Дэлхийн хамгийн том эрхийг хэлхлээ

Энэ өдөр наян тохой Майдар бурхны эх загвар, түүнд зориулан өргөсөн эрхийг Монголд залах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. Танхимд бурхны шашны холбогдолтой дуу эгшиглэж, кино танилцуулга тусгай дэлгэцэн дээр гарч хүндэтгэлийн арга хэмжээ эхлэв. Тусгайлан зассан тавцан дээр Майдар бурхан болон агуу том эрхийг байрлуулжээ. Анхнаасаа бүх л зүйл нь маш эмх цэгцтэй, нарийн дэг жаягтай эхэлсэн энэхүү арга хэмжээнд урлаг соёлын одод ая дуугаа өргөсний дараа бүх нийтээрээ Авралт гурван чухаг маанийг хөгжөөсөн юм. Түүнчлэн Дашчойлин хийдийн лам нар цам харайн олныг баясгаж, маани татлаа. Ингэхдээ Өндөр гэгээн Занабазарын зохиосон Жанрайсиг бурхны зүрхэн тарнийг аялгуулан уншсан юм. Ташрамд сонирхуулахад энэхүү тарнийг 1600 оны тэртээ зохиосноос хойш огт өөрчлөгдөөгүй, тасралтгүй уншигдсаар иржээ. Мөн. арга хэмжээний үеэр энэхүү аварга том эрхийг бэлэглэсэн Японы иргэн Хаяаши Хироши, Чой My Вей болон Баттур ХХК-ийн захирал Н.Батбаяр нарт Дашчойлин хийдийн тэргүүн, хамба лам Ч.Дамбажав өргөмжлөл гардууллаа. Харин хүндэтгэлийн энэ арга хэмжээнд хөгшин залуу, салбар салбарын 108 сүсэттэн урилгаар оролцсон бөгөөд аварга эрхийг хэлхэх хүндтэй үүрэг тэдэнд ноогдсон юм. Эдгээр хүмүүсийг бурхны шашинд сүсэглэж, хийдэд өргөл өргөж, мөргөл хийж явсан олноос тохиолдлоор сонгосон гэнэ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг сонирхож ирсэн үзэгчид, мөн аварга том эрхинээс адис хүртэхийг хүссэн сүсэгтнүүдэд Бөхийн өргөөний суудал хүрэлцээгүй зарим нь шатан дээр хүртэл суужээ. Эрхи нь Бурхан багшийн айлдлын илэрхийлэл болж ард олныг амар амгалан байлгаж, эрдэмтэн мэргэд ихээр төрөн гарах гээд ер нь сайн сайхныг дэлгэрүүлж байдаг хэмээн сүсэглэхийн учир энэ буйзаа. Эрхийг хэлхэж дууссаны дараа ирэх бямба гарагт Дашчойлин хийдэд сүсэгтэн олон хүрэлцэн ирж эрхинээс адис авах боломжтой хэмээн зарласан нь хуран цугласан хүмүүст таалагдсангүй бололтой шуугиад явчихна билээ. Зарим эмээ, өвөө боломжийг алдахыг хүссэнгүй бололтой зохицуулагчийн нүдийг хариулж байгаад хашлага давах нь хөгжилтэй бас содон. Гэвч хаалтын ажиллагааны дараа Билэгт сайн өдөр хөгшчүүлийн ганц ч атугай хүслийг биелүүлж аварга эрхинээс адис хүртэхийг бүгдэд зөвшөөрсөн юм. Ташрамд дурдахад энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Майдар бурхныг сэргээн бүтээн залах ёслолын эхлэл бөгөөд Зүүн хүрээ Дашчойлин хийдийн лам хуврагууд зохион байгуулсан юм.

З.Биндэрьяа

2007.05.18 Өнөөдрийн монгол

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button