Ц.Түмэнбаяр Ардчилсан хувьсгал ялаагүй бол бид баригдаж, шоронд ороод л дуусах байлаа

Түүнийг Монголын утга зохиолд анхлан хөл тавьж байх үед Ардын уран зохиолч С.Эрдэнэ Утга зохиолын ертөнцөд орж ирээд удалгүй жаргачих үүлэн чөлөөний наран бус гэдэгт итгэлтэй байна хэмээн хэлсэн байдаг. Тэрбээр ахмад зохиолчийн энэхүү итгэлийг алдаагүй гэдгээ зохиол бүтээлээрээ харуулж яваа билээ. Нэгэнтээ судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Д.Галбаатар Богино туульсийн шинэ хатан хаан гэж

тодорхойлсон байсан нь хэр чансаатай зохиолч болохыг нь бататгасан хэрэг биз. Ингээд шавилхан биед орших том ертөнцөд богинохон хугацаанд нэвтрэхийг чадан ядан оролдсон минь энэ.

-Яг одоо юу хийж байна вэ?

-Сүүлийн үед Монголын зохиолчдын эвлэлийн веб сайтыг шинэчилж байна.Энэ веб сайтыг өдөр тутмын ажиллагаатай болгох гэж байгаа юм. Энэ сайтаас зохиолчдын зургийн цомог, бүтээл, намтрыг монгол, англи хэлээр үзэж болно. Мөн тухайн зохиолчийн бүтээл англиас өөр хэлээр орчуулагдсан байвал тэр чигээр нь сайтдаа суурилуулна. Одоогоор өөртөө байгаа материалаа ашиглаад ихэвчлэн ахмад зохиолчдынхоо танилцуулга, намтар, бүтээлийг сайтдаа суурилуулаад байна. Залуу зохиолчдын хувьд зарим нь материалаа авчирч өгсөн. Олонхи нь авчирч өгөхгүй байна. Гэхдээ авчирч өгөх байлгүй гэж бодож сууна. Мөн сайтаараа дамжуулан номын худалдаа явуулах юм. Үүгээр номоо заруулахыг хүссэн хүн надад номоо авчирч өгч болно. Үүнээс гадна уран бүтээлийн тайлангаа хийх гэж байгаа зохиолч маань тухайн тоглолтынхоо талаар мэдээллийг болон зар сурталчилгааг цацуулж болно. Тухайлбал, одоо А.Эрдэнэ-Очирын тайлан тоглолтын тухай мэдээлийг тавьсан байгаа. Гэх мэтээр зохиолчдоо сурталчилсан, гадаад харилцааг өргөжүүлэх, гадаадад таниулах зорилгоор веб сайтаа шинэчлэн хийж байгаа юм.

-Бүх зүйлийг цахим мэдээллээс олж авахыг чухалчилдаг болсон өнөө үед МЗЭ-ийн веб сайт шинэчлэгдэн хийгдэж байна гэдэг сайхан сонсогдож байна. Энэ ажил хэзээ бүрэн дуусч, уншигчид маань зохиолчдын интернэт ертөнцөөр хэзээнээс чөлөөтэй аялж эхлэх бол?

-Одоо ч сайт маань ажиллаж байгаа. Харин мэдээллүүд нь ирэх нэг дэх өдөр гэхэд бүтэн тавигдаж дуусна. Мөн болж байгаа үйл явдлыг цаг тухайд нь мэдээлж байх юм. Хамгийн гол нь уран бүтээлчид болох гэж байгаа үйл явдлынхаа мэдээллийг нэлээд эртнээс өгчихвөл сайтаар сурталчлагдаад явна. Үүнээс гадна зохиолчид маань гаргасан шинэ номоо авчирч өгөөд байвал сүүлийн үед ямар шинэ номууд Гарч байна вэ гэдэг каталоги бүрэлдэх боломжтой болж байгаа юм.

-Тэгвэл одоогоор сонирхогч, уншигчид маань энэ сайтаас ахмад үеийн уран бүтээлчдийн талаархи мэдээллийг авч үзэх боломжтой болжээ?

