БХБЯ-ны сайд Ж.Наранцацралт Яг үнэндээ бол бид 150,000 айлын орон сууцны зураг хийчихсэн байж байгаа

Гурван жил өнгөрөхөд 40 мянгын сураг ч үгүй байсаар гэж ард түмэн бухимдаж байсан цаг саяхан. Гэвч энэ оны 3-р сараас алхам алхмаар урагшилсаар энэ асуудал шийдэгдэж эхний хэсэг нь бүр сууриа тавиад авлаа. Өнөөгийн цагт мэдэх чадах хамгийн том ноёнтой уулзаж гол асуудлыг тодруулахаар БХБЯ-ны сайд Ж.Наранцацралттай уулзаж бага сага тодруулснаа эрхэм уншигч тантай хуваалцъя.

-40 мянган айлын орон сууц хөтөлбөр гэдэг юм та нөхдийн ч, ард олны ч санаа сэтгэлд горьдлого төрүүлж, бүлх залгисан юм шиг гурван жил горойлголоо. Эхнээсээ ард түмэнд очсон сууц алга л байна гэж хэлбэл?

-Анхнаасаа орон сууцны энэ хөтөлбөр бол байшин бариад байхдаа гол нь биш юм. Үүнийг эхнээс нь сайн ойлгох хэрэгтэй. Энэ бол Монгол улсын засгийн газар иргэдээ орон сууцаар хангах тодорхой бодлого барьж ажиллаж байна гэдэгт асуудлын гол нь байгааг бодож хандах хэрэгтэй. Хэдэн байшин хаанаа барих вэ, хэн хэн орох вэ гэдэгтээ гол нь биш, яаж энэ системээ өөрчлөх вэ гэдэгт л гол нь байна.

-Манай иргэд Улаанбаатарт өнөөгийн байдлаар орон сууц нэмэгдэх байтугай жил ирэх бүр хасагдаж байна гэж ярьдаг, учир нь шинэ айл өрх үргэлж өсөн нэмэгдэж байна?

-Одоогийн байдлаар манай улсын нийт өрхийн ердөө л 20% нь инженерийн хангамжтай орон сууцанд амьдарч байна. Нийслэлийн хувьд зөвхөн 50% хүрэхгүй нь л орон сууцанд байна, бусад нь гэрт, жижиг модон байшинд, айлын халаасанд амьдарч байсан. Ийм их хэрэгцээ байхад бид энэ орон сууцны бодлогыг яаж авч хэрэгжүүлэх вэ гэдэг дээр цогцолбор программ барьж ажиллалаа. 40 мянган гэсэн тоонд ч учир байгаа юм биш, хэдийг ч барьж болох юм. Энэ программын хувьд бид нар өнгөрсөн онд Засгийн газраар мастер төлөвлөгөөгөө батлуулсан.

-Яармагт барих эхний ээлжийн суурийг тавилаа, одоо горьдлого маань бодит хүлээлт болж хувирлаа?

-Мастер төлөвлөгөөнд гурван цогц асуудлыг оруулж батлуулсан. Эхний ээлжинд шинэ хорооллуудыг барина, өөрөөр хэлбэл шинэ газар шинэ хотхоныг бий болгоё, үүнээ хотын захад дагуул хотуудад барихаар төлөвлөлөө. Одоогийн байдлаар бид 6 газрыг сонгоод байна, тухайлбал, Буянт-Ухаа, Баянголын ам, Дүнжингарав, Ногооны зоорь, Яармаг гэх мэт. Энэ зургаан газарт ерөнхий төлөвлөгөө хийгээд одоо бараг л дуусч байна. Саяхан НИТХ-аар батлагдаж шуударлаа. Энэ ажлын хүрээнд 2009 гэхэд бид наад зах нь 15000 орон сууц ашиглалтанд оруулъя гэсэн зорилттой одоо ажилдаа ороод явж байна. Бодлогыг хэрэгжүүлэх дараагийн нэг арга зам нь гэр хорооллыг дахин төлөвлөлт хийж орон сууцжуулах бодлогот хамруулж байна, хотын агаарын бохирдлыг бууруулахтай ч холбоотой юм.

-Одоогийн зарим гэрийн хороолол байшин барилга барьж төвжилт байлгамаар төвийн дүүргүүдийн нилээд гайгүй хэсэгт байгаад байдаг?

