Монголын хамгийн өндөр хүн Рагчаа Би монголынхоо далбааг хамгийн өндөрт намируулсан
Харин одоогоор хоёр сая гаруй хүн амтай Монгол улсын хамгийн өндөр хүнээр тодроод байгаа Рагчаа гэх залуутай уулзаж ярилцлаа.
-Монголын хамгийн өндөр залуугаар сонин юу байна?
-Лигийн тэмцээн гээд завгүй байлаа. Саяхан нутаг руугаа яваад ирлээ. Би чинь Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын хүн шүү дээ.
-Хүн 25 нас хүртлээ өсдөг гэдэг. Одоо дахиж өсөх болов уу?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Өслөө гэхэд одоо нэг их нэмэгдэхгүй байлгүй дээ л гэж бодож байна.
-Дунд сургуульд байхдаа сургуулийнхаа хамгийн өндөр нь байсан уу?
-Тэгэлгүй яах вэ.Угаасаа л их биеэрхүү хүүхэд байсан. Би чинь дунд сургуулиа 2001 онд 2 метр 5 см-ийн өндөртэй төгссөн. Манай өвөг эцэг хоёр метр гаран хүн байсан юм байна лээ. Манай удамд тохиосон гурав дахь үеийн өндөр нь би юм гэсэн.
-Монголд өндөр хүмүүс олон байдаг. Харин өөрөө хамгийн өндөр нь гэсэн?
-Тийм ээ. Шаравжамц ах хоёр метр 12 см. Би хоёр метр 26 см харин жин маань 130-135 кг-ийн хооронд хэлбэлздэг. Шараваа ах бид хоёр чинь хуурай ах дүүс шүү дээ.
-Өндөр хүн хувцас сонгоно гэдэг амаргүй байх. Таарах хувцас олдох юм уу?
-Өөрт таалагдсан дуртай хувцсаа ч сонгож авч чадахгүй бэрхшээлтэй тал байдаг. Хувцсаа дандаа захиалгаар хийлгэдэг. Миний хувцсыг оёдог хоёроос гурван газар бий. Өмд хийхэд л гурван метр, харин пиджаканд дөрвөн метр материал ордог.
-Хэдэн размерийн гутал өмсдөг вэ?
-52 размерийн гутал өмсөнө. Бас л захиалгаар хийлгэдэг.
-Ийм өндөр хүн чинь бас л нэлээн их иднэ биз?
-Хүмүүс намайг өндөр болохоор их иддэг гэж боддог юм шиг байгаа юм. Би жирийн хүнтэй л адилхан иддэг. Жишээ нь найман хуушуур, 10 бууз л иднэ.
-Ер нь эхээс төрөхдөө хэдэн килограмм, хэр өндөр гарсан бэ?
-Таван килограмм 100 грамм. Өндөр нь бусад хүүхдүүдтэй адил хэвийн байсан гэдэг. Би чинь эцэг эхээсээ долуулаа гурван ах, хоёр эгч нэг дүүтэй. Ер нь манайхан их биерхүү хүмүүс байдаг. Дунджаар нэг метр 80 см.
-Ойрын үед гэр бүл, найз охинтой болох бодол байгаа юу?
-Одоохондоо гэрлэж амжаагүй л байна. Найз охинтой ч болоогүй байгаа. Гэхдээ 2008 онд 25 нас хүрээд гэрлэх төлөвлөгөө бий.
-Чамайг өндөр хүмүүсийн олон улсын чуулга уулзалтанд оролцсон гэж сонссон?
-Тийм ээ. Би өнгөрсөн жил АНУ-ын Чикаго хотноо болсон дэлхийн өндөр хүмүүсийн Эв санааны нэгдэл чуулга уулзалтанд оролцоод ирсэн. Тэнд нийт 250аад орны өндөр хүмүүс ирсэн. Тэнд ирсэн хүмүүс улс орныхоо төрийнхөө далбааг өөрийнхөө хүрэх хамгийн өндөр цэгт намируулсан. Тэгэхэд АНУ-ын хамгийн өндөр хүн болох Девросмос гэдэг хүн хоёр метр 24 см хамгийн өндөр нь байсан. Би тэр хүний дээр монголынхоо төрийн далбааг намируулсандаа үнэхээр бахархалтай байсан. Дэлхийн 250 орны иргэд Монголыг сайн мэдэхгүй байсан. Төрийн далбаагаар минь мэддэг болсон байх аа.
-Эмэгтэй өндөр хүмүүс олон байх юм уу? Танилцаж сонирхсон уу?
-Байлгүй яах вэ. Гэвч ихэнх нь 30 гаруй насны хүмүүс байсан болохоор үзэл санаа, насны зөрүү их байсан. Дээр нь хэлний бага зэргийн бэрхшээл байсан.
-Ер нь өөрөөрөө хамгийн өндөр гэдгээрээ бахархаж байв уу?
-Мэдээж монголын хамгийн өндөр хүн болсондоо бахархалгүй яах вэ.
-Энд тэнд явж байхыг чинь харсан хүмүүс дандаа эргэж хардаг байх. Тэр бүхэнд ямар байдаг вэ?
-Ихэнхдээ төвөгтэй санагддаг байлаа. Харин одоо бол дасчихсан. Нэг их сонин санагддаггүй болчихсон.
-Машиндаа яаж сууж жолооддог вэ?
-Жолоочийн суудлаа арынх нь суудал хүртэл сунгаж байж л суудаг.
-Гадаадын олон орноор аялсан уу. Ийм өндөр хүнтэй чинь энд тэнд явж байхад олон сайхан хөгжилтэй зүйл тохиолддог биз?
-АНУ, Орос, Хятад, Солонгос зэрэг орноор явсан. Намайг Хятадад явж байхад хүмүүс Яо мин, Яо мин гээд л нөгөө NBA-д тоглож байгаа алдартай сагсан бөмбөгчинтэй андуураад гарын үсэг авах гээд орилолдоод их хөгтэй юм болж билээ.
Хүмүүс