-Болно. Гэхдээ зохиолчдын бүтээлийг бүтэн романаар гэх мэтээр тавих боломж байхгүй учраас томоохон бүтээлүүдээс нь хэсэгчлэн тавьж байгаа. Түүнээс гадна орчуулагчдын маань орчуулсан олон сайхан бүтээлүүд байдаг. Тэдгээрээс сайтдаа тавих ёстой. Тэгэхээр орчуулагчид маань бүтээлээсээ авчирч өгвөл зүгээр байна. Мөн сайтад маань шүүмж, судлалын нэг линк байх юм. Шүүмжлэгч, судлаачид маань эхнээсээ бүтээлээ авчирч өгч л байна.

-2009 онд МЗЭ-ийн 80 жилийн ой болно. Энэ ойг угтаад таныг эмэгтэй зохиолчдынхоо бүтээлийн эмхтгэлийг гаргах гэж байгаа сураг сонсогдож байсан?

-МЗЭ-ийн удирдах зөвлөлд байгаагийнхаа хувьд би хэд хэдэн зүйлийг хийхээр төлөвлөөд байгаа л даа социалист систем задарснаас хойш эмэгтэй зохиолчид маш олон болсон. Гэхдээ энэ хугацаанд эмэгтэй зохиолчдын нэгдсэн бүтээлийн түүвэр ер гарсангүй. Тиймээс МЗЭ-ийн гишүүн эмэгтэй зохиолчдынхоо шилдэг бүтээлүүдээр чадвал англи, монгол хэлээр нэг эмхтгэл гаргая гэж бодож байна. Бас нэг баримтат кино хийе гэж бодож байна. Нөгөөтэйгүүр, би бол 1980-аад онд гарч ирсэн зохиолч. Манай үеийнхэн бол шилжилтийн үеийн зохиолчид. Социализмын хатуу нударган дор залуу нас минь өнгөрч, утга зохиолын хүнд үе буюу нийгмийн шилжилтийн үед бидний нуруун дээр Монголын утга зохиол явж ирлээ. Үүрэхдээ муу ч үүрсэн байж болно. Сайн ч үүрсэн байж болно. Гэтэл тэр үед МЗЭ-ийн гишүүнд элсч чадаагүй, өөртөө л уран бүтээл хийгээд явдаг байсан миний үеийн маш олон зохиолч байдаг. Тийм учраас үеийнхнийхээ нэг нэг бүтээлтэй эмхтгэлийг гаргая гэж байгаа юм. Тэгэхдээ роман туужийг бүрнээр нь хэвлэж чадахгүй. Энэ эмхтгэлд бүтээл нь орох хүмүүс заавал МЗЭ-ийн гишүүн байх албагүй. Тухайн үед Монголын утга зохиолыг үүрч явсан МЗЭ-ийн гишүүн бус хүмүүс зөндөө байсан. Тэд нарынхаа зохиол бүтээлийг ийм хүмүүс Монголын утга зохиолыг үүрэлцэж явсан юм шүү гэж гаргаж тавимаар байна. Тэдгээр зохиолчдын маань заримынх нь бүтээлүүд өнөөдөр нэртэй алдартай хүний нэр дээр хүрвл хэвлэгдчихсэн байдаг. Бид үүнийг нь мэддэг. Тухайн үед нь уншчихсан байдаг. Тэгэхээр тэд нарыгаа гаргаж ирье, 1980-аад оныхон гэж иймэрхүү юмнууд байсан юм даа гэж харуулъя даа гэж бодож байна.

-МЗЭ-ийн гишүүнд элсээгүй, олонд төдийлөн танигдаагүй мөртлөө Монголын утга зохиолыг нуруун дээрээ үүрэлцэж явсан хүмүүсийн маань бүтээлүүд өөр хүний нэрээр хүртэл хэвлэгдсэн байдаг гэж байна. Үүнийг олон түмэнд ил болгож зарлах уу?

-Үүнийг заавал олонд зарлах хэрэггүй биз дээ. Тэртэй тэргүй одоо янз бүрийн уралдаан тэмцээнд ороход хөөрхий өнөө ядуу хэрнээ уран бүтээлдээ үнэнч хүмүүсийн маань зохиол бүтээлийг мөнгөтэй хүмүүс өөрийн нэр дээр уншихаар худалдаж авдаг болж. Энэ үзэгдэл зөвхөн утга зохиолын хүрээнд биш нийгмийн хүрээнд байгаа юм, Шинжлэх ухааны салбарт ч, хөгжмийнхний дунд ч байна. Би нэрийг нь хэлээд яахав. Өөр салбарын, миний мэдэх хоёр гурван хүн чадалтай сэтгүүлч, зохиолчдоор ном бичүүлчихээд өөрийнхөө нэрээр хэвлүүлсэн байдаг л юм.