-Хотын үнэтэй цэнэтэй хэсэгт байрлачихаад шинэчлэгддэггүй удсан гэрийн хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулж байгаа. Улаанбаатарт жишээ нь Хуучин пионерийн ордны ар талын хэсэг болох 7-р хороолол байна, 14-р хороолол буюу Зүүн дөрвөн замаас цааш Офицеруудын ордон хүртэлх том газарт байгаа гэрийн хороолол байна, эднийг эхний ээлжинд барилгажуулна. Мөн Радио Телевизийн орчим, Амгалангийн чулуун Овоот, Дарь Эх зэрэг газруудад төлөвлөлт хийсэн. Үүний гол ач холбогдол нь 14-р хорооллоор жишээд үзэхэд одоо 1400-хан айл байгаа газарт 9600 айлын орон сууц барих боломжтой байна. Энэ бол газрыг үр дүнтэй ашиглах, нягтралыг мөн нэгж өртөгийг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа юм. Хотын хамгийн үнэ цэнэтэй газарт гэрийн хороолол тархан байрлачихаад агаарын бохирдлыг нэмээд, хот төлөвлөлтийн хамгийн наад захын шаардлагыг хангахгүй байгаа. Гуравдугаарт бол бид хотын нягтралыг сайжруулъя, дэд бүтцийн хэмнэлт гаргая гэсний үүднээс Улаанбаатар хотын төвийн байршилд газар олголт хийж орон сууцнуудыг барьж байгаа. 2005 оноос эхлээд нилээд эрчимтэй явж байгаа Голомт хотхон, Маршал хотхон, Дөрвөн улирлын цэцэрлэг, ЭКО констракшн, эд бол хамгийн үр ашигтай байрлалд хотын нягтралыг

дээшлүүлж хуучин дэд бүтэц шугам сүлжээ, усан хангамжийг ашиглаж байна гэсэн үг.

-Ийм нягтралыг ашигласан, барилгажилт чинь 40 мянгад орж байгаа юмуу?

-Орон сууцжуулах бодлогын хэрэгжилтийн эхний хэсэг буюу яг энэ аргаар хийж байгаа барилга орон сууцнууд ашиглалтанд ороод эхэлчихсэн шүү дээ. 2005 онд 3500 орон сууцыг яг ийм байдлаар бид ашиглалтанд өгсөн. Урьд нь жилд дунджаар 1500 орон сууц л ашиглалтанд оруулж байсан, Монгол улсын хэмжээгээр шүү. Гэтэл зөвхөн нягтралыг ашиглах замаар ийнхүү эхний жилд энэ тоог хоёр дахин нэмж чадсан. 2006 онд 7600 айлын орон сууцыг мөн л ийм аргаар ашиглалтанд оруулсан, 2007 онд наад зах нь 15000 айлын орон сууцыг ашиглалтанд өгнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ хөтөлбөрөө хангаж чадна гэж бид үзэж байгаа. 2009 он гэхэд наад зах нь 40 мянган орон сууцыг иргэдийнхээ rap дээр тавина. Гэхдээ зөвхөн энэ ажлыг барилга барих асуудал гэж ойлгож болохгүй.

-Бага дунд орлоготой иргэд л байр сууцгүй тэдний хүүхдүүд л гэр оронгүй байгаа шүү дээ?

-Иргэдийг орон сууцаар хангах Орон сууц хөтөлбөрийн гол санаа нь үүнд л оршиж байгаа. Бага дунд орлоготой иргэдийг яаж орон сууцаар хангах вэ, эрэлт талдаа асуудлыг яаж шийдэх вэ, яаж дэмжих вэ гэдэгт байгаа юм. Бариад л бариад л байдаг. Гэтэл хүмүүс яаж худалдаж авах юм гэсэн асуулт гарч байна.

-Моргэйж дөхөж байна уу?

-Өнгөрсөн пүрэв гаригт Моргэйжийн хуулийн эхний хэсгийг УИХ-д өргөн барилаа. Үл хөдлөх хөрөнгийн баталгааны тухай, Зээлийн баталгааны тухай хуулийг барилаа. Энэ бол маш чухал хууль иргэд үл хөдлөх хөрөнгөө барьцаалахдаа одоо барьж байгаа байшингууд иргэдийн өмчинд очихоороо тодорхой хугацаанд барьцаалж байж иргэд зээлээ удаан хугацаанд бага хүүтэй төлөх боломжийг бид шийдэх гэж байгаа юм. Энэ хуулийг өргөн барьснаар хөрөнгийн болон Үнэт цаасны зах зээлийг эрэлт тал дээр нь дэмжих эрх зүйн тогтолцоог бий болгоно. Иргэд Орон сууцаа худалдан авах цоо шинэ тогтолцоонд хүрч байгаа юм, хүн заавал мөнгө хуримтлуулж байж байр худалдаж авахгүй, ажилтай л бол тодорхой хэмжээний орлоготой л бол байр сууц худалдан авах боломж нээгдэх юм. Арилжааны банкууд тодорхой хэмжээний зээлийг ипотекийн зээлээр өгөх боломжтой байдаг. Наад зах нь бидний тооцоогоор 70-аад тэрбум төгрөгний зээл гаргах боломж байдаг юм. Яагаад өгдөггүй юм гэхээр барьцааных нь үл хөдлөх хөрөнгө нь шүүхийн бус журмаар шилжих тийм боломж байдаггүй, Иргэний хуулинд хүн байраа барьцаалчихаад төлөлт хангалтгүй, үүргийн гүйцэтгэл хангагдахгүй бол шүүхдэнэ. Эрүүгийн хууль Үндсэн хуультай зөрчилддөг, хүний орон байрыг хурааж авахгүй гэдэгт, зах зээлийн зарчимд нийцээгүй тийм заалтууд хуулинд байж байдаг. Үүнийг зохицуулаад өгөх хэрэгтэй.

