Хүн чанарыг уландаа гишгэсэн дуучдад хөрөнгө оруулалт хийхээ больё

Бодоход өнөө зохиолын дууны одууд маань шилдгээр шалгардгаараа шалгараад, шагналаа авдгаараа аваад жинхэнэ ёсоороо од болон тэнгэрт мандана байх. Тэд авахгүй бол өөр хэн авах вэ. Тэд гэдгийг эрхэм та бүхэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Ч.Бат-Эрдэнэ, Т.Баясгалан, Г.Чинболор, Р.Дэлгэрмаа, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар, Т.Батсайхан, Д.Хишигбаяр, Э.Оюумаа, Л.Банзрагч гээд хөвөрнө. Өөр цаана нь хэн байдаг билээ. Их урлагийн гэрэлт хаалгаар орох нь байтугай хаалгыг нь олж хараа ч үгүй хэрнээ алдаршихын дон шүгэлчихсэн залуус, буруу солгой хоолойтой нь хамаагүй, ерөөсөө мөнгө олох л бодол өвөрлөн яваа нөхдүүд. Зохиолын дуугаар занимаалдаж байгаа дуучид борооны дараахи мөөг шиг олширч байна. Аливаа зүйлд тэр тусмаа их урлагт цаг үеэ дагаад шинэ уур амьсгал, өнгө төрх, шинэлэг санаа, шийдэл ус агаар мэт хэрэгтэй. Гэвч зохиолын дууны ертөнцөд хөл тавьж байгаа нөхдүүд маань нэг л санаанд хүрэхгүй байгаа юм. Итгэл, найдвар хүлээлгэх боломж ч алга. Мэдээж хүн бүхэн уран бүтээлээ чанартай, бусдаас өөрөөр шинэлэг хийхийг эрмэлзэж, хүсэн тэмүүлж. байгаа. Ганц нэг сайхан бүтээл ч гарч л байна. Гарахаас ч аргагүй. Электрон, компьютерийн хөгжмийн буянаар төрөлх хоолой нь ямар байх нь хамаагүй. Үндсэндээ техникийн далайцаар сайн бүтээл хийж байгаа юм чинь. Гэвч энд би зохиолын дуучдын хийж байгаа уран бүтээлийн талаар хөндөхийг хүссэнгүй. Тийм, ийм гэж ярих нь ч надад илүүц .
Харин зохиолын дууны ертөнцөд шуугиулан гарч ирж байгаа, сонсогч олон, ард түмнийхээ хайрыг хүлээж, магадгүй хайран дээр нь хөлбөрч яваа агуу их дуучдад маань хүн чанар гэх эрхэм нандин зүйл, хүнийг хайрлах, энэрэх сэтгэл даанч алга. Гомдмоор байгаа биз. Гомдох ч багадах болоод байна. Үй зайгүй дотно найзынхаа хуриман дээр очоод үнэгүй дуулаад өгчих хүн байгаа болов уу. Уул нь нь ганц удаа очоод ам барьчихаж юу нь болохгүй гэж. Үнэ хөлсгүй гэсэн зүйлд л хамаг учир нь байгаа юм. Энэ бага хэрэг. Тэр ч бүү хэл их урлагт дөрөөлүүлэх гэж өөрөө өөрийгөө умартаж явсан ачит багш нараа ямар ч сэтгэлийн хөндүүргүй хуурчихдаг аж. Үнэмшмээргүй байгаа биз. Хөгжмийн урлагт хийсэн бүтээлтэй, хэлэх үгтэй, тэр тусмаа хүүхдийн дууны гол эзэн Монгол Улсын гавьяат багш, нэрт хөгжмийн зохиолч Л.Галмандах агсан нэг удаа их л сэтгэл гутарсан янзтай ярьж суусан. Тэрбээр дуучин Р.Дэлгэрмаа руу утас залгаад багшийнхаа тоглолтод дээр ирээд дуулаад өгөөч гэж хэлтэл Багшаа ёстой уучлаарай. Би хөдөө клипний зураг авалтад явж байна. Ёстой амжихгүй нь уучлаарай гээд утсаа тасалсан аж. Галаа багшийг Дэлгэрмаатай яриад удаагүй байтал түүний явж байсан ойролцоох газар нэг их гоё улаан машин ирээд зогсов гэнэ. Сонирхоод хартал Дэлгэрмаа бууж ирээд дэлгүүрээс бохь ч юмуу, юу ч юм аваад машин руугаа гүйгээд орчихов гэнэ. Машиных нь жолоог түүнтэй хамтарч дуулснаар нэр нь дуулдах болсон /Эхнэр хүүхдээ орхиод түүнтэй гэр бүл болж байгаа гэсэн байх/ Д.Хишигбаяр нь барьж явах юм гэнэ. Үүнийг харсан багш хоёр нүдэндээ ч итгээгүй биз. Хөдөө явж байна, амжихгүй нь гэсэн хүн дэргэд нь байж байдаг. Би хүнд огт хэрэггүй хүн болжээ гэж сэтгэл дотроо муухай гутарчээ. Монгол Улсын гавьяат багш тэр олон хөгжмийн амьд эцэг болсон хүн ингэж гутарна гэдэг юү гэсэн үг вэ?
