Монголчууд гадаад далайгаас хишиг хүртэнэ

Далай ашиглах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, хөлөг онгоцноос далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, далайчдын хөдөлмөр хамгааллын асуудлыг Далай ашиглах тухай хуулиар зохицуулах, мөн хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгох, далай ашиглах асуудлаар төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах Үндэсний хороог Засгийн газар байгуулах асуудлаар Далай ашиглах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна. Уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцэхэд гишүүдийн олонхи нь дэмжсэн бөгөөд энэ байр сууриа ч нэгдсэн хуралдааны үеэр баримталлаа. Ингээд гишүүдийн олонхи нь уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыгдэмжиж, хуулийн төслөө боловсруулж ирэхийг даалгаж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Гэхдээ Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад зарим гишүүний гаргасан санал дүгнэлтийг судалж үзэхийг УИХ-ын дарга анхааруулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санал болгосноор, 1999 онд баталсан Далай ашиглах тухай хуулийг өнгөрсөн долоон жилд хэрэгжүүлсэн байдалд дүгнэлт өгөх, гишүүн Б.Мөнхтуяа Хөвсгөл далай дээр тос гоожуулаад зогсч байгаа хөлөг онгоцыг одоо хүртэл гаргаагүй байгаа, иймд гадаад далайн биш өөрийн дотоодод учраад байгаа асуудлыг дотоодын далайг зохистой ашиглах асуудлыг эхлээд шийдэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байсныг төслийн цаашдын хэлэлцүүлгийн явцад харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

Байлгаад өгөөч

Асуулт асуух, үг хэлэх гишүүдийнхээ тоог алхаараа тогшиж хязгаарладаг эрхэм спикер өчигдөр гишүүдээ ийн гуйсан. Учир нь Далай ашиглах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэний дараа Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төв байгуулах зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай асуудлыг Засгийн газраас танилцуулсны дараа уг хэлэлцээртэй холбогдуулж, асуулт асуух, бүр үг хэлэх ч гишүүн олдоогүй. УИХ-ын дарга Ц.Нямдорж гишүүдээсээ хэд хэдэн удаа Үг хэлэх, асуулт асуух гишүүн байна уу гэж асуухад бүгд л нэгэн дуугаар байхгүй гэв. Харин ийнхүү түүнийг шалахад эрхэм гишүүн А.Бакей даргынхаа зовлонг ойлгож Баруун бүсэд хэзээ ийм оношилгоо эмчилгээний төв байгуулах вэ гэж асуусан юм. Ингээд зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг холбогдох байнгын хороонд нь шилжүүлэх саналтай байгаагаа УИХ-ын дарга хэлсэн ч эрхэм гишүүд Шууд соёрхон баталъя гэснээр зээлийн хэлэлцээрийг баталснаар нэгдсэн хуралдаан цаг ч хүрэхгүй хугацаанд өндөрлөв. Харин өнөөдөр үдээс өмнө нэгдсэн хуралдаангүй бөгөөд үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Т.Болор

2007.05.18 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button