УИХ-ын гишүүн, МАХН-ын бүлгийн дэд дарга Б.Эрдэнэсүрэн Нас намбаа бодсон ч нэг дэвтэр барьчихсан Ерөнхий сайд руу гүйнэ гэдэг инээдтэй биз дээ
-Таныг чинь сүүлийн үед УИХ дахь намынхаа гишүүдийг бүртгэж үг үсэггүй протоколдож суудаг болсон гээд байгаа. Тэр протокол бичдэг нууц хар дэвтэр-ийн чинь талаар сонирхох гэсэн юм?
-Сүүлийн үед хар дэвтэр хөтлөгч болж хувираад байгаа. Би эндээс нэг дүгнэлт хийсэн. Ер нь тэгээд хэвлэл дээр юу гэж бичигдэхээс бүх зүйл хамаардаг. Янз бүрээр хэд хэд биччихээр хүмүүс тоглоомоор ч гэсэн хар дэвтэр-ээ хөтөлж л байна уу гэж асуух жишээтэй. Би ямар ч хар дэвтэр хөтөлдөггүй. Надад ямар ч хар дэвтэр байхгүй. Ер нь бүлгийнхээ дэд даргын хувьд бүлгийн хуралдаан дээр гишүүдийнхээ ирцийг л ярьсан. Цагтаа ирж байна уу, үгүй юу гэдэг материалыг л танилцуулсан. Тэгээд тэрийгээ вдөр болгон ерөнхий сайд дээр гүйж очоод өгөөд явах нь нас намбын хувьд ч гэсэн хийж ирсэн ажлын туршлагын хувьд ч гэсэн инээдэмтэй асуудал. Зүгээр л бага ангийн хүүхдийн сэтгэлгээгээр бичсэн байна лээ. Ер нь би бол ажил шаардана. Нэгэнт манай бүлгийн нөхдүүд надад итгэл найдвар хүлээлгээд бүлгийн дэд даргаар томилсон. Тийм учраас би хурлаа цагт нь хуралдуулж, хуралдаа яригдаж байгаа асуудлыг ажил хэрэгчээр үр дүнтэй санал дүгнэлт боловсруулж, үүнийг төрийн хууль боловсруулахад оролцуулах асуудал бидний үүрэг. Бүлгийн ажил бол их хурлын асуудалд их чухал хэсэг. Бүлэг дээр маш их маргалдаж үзэл бодлоо уралдуулдаг. Ер нь ардчилал гэдэг чинь янз янзын үзэл бодлыг уралдуулж ярьж байгаад нэгдсэн дүгнэлтэнд хүрээд түүн дээрээ хатуу зогсож ажиллах асуудал гол. Би ч гэсэн одоо бүлгийн хуралдаан дээр тийм л байр суурьтай байдаг. Миний санал нийлэхгүй асуудал байдаг. Тэгэхдээ хүн болгон дарга ч юм уу нэг хэлсэн хүний үгэнд захирагдах албагүй.
-Бүлэг дээр Б.Эрдэнэбат сайдыг огцруулахгүй гэж танай намынхан хоорондоо санал зөрж ирэх сонгуультай нь хүртэл барьцаа хийсэн юм биш үү?
-Бүлэг дээр ганц Б.Эрдэнэбат сайдын асуудлыг яриагүй. Энэ ганцхан Эрдэнэбат сайдын асуудлаар биш, ерөөсөө бүлэг дээр зөндөө хуулиуд яригддаг. Түрүүн бид гурван хуулийн тухай ярьсан. Тухайлбал үйлдвэр технологийн паркийн тухай хууль дээр ч гэсэн дөрөв таван янзын үзэл бодол манай гишүүдийн дунд байж байсан. Тэгэхээр зөвхөн нэг хүнтэй холбоотой болохоор тэр нь л их сонирхол татаад байна л даа. Аливаа бүлгийн хуралдаан дээр нэг саналтай байдаггүй. Олон янзын санал бодол яригддаг, Тэгж байгаад нэгдсэн саналд хүрдэг.
-МАХН-ын бүлэг АН-ын зөвлөлтэй хэр хамтарч ажиллаж байгаа вэ. Заримдаа бүлэг зөвлөл хоёрын зөвшилцөөгүйгээс УИХ хүртэл гацаад байдаг шүү дээ?
