Ардчилал бол үг хэлэх эрх чөлөө
-Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн Эрүүгийн хуулийн заалтад өөрчлөлт оруулах талаар УИХ болон холбогдох байгууллагуудад хандах болсон. Энэ талаар тодруулна уу?
-Өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн төрийн бус байгууллагууд нэгдэн Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг үндэслэн сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүcгэж буйг эсэргүүцэх, энэхүү хуульд өөрчлөлт оруулах талаар санал нэгдэж ажлын хэсэг байгууллаа. Үүнд Өдөр тутмын сонины холбоо, МСНЭ, Чөлөөт сонины холбоо, Орон нутгийн сонины холбоо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, МҮОНРТ болон Телевизүүдын холбоо нэгдсэн юм.
-Эрүүгийн хуулийн 110,111 дүгээр зааптын тухайд товчхон дурдвал?
-Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалт нь гүтгэх, доромжлох гэмт хэрэг гэсэн заалттай зүйл анги юм. Энэхүү зүйл ангиар сэтгүүлчдийг эрүүгийн хэрэгт татаж, ял авах нь сүүлийн үед ихсэв.
-Энэ асуудлыг яагаад заавал өнөөдөр хөндөж байгаа юм бэ. Үүнээс өмнө сөхөн тавьж болоогүй юм уу?
-Ямарваа нэгэн юманд цаг үе, хугацаа, орон зай гэж байдаг. Сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахын тулд нэгдэх, ажлын хэсэг байгуулах болсон шалтгаан нь саяхан Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буйтай холбоотой юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж буй агшинд сэтгүүлчдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөг зөрчиж байгаа Эрүүгийн хуулийн заалтыг өөрчлүүлэх зорилт тавьсан юм. Хэрэв дээрх хуулийн заалтаар сэтгүүлчдийг дарамтлах, шүүх, ял өгөх үйл ажиллагаа өнөөгийн байдлаар үргэлжлэвэл Монголын сэтгүүл зүй төдийгүй, Монголын ардчилалд гулсан уруудах аюул бий болно.
-Гэтэл нийгэмд гүтгэх, доромжлох хүний нэр төрд халдах явдал хэзээд байсаар ирсэн. Хэрэв энэхүү заалтын аваад хаячихвал хэн ч, хэнийг ч гүтгэж, доромжилж туүндээ хариуцлага хүлээхгүи болох юм биш үү?
-Энэ заалтын заавал авч хаях тухай бид ярилцахгүй. Хамгийн гол нь дээрх хуулийн заалтыг сэтгүүлчдэд хамааралгүй болгох асуудлыг бид тавьж буй юм. Зөвхөн 2002-2006 оны хооронд гүтгэх, доромжлох гэсэн зүйл ангиар есөн хүнийг шийтгэсэнээс зургаа нь сэтгүүлч байгаа юм. Эндээс харахад л дээрх заалтыг сэтгүүлчдэд зориулан Эрүүгийн хуульд оруулсан зүйл, заалт гээд ойлгохоор байгаа юм. Хуулийнхан хэдийгээр дээрх заалтыг тайлбарлахдаа сэтгүүлчдэд зориулсан бус, нийт ард иргэдэд зориулсан гэдэг ч ажил мэргэжлийнхээ онцлогоос болоод сэтгүүлчид өртөх нь их. Баримт, тайлбарыг нь гаргаж тавиад хэн нэгний тухай материалыг сэтгүүл зүйн бүтээл болгон тавьсаныхаа төлөө хариуцлага хүлээнэ гэдэг шударга бус.
-Сэтгүүлчдийг өнөөдөр хүнийг гүтгэх, доромжлох нь хэрээс хэтрэв гэж үзэгсэд цөөнгүй байдаг?
-Монголчууд ярьдаг даа. Үнэнийг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэж. Хэн нэгний булхайтай үйл ажиллагааг нь сэтгүүлчид илчилсэний төлөө, өөрийгөө зөвтгөх, гэмгүй ариун хүн болохын төлөө сэтгүүлчдийг золиослогчид манай нийгэмд олон болоо юу гэж бодогдох болов. Үүнд энэхүү хуулийн заалт ч ташуур өгдөг гэхэд болно.
