МЗЭ-ийн шагналт зохиолч, сумын заан Ш.Галсанбаатар Авилга өгөөд Дүвчин заан айхтар шатсан юм
Дашрамд өчихөд зохиолч Галсанбаатар өөрөө сумын заан бөгөөд дээд өвөг Цогзолын Сандаг (1888-1982) нь 1912 оны Сэлэнгийн Товхон хан уулын тахилгын наадамд түрүүлсэн ажээ.
-Элэнц өвөг тань цаашаагаа сүрхий барилдсан биз?
-Товхон ханы наадамд түрүүлэхэд нь Хараагийн Дарь Эх лам, Дөрвөн талтай минжин малгайгаар шагнаад Чи хаанахын хүүхэд вэ? гэж асууж л дээ. Уялга харуулынх гэвэл Даанч Даян дээрхийн гараа дэвээтэй харагдаад байсан юм. Уг нь босоо бөх болмоор юм, гэвч барилдвал нас л богинотой юм даа гэсэн юм билээ. Тэгээд дахиж зодог шуудаг өмсөөгүй. 94 нас зооглосон доо.
-Танай Архангай Хайрхан сумаас халхад цуутай олон бөх төрсөн дөө. Аат Лувсанжамц арслангаас эхлээд?
-Үнэн. Улсын наадамд нэг түрүүлж нэг үзүүрлэсэн Довчингийн Лувсанжамц арслан их аатай, цөс нь хавиргаа нүдсэн эртэй бөх явсан юм билээ. Монгол хүү киноны ноёны бөхөд тоглосон гүзээ их Лундаа арсланг Max ачих гэсэн юм бол Лундааг ач. Бөх ачих гэсэн юм бол Намайг аваач гэж аархаад уурлуулж байсан бөх. Бас аймгийнхаа наадамд барилдахаар явах замдаа айлд даалуудаад тохож явсан гөлмөө алдчихаад байхдаа танил айлынхаа хуучин нанжин гөлмийг аваад Аймгийн наадамд түрүүлсэн бөхөд ийм гөлөм өгдөг гэнэ лээ. Намайг түрүүлэхээр түүнийг аваарай гэж ам гараад хэлсэндээ хүрч байсан үнэн аатай амтай бөх байжээ.
-Аат Луяа арслангийн үеийн суудал Содов арслан бас танай сумынх байх аа?
-Улсын наадамд үзүүрлэсэн Суудаг Содов гуай залуудаа эхнэртэйгээ ам мурийтал цаадах нь төрхөм рүүгээ гүйчихэж. Өөрөөс нь дутахгүй зузаан эмэгтэй байсан юм. Гэрт очоод аргадаж гуйгаад дийлээгүй тул За яахав, салж байгаа юм бол сүүлчийн удаа гар барьчихъя гэж хэлээд гараа барилцмагц ганцхан угз татаж тэвэрч өргөөд тэмээндээ тэгнээд гэртээ аваачсан гэдэг.
-Даян аварга Чим?
-Улсын наадамд хоёр түрүүлж гурав үзүүрлэсэн Ц.Чимэд-Очир даян аварга харимал болсон үедээ шар үхрийн тёрган хавиргыг ганц мушгиад гурван хэсэг болгосонд бяр тэнхээг нь шагширан орос цагаан шанагаар сарлагийн охь халааж дийлжээ. Тэгэхэд хүн Аварга та арай наад зузаан шанагыг хортой цаас шиг базчих юм биш биз гэж ам асуухад нь Дээшээ харсан сав эвдэлбэл дараа нь аманд орох нойтон юм олдохгүй биз гэвэл Бүү зов, бяртай бол базчих гэсэн юм байж. Аварга нэг базаад пивоны лааз шиг үнгэчихээд Чимэд-Очир айлд ороод агсам тавьлаа гэх байх. Алив наадахаа өг гээд өвөртлөөд явсан гэдэг шүү.
-Та бөх судлаач хүнийхээ хувьд олон аварга, арслантай уулзаж явсан нь мэдээж. Хоёр Мөнх аваргын тухай сонин юм яриач?
-1979 оны хавар Баянаа аварга нутагтаа оччихоод аймгийнхаа жолоочийн машинаар буцах замдаа манай Хайрхан сумын Дугуйн буланд хаваржиж байсан улсын аварга малчин Намсрайн Жамцынд зам таарч бууж л дээ. Жамц гуай халамцуухан сууж, аваргыг таниагүй тул жаахан царай муутай байж л дээ. Нэр усаа хэлэлцээ юм биз. Баянаа аварга өөрийгөө Би Монголын дархан аварга Баянмөнх гэдэг хүн байна. гэсэнд аварга малчин Н.Жамц гуай Чиний дархан аварга надад ямар хамаатай юм. Би ч бас аварга Жамц байна гээд баахан дүвчигнэх маягтай байж. Баянаа аварга Хаврын хавсарганд харшаад та ядраа биз. Нутгийн маань идээг хүрт гээд Хан хөхий гаргаж өгөөд хоночихоод явжээ. Өглөө архи нь гарсан Жамц гуай, Монголын их аваргыг сая таньж хайлсан тугалга шиг хайлаад Их аваргадаа ганц эр хонь гаргая. Та төхөөрөөд авч явах уу, амьдаар нь аваад явах уу гэсэнд Баянаа аварга Хэдхэн хоноод ногоо гарах гэж байхад би амьтны амь таслуулаад яахав Сүрэгтээ үлдэг гэж хэлээд дахин нэг Хан хөхий гаргаж Жамц аваргын дотрыг нь засч өгөөд явсан гэдэг юм.
-Таныг баахан чилээв үү дээ. Одоо ганц зугаатай зүйл яриад цэглэх үү?
-1991 онд юм. Монголын хоршоо дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юмгүй байсан цаг. Барааны саван бол нүдний гэм. Би түүхий эд борлуулах газрын агуулахын нярав байлаа. Нэг өдөр З.Дүвчин заан ирээд Өвгөн чинь Хужирт явах болчихлоо. Хэдэн савантай очих гэсэн юм, чи тусал гэлээ. Би хаяагаа манаад даргатай уулзуулбал Нярав л мэднэ гээд над руугаа чихнэ биз. Дүвчин заан намайг Шовгор харав гэсэн үү Хөдөлмөр ниймгэмлэгийн нярав Дамбадаржааг дагуулаад 5 лонх Цагаан архи, нэг авдар Тунгалаг пиво тэврээд ороод ирлээ. Тэр үед архи чинь картанд орсон цаг. Нийлээд өнөөдүүлийг хүртлээ дээ. Дүвчин заанд 100 ширхэг барааны саван өгч мөнгий нь аваад би үлдэнэ биз дээ. Хожим тооцоо гаргахад нэг саванг Дүвчин заан надаас 100 төгрөгөөр худалдаж авсан тооцоо гарч билээ. 1991 оны зуун төгрөг өнөөдөр бараг 10 мянгатай тэнцэнэ биз. Тэр үед нэг саван таван төгрөг байлаа ш дээ. Ингэж Дүвчин заан сүрхий шатсан юм даа
Тэргүүн