Амьдралыг өөрчилсөн мөч

Сурагч байсан уе… Манай ангийн нэг хүүхэд харьж явах нь харагдав. Түүнийг Бороо гэдэг юм. Бүх ном дэвтрээ, сургуулийн хувцас хунараа барьчихсан явж байлаа. Би дотроо Энэ нөхөр ч сургуулийн шүүгээнд зарим юмаа хийгээд үлдээчихэж мэдэхгүй мангар амьтан байна даа гэж бодож байв. Тэгээд долоо хоногийн сүүлээр тоглох хөлбөмбөгийн тэмцээнийхээ талаар бодож байлаа. Ингэж бодоод явж байтал өөдөөс нэлээд хэдэн хүүхэд гүйгээд ирэв. Тэд Бороогийн хажуугаар өнгөрөхдөө түүнийг дайран унагав

Бороо өнхрөн шавар дээр унаж, барьж явсан бүх юм нь гараас нь алдрав. Нүдний шил нь ч бас унажээ. Өндийн босч байгаа түүний харцнаас би маш их гунигтай байгааг нь ажигласан юм. Дотроо түүнийг өрөвдөн шууд л гүйж очин тусалж байхдаа, түүний нүд нулимсаар дүүрсэн байгааг ажиглав. Нүдний шилийг нь газраас авч өгч байхдаа би түүнд Эднийг битгий тoo! гэхэд минь тэр маш их баярлан Баярлалаа! гэв.

Газар унасан түүний номыг авч байхдаа гэр нь хаана байдгийг асуув. Тэгээд түүний гэр нь манай ойролцоо байдгийг нь мэдлээ. Би харайн босч, Би яагаад чамайг огт хараагүй байдаг билээ гэв. Бороо надад хувийн сургуулаас энгийн сургуульд өөрөөр хэлбэл манай ангид шилжиж ирснээ тайлбарлав. Ингэж би анх удаагаа хувийн сургуулийн хүүхэдтэй танилцаж билээ.

Уг нь бол тийм ч гунигтай хүү биш байлаа. Харин ч хөгжилтэй байлаа. Бидэнтэй хамт хөлбөмбөг тоглохыг урихад дуртайяа хүлээж авав. Амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүллээ. Бороо ганц надад ч биш бусад найзуудад маань ч таалагдсан юм. Даваа гарагийн өглөө түүнтэй нөгөө л олон номоо буцаагаад сургууль руу зөөж байхтай нь тааралдав. Би түүнд Найз минь чи ингэж их ном зөөгөөд байх юм бол гарын чинь булчин товойж өгөх юм байна даа гэхэд тэрээр дотноор инээмсэглэн талыг нь надад бариулсан юм.

Тэр өдрөөс хойш бид хоёр дотно үерхэж эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн дараа дунд сургуулиа төгслөө. Лицейгээ төгсөж их сургуульд орох боллоо. Бороо гадаад руу АНУ-г зорихоор болов. Бид бие биеэсээ холдсон ч гэсэн үерхэл маань үргэлжилнэ гэдэгт хоёулаа итгэж байлаа. Тэр анагаахын сургуульд сурч, би хөлбөмбөгийн багийн тэтгэлгээр менежмент сурахаар болов.

Бороо дунд сургуулиа онц дүнтэй төгсөж 1-д жагссан юм. Би түүнийг үргэлж Чи ч номын хэнхэгтэй хүн шүү гэж явуулдаг байлаа. Төгсөлтийн баяр болоход сургуулийн захиргаа Бороог баярын ёслол дээр үг хэлэхийг хүсэв. Ёслолын танхимд найз минь тун их ичингүйрэн орж ирсэн ч нүдний шилтэй царайлаг сайхан залуу харагдаж байлаа. Охид түүн рүү маш их шохоорхсон байдлаар харж байсан учир ялимгүй атаархал төрж байсныг нуух юун.

Түүний дэргэд очин Чи чадна. Битгий сандар гэж зоригжуулав. Найз минь Баярлалаа гээд индэрт гаран хоолойгоо засаад ярьж эхлэв.

-Өнөөдөр бол бидний, бидэнд тусалсан, хүнд хэцүүг даван туулахад минь дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархах өдөр юм. Ээж, аав, багш, багийн дасгалжуулагч… ялангуяа найз нартаа!

-Энд би та бүхэнд нөхөрлөл бол хамгийн нандин бэлэг гэдгийг хэлмээр байна. Та бүхэнд нэгэн түүх ярьж өгье!

… Ингэж хэлээд Бороо, бид хоёрын танилцсан өдрийг ярьж эхлэв. Би гайхан дэргэдэх хүмүүс рүүгээ харж байв. Бид хоёрын танилцсан тэр өдөр Бороо амиа хорлохоор явж байжээ. Ном, хувцсаа барьж явсны шалтгаан нь үхсэнийх нь дараа ээж нь ирж юмыг нь авч явахад хэцүү байна байх гэж бодсоных гэнэ. Харин Даваа гарагийн өглөө эргүүлээд авч явж байсан нь амиа хорлохоо больсных байв.

Ярианы төгсгөлд Бороо Баярлалаа найз минь, чи намайг тэр өдөр аймшигт төгсгөлөөс аварсан юм шүү гээд над руу харав. Сургуулийн хамгийн сурлагатай сурагчийн хамгийн нууцлаг түүхийг сонсож байхдаа том заал нам гүм болсон байлаа. Бороогийн аав ээж надруу гүнээ талархсан байдалтай харж байлаа. Би энэ олон жилд тэр өдрийг түүнд тийм ихээр нөлөөлснийг огтхон ч мэдээгүй юм.

Хүний нүдэнд харагдаж байгаа инээмсэглэлийн цаана хүний нүдэнд харагдахгүй нулимс урсаж байх нь бий!

/Монголчилов/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button