Киви-чүүд хэлсэн амандаа хүрсэнгүй

Гурван жилийн хугацаанд хийж бүтээсэн уран бүтээлээ үзэгчдэд тайлагнахаар зорьсон гэдэг утгаараа уг тоглолтод бусад залуу уран бүтээлчид оролцоогүй. Харин Чингис хаан хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг Чамайг хайраар дутаал уу хзмээх дууг нь хамтарч дуулсан. Гэхдээ Киви хамтлагийнхан анхны монгол төрхтэй гишүүн нь болох Б.Энхзолтой хамт тайзан дээр гарч ирснээр тоглолтын эхний сюрприз задарлаа. Түүнтэй хамт Аз жаргалын эрэлд, Хонгор минь зэрэг дуугаа амилуулсан ч үзэгчдийн гайхлыг төрүүлэхгүйн тулд шинэ гишүүн Б.Солонгоогоо тайзан дээр урина лээ. Ингээд л тоглолтын танхимд хөгжмийн ая цуурайтаж, гурван өөр төрх илэрхийлсэн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн цоглог дуу эгшиглэсэн. Тус хамтлагийн Болдоггүй шүү, Hot line, Хайр хайраа өөрөө олдог зэрэг дууг даган дуулж, бүжиглэсэн бяцхан охид, хөвгүүд их байсан. Гэвч Гурван сэтгэл, нэг хүсэл тоглолтоо хоёр сарын өмнөөс бэлтгэсэн хөдөлмөрч зангаа гайхаад байсан дуучин охидын бүжиг сэтгэлд нэг л хүрсэнгүй. Үүнээс гадна, тоглолтын холбоос болсон дүрс бичлэг багагүй хугацаа хумслаад авсан шүү. Намуунаа, Ука, Солонгоо гурав үзэгчидтэй харилцах гэж бие биеэсээ өрсөж, аалигүйтээд л. Ядахад, үзэгчидтэйгээ хамт өрсөлдөх гэж хоёр хувааж талцсан Ука, Намуунаа хоёрын хэнийх нь талд орох, эсэхээ шийдэж ядан бөөрөнхийлсөн Солонгоо хөөрхөн гэгч нь Хоролмаа-гийн дүрд тоглож орхилоо. Гурван сэтгэл, нэг хүсэл-ээ сонирхуулсан охид тоглолтдоо хувцас хүнараа солих гэж нэг их яараагүй. Уг нь, эрос имижээрээ гайхуулдаг авьяаслаг охидыг Болдоггүй шүү, Hot line дуугаа дуулахдаа этгээд стилийн хувцсаар гоёчихсон, тайзан дээр үсэрч гарч ирээд л бүжиглэж өгөх юм байх гэж бодсон. Харамсалтай нь, дагаад бүжиглэчихмээр харагддаг чамин дүрслэлтэй клипээ даанч гүйцсэнгүй. Ийнхүү үргэлжилсэн тоглолтын төгсгөл ойртож, дуучин охидоос өвөрмөц сюрприз хүлээж суусан үзэгчдийг суудлаасаа босохыг хүсэх нь тэр. Учрыг лавлавал, арваад дуу сонирхуулсан Гурван сэтгэл, нэг хүсэл тоглолт өндөрлөж байгаа нь энэ юм байх. Ямар ч тоглолтод гурван цаг шахам тухалсаар байгаад муу зантай болсон үзэгчдэд тэрхүү төгсгөл үнэхээр таалагдсангүй. Цаг, гучин минут хүрэв үү, үгүй юу л дуусчихдаг ийм богинохон тоглолт үзээгүй юм байна. Тасалбарынхаа үнэд тааруулж байгаа юмуу хэмээн дор бүрнээ л цагаа харж бухимдсан хүмүүс Киви-гийн охидыг дахин тайзан дээр гарахыг хүлээгээд гайхаш тасрав бололтой, аргагүйн эрхэнд хаалга зүглэлээ. Эрт харьсан минь ч яахав. Харин Киви-чүүд л хэлсэн амандаа хүрсэнгүй дээ.
Р.Чулуун
2007.05.18 Өнөөдрийн монгол