-Олон Улсын Хил хязгааргуй сэтгүүлч байгууллага болон олон улсын өөр нэгэн байгууллагын судалгаагаар сэтгүүлчдэд халтай хагас дарангуйлалтай арван орны тоонд Монгол Улс багтсан байсан?
-Тиим шүү. Өдгөө Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 341 хуулийн 76-д нь сэтгүүлчдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарласан заалт байдаг юм. Гэтэл эрхийг нь хамгаалсан хууль цөөхөн шүү. Дээрх 76 хуулийн заалтаас хамгийн хүнд нь Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалт бөгөөд үүнийг үгүй болгосноор сэтгүүлчдэд үг хэлэх боломж тодорхой хэмжээгээр олдоно.
-Үүнээс гадна дээрх хуулийн заалт сэтгүүлчдийг доромжлох, айлган сүрдүүлэх хэрэгсэл болоод байна гзж үзэж болох уу?
-Болно. Зөвхөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 18 хүн дээрх хуулийн заалтаар шийтгэгдсэн байгаа. Гэтэл энэ бухнээс гадна хичнээн хүн шийтгэгдэх гэж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж, ажлыг нь алдагдуулж залхаан цээрлүүлснийг бид мэдэхгуй. Зөвхөн ингээд зогсохгүй энэхүү хуулийн заалт нь сэтгүүлчдийг айлган сүрдүүлж, үнэнийг хэлэх зоригийг нь мохоож, тохиролцож, өөрийн мэдлийн хүн болгохоор ша-хах гээд олон бололцоог мөнгөтэй, танилтай, хүмүүст олгож байгааг бид мэдэхгүй шүү дээ. Уг нь сонин хэвлэл дээр гарсан шүүмжлэлтэй баримт материалын дагуу хууль хяналтынхан шалгах ёстой. Бидний муу хэлээд байдаг хоцрогдсон, хаалттай, үг хэлэх эрх чөлөөгөө хасуулсан гэх социолизмын үед ч сэтгүүлчийг нь бус хэвлэн нийтэлсэн материалынх нь дагуу хяналт шалгалт хийдэг байсан юм шүү. Амьдралдаа нэг ч удаа ашгийн татвар төлж үзээгүй мөртлөө баяжигчид бидний эргэн тойронд цөөнгүй байдаг. Гэтэл энэ байдлыг нь бичсэн татвараа төлдөг сэтгүүлчийг нь шалгаад байдаг мөртлөө татвар төлөхгүй, баяжаад байгааг этгээдүүдийг нь шалгадаггүй гаж тогтолцоо нийгэмд бий болоод байна. Энэ нь эргээд нийгэмд шударгаар хөдөлмөрлөөд баяжихгуй, хэн сайн авилга авч, хулгай хийж, төрийн алба буюу далд эдийн засгийн хуримтлал үүсэх орчинд хууль бус аргаар шургална тэр баяжина гэсэн гаж сэтгэхүйг нийгэмд бий болгон өөгшүүлээд байна.
-Монгол ардчилсан орон мөн үү?
-Энэ асуултад хариулахын тулд эхлээд сэтгүүлчид үг хэлэх эрх чөлөөтэй байж чадаж байна уу, үгүй гэдгийг харах ёстой. Гэтэл өнөөдөр Монголын хувьд сэтгүүлчид хагас эрх чөлөө-гөөр л амьсгалж байна. Сэтгүүлчид хагас эрх чөлөөтэй байна гэдэг ардчилал мөн л тиим хэмжээтэй байна гэсэн үг. Эрх чөлөө, ардчилал хоёр салшгүй гэдэг. Тэгвэл эрх чөлөө, ардчилал хоёрыг үг хэлэх эрх чөлөөгөөр хамгаалж, дархлаажуулдагийг хүн төрөлхтөний түүхээс бид мэднэ. Харин бид ардчиллыг хөгжүүлнэ гэж ярьдаг атлаа түүний амин сүнс болсон сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөг хязгаарласаар л байна шүү дээ.