-Үүнээс үүдээд асуухад, сүүлийн үед зохиолчийн эрх, оюуны өмч гэж их яригдах болсон. Гэтэл энэ тал дээр манай зохиолчид их хойрго ажилладаг юм уу даа гэж бодогддог юм?

-МЗЭ-ийн удирдах зөвлөлөөр энэ асуудал нэлээд яригдсан. Тэгээд зохиолчдын зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулахаар болсон. Тэгээд ч МЗЭ-ийнхээ дэргэд байгуулъя гэхээр төрийн бус байгууллагын дэргэд төрийн бус байгууллага байгуулж болдоггүй юм байна л даа. Тэгэхээр удирдах зөвлөлийн гишүүд нийлээд бие даасан зохиолчдын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага байгуулахаар Хууль зүйн яаманд материалаа өгчихөөд байгаа. Энэ маань батлагдаад гараад ирвэл зохиолчдынхоо эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаагаа явуулна.

-Ингэхэд энэ их ажлын хажуугаар уран бүтээлээ хийх зав гаргаж чадаж байна уу. Сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна вэ?

-2005 онд Согоо суман номоо гаргаснаас хойш дахиж ном гаргаагүй байна. Гэхдээ гадаад хэл дээр орчуулагдсан зохиолуудаа эмхтгэж номын эх бэлтгээд байна. Хэвлүүлэх мөнгө хэрэгтэй байгаа. Мөн Цахим нүүдэлчин гэдэг сэтгүүл гаргасан. Хамгийн сүүлд гэвэл, Үүлс үймэрсэн шөнө гэдэг өгүүллэг Өнөөдөр сонинд хэвлүүлсэн. Энэ бол Д.Нацагдоржийн шагнал авсны дараахь анхны бүтээл гэж хэлж болно. Одоо би Модун хааны дуут сум гэдэг роман бичиж байна. 2009 онд Хүннү гүрэн байгуулагдсаны нэг ёсондоо Модун Шаньюгийн хаан ширээнд өргөмжлөгдсөний 2200 жилийн ой болно. Тэгэхээр өдий болтол Модун хааны хэлсэн зарлиг, гаргаж ирсэн төрийн бодлого л дуут сумтай нь хамт эдүгээ хүрч байгаа юм гэсэн caнаатай роман бичиж байна.

-Үргэлжилсэн үгийн төрлөөр уран бүтээл туурвидаг хүмүүс харьцангуй цөөхөн байдаг. Тэгээд ч хүүрнэл зохиол туурвина гэдэг нэлээд амаргүй даваа санагддаг. Гэтэл та яагаад энэ хэцүү оргил өөд мацахаар шийдсэн юм бэ?

-Анхандаа би яруу найрагч болно гэж боддог байлаа. Тэгээд аяндаа л хүмүүс бичих ёстой зүйл рүүгээ орчихдог юм болов уу даа гэж боддог. С.Эрдэнэ гуай намайг Чи бол шүлгийн хүн биш өгүүллэгийн хүн гэж хэлсэн. Пүрэв багшид шүлэг, өгүүллэг хоёроо өгөхөд За яахав, чи наад усан шүлгүүдээ бичээд явж л бай. Тэгээд чи аяндаа өгүүллэг рүү орно доо. Чи бол өгүүллэгийн л хүн байна гэж хэлж байсан. Энэ бүгд жаахан хөтөлж өгсөн ч байж магадгүй. Ер нь манай зохиолчдын дунд үргэлжилсэн үгийн төрлөөр бүтээл туурвидаг эмэгтэй зохиолчид нэлээд олон байдаг юм шүү дээ. Социализмын үед цөөхөн байсан. Сүүлд бол нэлээд олон зохиолч гарч ирсэн шүү дээ.

-Таны үеэс эхлээд л нэлээд олон эмэгтэй зохиолч гарч ирсэн байх аа?