-Зарим үед үнэхээр тохирохгүй хоёр өөр асуудал боловсрогдохоор ирдэг. Ер нь бүлэг зөвлөл гэдэг их хурлын гол агуулга. Бүлэг зөвлөл дээр маш сайн ярьж шийдсэн асуудал бол хоёр өөр асуудал ороод ирлээ гэхэд тэрнийг нэгдсэн асуудал шийднэ. Гэхдээ бүлэг зөвлөлүүдийн бүх асуудал адилхан байх шаардлага байхгүй. Тэгвэл энэ олон хүн учир утгаа алдана. Хоёр өөр үзэл бодолтой намууд улс төр барьж байна. Тийм учраас бүх асуудлаар адилхан байх арга байхгүй. Гэхдээ зарим асуудлаар ойлголцоод санал бодлоо солилцох юм байлгүй яах вэ. Би хэвийн үзэгдэл гэж бодож байгаа. Бүр нарийн яривал бид маш их илүү цагаар ажиллаж байгаа. Маш олон асуудал шийдэж байна. Маш олон хуулиуд боловсруулж гаргаж байна.
-Танай нам дотор залуучуудын шинэ үе, холбоо бүлэг гарч ирэх гэж байна гэж байнга л яригддаг. Гэтэл үнэн хэрэг дээрээ залуучуудаа гаргаж ирэх сонирхол байхгүй байгаа юм биш үү?
-Ер нь ийм бүлэг холбоо одоогоор байхгүй ээ. Тийм бүлэг байхыг хүсч байгаа хүмүүс зохиомлоор ийм бүлэг үүсгээд байна шүү дээ. Би залуучууд гээд эсрэг болоод байгаа юм алга. Дунд үеийнхэн гээд гадуурхаад, ахмад үеийнхэн гээд нийлээд байгаа юм алга. Надад л лав мэдэгдэхгүй байгаа. Нэг хүнд л мэдэгдэхгүй байна гэдэг чинь тийм онцгой зүйл байхгүй гэсэн үг. Дахин хэлэхэд тийм юм байлгахыг хүсээд зохиомлоор гаргаж хүмүүсийн дунд үл ойлголцол бий болгодог. Манай нам сайн ажиллах ёстой юу гэвэл сайн ажиллах ёстой. Харин бид шаардлагын хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаа. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа асуудлууд энэ их хурал дээр тавьж шийдвэрлүүлж байгаа асуудлаа тэр болгон олон түмэнд хүргэж чадахгүй байгаа. Энэ бол бидний дутагдал. Түүнээс биш айхтар талцаад тал талд зүтгээд байх юм байхгүй шүү дээ. Зүгээр нэг хоёр хүн ярилцлага өгөөд өөр өөр байр суурь илэрхийлсний төлөө алгаа ташаад МАХН ашгүй нэг хэдэн хэсэг болоод тал тал тийшээ боллоо гэж бодох хэрэггүй. Энэ бол байх л зүйл. Манай нам ажиллаад явж байгаа л даа. Орон нутгийн намын гишүүдээсээ санал асуулга явуулсан. Сонгуульд нэр дэвшиж болохоор ямар хүмүүс байна гэдгийг судлах асуудал дээрээ явж байна.
-Ирэх сонгуулийн хүнээ судлана гэснээс аль хэдийн сонгуулийн сурталчилгаа чинь эхэлсэн юм биш үү?
-Энэ далимд нэг зүйлийг хэлэхэд бид сонгуулийн хуулийг хэлэлцэх явцад дутуу анхаарсан юм шиг байгаа юм. Сонгууль гэдэг юмыг байнгын улс төр болгож болохгүй. Харин сонгуулийн компанит ажил зарласанаас хойш л улс төрийн ажил явах ёстой. Гэтэл одоо сонгуулийн ажил явуулаад байна шүү дээ. Хэрэв ингэх юм бол хэт их гааруулна. Тийм учраас хуульд хаалт өөрчлөлт хийж өгөх байжээ гэж би хувьдаа бодож байгаа юм. Саяын хууль сонгуулийн компанит ажлыг эхэлсний дараа ихээхэн цэгцэлж өгсөн. Өдий төдий эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын уралдаан тэмцээн явуулдаг энэ бүхнийг хаасан. Тэгээд сонгуулийн сурталчилгааны хугацаа ч богиноссон. Гэтэл сонгуулийн компанит ажил эхлэхээс өмнө энийг хязгаарлах. Одоо бэлэг сэлт өгөөд, худлаа амлалт өгөөд яваад байна гэнэ. Энэ нь иргэдийг байнга улс төрийн стресст байлгах юм болж. байна. Ард түмэн яг тэр компанит ажлынх нь үеэр идэвхижээд сонголтоо хийгээд дараа нь түүнийгээ мартаж ажлаа хийдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй дандаа улс төр хийгээд ажлаа хийхгүй бол улс төрд хортой шүү дээ.