-Үүнтэй холбогдуулаад хоёрдогч зах зээл хэрэгтэй гэж их ярьдаг юм билээ?

-Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан Үнэт Цаасны зах зээлийн хуулийг нэн тэргүүнд гаргах хэрэгтэй байна. Дараа нь Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний хуулийг гаргах, мөн Даатгалын хуулийг гаргаж өгөх бөгөөд ийм цогц байдлаар бүгдийг зэрэг шийдчих юм бол эрэлт талдаа маш сайн хууль эрхийн шинэ тогтолцоог бий болгоно. Мөн БХБ-ын тухай хууль байна, Барилгын хууль, Орон сууцны хууль энэ бүгд хоорондоо холбоотой. Үүний уялдааг гаргаад эхний ээлжинд оруулаад өгчихвөл манайх эрх зүйн хувьд ч хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд ч ихээхэн дэвшилт гаргах юм.

-40 мянган айл гэдэг их тоо. Дээр нь ингээд хэрэгжээд эхэллээ гэвч нэг л бодитой бус юм шиг. Байр гэдэг юм гэрийн хорооллын хувьд сэтгэлээс нь дэндүү холдсон, бүгд байртай болох итгэлгүй байх шиг санагддаг?

-Хүмүүсийн нэг хэсэг нь 40 мянган орон сууц хөтөлбөрийг шоу болж байна гэж үзэх, үл итгэж байна, шоолж баийа. Гэтэл Монголчууд маань томоохон шинэ юманд дандаа үл итгэдэг зантай. Энэ нь өөрсдөд нь хаалт болдог, өөрсдөө өөрийнхөө орон сууцныхаа бодлогыг дэмжиж, урамшиж, урамшуулж ажиллахын оронд саад болох сэтгэл санааны дарамтнаасаа, үл итгэх гутрангуй үзлээсээ салах хэрэгтэй. Бид цаашдаа 40 мянган орон сууц хөтөлбөрөөр уг ажлыг хязгаарлахгүй. Яг үнэндээ бол бид 150000 айлын орон сууцны зураг хийчихсэн байж байгаа. Үүнийг төр засгаас дэмжих, Олон улсын хөнгөлөлттэй зээлийг оруулах зоригтойгоор хувийн хөрөнгө оруулалт хийхийг дэмжих бодлого явуулбал, бүх л сувгаараа зөв хөдөлбөл тийм бэрхшээлтэй юм бишээ гэдгийг ойлго гэмээр байна. 14-р хороололд гадаадын нэг компани орж ирээд л 240 сая долларт хийхэд өөрийнхөө бизнесийг наад зах нь 2 дахин нугалж чадна. Тиймэрхүү цараатай юмыг бид төлөвлөж байна.

-Цалингаараа амьдрах хөдөлгөөн байгуулагдан оны эхнээс л байр орон сууцны тухай олон нийтэд тодорхой ойлголт өгөх гэж хичээсэн, тэд анх Моргэйж, ипотекийн хуулийг хөндөж байсан, ер нь цалингаараа байртай болох боломжийн талаар та бүхэн тэдний бодлогыг шүүрч авсан болов уу?

-Цалингаараа амьдрахыг дэмжих ёстой, зөв хөдөлгөөн, гэхдээ бидэнтэй тодорхой асуудлаар зөвшилцөж санал онолоо нийлүүлээгүй, бид анхнаасаа орлоготой л бол авч болох нөхцөлд хүргэх тийм л зорилготой байсан, аливаа юм дэс дараатай, эрх зүйн орчин бүрдээгүй байхад хэтэрхий шоудаж, эрэлт ихтэй асуудлыг нь далимдуулан ард олныг бидэнд саналаа өг гэх маягаар ажиллах нь зүйд нийцэхгүй.

Тэргүүн сонин Л.Сэлэнгэмөрөн

Тэргүүн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button