлэхэд БНХАУ бол хөгжиж байгаа орон. Хийж бүтээх зүйл, хөрөнгө мөнгө хязгаартай. Улам илүү хөгжинө гэдэгтээ итгэлтэй байдаг. Нэг улсын хөгжлийн хувьд боловсрол чухал. Харин хоёр орны хувьд Хятад, Монголын залуучуудын соёлын харилцаа чухал. Боловсрол бол нэг улсын үндэс. Залуучууд бол хоёр орны харилцааны ирээдүй.

-Монгол Улсын хөгжлийн ирээдүйг та хэрхэн үнэлдэг вэ?

-Манай Засгийн газар Хятад улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны, 2050 он хүртэл хөгжүүлэх алс хэтийн төлөвлөгөө гаргасан. Монгол Улсын Засгийн газар саяхан улс орноо 2021 он хүртэл хөгжүүлэх цогц бодлого гаргалаа. Энэ нь БНХАУ-ын дунд хугацааны хөтөлбөрт

төлөвлөгөөтэй хугацааны хувьд тохирч байгаа юм. Энэ хоёр төлөвлөгөөг харахад хоёр орны хөгжлийн ирээдүй маш саруул юм. Хоёр улсын харилцаа сайн бол харилцан ашигтай хамтран хөгжих болно. Монгол орны хөгжлийн ирээдүйг маш сайхнаар харж байна.

-Та удахгүй эх орондоо буцах гэж байна. Танд асуулт тавилгүй үгийг тань сонсъё.

-Монгол Улсад сайтар хөгжихийн ерөөл дэвшүүлье. Ард түмэнд нь жаргалтай амьдралыг хүсэн ерөөе. Миний хувьд удахгүй нутаг руугаа буцах гэж байна. Танай сониноор дамжуулж Элчин сайдын хувьд Монголын нийт иргэдэд мэндчилгээ дэвшүүлье. Мөн Монгол Улсын Засгийн газрыг хүндэтгэж байгаагаа уламжилъя. ЭСЯ-ныхаа нийт хамт олны өмнөөс Монгол Улсын бүх иргэнд сайн сайхныг хүсэн ерөөе.

-Дараагийн Элчин сайдаар ямар хүн ирэх вэ?

-Шинээр ирэх Элчин сайд залуу хүн. Би 2003 онд танай оронд Элчин сайдаар томилогдон ирээд энэ албыг хаших хамгийн тохиромжтой хүн мөн гэж өөрийгөө хэлж байсан. Ямар омогшингуй хүн бэ гэж зарим хүн бодсон л байх. Өнгөрсөн хугацаанд өөрийнхөө маш тохиромжтой хүн мөн гэдгийг харуулсан гэж бодож байна. /инээв/ Шинээр ирэх Элчинг хүн Ёочун гэдэг. Энэ бол Хятадын Засгийн газраас томилсон мөн хамгийн тохиромжтой Элчин сайд юм. Бас БНХАУ-аас танай улсад суух 14 дэх Элчин сайд. Шинэ Элчин сайдын ажиллах хугацаанд хоёр орны харилцаа улам урагшлах болтугай гэж ерөөе.

(Ардын эрх 99/631)

Д.Оюунцэцэг

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button