-Ер нь сонгууль гэлтгүй улс төрийг мөнгөөр зохицуулж болдог гэсэн ойлголт байдаг. 2008 оны сонгуулийг одооноос л мөнгөтэй бэлтэй нь гарна гэж байгааг шүү дээ?
-Ер нь мөнгөөр улс төрийг тодорхойлдог юм руу монгол улс орвол энэ аюултай. Манай ард түмэн үүнийг ойлгох учиртай. Одоо мөнгө зарсан ажил хийгээд мөнгө амлаад байна, тэр монгол улсын эрх ашгийг хамгаалж байна гэж би хэлж чадахгүй. Хүнд таалагдтлаа сайхан байж болно. Хэрэв ийм байдалд орох юм бол монголын тусгаар тогтнол алдагдана. Гадаадын хувьд монголд зардаг мөнгө маш бага мөнгө шүү дээ. Нэг тодорхой хүн дээр тодорхой хэмжээний мөнгө гараад хэсэг хугацааны дараа монгол улсаас гардаг хуулиуд бодлогууд чинь монголын ард түмний эрх ашгийг илэрхийлсэн биш харин гадаадын ямар нэг томоохон аж ахуйн нэгж юм уу гадаадын эрх ашгийг илэрхийлсэн болдог. Мөн улс төрийн дархлаа алдагдаж байна. Худлаа мөнгө амлаад эсвэл бэлэг сэлт тараагаад байгаа тэр хүнийг сонгодог л юм бол улс төр хэрэг алга. Хэрэв ийм мөнгөний ноёрхолд орох юм бол монгол орон тэгээд цөөхөн хүн амтай ийм орон үнэхээр хүнд байдалд орно. Бусад улсын парламенттай харьцуулахад 76 харьцангуй цөөхөн шүүдээ. Ийм хүмүүсийг мөнгөөр сонгодог болчихвол ямар хэрэг байна. Надад бол жишээ нь хувь хүнийхээ хувьд мөнгө алга. Улс төрд мөнгө зааж ордог тогтолцоонд ажилахад хэцүү байна шүү дээ.
-Улс төрд УИХ-ын гишүүн болохын тулд хэмжээгүй их мөнгө цацдаг. Тэр хэрээрээ буцаагаад олж болдог болохоор тэр юм биш үү?