Өөрөөр жинхэнэ хүн байхыг эрмэлздэг, хүн чанарыг хамгийн тэргүүнд тавьж ирсэн хүн л ингэж гутарна. Түүнээс ийм зүйлийг баргийн хүн тоохгүй өнгөрнө биз. Та багшгүй бол хэн ч биш, юу ч биш гэсэн эртний үг байдаг. Багш бол үндэс юм. Үндэсгүй ургадаг мод гэж үгүй. Өсөж торних тусам өөрийг чинь хүн болгосон багш нараа эргэж нэг дурсаж байгаарай гэж өвөг дээдэс минь сургаагүй гэж үү. Сайн багштай хүн, сайн шавь болдог гэдэг. Би сурган хүмүүжүүлэх их үйлсэд насаараа зүтгэж гавьяатын тэмдэг зүүсэн минь юу билээ. Шинэ залуу дуучид маань намайг ингэж хуурлаа. Тэгэхлээр би Монголын хөгжмийн урлагт юу ч хийгээгүй хүн болж таарах нь ээ хэмээн гутарсан байлгүй. Харамсалтай нь өнөөдөр Оид бүхний дунд Галаа багш маань алга. Магадгүй намайг өнгнрсөн хүний нэр барилаа гэх хүн гарч мэднэ. Гэвч зохиолын дуучидтай холбоотой ийм зүйл олон хүний амнаас сонсоод тэдний өмнөөс зүрх минь яасан их шаналдаг гэж бодно. Даанч яав даа гэмээр Би Бат-Эрдэнийг дууны урлагт хөтлөн оруулж, гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүний нэг яах аргагүй мөн. Түүнтэй хэн ч маргахгүй. Гэтэл уран бүтээлийн тайлан тоглолт хийх гээд Бат-Эрдэнийг хотоос гараад явж байна гэсэн хүн чинь ирсэнгүй. Сүүлдээ утас нь холбогдохоо больчихдог юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа түүн рүү залгаад Чи ч хүн чанараа хөлдөө чирчихэж. Хүнд худлаа хэлэх үе, ажилтай байх үе байлгүй яахав. Хэрвээ тийм бол чадахгүй гэдгээ шууд хэлчихгүй дээ. Би ойлгоно гэхэд Яг Хөтөл өнгөрөөд явж байтал машин эвдэрчихсэн. Тэгээд хүнээр чирүүлж буцаад хот орсон гээд хэнэг ч залж байх. Арай ч ингэж хүн чанаргүй загнаж, хэн гэдгээ, хэн байснаа мартаж болмооргүй юм хэмээн Говь-Алтай аймгийн Алтай чуулгын уран сайхны удирдаач байсан, одоо Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч байгаа Б.Цэрэндондов хөгжмийн зохиолч ярьж байяаа. Б.Цэрэндондов хэмээх энэхүү нэрт хөгжмийн зохиолчийн халуун өврөөс Алтай нутгийн бүхий л уран бүтээлчид шувуу шиг нисч их урлагт орж ирсэн. Шувуу хэдий хол газрыг зорьсон ч сэтгэл нь үүрэндээ хоргоддогсон. Тэгтэл хүмүүний үр яав. Яагаад багшийнхаа, их урлагт хөл тавихад нь дөрвөлүүлж, хэн ч биш байхад нь гаргаж ирсэн хүмүүсийнхээ сэтгэл рүү ус, шороо цацах болов гэдэг нь ерөөсөө л улаан мөнгөтэй холбоотой. Мэдээж тэр хүөнөө агуу дуучдын маань хөл урагшаа гишгэхээ байчихаж байгаа юм. Хэрвээ тав