Ганга нуурын шувууд Улаанбаатарт чууллаа
Уг аймгаас нийт 200 гаруй уран бүтээлч төрөн гарсан бөгөөд Төрийн соёрхолт ардын зураач Д.Амгалан, МУЭХ-ны шагналт зураач Ц.Болд, МУЭХ-ны шагналт зураач Я.Оюунчимэг, МУЭХ-ны шагналт зураач М.Эрдэнэбаяр, зураач Л.Энхбат, Ч.Ганбаатар, Ч.Буд, Залуу уран бүтээлчдийн нэгдлийн гишүүн Д.Батзориг, Д.Булгантуяа, И.Больхүү, Н.Амарсайхан, ДУДЭС-ийн оюутан Д.Батхолбоо зэрэг олон уран бүтээлчийг дурдаж болох байна.
Тус аймгийн уран бүтээлч МУЭХ-ны шагналт зураач Я.Оюунчимэг Анхны тоглолтын өмнө бүтээлдээ үл мэдэг зүүн тийш толгойгоо бөхийлгөн, харцаа буруулж, догдолсон сэтгэлээ нуун ядах турьхан бүсгүйн дүр, түгшсэн сэтгэлийг хүйтэвтэр шар ногоон өнгөнд шийдэн, түүний бүх зүйлээс урсан гарах эрч хүчийг хурц тод өнгийн зохицлоор харуулсан нь уг дүрийг илүү амилаг болгосон санагдана. Харин зураач Д.Батзориг 2007 оны 3-р сарын 29-нд МУЭХ-ны арт галерейд олны анхаарлыг татсан шинэлэг үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд 1х3 хүрдэн бүтээлээрээ хүний нүдэнд тусах энгийн тойрог дүрсийг дөрвөн өөр хавтгай дээр давтагдашгүй өнгө төрхтэйгээр дүрслэн нэгэн цогц бүтээл болгон харуулсан нь орчин үеийн урлагийн шийдлийг төвөггүйхэн илтгэнэ.
МУЭХ-ны шагналт зураач Ц.Болд Цагаан уул цэцэг бүтээлдээ бараан хөх дэвсгэр дээр өвөрмөц хэлбэртэй цагаан уул цэцгийг тод цагаан өнгөөр илэрхийлсэн байна.
Мөн энэхүү үзэсгэлэнд олны анхаарлыг нэлээдгүй татсан уран бүтээл нь Д.Болдгаравын Нууц товчоо харандаан бүтээл байлаа. Тэрээр 40х60 хэмжээний цаасан дээр балын харандаагаар Монголын Нууц Товчоо-г бүрэн эхээр нь багтаан сийрүүлж харуулсныг үл итгэх үзэгчид томруулдаг шилээр сонирхон уншиж байсан юм.
Ч.Ганбаатарын Таргаа уусангүй бүтээлд өхөөрдөм хөөрхөн бяцхан хүү таргаа уусангүй гарснаас л баян ходоод боллоо доо хэмээн шүүрс алдан яваа нь хүүхдийн томоогүй байдлыг сэтгэлд шууд буухаар дүрсэлжээ.
Харин С.Хадхүү Давшилт бүтээлдээ морьтон эрсийн дайчин, баатарлаг байдлыг усан будгийн арга ажиллагаанд уялдуулан яг л таны өөдөөс давхиад ирэх мэт сэтгэгдэл үлдээхээр шийдсэн байна. Мөн Б.Буд Миний бодол эсгий бүтээлдээ усан цэнхэр өнгийг урсаж буй мэтээр дүрслэн, бараан хар, шаргал өнгүүдийг чимэг болгон оруулсан нь сонирхол татаж байлаа.
Уг үзэсгэлэнд уран зураг, график, баримал, керамик, эсгий урлаг, уран дархны бүтээлүүд тавигдсанаас дархан Ш.Даваадорж өөрийн урласан мөнгөн аяга, мөнгөн бүс, эмээл, хазаараар, Б.Энхбаатар шармал суврагаараа оролцжээ.
(Yг сонин 13/105)
С.ЗЭСЭЭ