-Мөнгө хаяж улс төрд гарна гэдгийг би ойлгохгүй байгаа юм. Мөнгө хаяж байгаа тэр мөнгө хулгайн мөнгө, эсвэл авилгалын мөнгө, гадаадын мөнгө, татварыг нь олсон юм бол тэрийг нь тооцож шалгах хэрэгтэй. Сонгуулийг мөнгөөр уралддаг сонгууль болгохгүй зүгээр уулзалт хийгээд явахад тэгж их мөнгө гарахгүй шүү дээ. Мөнгөөр бус хөтөлбөрөөр уралддаг болох хэрэгтэй. Гэтэл өрсөлдөөдянз бүрийн юм амлаад л компанит ажлаа эхлээд явж байна. Тэр мөнгө хаанаас гараад байгаа юм хянах л хэрэгтэй .Одоо авилгалын эсрэг газар гэж байдаг гом бол тэрийг хянах хэрэгтэй шүү дээ. Сул мөнгө гэж байхгүй. Энэ мөнгө бол бодитой хүний ариун цагаан хөдөлмөрөөр олж ирсэн татвар төлсөн бүртгэгдсэн мөнгө байх ёстой. Жинхэнэ тэр мөнгөний цаад учрыг л олох хэрэгтэй. Нотлогдсон батлагдсан мөнгө байх ёстой.Тэгээд компаниуд мөнгө хаясан гэж байна. Татвараа төлсөн юм уу үгүй юм уу, татвараа төлсөн шударгаар олсон бодитой сайн сайхан хүмүүсийн төлөө зарж байвал одоо яах вэ. Тэгсэн мөртлөө тэгээгүй л байгаа. Тодорхой бүртгэлгүй мөнгө байгаа. Тодорхой янз бүрийн аргаар орлого олдог. Тэрнийгээ улс төрийн зорилгоор ашигладаг. Хэрэв улс төрийг мөнгөөр үнэлээд явна гэвэл бидэн шиг улсад ажиллах бололцоо байхгүй болно. Би улс төрд чадаж байна гэж бодож байгаа үеэ хүртэл явна. Ер нь за би ч гологдоод байгаа юм байна, би залхуу болж юм уншихаа байж миний үгийг хэн ч сонсохгүй юм байна. Би нэг ч хууль санаачилсангүй. Би хууль санаачлаад л яваад байгаа. Би 20 орчим хууль санаачилсан. Тэрнээсээ би сэтгэл ханамж авч байгаа. Хэрэв би тийм юмыг санаачилж чадахгүй, миний санаачилсан хууль унаад л гаргасан санал нь биелэгдэхгүй бол шуудл больчихно.
-УИХ-ын үйл ажиллагаа цагтаа явж чадахгүй заавал сунгаж хугацаа алдаад байгаа. Нэг завсарлахаараа амралтаа авчихсан юм шиг алга болдог?
-Яг нарийндаа их хурал миний их хуралд ажиллах хугацаанд цагтаа завсарласангүй. Завсарлахаар их хурал амарч байна уу гэдэг юм. Тарчихсан юм уу гэж асуудаг. Их сонин байгаа байхгүй юу. Энд л хуралдаад суугаад байгааг ажил гэж ойлгодог байгаа юм. Тийм учраас цаашид миний хувийн байр суурь бол их хурал цөөхөн тооны хуулийг яг цагтаа хэлэлцээд тэр хуулиар тогтоосон хугацаандаа хэлэлцээд завсарлаж байх ёстой. Завсарлаж байж хуулийн хэрэгжилтийг үзнэ шүү дээ. Тэгэхгүй энд чинь санал өгөх хэрэгтэй байдаг бүлэг дээрээ асуудал ярих хэрэгтэй байдаг. Бид үүн дээр чинь уягдаж байна шүү дээ. Хуулийн хэрэгжилт орох ямар ч завгүй байдаг. Тийм учраас ер нь цаашдаа их хурлаар хэлэлцэх асуудал маш цөөхөн байх хэрэгтэй байна. Яах вэ энэ бас нэг завсрын үед олон хууль хэлэлцэж гаргах ийм онцлог байдаг л байх. Хуулийн хэрэгжилт рүү онцгой анхаарах шаардлагатай.
-Таныг Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн талаар бүлэг дээрээ ажлын хэсэг ахалж байгаа гэсэм. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Энэ бүтцийн өөрчлөлт гэдэг ойлголтоор хүмүүст тарчихсан. Уг нь бол төр захиргааны ажлын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй бол гол үзэл баримт гэсэн баримт бичгийг Улаан гишүүний ахалсан ажлын хэсэг боловсруулаад манай бүлэгт оруулж ирсэн бүлгээс ажлын хэсэг гарсаныг ахалж ажиллаж байгаа. Ерөөсөө эдийн засагт, улс орны хөгжилд төрийн оролцоог багасгах, ийм асуудал байна. Төрийн захиргааны шинэчлэл гэдэг нь хүнд суртлыг бууруулах дамжлагыг цөөрүүлж болвсронгуй болгох, тэгээд бүтэц орон тооны хувьд оновчтой болгох ийм асуудал. Энэ дээр бол төрийн захиргааны байгууллага биш, улсын үйлдвэрийн газар ч ялгаагүй бүхэлд нь цомхон болгох, ийм үзэл баримтлал. Манай бүлэг дээр хэлэлцээд бид дэмжсэн. Үүнийг дэмжинэ гэдэг бол цааш нь нягталж боловсруулах шаардлагатай юм байна гэсэн ийм чиглэл гаргасан. Түүнээс биш 2008 оны сонгуулиар бужигнуулаад л бүтэц зохион байгуулалтын өөрчлөлийг хийгээд, яамдыг нийлүүлээд байх ийм шаардлагагүй гэж үзсэн.