арван төгрөг өгнө, яаж зүгээр байхав гэсэн ганцхан өгүүлбэр хэлэхэд хоёрхон минутын дараа шур гээд очдог гэсэн шүү, тэд. Хэдий энэ цаг үед бүх зүйл мөнгөөр хэмжигдэж байгаа ч бас мөнгөөр хэмжиж боломгүй зүйл байдаг юм. Дотны гэсэн хүн бүхэндээ дандаа үнэ хөлсгүй дуулаад байна гэж юү байхав. Гэхдээ өөрийн чинь өмнөөс юугаа ч өгөх, юуг ч хийхэд бэлэн явдаг эрхэм дээд, ачит хүмүүсийнхээ далай их сэтгэлийг л мөнгөыр хэмжмээргүй байгаа юм. Уул нь хүн гээч чинь сэтгэлийн амьтан юмсан. Эрхэм дуучид, их урлагийн одод маань аливаа зүйлийг зааглан, жаахан утга учиртай ойлгож, бүхнийг зоосны нүхээр хармааргүй л .Тиймээс өөрийнхөө дотоод ертөнцийг үе үе чагнаж, өөртэйгээ ярилцаж, санаа бодлоо солилцож, гадаад өнгө төрхөө бус, дотоод чанараа толинд харж сурмаар байгаа юм. Ер нь өөрийгөө таньж мэдсэн хүн л хүн чанар, хүнлэг ариун сэтгэлийг жинхэнэ утгаар нь ойлгодог. Солгой хоолойтой, хоосон голгойтой, өөрсдийгөө зүгээр л тэнгэрийн амьтад гээд бодчихсон хүмүүс бололтой юм аа тэд. Тэдний тухай хэлэх үг ч үнэндээ олдохгүй байна. Хүн чанар гээч эрхэм зүилийг уландаа гишгэчихсэн, аливаа юмны үнэ цэнийг зөвхөн мөнгөөр хэмждэг ийм хөгийн амьтдыг аугаа их ард түмэн маань од гэж хүндэтгэн, электрон, техникийн хүчээр далайлгаж гаргасан дууг нь сэтгэлээрээ сонсч, ийм сайхан дуучид гарч ирсэнд баярлаж, хоногийн хоолоо залгуулдаг хэдэн төгрөгөөрөө CD-r нь худалдан авч тоглолтыг нь очиж үзэж, өвгөд хөгшид араас нь залбирч суугаа гэж бодохоор хамаг биений аазгай хөдлөөд байх юм. Ард түмний халуун дулаан сэтгэл, хайр энэрэл хэтэрхий халуун, хэтэрхий сайхан ч амархан хөрдөг талтай шүү нөхөд минь. Их урлагийн босгоор тэр тусмаа зохиолын дууны ертөнцөд ийм, ийм хүмүүс хүч түрэн орж ирж, цутгалан үүсгэж явсан юм шүү гээд нэрийг нь дурдахыг хүссэнгүй. Эрх биш тэд мэднэ байх. Хөндий хүйтэн хүмүүс хэзээ ч ард түмний хайрыг дааж чадахгүй. Морины хэмээх Г.Батбаяр гавьяат шиг уулс ус долгилуулан цангинатал дуулдаг хоолой тэдэнд байдаггүй юм аа гэхэд, магадгүй байж ч болох. Гэхдээ эргэлзэж л байна. Та бүхний халуун алга ташилтад урамшиж, сэтгэл оюуны чинь хүчээр би хөл дээрээ босч, өдий зэрэгтэй яваа юм шүү гэж нулимс дуслуулан аугаа их ард түмнийхээ өмнө цаг үргэлж мэхийх сэтгэл алга. Гэхдээ тэд чинь сайхан үг урсгаад дуулахаа мэднэ. Гэвч сэтгэлээсээ хэлээгүй үг, хүний сэтгэлд хүрдэггүй юм. Тэдэнд ийм далайц