-Тэгж хэлж бас болох байх. Гэхдээ С.Удвал гуай ббл яах аргагүй Монголын хүүрнэл зохиолын хатан хаан юм. Романтай, туужтай, өгүүллэгтэй. Одгэрэл гээд сайхан тууж нь байна. Ховор хүн гэдэг өгүүллэг, Их хувь заяа гэдэг том роман байна. Үүгээр нь Хатанбаатар гэдэг сайхан кино хийснийг уншигчид маань мэднэ. Ингээд бодохоор үргэлжилсэн үгийн эмэгтэй зохиолчдын маань аргагүй л оргил нь юм. Харин яруу найргийн хувьд бол манай Ш.Дулмаа багш байна. Би Дулмаа гуайг багшаа гэж хэлнэ. Хэдийгээр яг ингээл үзэг бариад, яг ингээд ингээд бич гэж хэлдэггүй ч гэсэн намайг Монголын утга зохиолд дөнгөж хөл тавьж байх үед эмэгтэй хүнийхээ хувьд ч тэр, эмэгтэй уран бүтээлчийнхээ хувьд ч, сайхан яруу найрагчийнхаа талаас ч тэр, бүх талаар надад хамгийн эергээр нөлөөлсөн, хамгийн ойр дотнын сайхан үгийг хэлдэг байсан хүн бол Дулмаа гуай. Тэгэхээр Дулмаа багшийн шавь нар олон байдаг. Харин би Дулмаа багшийн шавь юмаа гэж дуугарах хүн цөөхөн байдаг юм болов уу даа гэж би боддог юм. Дуугарч байгаасай даа. Манай Дулмаа багш хүнийхээ хувьд, уран бүтээлчийн хувьд гэгээн замтай, гэгээн сайхан хүн.

-Тэгэхээр эмэгтэй хүн уран бүтээлч байна гэдэг хүний орчлонд үүрэх ёстой вчаан дээрээсээ хувь илүү ачааг нэмж үүрдэг юм болов уу гэж бодогддог юм. Гэтэл эмэгтэй зохиолчийг төдийлөн ойшоож хүлээж авахгүй байгаа хандлага энд тэнд бас ажилагддаг?

-Тиймээс өөрөө л чадалтай байх хэрэгтэй. Өөрөө чадалтай байна гэдэг гэр бүлийн ачаа, үр хүүхдийн ачаа, дээр нь ажлын ачаа, уран бүтээлчийн ачааг ухаантайгаар зөв зохион байгуулж чадна. Хамгийн гол нь цаг үеэсээ хоцрохгүй, хүн чанартай байж, хаана, яаж биеэ авч явах вэ гэдэг их чухал. Үүнийг Дулмаа багш ямагт хэлдэг байсан. Манай уран бүтээлчид их сайхан. Тэгэхдээ буруу зам руу татахдаа бас эрдэмтэй хүмүүс шүү. Тэр дунд л эмэгтэй уран бүтээлч хүн өөрийгөө зөв авч явж чадах юм бол зорьсон юмандаа хүрч чадна. Харин янз бүрийн үг хэлэнд нь хууртагдах ч юм уу, архи дарсанд нь оролцох ч гэдэг юм уу, ингээд л ирвэл уран бүтээлч болж чаддаггүй юм шүү гэж дөнгөж намайг 21 настай байхад хэлж байсан. Тэр бол ёстой жинхэнэ миний мах цусанд шингэсэн алтан сургааль байсан. Одоо ч би мартдаггүй, залуу шүлэгч охидуудад хэлж л байдаг юм, тэр дунд биеэ авч явна гэдэг маш чухал юм. Тэгээд өөрөө чадалтай байх.

-Өөрөө чадалтай байна гэдэг уран зохиолын ертөнцөд нэг л алхаж орж ирсэн бол яадаг ч байсан өөрийн ачаагаа үүрч чаддаг, үүргээ биелүүлдэг байх хэрэгтэй гэсэн үг юм гэж ойлгож болох байх. Тэгэхээр өнөөдөр уран бүтээлийн ертөнцөд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэй зохиолчид маань өөрсдийн үүргээ биелүүлж чадаж байгаа болов уу?

