Цэцийн дүгнэлтийг хэлэлцэв үү, цэцийн асуудлыг хэлэлцэв үү?
250 саяын асуудлыг улс төрийн авилга гэж зарим гишүүд нэрлэсэн. Энэ логи¬коор бол УИХ-ын гишүүд бүгд авлигачид, Засгийн газар авилга өгөгч болж таарна. Манайд мөрдөгдөж байгаа Авилгын хуулиар бол авилга авсан, өгсөн хоёрыг хоёуланг нь буруутган шийт¬гэх учиртай. Гэхдээ авилга өгөгчид нь авагчиддаа бүтнээрээ агуулагдчихаж байгаа учраас дан ганц авсан гэдгээр нь ойлгоход ч болох юм биз. Ямартай ч бүгдээрээ буруутай учраас бүгдээрээ гэмт хэрэгтэн болж таарч байна. Тэгвэл гэмт хэрэгтнүүд нь цуглачихаад шийдвэр гаргасан субъектийнхээ асуудлыг хэлэлцэж, эцэст нь шударга бус шийдвэр гаргалаа, шүүгч буруу шийдвэр гаргасан хэмээн буруутгаж болдог юм болов уу. Манай дархлагдсан хулгайчдад таалагдаагүй шийдвэрээ үгүйсгэдэг, таалагдаагүй шийдвэр гаргасан Цэцээ дорбинкддог давуу эрх бий ажээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг чадвартай чадваргүй, мэдлэгтэй мэдлэггүйд нь хүрч дайрахын зэрэгцээ хуульч биш хүн Үндсэн хуулийн цэцэд байх учиргүй хэмээн УИХ-ын гишүүд мэт¬гэлцлээ. Учир нь УИХ-ын дарга Ц.Нямдорж, хэд хэдэн хуульд засвар хийснийг ҮХЦ-ээс буруутгасан дүгнэлт гаргасан. Түүнчлэн УИХ-ын гишүүдэд тойрог бүрт 250 сая төгрөг хуваарилсныг ҮХЦ-ээс мөн л хууль зөрч¬сөн хэмээн үзэж дүгнэлт гаргасанд байгаа юм. Хэрэв энэ хоёр асуудлыг тус тусад нь хэлэлцсэн бол эрхэм гишүүдэд Хурлын даргаа өмөөрөх шалтгаан байхгүй байх байлаа. Гишүүд даргадаа дургүйцэх боловч түүнээс илүүгээр өөрсдийнх нь эрх ашгийг хөндсөн ҮХЦ-д дургүй байгаа юм уу даа гэж ойлгогдсон. Тиймээс л хоёр тал санаа нэгтэйгээр Эцэг Хуулийнхаа Цэц рүү боорлон дайрцгааж хэлэх хэлэхгүй үгээ хэлцгээв. Хэрэв энэ хурлын протоколыг анхааралтай судалбал, зүүдээ ярих гээд хулгайгаа гэгчээр элдэв зүйл бурсныг нь эргэн ороож болох биз. Эдгээр шийдвэрийг хэт нэг талыг барьсан, улс төр бизнесийн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлж, тодорхой бүлэглэлийн захиалгаар гаргасан шийдвэр хэмээн УИХ-ын дарга тодорхой хэлсэн боловч үүний дагуу ямар нэг арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй юм.
Өнгөн талаас нь харвал шударга бус ямар нэг бүлэглэл УИХ-ын даргыг унагах гэж оролдоод, тэрэнд нь ҮХЦ ашиглагдаад, тэгээд амжилтад хүрэлгүй ялагдсан бололтой юм даа янз нь. Гэхдээ мөрийцөхөд ч бэлэн байна. Үүний төлөө хэн ч хариуцлага хүлээхгүй. Том том юм ярьж муудалцах дүйвээнээр Хадгаламж банк болон, Хадгаламж, зээлийн хоршоодын хэрэг, Оюутол¬гойн тогтвортой байдлын гэрээ зэрэг томоохон асуудлууд хэний ч анхаарлыг татахгүй өнгөрчихөж байгаа юм. Тэгэхээр энэ хууль зассан энээ тэрээ чинь зүгээр л улс төрийн шоу биш байгаа даа гэсэн хардлагыг зүй ёсоор төрүүлнэ.
(Yг сонин 13/105)