ТӨХ-ны дарга Д.Сугар, Монголросцветмет нэгдлийн дарга О.Эрдэнэ нарыг эх орноосоо урвасан гэж үзлээ
ТӨХ-ны дарга Д.Сугарын нэр Асгатын мөнгөний ордны нэртэй байнга хамт бичигддэг. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний нэртэй холбоо бүхий хоёр ч асуудал яригдаж байна. Нэг нь Асгатын мөнгөний ордыг Оросуудад өгөх талаар нууцаар гэрээ байгуулсан гэх асуудалд орж байсан тэрбээр С.Мироновын айлчлалын үеэр бараагаа ч харуулахгүй байгаа гэнэ. Ямартаа л Ерөнхий сайд түүнийг олохыг лүндэндээд байгаа аж. Лүндэн буулгасан нь ч учиртай. Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж энэхүү хуралдаанд түүнийг байлцуулах гэснийх. Д.Сугар дарга Монросцветмет нэгдлийн дарга О.Эрдэнээгээс зуун сая төгрөг авч түүнийхээ гучин саяар нь Асгатын мөнгөний ордны талаар кино хийлгүүлэх санал тавьсан байгаа аж. Бас Ранзай нэрээр олны танил болсон Ганболд хэмээгчид гурван сая төгрөгөөр өгүүлэл бичээд өгөөч гэсэн санал тавьсан гэнэ. Тэрхүү саналыг зуучлагч нь Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Онон байсан нь бүр хачирхалтай санагдаж асуудлыг дээш нь уламжилснаар Д.Сугар даргын төлөвлөгөөний нэг хэсэг нь бүтэлгүйтэж эхэлсэн бололтой. Харамсалтай нь тэрхүү санал нь Засгийн газрын барьж байгаа бодлогын эсрэг байсан учир татгалзсан хариуг өгсөн аж. 6280 тонны цэвэр мөнгөний нөөц бүхий энэхүү ордыг удаан жил ашиглахад 30 сая доллар л хэрэгтэй болохыг манай эдийн засагчид хэдийнээ тооцоод гаргачихсан. Энэ мөнгө тийм ч их мөнгө биш, бид гаргах боломжтой гэсэн байр суурьтай хүмүүс олон байгаа. Ямартаа ч Ерөнхий сайд уг ордыг Оросуудад өгөхгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа юм. Д.Сугар, О.Эрдэнэ нарыг эх орноосоо урвасан урвагчид хэмээн өдгөө иргэний хөдөлгөөний удирдагчдын Д.Чимэдсүрэн тэргүүтэй нөхөд саяхан MN25-p суваг телевизээр зарлалаа. Үнэндээ л тэдний хийсэн үйлдлийг дээрхээс өөрөөр хэрхэн тодорхойлох ч юм бэ дээ. Д.Сугар даргатай холбоотой дараагийн асуудал бол Гадаадад ажиллах хүч зуучлан гаргах төвтэй холбоотой асуудал. Уг нь уг төвийн эрхийг түр түдгэлзүүлээд байгаа. Гэтэл тус төв удахгүй хүмүүсээ бүртгэж эхэлнэ хэмээн зар тараагаад байгаа нь өөрөө хууль бус үйлдэл болохыг Зуучлах товчоо-ны хуулийн зөвлөх А.Гансүх мэдэгдээд байна. Гадаадад ажиллах хүч зуучлан гаргах төвийг Зуучлах товчоотой хамтран байгуулах тухай тогтоол аль эртнээс гарсан ч өдгөө зуун хувийн төрийн өмчит болгон байгуулсан аж. Үүнээс үүдэн Зуучлах товчооныхон Захиргааны шүүхэд хандсанаар дээрх төвийн эрхийг энэ сарын долооноос эхлэн түр түдгэлзүүлсэн шийдвэрийг гаргасан байгаа. Хэрвээ хадгаламж зээлийн хоршооны хохирогчид шиг баахан хохирогч гарч ирэх юм бол энэ хариуцлагыг ТӨХ, тэр дундаа тогтоол шийдвэрийг гуйвуулан байгаа Д.Сугар дарга хүлээж таарах нь ээ.
Тэргүүн