Яг харагдаач

Төгсөгчид мундах биш. Цэцэрлэгийн, бага ангийн, дунд ангийн,ахлах ангийн, их, дээд сургуулийн, курс дамжааных гээд хөвөрч өгнө. Энэ бүгдээс арван жилийн ахлах ангийнхан, их, дээд сургуулийн оюутнуудын төгсөлтийн баяр, хонхны баяр сүр дуулиан ихтэй. Ялангуяа оюутнууд бүтэн таван жил энэ л баярт бэлтгэдэг гэхэд хилсдэхгүй. Сургалтынхаа төлбөрийг ч гүйцэд төлөөгүй байж хонхны баяр болохоор хэдэн зуун мянгаар нь цацна гээч. Гангараа нь хүртэл үдэшлэгийнх, хонхных, цайллаганых, Зайсан толгой, Гандан руу очихдоо өмсөх хувцас, зугаалгынх гээд тус тусдаа зориулалттай.

Бас чамин машинаар сургууль дээрээ хүргүүлж ирэх нь ч ялгаатай. Танилынхаа, найзынхаа жийпийг гуйгаад ганц өдөр үйлчлээд өгөөч ээ, хөлсийг нь өгье гэх нь энүүхэнд. Зиндаагаа харуулах гэж тэр. Угаасаа таван жил нэг ангид сурчихаад хэн нь хэн бэ гэдгээ мэддэг байж шүү дээ. Хаврын энэ синдромтой хэдэн хоногт набор, сарнай цэцэг, зөөлөн тоглоом үнэд орж, энэ төрлийн наймаа эрхлэгчдийн нар нь гарна. Энэ ч яахав, байж болох. Архигүй хонхны баяр тэмдэглэнэ гэвэл ёстой шараа болдог юм байгаа биз дээ. Тэнэгүүд л тэгдэг байх даа гэсэн яриаг хэдэн оюутны амнаас сонслоо. Архитай газар зодоон цохион, хараал ерөөл, зугаа цэнгэл гээд муу муухай бүхэн л байдаг. Тэртэй тэргүй баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэсээр нурууг нь авчихаад амьдралдаа ганц тохиож байгаа баярт мөчөө ингэж гутаахын хэрэг юусан. Энэ жилийн их, дээд сургуулийн төгсөгчид зөвхөн нэг оюутан гэхэд 400-700 мянган төгрөг зарлагадаж хонхны баярдаж байна гэнэ. Энэ мөнгөнийх нь барагдөрөвний нэг нь идэж уухад зориулагддаг юм байна. Хайран мөнгө. Бидний нэг их үлгэрлээд, жишээ аваад байдаг гадны өндөр хөгжилтэй орны залуус иймэрхүү баяраа арай ч монгол залуус шиг өнгөрөөдөггүй юм гэсэн. Сан байгуулж, зүлэгтарьж, нийгэмд тустай, хүүхэд багачуудад хэрэгтэй зүйл санаачилбал тэр л жинхэнэ дурсгал, бахархал болох биш үү. Хэдэн жилийн дараа хонхны баярын дурсамжаа ярих гэхээр архи уусан, согтсон, шартсан, зодолдсон гээд л эхэлбэл сайхан байх уу даа. Түүний оронд нэг сургуулийн төгсөгчид анги ангиараа гэж довоо шарлуулалгүй нийт төгсөгчид нийлээд нэг сайхан цэцэрлэгт хүрээлэн байгуулчихвал дараа нь үр хүүхэд, хань ижилтэйгээ модных нь сүүдэрт суугаад хуучилж суувал сайхан биш гэж үү. Залуу сайхан насыг заавал архитай холбосны ашиг тус юу ч үгүй. Аль сургуулийн ч билээ, төгсөгчид хонхны баяраа архигүй тэмдэглэе гэж бусад сургуулийн төгсөгчдөө уриалж л дээ. Хариуд нь тэд юу гэж сонссон гээч. Ягхарагдаач. Дээд боловсрол эзэмшиж, социализмын үеийн хэллэгээр бол сэхээтний эгнээнд шилжиж байгаа залуус ийм л хариулт өгсөн гээд та бод доо. Хаврын сүүлчийн сарын сүүлийн хэдхэн хоногт нийслэлээр дүүрэн хонхны баяр тэмдэглэгсэд. Жуулчдад үйлчилдэг том том автобус хөлөглөсөн, хөлчүүрхсөн оюутнууд. Мань мэтийн үед хонхны баяр гэж болдог л байсан. Хөдөөний голдуу оюутнуудыг ч хэлэх үү, гарын арван хуруунд ч хүрэхгүй их, дээд сургууль байсныг ч хэлэх үү. Их, дээд сургууль төгсөнө гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Төгсөх нь ээ, хонхны баярын дээл гээд гэр рүүгээ захичихна. Ээж наадмаар гоёхоор хийлгэсэн дээлээ, эсвэл эгчийн шинэ дээлийг хүнээр дайгаад явуулчих нь энүүхэнд. Хүрэн торгыг ногоон хоргойгоор бүдүүн гэгч нь эмжчихсэн, эсвэл хөх торгон дээлийг улаан хоргойгоор нутгийн гайгүй оёдолчноор оёулчихаад явуулна. Хонхны баярын гол гангараа маань тэр. Тэглээ гээд муудсан юм алга л байна. Хуучны юм ул болсон, та нарын үе өнгөрсөн гэж адрах байх л даа. Гэхдээ л хагас сая төгрөгөөр хоёр гуравхан хоногт тансаглана гэдэг Монголын нөхцөлд л нийцэхгүй гэдгийг аминчлая. Төгсөгчид хонхны баяраа архигүй тэмдэглэж яг харагдаач!

Б.Чимэг

2007.05.19 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button