Малыш Б.Энхтүвшин Боловсролгүй хувьсгалч хүмүүсийн тод жишээ Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл
-Та сүүлийн үед сураггүй болоод нам байгуулсан гэж сонсогдох болж. Энэ үнэн үү?
-Намайг болон нэр бүхий МоАХ-ны анхдагчуудыг нам байгуулах гэж байна гэсэн олон нийтэд худлаа мэдээлэл яригдаад байгааг ер ойлгохгүй юм. Энэ тухай Бошигт гуай бид хоёр гайхаад ярилцаад сууж байна даа. Миний хувьд МоАХ-ны дэд зохицуулагч гэж явдаг. Ардчилсан хувьсгалыг гардан зохион байгуулж хийсэн хүн. Харин 1990 оны 3 дугаар сарын 10-наас эхлээд бидний хийж байсан ариун сайхан зүйл зогссон. Бүх зүйлд хуйвалдаан, арчаагүй улсуудын хэлэлцээр явагдсан. Үндсэндээ АН арчаагүй улсуудад зориулагдсан улс төрийн байгууллага боллоо. Нам гэдэг арчаагүй бэртэгчин хүмүүсийн тэжээврийн тогоо нь даамжирсаар монголын өнөөдрийн гамшигт биднийг уруу татах гэж оролдож дээрх яриаг гаргасан болов уу. Хуйвалдагч нам, шунахай лам, хээл хахууль энэ гурван зүйл монгол улсад садаа болж хэрээс хэтэрлээ. Монгол улсыг нийтийн дуу, одон медаль, архидалт л удирдаж байна. Үүнийг төрийн хар хайрцагны бодлого, сонгуулийн хувьсгал, төрийн тогтолцооны шинэчлэлээр зогсооно. Гэхдээ бид нам байгуулахгүй. Харин жагсаалын хувьсгал биш оюуны хувьсгал хийнэ. Түүгээрээ их тэнэгийг бага тэнэгээр солино.
-Их тэнэгийг бага тэнэгээр солино гэж та чухам юуг хэлээд байна вэ?
-76 сурагч гэж УИХ-ын гишүүдийг монголын ард түмэн нэрлэлээ. Энэ чинь хариултыг өгөөд байгаа юм биш үү. Өөрөөр хэлбэл 76 мэддэг биш сурдаг хүмүүсийг ард түмэн тавьчихжээ. Албан тушаалын донтол гэж аюултай өвчинд монголчууд автчихаад байна. Ялихгүй мөнгө хийж байсан хүмүүс УИХ-ын гишүүн болчихсныг олигарх гэж нэрлэдэг юм. Олигарх гэж цөөнхийн дарангуйлал. Энэ өвчин хоёр намд байгаа. Хэн хэнээр солигдсоноороо чухал биш. Намын систем нь нам нь төрийгөө аваад явдаг систем ардчилсан гэгдэж байгаа монгол улсад ганцхан байна. Тэр тогтолцоог бид зогсоож чадна. Энэ зогсоох гэж байгаа эрмэлзэл их тэнэгийг бага тэнэгээр солино гэдэг тодорхойлт.
-Ардчилсан холбоо анх гарахдаа МАХН-ыг бүр мөсөн устгана гэдэг бодлого баримталж байсан ч бүх зүйл буруугаар эргэсэн гэдэг байх аа?
-Энэ хоёр нам чинь ямар ч үзэл бодлын чиглэл байхгүй, хөрөнгө мөнгөн дээр нийлчихсэн бүтцүүд. МАХН, АН хоёр нэг нам болчихсон байна. Энэ хоёр намын хуйвалдаан 1990 оны гуравдугаар сарын 10-наас эхэлсэн л байхгүй юу.
-Хуйвалдаан эхэлсэн гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ?
-Гуравдугаар сарын 10-наас хуйвалдаанаа эхэлсэн гэдэг нь тодорхой байдаг. Нэг онигоо ярьж өгье л дөө. АН-ын дарга болох гээд Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж хоёр сонгуульд өрсөлджээ. Тэгээд нэг сэтгүүлч н.Бошигт гуайгаас хэн нь дарга болвол зүгээр вэ гэж асуужээ. Бошигт гуай хариуд нь Чи асууснаараа хоёр дахь тэнэг. Хэрвээ би чамд хариулах юм бол гурав дахь тэнэг болно. Харин монголын ард түмэн ухаантай учраас тийм тэнэг асуултанд хариулах хүн байхгүй гэж хэлж байсан юм шүү.
