УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Хүүхдүүд томроод, би биеэ даагаад эхнэр маань одоо л ажил хийж үзэх гэж байна даа

Шударгаар бизнес эрхлэх аргагүй байдлыг залруулахын төлөө улс төрд орсон

-Таныг Японд боловсрол эзэмшсэн гэдэг. Эх орондоо ирээд ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?

-Би 1989 онд Японд хими технологийн инженер мэргэжлээр төгсөж ирсэн. Ирэнгүүтээ мэргэжлийн дагуу Говь ХК-т гурван жил ажилласан юм. Тэр үе бол монгол оронд ардчиллын салхи хийссэн он жилүүд байлаа шүү дээ. Япон Монголын харьцаа ч сэргэж, ардчиллыг дэмжигч орны хувьд Япон улс манайд зээл тусламж ихээр үзүүлдэг байсан. Тухайн үед би нилээд ховорхон мэргэжил эзэмшиж Говь ХК-т байр сууриа олчихсон залуу мэргэжилтэн байлаа. Гэтэл хоёр орны засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, зээл тусламжийн төсөлд орчуулагчаар ажиллах санал тухайн үеийн Үйлдвэр худалдааны яамнаас тавьсан юм. Ингээд бидний хэдэн залуус хамтарч энэ чиглэлээр ажиллахаар шийдсэн. Шилжилтийн үед манай улсын бүх салбар уналтанд орж, эргүүлэн босгоход гадны зээл тусламж өндөр үр өгөөжтэй байсан шүү дээ. Тухайн үед 4-р цахилгаан станц сэлбэг хэрэгсэлээр тасалдаж, зогсоход хүрээд байсныг Японы буцалтгүй тусламжаар эргэж ажиллагаанд оруулж байсан гэх мэт томоохон төслүүдэд ажиллаж байлаа.

-Хувийн бизнес эрхлэх санаа хэдийд төрөв. Бридж группыг ямар хөрөнгөөр босгосон юм бэ?

-Тухайн үед үйлдвэрийнхээ даргатай жаахан таарамж муутай байлаа. Тэгээд ч ардчиллын уур амьсгал өндрөө авч, хүний эрх, эрх чөлөө дээгүүрт тавигддаг болсон шүү дээ. Би МСДН-ын анхны 500-аад гишүүний нэг болж, санаа нийлсэн нөхөдтэйгөө хамтарч ажиллахаар шийдсэн юм. Ингээд ажлаасаа гарч Бридж группыг байгуулсан. Япон Монголын харилцааны гүүр гэдэг утгаар нь ийнхүү нэрлэсэн юм. Байгуулсан цагаасаа хойш одоог хүртэл хамтдаа явж буй таван найз бий. Бид Японы маш олон төсөл дээр ажилласан. Анх орчуулга хийдэг байлаа. Улмаар ажил зуучилдаг болсон. Дараа нь барилга барьдаг болсон. Ингээд нийгмийн бусадсалбарт үйл ажиллагаагаа өргөжүүлсээр өнөөдрийг хүрсэн.

Миний ажиллаж байсан Бридж групп өнгөрсөн хугацаанд гадаад дотоодын нэг ч хувь хүн, аж ахуйн нэгжтэй шүүхээр маргаанд орооцолдож байсангүй. Мөн шилэг татвар төлөгч зэрэг бизнесийн хүрээнийхэнд олгодог томоохон цол, шагналуудыг авч байлаа. Одоо би энэ компанийхаа төлөө санаа зовдоггүй. Нэгэнт итгэлцэл үүссэн болохоор цаашид хөгжих ирээдүйтэй. Гэхдээ хувь нийлүүлэгчдийн асар их ашиг орлогыг би ирдээдүй гэж хэлээгүй. Бүхий л үйл ажиллагаа мань хүн рүү чиглэсэн, нийгэмд ашигтай хувилбараар явагддаг тул ирээдүй нь дардан харагдаж байгаа юм.

-Та санаа зоволтгүй үйл ажиллагаа явуулах компанитай хэрнээ яагаад улс төрд орох болсон юм бэ?