-Ямар ч байсан гүйцэтгэж байгаа. Ялангуяа яруу найргийн хувьд. Өнөөдөр олон эмэгтэй зохиолч Болор цом-д өрсөлдөж байна. Тэргүүн байрыг нь ч авлаа. Гэхдээ би эмэгтэй зохиолчид гэж ялгаж ярих дургүй. Яагаад гэвэл, бид нар уран зохиолыг эмэгтэй хүн гэдэг талаасаа бичиж байгаа юм биш. Эцсийн бүтээгдэхүүн уншигчдад очно. Тэр бүтээлийг, ер нь ямарваа нэг юмыг эмэгтэй хүн хийсэн байна уу, эрэгтэй хүн хийсэн байна уу гэдэг чухал биш. Гол үүргээ гүйцэтгэж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь чухал байдаг. Тиймээс эмэгтэй зохиолчид гэж ялгаж ярих дургүй. Харин манай зохиолчдын дунд нийтлэг нэг алдаа байгаа нь ажиглагддаг.

-Ямар алдаа вэ?

-Манайхан өнөөдөр бие биеийнхээ бүтээлийг уншихгүй байна. Шинэ юм уншихгүй байна. Шинээр гарч ирж байгаа шинжлэх ухааны ололт амжилтууд ч юм уу, бүр хуучин юмаа ч гэсэн уншиж, өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлэх юм байхгүй байна. Би хоёр жил Эрдэнийн эрхи өгүүллэгийн уралдааныг оюутнуудын дунд зохион байгуулж үзлээ. Гэтэл энд ирж байгаа бүтээлүүд тавхан сэдэвт л багтаж байна. Эцэг, эх, хайр дурлал, архидалт, гэмт хэрэг гээд ердөө ийм хэдхэн сэдэвт баригдаж байна. Тэгтэл нийгэм өчнөөн өөрчлөгдөж байна шүү дээ. Гар утас ороод ирлээ. Компьютер ороод ирлээ. Энэ бүгдийг яагаад өөрийнхөө талаас харж чадахгүй байна аа. Тэгээд бичсэн бичлэг нь аль эртний 1960,70-аад оны хэлбэр байдаг. Үүнээс өөр байдлаар зохиомжилж чаддаггүй, тархиа ажиллуулах тал дээр учир дутагдалтай тал ажиглагдаж байгаа юм.

Гэхдээ бас ололт амжилт байна. Ажил албатай маань ч холбоотой юм, сүүлийн үед гарсан номуудыг би нэлээд уншиж байна. Д.Энхболдбаатарын Агуу их сүр хүчний дууль роман, Н.Бадамжавын Амуль роман, тууж, өгүүллэгийн номыг уншлаа. Алтангэрэлийн Гэрэлт үүлс гэдэг номын эхийг бэлтгэлээ. Би бас өөрөө зохиолчдын номын эхийг их бэлтгэдэг учраас ажлын шаардлагаар нэлээд уншиж байна л даа. Мөн Б.Золбаярын Бүгээн, Батбаярын Хүрэл зүрх өгүүллэгийн түүвэр, Л.Өлзийтөгс, Г.Аюурзанын бүтээлүүд гээд нэлээд олон ном уншлаа. Ер нь надад номоо авчирч өгсөн хүмүүсийн номыг бүгдийг нь уншдаг л даа. Эдгээрээс надад хамгийн их таалагдсан, ер нь энэ бол Монголын уран зохиолд шинэ юм хийчихэж магадгүй юм даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн бүтээл бол Н.Бадамжавын Амульбайсан. Энд юу гардаг вэ гэхээр, миний бичих гээд, өөрийнхөө өгүүллэг зохиолд хийх гээд зүрхлээгүй юмыг гаргаж тавьсан байсан. Мэдэхгүй юм аа байхгүйд битгий тооц гэсэн үг байдаг шүү дээ. Тиймээс миний олж үзээгүй юм гэж хэлж байгаа юм. Монголын уран зохиолд миний олж үзээгүй нэг зүйлийг энд гаргаж ирсэн байсан. Энэ юу вэ гэхээр, нэг зохиолын 2-3 төгсгөл. Нэг хүний хувь заяа, нэг үйл явдал бол нэг л төгсгөлтэй байх ёстой гэдэг реализм бий. Энэ бол яах аргагүй амьдрал дээр бол үнэн. Гэтэл Н.Бадамжавын нэгзохиол нь гурван төгсгөлтэй. Би өөрийнхөө дотоод ертөнцөд яг тийм гурван төгсгөл, хоёр төгсгөлийг гаргаж байсан мөртлөө ерөөсөө л нэг л байх ёстой гэж бодоод төгсгөж байсан. Энэ бол сэтгэлгээний чөлөөт байдал. Тэр ингэж ч төгсч болох байсан, тэгж ч төгсч болох байсан. Аль төгсгөл нь зөв юм бэ гэдгийг уншигчдад үлдээх бололцоог нээж өгсөн байсан. Үүнийг гаргаж ирсэн нь уран зохиолд гарч ирсэн шинэ шийдэл.

