Есдүгээр анги төгсөгчдийн 80 хувийг аравдугаар ангид шилжүүлнэ
Түүний мэдээлснээр, Засгийн газар боловсролын хүртээмж, чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүний хөгжлийн төвшнийг ахиулах эрхэм зорилтыг үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэл болгон ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Засгийн газар, УИХ-ын гишүүд хамтран боловсролын багц хуулийн нэмэлтийг боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь ерөнхий боловсролыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлэх, багш нарын нийгмийн баталгааг сайжруулах, орон нутгийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах нөхцөлийг бурдүүлэх, боловсролын сургалтын байгууллага зах зээлийн нөхцөлд ажиллах эрх зүйн орчныг буй болгох зэрэгт чиглэсэн гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн онцоллоо. Өнөөдрийн байдлаар, манай улсын боловсролын төсвийн багц улсын төсвийн орлогын 20 хувьд хүрч байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт болж байгаа аж. Энэ жилийн боловсролын төсвийг 2000 онтой харьцуулахад 2.5 дахин өссөн тооцоо гарчээ. Харин зах зээлийн эрэлттэй уялдаад сургуулийн өмнөх болон дээд боловсролд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодит шаардлага байгаа аж. Өнөөдөр манай орны бага боловсролын /7-11/ насны хүүхдийн 90.3 хувь, дунд сургуулийн /12-15/ насны хүүхдийн 81.4 хувь нь сургуульд хамрагдаж байгаа юм байна. Сургууль завсардса.н 8229 хүүхэд, залууст албан бус боловсролын хүрээнд дүйцсэн хөтөлбөрөөр боловсрол нөхөн олгожээ. Судалгаанаас үзвэл сургууль завсардаж байгаа шалтгаан нь голчлон гэр бүлийн амьжиргааны төвшин доогуур байгаа, дотуур байрны хүрэлцээгүй байдал, тохь тух, бага насны хүүхдээ харж асрах хүнгүй, мөн хүн амын шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалж байгаааж. 2006-2007 оны хичээлийн жилээс Үдийн цай хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж эхэлсний үр дунд 1-4 дүгээр ангийн 190.0 мянган хүүхэд хамрагдаад байна. Мөн эмзэг бүлгийн өрхийн болон гурав ба түүнээс дээш тооны хүүхэд нь сургуульд зэрэг сурдаг өрхийн 62.5 мянган хүүхдэд хичээлийн хэрэгсэл олгоход жилдээ 1.0 тэрбум төгрөг улсаас зарцуулж байгаа аж. Улсын хэмжээнд хөгжлийн хөнгөн, хүнд бэрхшээлтэй 7673 хүүхэд байдаг нь хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн 11 хувийг эзэлж байна. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхцөл байдлын зураглал, Монголын анхны Дохионы хэлний толь бичиг-ийг боловсруулан гаргасан нь сургалтын чанарт эергээр нөлөөлжээ. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиас гадна цэцэрлэгт хүүхдийн хамрагдалт бага байгаад анхаарлаа хандуулж байгаагаа Ерөнхий сайд онцоллоо. Өнгөрсөн онд улсын төсөв, АХБ-ны төсөл, гадаад орнуудын хандиваар нийт 1100 компьютер болон иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлж, хөдөөгийн 45 сургуулийг интернэтэд холбосон байна. Өнөөгийн байдлаар ерөнхий боловсролын хүрээнд нэг компьютерт 74 хүүхэд ногдох болж, тодорхой ахиц гарсан гэнэ. Боловсролын салбарт үндэсний хэмжээнд 10 хөтөлбөр хэрэгжиж байгаагаас монгол бичгийн, англи хэлний сургалтын чанарыг дээшлүүлэх, Албан бус боловсролын, Латин үсгийн үндэсний хөтөлбөрүүд хэрэгжиж дуусчээ. Манай орны боловсролын салбарт гарсан нэг дэвшил бол албан бус боловсролын тогтолцоо аж. Энэ нь хүн амьдралынхаа туршид хаана ч, хэдийд ч ямар ч хэлбэрээр өөрт шаардлагатай боловсрол, мэдлэгийг хүртээмжтэй эзэмших боломжтой юм. Бичиг үсгийн боловсролгүй 7.6 мянган хүнийг бичигтэн болгож, бичиг үсэг үл мэдэгчийн тоо 16.0 хувиар буурсан байна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги, дээд боловсролын төвшинд хүйсний харьцаанд эмэгтэй хүүхдүүд давамгайлсан тэнцвэргүй байдал оршиж байгааг ч Засгийн газар анхааралдаа авсан байна. Энэ байдалд дүгнэлт хийж, 2006-2007 оны хичээлийн жилээс есдүгээр анги төгсөгчийн 80 хувийг 10 дугаар ангид элсүүлэх, эдгээр элсэгчдийн дотор эрэгтэй сурагчийн эзлэх хувийг 48 хувьд хүргэх зохион байгууулалтын арга хэмжээ авч байгаа аж. Ингэснээр ахлах ангид суралцагчдын хүйсний харыдаа тэнцвэржихэд түлхэц үзүүлнэ гэж Засгийн газраас үзжээ. Харин Ерөнхий сайд мэдээллийнхээ төгсгөлд боловсролын салбарт эрчимтэй шинэчлэл хийгдэж, зохих үр дүлд хүрч байгаа ч цаашид хийх ажил, асуудал олон байгааг тэмдэглэлээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хичээлийн болон дотуур байрыг шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг зохион байгуулах, Багшийн хөгжил үндэсний хөтөлбөр гарган хэрэгжүүлэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түлхүү хөгжүүлэх бодлого баримталж байгаа аж.
Т.Болор
2007.05.19 Монголын мэдээ