Найруулагч Б.Мөнхдорж Бээжин-2008″-аас монголын ууган аварга төрөөсэй гэж залбирч байгаа

Түүний ууган хүү нь театрын том найруулагч Б.Мөнхдорж. Энэ хүний тухай тайлбарлах шаардлага үгүй буй за. Учир нь монголчууд андахгүй. Би спортоос хол хүн дээ. Гэхдээ яах вэ. Спортоос харь явдаг хүн байдаггүй болохоор ярья гэж тэрбээр өгүүлсэн юм.

-Та багаасаа л найруулагч болно гэж бодсон уу?

-Яалаа гэж. Аав маань Монголд алдартай хөгжмийн зохиолч бол ээж маань хөгжимчин хүн. Нэг үгээр би хөгжмийн орчинд өссөн. Гэтэл би хүүхэд байхаасаа жүжигчин болно гэж өвчилсөн. Тэр үеийн Зөвлөлтийн том жүжигчдийн оронд өөрийгөө тавьж мөрөөдөөд л. Бүр алиа Данзан, Содном гуай нар шиг жүжиглэдэг хүн болно гээд шийдчихсэн байсан шүү. Гэтэл аав Чи жүжигчин болох санаатай юм бол ажилчнаас нь эхлэ гэж захиргаадаад арваа төгсөхөд минь кино үйлдвэрт туслах ажилчнаар оруулсан. Найруулагч, жүжигчдийн хоол зөөнө. Бүр Өглөө кинонд гардаг тэмээг хүртэл манана. Аавдаа гоморхож Би жүжигчин л болмоор байна гээд. Тэгээд М.Бадамгарав гуай, Б.Дамчаа гуай, Ягаан Гажид Цэнд-Аюуш, Элбэгсайхан нарын орчуулгын кинонд дуу оруулдаг ангид орсон. Оросын овоо хэдэн кинонд дуу оруулсан шүү. Тэгэхдээ бас дуу оруулдаг жүжигчний ажил санаанд хүрдэггүй. Хүүхэд залуучуудын театрт гүйж очоод шалгуулсан чинь тэнцчихлээ. Л.Лхасүрэн, И.Нямгаваа бид гурав хамт орж байлаа шүү дээ.

-Тэгээд яагаад жүжигчин биш найруулагч болчихов?

-Жүжигчин болж чадахгүй юМ байна гэдгээ мэдэрсэн, тэр авъяас нь надад байгаагүй юм. Ялангуяа 1969 онд Москвагийн театр урлагийн дээд сургуульд очсон хойно жүжигчний авъяасгүй гэдгээ бүр сайн мэдсэн. Тэгээд л найруулагчийн ажлыг сонгосон.

-Монголын эрэгтэй хүүхэд бүхэн ноцолдож өсдөг. Бөх болъё гэж бодоогүй юу?

-Бөх болъё гэж мөрөөдөөгүй ч үеийнхэнтэйгээ ноцолдож л явсан. Хоёр Мөнхийг бахдаж явсан хүний нэг нь би. Араас нь залгасан Цэрэнтогтох, Хадаа аваргыг бас бахархаж явлаа. Ерөөсөө монгол эр хүн бөхчүүдээ бахдаж биширч байдаг нь манай үндэстний жам байх.

-Сархадаас та хол яваагүй. Нударга зөрүүлж л явсан байх. Бокст хэр хорхойсдог вэ?

-Олзод багш, Хайдавын Алтанхуяг, Шар Гомбо, Банди гээд залуу насны минь аатай нударгачдыг шагшаагүй гэхэд омгорхож явсаан. Залгаад гарсан Равсалын Отгонбаярыг Монголын боксчдоос анхны дэлхийн мөнгөн медаль авахад үнэхээр омгорхсон шүү.

-Спортын сэдэвтэй жүжиг та тавья гэж боддог уу?

-Сайхан зохиол ирвэл би тавина. Хамгийн гол нь залуу нас, эрч хүч, өөдрөг үзэл шингэсэн зохиол байх ёстой. Тэгж байж зохиол амьдарна, үзэгчдийг дуудна.

-Урлагт аваргууд байна биз?

-Монголын урлагийн алтан үеийнхэн бол Аваргууд юм шүү. Найруулагч С.Гэндэн, Л.Ванган, ардын жүжигчин А.Очирбат, цөм аваргууд. Луу гүний Итгэлт баяны дүрээр мөнхөрсөн энэ хүн намайг урлагийн замд хөлд оруулсан юм. Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай, бүжгийн С.Сэвжид багш, зохиолч Ч.Чимэд гуай нар бол яахын аргагүй лут аваргууд шүү дээ. Тэд нартай дөрөө нийлж, архинд нь гүйж үгий нь сонссон минь үнэхээр том аз завшаан. Нэгэнт спортын сэдвээр ярилцъя гэсэн болохоор чинь би хэлэхэд Бээжингийн олимпоос Монголын анхны ууган олимпийн аварга төрөөсэй гэж би залбирдаг шүү.

-Хэнийг анхны аварга болно гэж та найдаж байгаа бол?

-Жүдо, буудлага, бокс гурваас л төрнө. Ялангуяа Цагаанбаатар, буудлагын охидод их найдаж байгаа.

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button