-Үүнийг та гаргаж ирж чадах байсан ч уламжлалдаа баригдаад чадаагүй гэлээ. Гэтэл таныг яг Монголын уран зохиолд хөл тавьж байх үед нөгөө главлит зэрэг уран бүтээлийн цензур их байсан. Ийм цензурт хэр өртөж байв?

-Миний юмыг тэгээд хасчихсан гэх юм байхгүй. Угаасаа л социалст реализм байх ёстой, ажилчин тариачнаа магтах ёстой. Хамгийн хүнлэг энэрэнгүй нийгэм бол социалист нийгэм гээд сургачихсан болохоор яг үнэндээ түүндээ баригдаж л юм хийж байсан. Дээр нь эх орон, нам, засгийг магтсан шүлэггүй бол номыг чинь хэвлэхгүй гээд хүчээр намын тухай шүлэг бичиж байлаа. Яагаад гэвэл, би намд дургүй байсан. Ямар сайндаа МХЗЭ-ийн гишүүнээс намын туслах гишүүн болгоход нь би тэр дүрэм журмыг нь биелүүлж чадахгүй. Наадахыг тань зөрччихөөд хэрэгт орох байх, төвөг гэж хэлээд эвлэлийн үүрийн хурлаар орж л байхав. Ер нь бол ардчилсан хувьсгалыг уран бүтээлчид л эхэлсэн юм шүү дээ. Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөн болж түүн дээр Цэнддоо, Баабар, Батмөнх гээд манай үеийн уран бүтээлчид дуугаа нэгтгэж ардчилсан хувьсгалд уриалсан юм. Тэр хурал дээр С.Эрдэнэ гуай очиж Энэ нийгмийг шинэчлэх болсон гэж дэмжиж үг хэлж байлаа. Ахмадуудаас хамгийн түрүүнд үүнийг өөгшүүлсэн хүн бол С.Эрдэнэ гуай. Үүнийг хүмүүс одоо санадаг, үгүйг мэдэхгүй. Гэтэл сүүлийн үеийн залуус биднийг та нар социализмын бүтээгдэхүүнүүд. Социализмтайгаа дуусах ёстой гэдэг. Тэгвэл социализмын бүтээгдэхүүн байж байгаад шинэ үеийг харж, түүний өөрчлөлтийг хийж гарч ирнэ гэдэг нэгэнт гараад ирчихсэн юман дээр чөлөөт отгэлгээний юм хийхээс их өөр хэрэг. Тийм шилжилтэд миний үеийнхэн орсон. Миний үеийнхэн алдаа онооны дэнсэн дундуур, хувь заяагаа дэнсэнд хаяж байгаад энэ ардчиллын эх үндсийг тавьсан. Цэнддоо бидэнд Баабарын Хаан чи шалдан байна гэж хэлжчадах уу гэдэг зохиолыг уншуулж байлаа. Тэр үед бид МЗЭ-д элсээгүй, залуу уран бүтээлчид байсан. Тэр зохиолыг хувилж тараах хэрэгтэй байна гэхэд нь бичгийн машин дээр бичиж өгч байсан хүний нэг нь би. Гэтэл тэр үед тийм юм хийх аймшигтай байлаа шүү дээ. Хэрвээ ардчилсан хувьсгал ялаагүй бол, бид тэгж нууцаар тийм юм хийж байгаад баригдсан бол шууд шоронд ороод дуусах байсан. Ийм юманд бид нар зориглож, энэ өөрчлөлтийг хийлцсэн юм. Үүнийг бардам хэлж чадна.