-Төрийн албан хаагч улс төрөөс ангид байх тухай байнга ярьдаг. Энэ асуудал хэзээ цэгцэрч шийдэгдэх юм бол оо? Улстөржихгүй юм ч гэж байхгүй боллоо шүү дээ?
-Төрд алба хашдаг бүх хүн улс төрөөс ангид байх ёстой. Түүний дотор багш эмч нар, бүр эхний ээлжинд төрийн захиргааны ажилтнуудаас өмнө харин багш эмч нар улс төрийн харъяалалгүй байх ёстой. Хүн эмчлэхэд ямар улс төр шаардагдаад байгаа юм. Математикийн хичээл заахад ямар улс төр хэрэгтэй юм. Бид хүмүүсийг хэт улстөржүүлээд өөрийнхөө улс төрийн зорилогод ашиглаад ингээд тэр улсууд чинь үндсэн ажлаа биш, улстөрийн ажил хийдэг болчихвол утгагүй шүү дээ. Ард түмэн өөрөө хэтэрхий улс төржөөд байна. Ах дүү дов жалгаараа улстөржиж байна энэ бол тийм ач холбогдолтой биш. Монгол ши гжижиг оронд улс төр шиг хэрэггүй юм байхгүй. Ямар ч өөр улс төрийн үзэл бодолтой гээд тэрэндээ итгээд хэт хашгичаж ард түмний толгойг эргүүлэх шаардлагагүй.
-Увсынхан чинь УВС гэсэн нам байгуулчихлаа гээд л байдаг. Нутгархах дов жалганы үзэл байгааг харуулаад байгаа юм биш үү?
-Би мэдэхгүй байхад хэн нам байгуулчихаад байгаа юм бол. Нямдорж дарга надаас нуугаад нам байгуулчихсан бол эрх биш намайг оруулмаар юм аа. Ерөөсөө л энэ ард түмний дунд Увсынхан, Өвөрхангайнхан, Дорнодынхон гэсэн буруу ойлголт төрүүлж байна. Ийм утгагүй асуудал гэж байж таарахгүй ээ. Ер нь намуудын хувьд ч гэсэн сайхан нэгдмэл байх хэрэгтэй. Монголын хаад нэг нь нөгөөдөө ялагдахаараа гаднаас тусламж авч тэрнийхээ хүчинд монголын тусгаар тогтнол устсан шүү дээ. Энэ бол өнөөдөр улс төрөөр дамжиж ирнэ. Хэт их улс төржих нь монголын тусгаар тогтнолыг устгаад л дуусна.
-УИХ-ын даргыг хууль зөрчсөн гэж ҮХЦ-д гомдол гаргасан. Удахгүй дээд суудлын хуралдаанаараа авч хэлэлцэнэ. Таны хувьд УИХ-ын даргын хууль зассаныг юу гэж үзэж байна?
-Ц.Нямдорж дарга юмны голыг олоод тэмцээд ажил хийгээд л байгаа зоригтой улс төрч. Тийм учраас би Нямдорж даргыг хамгаалж л байна. Яах вэ тодорхой юман дээр бид зөрдөг л юм. Тэр байх л асуудал. Ц.Нямдорж дарга зөв л засдаг юм. Олон жил парламентад суусан, Хууль зүйн яамыг хоёр ч удаа толгойлж ажилласан болохоор хуулийг зөв засаад зөв чигтэй болгож байгаа нь монголын төрд хэрэгтэй зүйл. Увсынх гэдгээр нь биш, ажил хийж байгаа хүнийг хүндлэх хэрэгтэй. Ер нь энэ их хуралд зүгээр телевизийн дуран харахаараа нэг л их ажил ярьж хэрүүл хийх хэрэггүй шүү дээ. Үнэн мөнөөрөө л харагдах нь гол.
Г.Ганхуяг
Хүмүүс