-Гэхдээ Ардчиллын тод жишээ нь Э.Бат-үүл, Ц.Элбэгдорж нар биш гэж үү?
-Ц.Элбэгдорж нь Э.Бат-Үүлийгээ бодвол арай гайгүй сэхээ-тэй нь юм даа. Ц.Элбэгдорж АН надад микрафоны цаг өгсөн гэж надад ярьж байсан нь санагдаж байна шүү. Харин Э.Бат-Үүл бол Ардчиллыг монголд оруулж ирсэн юм шиг ард түмнийг төөрөгдүүлээд байдаг нөхөр. Тэгээд түүндээ үнэмшчихсэн л байхгүй юу. Гэхдээ энэ түүхийг хэтэрхий их олон хүн мэднэ. Ц.Элбэгдорж нь түүнийг бодвол юм үзэж, харчихсан, ямар нэг эрмэлзэлтэй юм сурч байгаа залуу. Гэхдээ хэн хэн нь оюунлаг хүчтэй нийгэмд ирчихсэн гэдгийг мэддэггүй. Люмпин гэж боловсролгүй мөртлөө хувьсгалч хүмүүсийг хэлдэг. Тийм л улсууд нийгэмд садаа болж байна. Түүний жишээ нь энэ хоёр тэнэг. Би Миний удирдсан ардчилсан холбоо гэдэг ном гаргаж байгаа. Тэр номон дээр бүх зүйл их тодорхой харагдах болно.
-Сүүлийн үед МоАХ-ны үйл ажиллагаа идэвхжиж байгааг юу гэж үзэж байна. Ер нь бид ардчиллын 18 жилийн хувьсгалаас юуг олсон гэж боддог вэ?
-МоАХ-ны идэвхижлийг нэг хэсэг улсууд Женко Х.Баттулгатай холбож яриад байгаа. Харин би үүний эсрэг байдаг. Гэхдээ яах вэ МоАХ-ны байрыг засаж сайжруулсан сайн залуу шүү. Миний гүнээ харамсаж байгаа зүйл бол өнөөдөр дарга нарын болоод мөнгөтэй хүмүүсийн нийгэм болчихоод байна. Ардчилал гэдэг бол хамтран амьдрах ухаан. Дарга нарын нийгмээс салья гэтэл мөнгөтэй хүмүүс нийгэмд нэмэгдэх болчихлоо. Түүнээс надад хувь хүний асуудал нэг их чухал биш ээ. Миний яриад байгаа оюунлиг хувьсгал сонгуулийн хувьсгалаар эхэлнэ. Бидний чиглэл хэн нэгэн хүнтэй тэмцэх нь чухал биш.
-Та ер нь яагаад өнөөдрийг болтол улс төрд ороогүй юм бэ?
-Надад ямар ч нам хэрэггүй. Надад эх орон хэрэгтэй. Би тэгж нам байгуулж доошоо орохгүй. Хэрвээ би улс төрд орохыг сонирхсон бол, болох л байсан. Гэхдээ тэр намаар би яах юм бэ. Энэ дашрамд хэлэхэд МоАХ гэдэг нандин зүйл. Тэрийг бид хэзээ ч нам болгохгүй. Хэн нэгний эрх ашгийн төлөө бид бусдад өгөхгүй. Хэн нэгэн нь энэ асуудал дээр тоглож тэр тусмаа намайг балиар тоглоомондоо оролцуулах сонирхол байгаа юм шиг байна. МоАХ оролдож болохгүй ариун зүйл. Намайг оролдож элдвээр хэлж болно. МоАХ 17 нам төрүүлсэн юм чинь дахиад нам төрүүлж болно. Тэгээд ч аль нэг нам нь ханиад хүрнэ үү, үгүй юу надад хамаагүй асуудал.
Б.Туяа
Хүмүүс