Зохиолчид ингээд үүргээ гүйцэтгэчихээд нам жим болсон. Цааш нь улстөрчид, бизнесмэнүүд аваад явсан. Харин одоо дуугарах цаг нь болжээ. Эх орон баларч байна гэмээр байна. Яагаад гэвэл, саяхан багш нарын их хурал болсон. Энэ хурлаар ЕБС-д монгол хэлний хичээлийг долоо хоногт нэг цаг заахаар болоод, уран зохиолын хичээлийг эх хэлнийх нь хичээлд суулгаж өгнө гэж ярьсан.

-Ер нь уран зохиолын хичээлийг хичээлийн хөтөлбөрөөс бүр хасах гээд байгаа юм биш үү?

-Тийм. Арай л монгол хэлний хичээлийг бүрэн хасъя гэж хэлж чадсангүй. Эрх биш бүгдээрээ гадаад хэлтэй болчихоогүй юм болохоороо тэр биз. Гэтэл монгол хэлний суурь нь юу юм бэ. Монголын утга зохиол. Монголын уран зохиолгүй монгол хэл яах юм бэ. Монгол хэлний баялагийг уран зохиолоос олж авдаг. Үүнийг яах гээд байгаа юм бэ. Үүнийг орхие гэхэд дэлхийн түүхтэй танилцаж байсан орчуулгын уран зохиолыг хаанаас олж үзэх юм бэ. Ер нь дэлхийн түүхээс нэг жишээ хэлье. Еврей үндэстэн эх орноо хаяж гарсан. Эх орноо хаяж гарахад эх хэлээ хаядаг. Эх орондоо байхдаа ч эх хэлээ хаясан юм бил үү, хэн мэдэхэв. Үүнийхээ горыг еврейчүүд 1000 жилийн дараа амссан. Германы фашизмд нухчуулж байж аливаа нэгэн үндэстэнд нутаг газар, эх хэл, эх бичиг хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Ингээд 1947 онд Израиль гэдэг улсыг байгуулахдаа өөрийнхөө хэл бичиг соёлыг авсан. Тэгвэл бид ийм болчихвол яах юм бэ. 1000 жилийн дараа еврейчүүд шиг гаргаж ирж чадах уу. Гэтэл бас даяаршлын нийгэмд англи хэл хэрэгтэй гэж байна. Тэгвэл тэр Америк гэдэг улс чинь 300-хан жилийн түүхтэй. Монгол хэдэн жилийн түүхтэй юм бэ. Сая шахам жилийн өмнө хүн төрөлхтөн бий болсон гэдэг. Тэгтэл Цагаан агуйгаас 900 гаруй жилийн өмнө байсан хүний яс олдсон. Тэгэхээр хүн төрөлхтний өвгийн нэг хэсэг монгол нутагт байжээ. Тиймээс монгол гэдэг хүн төрөлхтөн үүссэн цагаас эхэлсэн түүхтэй улс. Тэгэхээр суурин байсан язгуурт төр гэдэг шал өөр юм. Модуны дуут сум романаа бичих гээд би дэлхийн түүхийг дахиж сөхөж үзлээ. Гэтэл Хүннүгийн үеэс XҮII хүртэл монголчууд оролцоогүй дэлхийн түүх гэж алга. Энэ хооронд монголчууд л дэлхийг эзэлж, захирч байж. Ялангуяа XIII-XҮII зууны хооронд, бүхэл бүтэн 500 жилийн хооронд. Үүний өмнө Хүннү 300 жил ноёрхлоо тогтоож байсан. Хэдийгээр дэлхийг бүгдийг эзлээгүй ч Хүннүгийн цусны хаад Ромд, Францад, Дундад Азид очиж улсыг байгуулж байсан. Энэ чинь юуг хэлж байгаа юм бэ гэхээр, Монгол Улсаа чи байж бай гэсэн үг. Чи хүн төрөлхтний түүх шүү, байж бай гэсэн үг.

-Тэгэхээр Монгол Улс оршин тогтнохын тулд хэл соёлоо хамгаалан үлдэх ёстой?

