Төрсөн үрсээ гурван саяар зарсан эх Төрөхөөс өмнө нэг сая, хүүхдийг минь авахдаа хоёр саяыг бэлнээр өгсөн

Төрүүлсэн үрээ тэжээж чадахгүй энд тэнд хаядаг байсан бол одоо төрөөгүй хүүхдээ худалдчихдаг болж гэхэд та итгэх үү. Гэхдээ хээр гадаа, хаа тааралдсан хог дээр хаяснаас хэдэн төгрөг болгочихсон нь дээр ч юм шиг. Ихэр үрсээ нэг найзаараа дамжуулж зарсан бүсгүйтэй уулзсан юм. Алтан хэвлийдээ бойжиж байхад зарсан нь бүр сонирхолтой. Биднээс төрсөн нутаг усныхаа нэрийг нууцлахыг хүссэн юм.

-Уучлаарай, сэтгэлийн эмзэг асуудлыг чинь хөндөж байгаад. Та хаанахын хүн бэ?

-Би нутаг орноо ил тод хэлмээргүй байна. Намайг нутаг усаа хэлэх л юм бол хүмүүс мэдчихнэ шүү дээ. Өргөж авсан хүмүүст ч хэцүү байх болно. Ямар ч л байсан хөдөө зэлүүд газар биш.

-Та ямар мэргэжилтэй, юу хийдэг вэ?

-Одоогоор хийгээд байсан юм байхгүй. Гэхдээ удахгүй ажил хийнэ ээ. Мэргэжилгүй. Харин юм оёхдоо сайн. Гэрээрээ дээл, гоёлын хувцас оёж, мөнгө олоод, болж л байна.

-Гэр бүлтэй биз дээ?

-Тийм. Нөхөр минь жолооч, хөдөө гадаа их явдаг. Бид гэрлээд таван жил боллоо. Гурван сайхан хүүхэдтэй. Хоёр том маань сая сургуульд орсон. Багыг минь мал дээр аав ээж хоёр авчихсан, төрсөн цагаас нь өсгөж, харж байгаа.

-Таны бие гайгүй юу. Жаахан ядруу харагдаж байх юм?

-Харин жаахан ядраад байна аа. Төрснийхөө дараа гам сайн хийлгүй салхи авчих шиг боллоо. Бага хүүгээ гаргачихаад нялх биетэй байж дахиад жирэмсэн болоод, хүүхэд гаргачихаар аргагүй шүү дээ. Хөл хүндтэй байхад л эмч цус багатай байна төрж болохгүй гээд бага сартайд нь авхуул гэж байсан л даа. Сая хот орж Эх нялхасын клиникт хэвтэж эмчлүүлсэн болохоор гайгүй л байна.

-Эмч төрж болохгүй гэсэн юм уу?

-Эхлээд авахуулья гэж бодож байсан ч мөнгө олддоггүй. Тэглээ ч нөхөр минь зөвшөөрөхгүй уурлаад.Тэр минь хүүхдэд их хайртай. Тэгж явсаар байтал томорчихсон. Одоо нэгэнт л өнгөрсөн гэж бодоод хүнд хүн илүүддэггүй гэдэг гэсэн сайхан үг сэтгэлдээ ургуулж явж байлаа. Тэглээ ихэр байсан юм. Энэ мэдээг сонсоод би их баярласан. Гэр рүүгээ хөөр баяр болоод явж байтал гэнэт утсаар ээж дуудлаа. Гүйгээд очтол өөдөөс нэг сонин юм яриад уйлаад байсан. Би ч юу яриад байгааг нь ойлгохгүй байсан ч Та хоёр ямар амьдралтай билээ. Тавуулаа идэх ч уух юмгүй хоосон байж, одоо дахиад л нэг. Залуу улс байж, амьдралаа сайхан болгосон хойноо дахиад хүүхэд төрүүлж болно. Чиний бие чинь ямар байгаа билээ гэснийг нь дуулаад төрөх хүүхдүүдийг минь тийм ч сайн хүлээж авахгүй юм байна гэдгийг мэдсэн. Гэхдээ надад энэ хамаагүй байсан л даа. Даанч санаагаар болдоггүй юм билээ. Өдөр ирэх тусам миний бие ч, амьдрал минь ч хүндрээд тэгээд л найзаараа дамжуулж нэг танилдаа өгчихсөн/сур. уйлав/

-Үнэхээр хүүхдээ өөрөө өсгөж дийлэхгүй байсан гэж үү?

-Амьдрал гэдэг чинь үнэхээр хэцүү, өндөр уулын оргилд нь хүрэх гэж мацахтай адил шүү дээ. Гэхдээ миний хоёр хүү сайн хүн дээр очсон. Тэд их сайн хүмүүс гэдгийг нь мэднэ. Намайг төрөх хүртэл минь хотоос зорьж ирээд эмчилгээний бүх мөнгийг нь даасан. Миний хүү охин хоёр их амны хишигтэй дээ. Тийм сайн залуу гэр бүлд очсон нь болоо доо.

