Залуу дуучин Б.Маралжингоо Би 18 хүрч байгаа учраас нүүрээ будаж, имижмейкерээс зөвлөгөө авдаг болсон

Гайхамшигтай өвөрмөц, хүчтэй хоолойтой Б.Маралжингоо В продакшн-тай хамтран ажиллаж богино хугацаанд стиль имиж болоод дуучны хувийн зохион байгуулалтаа эрс өөрчилж байгаа нь танд тод анзаарагдаж байгаа биз ээ. Түүний анхны бие даасан бүтээл Хүлээсэн учрал дуу нь хитэд дээгүүр байранд явж байгаа. Мөн чартад 2 долоо хоног тэргүүлсэн зэрэг ойрын үеийн амжилтыг нь дурьдаж болно. Ингээд бид дуучин Б. Маралжингоотой уулзаж ярилцлаа.

-Маралжингоо, чиний шинэ гадаад төрх хүмүүст их таалагдаж байгаа. Мэдээж, их хөдөлмөр чармайлт гаргасан биз дээ?

-Анх 15 настай жаахан охин Дашка студийн дэргэдэх сургалтанд сууснаар урлагт хөл тавих эхлэлээ хийж байлаа. Тэр үед бумбагар цагаан жаахан хүүхдийн дүрээрээ байсан. Харин одоо тун удахгүй 18 нас хүрэх гэж байна. Тэгэхээр 15 настай Маралжингоо 18 настай Маралжингоо хоёрын хооронд ялгаа гаралгүй яахав. Бусад эмэгтэйчүүдийн л адил нүүр будах, хувцас сонгох, биеийнхээ харьцааг зөв хадгалах зэрэгтээ санаа тавьж, анхаарахад В продакшн-ы имиджмейкерүүд зөвлөгөө өгч, бүх талаар дэмждэг. Энэ дашрамд В продакшн-ыхандаа миний төлөө сэтгэл гаргаж үргэлж тусалж дэмждэгт баярлаж явдгаа хэлэх байна. Уран бүтээлийн хувьд гэвэл урьд нь пентатоник аялгуутай поп чиглэлийн дуу дуулдаг байсан. В продакшн-д орсноос хойш арай өөр R&B чиглэлийн дуу дуулж байна. Ер нь л бүх юм өөрчлөгдсөн байх.

-Дотоод сэтгэл чинь хэр өөрчлөгдсөн бол?

-Миний төрөлх зан чанар хэвээрээ байгаа. Харин 18 нас хүрч байгаа болохоор арай л ухаажиж, юмыг олон талаас нь зөвөөр харж, том хүн болж байгаа.

-Бэлтгэл сургуулилтандаа өдрийн хэдэн цагийг зарцуулдаг вэ?

-Дуучин хүн бүх талын авьяастай, мэдрэмжтэй байх ёстой гэж боддог. Бие бялдрын болон дуулах, бүжиглэх гээд бүх тал дээр минь В продакшн-ы зүгээс бэлтгэл сургуулилалт хийлгэж байна. Хоолойны дасгал, гамм уншихаас эхлээд хөдөлгөөний эвсэл, бүжгийн чадварыг дээшлүүлэх гээд л бүх төрлийн цогц бэлтгэлд явж байна. Бичлэгтэй өдөр студи дээр бүтэн өнждөг. Харин бичлэггүй өдөртөө жолооны курс, бүжгийн хичээлдээ явдаг. Бас Тайхар клубт хичээллэж байгаа. Тэгээд л алба амины ажлаа зохицуулна даа. СУИС-д сурч байгаад чөлөө авсан байгаа. Цаашид үргэлжлүүлж сурах эсэхээ одоохондоо шийдээгүй байна. Надад чөлөөт цаг маш бага гардаг. Хааяа чөлөөт цаг гарвал гэр бүлийнхэндээ, нохойдоо зориулдаг.

-Ийм жаахан охинд ингэж завгүй их хөдөлмөрлөх хэцүү санагддаг уу?

-Амжилтанд хүрнэ, зорилгодоо хүрнэ гэвэл саад бэрхшээлийг давах тусам урамтай байдаг л даа. Их хөдөлмөр зарцуулж байж амжилтанд хүрнэ гэж би боддог. Тиймээс хэцүү байгаа юм шиг санагдаж байгаагүй. Бэлтгэлээ сайн хангаж, ажлаа сайн гүйцэтгэх юмсан гэж л хичээж явна.

-В продакшн-тай хамтрах шийдвэр гаргаж, амжилтын төлөө авьяас чадвараа дайчилж байгаа чамаас залуус үлгэр жишээ авах байх аа?

-В продакшн-тай хамтарч ажиллахыг саналыг Болд ах анх тавьсан. Миний хувьд өөрийн сонсох дуртай хамтлагийн ахлагчтай хамтарч ажиллах нь маш том боломж байсан учраас их баяртай хүлээж авсан. Болд ахтай тодорхой гэрээ байгуулаадхэдий хугацаанд юу хийж бүтээчихсэн, ямар өөрчлөлт хийсэн, ямар амжилтанд хүрсэн байхаа урьдчилан тооцсон учраас би өдөр бүр зорилготой, завгүй ажилтай явна. Хүн ингэж ажиллаж байж л жинхэнэ уран бүтээлч болж, сайн бүтээл гаргадаг юм байна гэж би маш сайн ойлгосон.

-Хүлээсэн учрал дуу чинь хитэд дээгүүр байранд явж байгаа байхаа?

-Миний анхны бие дааж дуулсан дуу маань хитэд дээгүүр байрт явж байгаад баяртай байна. В продакшн-ы анхны цомог болох Үolume 1″-т

миний бие даасан хоёр дуу орсон. Хүлээсэн учрал дууны аяыг Болд ах хийж продюсораар ажилласан, үгийг нь Энхтайван гэдэг хүн бичсэн. Энэ дууны ая үг хоорондоо их ууссан, R&B поп хэрнээ ази аялгуутай гоё дуу болсон. Дууныхаа клипийг Cross animation студиэр хийлгэсэн. Удахгүй дэлгэцнээ гарна. Бие даасан цомгоо энэ зун гаргах гээд завгүй л байна. Чанартай сайн цомог гаргахын тулд хичээж байна. Болд ах маань продюсораар ажиллаж байгаа учраас сайн цомог гарна гэж итгэж байна.

-Цаашдаа ямар чиглэл стилиэр дуулах вэ. R&B чиглэлээрээ дагнах уу? Зарим нь дуучин Нарантай адилхан хоолойтой гэдэг. Үүнтэй санал нийлдэг уу?

-Ганцхан стильд баригдаад байхыг бодохгүй байна. Зөвхөн R&B талыг барилгүй таалагдсан дуугаа дуулна. Дуучид бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, дуу хоолойтой байдаг. Миний хувьд ч өөр бие махбодь, өөр зан араншинтай гэдэг утгаараа бусадтай адилгүй. Дуучин Наран эгч бүх булчин шөрмөсөөрөө дуулаад байгаа юм шиг хүчтэй санагддаг.

Б.Дэлгэрцэцэг

Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button