К. Дельвуа Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр үзүүлэлттэй байгаад сэтгэл хангалуун байна
Ноён К. Дельвуа Монгол Улсын эдийн засгийн өсөлт өндөр үзүүлэлттэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд дэд бүтцийн салбартаа томоохон амжилт олсныг тэрбээр онцлоод Монгол Улсын дэд бүтцийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар тодорхой санал хэлэв. Дэлхийн банкны хийсэн судалгаагаар энэ салбарт Монгол Улсын ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай байгаа аж. Үүний тулд хандивлагчдын санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах ёстой гэдэг саналыг К. Дельвуа хэллээ.
Мөн агаарын бохирдол нэмэгдэн, эрчим хүчний салбар доголдож, усны асуудалд хүндрэл учирч болзошгүй байна. Үүнээс гарах нэг арга зам нь дэд бүтцийн салбарын үйлчилгээний үнэ тарифийг нэмэгдүүлэх явдал юм гэлээ.
Ерөнхий сайд М. Энхболд Би Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр томилогдоод 15 сар ажиллаж байна. Энэ хугацаанд манай Засгийн газар нийгмийн чанартай нэлээд томоохон арга хэмжээ авсан нь тодорхой үр дүнд хүрлээ. Таны дурдсан үнэ тарифийн тухайд гэвэл Засгийн газар өөрөө мэдэж үнэ нэмэх шийдвэр гаргах боломжгүй. Тухайн байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөл хэлэлцэж шийддэг. Гэхдээ Засгийн газартай зөвшилцөх учиртай хэмээн тэмдэглэлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
(Ардын эрх 99/631)