байхгүй. Эхнээсээ л урлагт чин сэтгэлээ өгөөгүй зүгээр буруу зөв дуулах нь хамаагүй мөнгө олох л бодолтой орж ирсэн хүмүүс ийм байдаг аж. Хэрвээ зүрх сэтгэлээ өгсөн бол өдийд ийм хүйтэн цэвдэг, аливаа зүйлийг зоосны нүхээр харахгүй байсан байх. Гэхдээ би энд бүгдийг нь хамруулаад хэлчих шиг боллоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Хүн чанарыг дээдэлж, эрхэмлэж яваа нэг нь бусдадаа хэлж зөвлөх хэрэгтэй. Багшийгаа юунаас ч илүү дээдэлдэг, ард түмнийхээ халуун хайр хүндэтгэлийг хүлээж яваа. Үндсэндээ оюунлиг, өөрийгөө таньчихсан нэг нь байна. Тиймдээ ч өнөөгийн зохиолын дууны ертөнцөд нэгэн дээд өндөрлөг бий болгосон биз. Болсон, болоогүй хайрын дуу уйлагнаж, түүгээрээ занимаалдан төгсөгчдийн хонхны баяр хэсч яваа дуучид олширлоо. Ийм нөхдүүдийг төгсгөн гаргаж байгаа СУИС-ийн багш нарт Оюутнууддаа аугаа их урлагаа заахаас гадна, жаахан хүнлэг сэтгэлийг бий болгооч ээ. Их урлаг сэтгэлгүй хүнийг хүлээж авдаггүй гэдгийг та бүхэн эрх биш мэдмээр юм гэж хэлэх байна. Дуучид адаглаад наад зах нь дууныхаа шүлгийг бичиж, аяыг нь зохиосон уран бүтээлчдээ мэдмээр. Шинэ залуу гарч ирж байгаа дуучдад ийм зүйл их дутагдаж байгаа. Гэхдээ хүн чанар гээч зүйлийн дэргэд энэ юу ч биш байх даа. Сүүлийн үед зохиолын дуучдыг мөнгөтэй, эрх мэдэлтэй хөгшин хүүхнүүдтэй явалддаг гэсэн дэл сул яриа чих дэлсэх болсон. Хүн дарга сайд болохоороо эхнэрээ яг машинаа сольж унадаг шиг сольдог тохиолдол манайд мэр сэр бий. Ийм ойлгомжгүй өвчин өнөө тэд гэж дээр хэлсэн нөхдүүдийн ганц нэгэнд нь халдварласан дуулдах юм. Мөнгөтэй л бол хэнтэй ч хамаагүй суудаг, мөнгөтэй л бол хүний ямар ч сайхан үрийг гомдоож, доромжилж болдог гэж арай ойлгоод яваа юм биш байгаа даа, тэд маань. Эцэс сүүлд нь хэлэхэд ийм хүмүүсийг мандуулж, тоглолтыг нь ивээн тэтгэж, хүмүүний эрхэм дээд чанар болох хайр, хүндэтгэлээ өгмөөргүй л байгаа юм. Ерөөсөө дууг нь телевиз, радиогоор явуулахаа болчихьё л доо. Тэд хэн ч биш болно биз дээ. Үүнийг л хүн байхыг эрмэлздэг, хүнээрээ явж байгаа олондоо уриалмаар байгаа юм. Ийм цэвдэг амьтдын тухай үгээ хэлэх цаг хэдийнэ болчихсон. Бид ямарваа нэг зоогийн газар мөнгөө төлөөд үйлчлүүлэхдээ аль болохоор амт шимттэй халуун хоол идэхийг хүсдэгтэй ижил дулаахан сэтгэлтэй амьд хүн-ий дуу хоолойг сонсч, уярч, кайф авч, дурсамжаа сэргээж, амьд яваагаа мэдэрмээр байна.
А.Тэмүү
2007.05.18 Өнөөдрийн монгол