-Хүү, охин хоёр байсан юм уу. Нөхөр чинь яаж хүлээн авсан бэ?

-Харин тийм хүү, охин хоёр. Үүнээс болж нөхөр бид хоёр таарахаа байсан. Гэхдээ сүүлдээ мөнгөгүй болж, миний бие өвдөөд байхаар нь яах аргагүй зөвшөөрсөн.

-Тэр гэр бүл үр хүүхэдгүй байсан юм уу?

– Харин, тийм гэсэн. Гэрлээд олон жил болоод ер хүүхэдтэй болоогүй. Гадаад руу явж зөндөө эмчилгээ хийлгээд ч үр дүнд хүрээгүй гэж ярьж байсан.

-Та тэгээд тэр хоёрт үнэхээр итгэсэн үү. Сүүлийн үед гадаад руу хүүхэд гаргадаг хэрэг мэр сэр гардаг болоод байна шүү дээ?

-Үгүй байх аа. Хүнийг ер гаднаас нь хараад л мэдэгддэг гэдэг дээ. Тэр хоёр гадаад хүн биш ээ. Хэрэв үгүй байсан бол би юу гэж өөрийнхөө мах цусныхаа тасархайг өгч явуулчихаад ингээд суух вэ. Би муу ч сайн ч эх хүн.

-Уучлаарай, тэр хоёр таны эмчилгээ болон хүүхдийг чинь үрчилж авахдаа хэдэн төгрөг өгсөн бол?

-Эмчилгээ хийлгэж байхад хэдэн төгрөг зарсныг мэдэхгүй байна. Харин жирэмсэн байхад нэг сая төгрөг урдчилгаа гэж өгөөд дараа нь хүүхдүүдийг минь авахдаа хоёр саяыг өгсөн. Нийлээд гурван сая болсон.

-Та нэлээн хүндрэлтэй төрсөн үү?

-Өөрөөрөө төрж чадахгүй гээд хагалгаагаар төрсөн. Охин минь 2 кг, хүү минь 2.200 кг төрсөн. Анх дууг нь сонсоход ерөөсөө ялгагдахааргүй, их адилхан улаан нялзрай харагдаж байсан. Харин охин нь шанаандаа тод мэнгэтэй. Одоо ч миний хүүхдүүд таван сартай, хөөрхөн болчихсон ангир шиг аан уун гээд л ярьж, ход ход инээж байгаа байх даа/уйлав/

-Одоо холбоотой байгаа юу. Хэдэн сартай болгоод авч явсан бэ?

-Утсаар л хааяа холбоо барьдаг. Гэхдээ нэгэнт хүнд өгчихөөд байсхийгээд залгаад яриад байвал тэдэнд ч надад ч хэцүү. Би аль болох санахгүйг хичээдэг. Гэхдээ мэдэхгүй ээ. Дэндүү хэцүү байна. Төрчөөд ангир уургаа хөхүүлж ч чадалгүй шууд өгөөд явуулсан болохоор. Одоо болтол хөх минь эвлээд, жирсхийн сүү аяндаа урсахаар тэр хоёр минь намайг санаад үгүйлээд, уйлаад байгааг нь мэдээд нэг л мэдэхэд өөрийн эрхгүй утсаа шүүрээд авдаг. Өвдөхгүй, уйлахгүй их сайн байгаа гэсэн. Гэхдээ сүүлийн үед намайг залгахаар утсаа авахгүй болчлоо. Арга ч үгүй дээ. Хүүхдээ хүнд мөнгө авч өгчихөөд араас нь залгаад байвал хэнд ч хэцүү. Гэхдээ тэд минь ёстой азтай, амны хишигтэй үрс болоод л сайн хүмүүс дээр очлоо. Энэ нь надад аз жаргал.

-Хүүхдийнхээ мөнгөө юунд зарцуулсан бэ. Амьдралд чинь тус болсон нь мэдээж байх.

-Тийм шүү. Мөнгө олох одоо их хэцүү болсон л доо. Гэхдээ намайг хүмүүс мөнгөөр хүүхдээ зарсан гэж их буруутгаж байгаа. Энэ ч их том нүгэл л дээ. Гэхдээ ойлгоосой. Аргагүй л ингэлээ. Бас их сайн хүмүүс дээр хүүхдүүд минь очсон. Гэхдээ хоёрын хоёр ихэр байсан шүү дээ гэж нөхөр минь их гомдоллож, хааяа архи үнэртүүлчихсэн орж ирэхэд нь үхмээр ч санагддаг байлаа. Тэр мөнгө бол хоёр хүүгийн минь хишиг болохоор шинэ оёдлын машин авч хүүхдийн хувцас оёж элгээ бага ч болов дэвтээх болов уу.

Өнөөгийн төрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button