-Мэдээж. Хэл, соёлтой байх ёстой. Хэл, соёлоо авч үлдэхийн тулд уран зохиол байх ёстой. Гэтэл өнөөдөр хүүхэд, залуусыг зөв ярьж чадахгүй байна гэж байгаа мөртлөө уран зохиолын хичээлийг байхгүй болгочихоор хэн зөв ярьж сурах юм бэ. Одоо л нэг юм жинхэнэ үнэн түүхээ үзэж эхэлж байна. Социализмын үед засварласан түүх үзэж байсан. Үндсэндээ 200, 300-гаад жил бид түүх, соёлоороо хэлмэгдчихсэн. Тэгээд одоо сэргэж байхад бид багалзуурдаж яах гээд байгаа юм. Өмнө нь гадныхнаар багалзуурдуулж байж. Тэгвэл одоо яах гээд байгаа юм бэ. Тэгэхээр аливаа үндэстнийг сөнөөө гэвэл эхлээд бичгийг нь, тэгээд хэлийг нь сөнөөдөг. Дараа нь газар нутгийг нь эзэлдэг. Би монгол хүн гэчихээд англиар яриад байвал хэн намайг монгол хүн гэх юм бэ. Монголын уран зохиолын яруу тансагийг мэдэхгүй, нэг ч зүйр үгийг мэдэхгүй байж даяаршлын дунд би яаж монгол хүн гэж хэлж, ялгарч явах юм бэ. Ийм л юм сүүлийн үед бодогдоод байгаа юм.

-Та бид хоёр уран зохиол, хэл, соёлын талаар нэлээд ярилцлаа. Одоо яриагаа эргээд таны уран бүтээл рүү хандуулъя. Та С.Удвал бол яах аргагүй хүүрнэл зохиолын хатан хаан гэлээ. Гэтэл судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар нэгэнтээ таныг Богино туульсийн шинэ хатан хаан гэж тодорхойлсон байсан. Энэ мэтчилэнгээр таны уран бүтээлд зориулсан шүүмж, судлалын нэлээд бүтээл байдаг юм билээ, Тэгэхээр таны бүтээлүүд нэлээд сайн судлагдахуун болж чаджээ дээ?

-1992 онд би Удган гэдэг өгүүллэгийн номоо гаргасан. Тэр үед МЗЭ-ээс Олон улсын уран зохиолын хотол чуулганыг зохион байгуулсан юм. Тэнд би гадаадын нэлээд хэдэн зохиолчдод номоо өгсөн. Тэгээд 1993 оноос эхлэн Санктпетербургийн их сургуульд миний зохиолуудыг хичээлийн хөтөлбөрт оруулсан юм билээ. Ялангуяа Удган-ыг. Ганц минийх биш л дээ. Манай нэлээд зохиолчдын бүтээлийг судалсан.

Тэр дунд богино өгүүллэгийн төрөлд миний бүтээлүүд орсон нь энэ. Ингээд 1993 оноос эхлэн одоо болтол жил болгон миний зохиолоор дор хаяхад 2-3 хүүхэд дипломын ажил хийдэг гэж би сонссон. Зарим нь надад ирсэн. Бас Өвөрмонголд судалдаг юм билээ. Польшийн Варшавын их сургуульд үздэг юм билээ. Нэг залуу ирж уулзсан. Мөн утга зохиол, тайз дэлгэцийг чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг манай сургуулиудад миний бүтээлээр их олон зүйл хийсэн байдаг. Одоогоор 60 гаруй дипломын ажлын нэр надад бий. Тэр ч байтугай Шархад дахь Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн хоёр оюутан миний Шөнийн сернада гэдэг өгүүллэгээр диплопын ажил хийсэн байсан. Яаж хийсэн бэ гэхээр, миний өгүүллэгт зураачийн тухай өгүүлдэг юм. Гэтэл тэд эмчлүүлээд нэлээд гайгүй болтлоо эдгэрчихон нэг бүсгүйд уншиж өгөөд түүний сэтгэл хөдлөлийг харж зураг зурсан байгаа юм. Тэгтэл нөгөө хүнийх нь өвчин сэдрээд, хүчтэй тарианд орсон байсан. Ийм хачин юм хүртэл хийсэн байдаг юм билээ.

Ш.Анхтуяа

2007.05.18 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button