-Өнөөдөр төрийн албан хаагчид сонирхлын бүлгээр нэгдэж, төрийг хямрааж, хүчгүйдүүлж байна. Ямар нэгэн бизнес эрхэлдэггүй мөртлөө нүдэн дээр л хаустай, газартай лицензтэй болж тэр хэмжээгээрээ хуулийг гишгэлж байна. Шударгаар бизнес хийгээд явах эрх зүйн орчин бүрдэхгүй байна шүү дээ. Харин нийгмийн баялаг бүтээж байсан хүмүүс аливаа хээл хахуульд автамтгай биш байдаг. Товчхондоо хэлбэл бизнесийн хүрээний эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд би улс төрд орсон. Миний хувь хүний чанар ч энэ сонголтоо хэрэгжүүлж чадахуйц төлөвшсөн.

-Та улс төрд орсон цагаасаа хойш зорилгодоо хэр хүрсэн бэ. Таны хийж бүтээсэн зүйл гэвэл юуг хэлэх вэ?

-Татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах АН-ын зөвлөлийн ажлын хэсгийг би ахалж ажилласан. Түүний үр дүнд УИХ дахь олонхийн бүлэгтэйгээ зөвшилцөж, татварын хөнгөлөлт бүхий шинэ хуулийн орчинг бүрдүүлж чадлаа. Өнөөдөр татвар буурч, бизнес эрхлэгчид таатай орчинд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэв өмнөх дөрвөн жилд татварын орчинг өөрчлөнө гээд залхууралгүй тооцоо судалгааг нь бариад авсан бол дөрвөн жилийн татварын хураамж гэдэг овоо хэмнэлт.

Ар гэрээ авч явах, хүндэтгэлтэй итгэлтэй байх япон гэрийн эзэгтэйн заншлыг манайх дагадаг

-Амжилтанд хүрсэн эр хүн болгоны цаана ар гэрийг нь авч явж, түшиж тулдаг эмэгтэй хүн байдаг. Та гэр бүлийнхээ танилцуулахгүй юу?

-Би гэр бүлийн хүнтэйгээ 1988 онд танилцаж байлаа. Эхнэр маань хойно сургууль төгссөн. Ямар ч тохиололд би ар тийшээ санаа зовдоггүй. Бизнесийн салбарт ажилладаг байхдаа би шөнө хагаслаж гэртээ харьдаг байлаа. Улс төрд ороод ч мөн адилхан. Энэ цаг наргүй ажлын хажуугаар ар гэрийн асуудал гэж нэг удаа намайг чангааж байсангүй. Миний ганц түшиг тулгуур минь болж явна. Бид хүү охин хоёртой. Хань минь хүүхдээ төрүүлээд гэртээ асарсан цагаас эхлээд одоог хүртэл арын албыг залгуулж байна. Хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, дээр нь намайг халамжлах гэсээр байгаад нийгмийн салбарт ажиллаж үзсэнгүй. Одоо харин хүүхдүүд томроод, би ч биеэ даагаад эхнэр маань ажил эрхлэх тухай ярьдаг болсон.

-Зөвхөн таныг халамжилж хүүхдүүдээ асрахын тулд арван хэдэн жил гэртээ суусан гэж үү?

-Азийн орнуудын зан заншил их төстэй шүү дээ. Японд гэрийн эзэгтэй хэр сайн ар гэрээ авч явж, харилцан итгэл, хүндэтгэлтэй байснаас хамаарч гэрийн эзэд нь, эрчүүд нь тэр чинээгээр амжилтанд хүрдэг гэж үздэг. Манай гэр бүлд ч гэсэн энэ үзэгдэл илэрдэг юм.

-Хүүхдүүд чинь сургуульд орсон уу?

-Охин маань одоо нэгдүгээр анги. Харин хүү маань 14 настай. Бээжинд 9-р ангид суралцдаг юм. Бид хүүгээ багаас нь биеэ дааж сургахын тулд өөрсдөөсөө хол сургаж байгаа юм.

-Танайх одоо хаана, ямар байшинд амьдардаг. Та ямар унаагаар хөл дүүжилж байна даа?

-Би хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргахдаа тодорхой бичсэн. Одоо Японы элчин сайдын яамны урд таван давхар шар орон сууцанд амьдардаг. Яахав боломжийн тохилог сууц л даа. Манайх Сүзүки, Ланд Круйзер хоёртой. Түүнийгээ л сэлгэж унаж байна даа.

Дотны найзуудтайгаа боломжийн тарифаар покер тоглож алжаалаа тайлдаг

-Энэ их ажлын ачааллын хажуугаар өөрийгөө хэрхэн амраадаг вэ?

-Миний хувьд хамгийн нэгдүгээрт хөдөлгөөн чухал байдаг. Үе тэнгийнхээ найз нөхөдтэйгөө долоо хоногт нэг удаа сагс тоглодог. Хааяа бас муушигддаг байлаа. Одоо бол хоорондоо боломжийн тарифаар покер тоглоно. Манай хуучин ажил дээр гурав дөрөвхөн хүний зориулалттай бялдаржуулах төв байдаг юм. Долоо хоногт хоёр удаа тэндээ очиж төмөр өргөн саунд суудаг. За тэгээд, гэрийнхээ гадаа талбайд зоосон сагсны шийдэн дээр зав л гарвал тоглох гээд байдаг даа. Хөдөлгөөн идэвхтэй хийхээр толгой сэргэж, нүд онгойгоод ирдэг юм шүү дээ. Амралтын өдрүүдэд салхинд гарч, уул өөд алхах, өндөрлөгт гарч суух дуртай даа.

-Хүнийг сонирхож, цуглуулдаг зүйлээр нь шинждэг. Та юунд нугасгүй дурладаг вэ?

-Нэг их айхтар юм байхгүй дээ. Би оюутан байхаасаа л монгол руугаа ном чирч ирдэг байлаа. Степентээ шавхаад л химийн баахан ном аваад ирэхээр хадам аав маань гайхдаг байж билээ. Одоо сүүлийн үеийн эдийн засаг, улс төрийн номнуудыг гарсан даруйд нь олж авдаг. Жигнээд үзье гэвэл тонн шахам ном бий. Охин маань тэмдэг гээд нэхээд байдаг тул сүүлийн үед тэрийг нь жаахан харж явдаг болсон байна лээ. Харин эхнэр маань зааны сувинер цуглуудаг.

-Улс төр, бизнесийн хүрээнийхэн нэгнээ уруу татаж моринд хорхойтой болгодог. Та хэн нэгэнд уруу татагдчихсан уу?

-Одоогоор миний нэр дээр хурдан морь байхгүй. Яахав, багадаахурданморь унадаг байсан. Уяач шахуу л хүүхэд гүйж байлаа. Одоо бол дуртайгаас цаашгүй. Хийморио сэргээж хурдан морь үзэх дуртай. Хааяа бас шинжих гэж оролдоно. Улс төр, төрийн түшээд моринд хошуурдаг нь цаг үеийн өвөрмөц үзэгдэл л дээ. Гэхдээ би тэтгэвэрт гарахаараа морь уяна гэж боддог шүү.

-Улс төрд нэгэнт орсных ирэх жил сонгуульд нэр дэвшинэ биз. Улс төрийн болоод бизнесийн ирээдүйн зорилт чинь юу вэ?

-Мэдээж 2008 онд нэр дэвшинэ. Ялах эсэх нь сонгогчдоос л шалтгаална шүү дээ. Би хуулийн дагуу компанийн ТУЗ-д ордоггүй. Харин хувь нийлүүлэгчдийн хуралд оролцдог. Нийгэмд жаахан шударга ёс тогтох юм бол эдийн засгийн орчин эрүүлжээд ирнэ дээ. Бридж групп уул ууркайн чиглэлдорж.байгаа, мөн үл хөдлөх хөрөнгө, үнэт цаас, мэдээллийн технологийн гэх мэт олон салбарт орж байгаа тухай хувь нийлүүлэгчдийн тайланд дурдсан байдаг юм.

Э.Батцэцэг

Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button