XIҮ Далай лам Би улс төрөөс хагас зодог тайлаад байгаа Зууны Мэдээ
Үүний тулд Хятадын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үздэг. Харин Бээжин Далай ламаас Түвд, Тайвань хоёрыг Хятадын салшгүй хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. Хэдий тийм ч Түвдийн элч түшмэд, Хятадын төлөөлөгчдийн хооронд 2002 оноос хойш таван удаа хэлэлцээ хийсэн бөгөөд Түвдийн тал үүнийг үр дүнтэй болсон хэмээн үзэж байгаа юм. Испанийн El Pais сонины сурвалжлагч Далай ламтай уулзжээ.
– Түвд устаж мөхөхийн ирмэг дээр ирээд байна уу?
– Лхас хотод 300 мянган хүн амьдарч байсан. Өнөөдөр хүн амын гуравны хоёр нь хятадууд болчихсон. 2006 оны долдугаар сард ашиглалтад орсон төмөр замаар өдөр бүр дөрвөн мянган хүн ирж, тэдний олонхи нь Түвдэд үлдэж байна. Жуулчид ирж байгаа бол сайн хэрэг. Гэвч мэргэжилгүй ажилчид ирж үлдэж байна. Түвд хэлийг хэрэглэхээ больж байна. Түвд соёлын аймаглан устгалтад өртөж байна. Түвд устаж мөхөх аюултай болоод байна.
– Гэвч та ирээдүйн талаар өөдрөг үзэлтэй байна гэж хэлдэг?
– Энэ өдрүүдэд Дарамсалад буддизмийн хичээл заахад 100 орчии хятад оролцсон. Нэгдүгээр сард Энэтхэгийн өмнөд хэсэгт би 200 орчим хятадтай уулзсан. Мөн Хятадын үйлдвэрийн эзэн олон хүнтэй уулзсан. Тэдний олонх нь Түвдийн буддизмийг сонирхож байсан. Нэг сая хятад хүнд, тэр дотроо коммунист намын дарга нарт буддизмийг заадаг түвд хүмүүс байна. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө Хятадад нэмэгдэж байна. Энэ бүгд нааштай шинж тэмдэг юм. Энэ бүгд өөрчлөлт шинэчлэлтийг авчирна. Хятадын улс төрийн лидерүүд энэ замаараа яваад байж болохгүй. Эцэст нь ард түмний хандлага гол үүрэгтэй байх болно.
– Түвдүүд цөөнх болсон, автономийг яаж бий болгох вэ?
– Түвд орон урилгагүй зочдоор дүүрч байгаа нь гол асуудал болж байна. Хэрвээ тэд сайн ааш зантай бол бэрхшээл алга. Хүн ам зүйн түрэмгийлэл бидний санааг зовоож байна. Мөн хүрээлэн буй орчин бохирдож, гол мөрний ус багасч байгаа нь сэтгэл түгшээж байна. Хятадын эрх баригчид Лхасын хүн амыг 700 мянга болгохыг зорьж байна. Бид тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй, Түвдийн соёл Хятадын нэг хзсэг байж, түүнийг, баяжуулах болно.
– Таны Түвдэд бүрэн автономит эрх олгох Дунд зам гэгддэг төлөвлөгөөг Бээжинд тоож үзэхгүй байх шиг байна. Мөн цөллөг дэх Түвдийн парламентад ч эргэлзээ үүсч байх шиг байна?
– Хятадад улстөрчдийн мэдэгдэл, олон нийтийн санаа бодлын хооронд ялгаа их байгаа. Юм өөрчлөгдөж байна. Хятадын коммунистууд бол коммунист үзэл сурталгүй коммунистууд юм. Би марксизмийн эсрэг хүн биш. Энэ нь ядууст сайн зүйл. Гэвч Хятадын лидерүүд тэдэнд санаа зовохгүй байна. Зөвхөн эрх мэдэл, мөнгө бодож байгаа. Цаашаа ингэж явахгүй ээ. Тиймээс ажилчин ангийн дүргүйцэл нэмэгдэж байна. Өөрчлөлт гарах ёстой. Цөллөгт байдаг түвдүүдийн дунд Дунд замд итгэл алдрах сэтгэл нэмэгдсээр байгаа нь үнэн.
– Бүр итгэхээ больчихвол яах вэ?
– Хүмүүст Дунд замын санаа таалагдаагүй. Дөрвөн саналыг танилцуулж нэг жил хэлэлцүүлсэн. Тэд аль нь шилдэг болохыг шүүж өг гэж надаас хүсэхэд би Дунд зам гэж хэлсэн. Энэ санал бүтэлгүйтвэл би хүмүүсэзс дахин асуух хэрэгтэй болно. Бид ардчилсан бүтэцтэй, ард түмний үгийг сонсдог. Дунд зам төлөвлөгөө бүрэн нурж унасан гэж хэлэх арай болоогүй байна.
– Таны санал бүтэлгүйтвэл түвдүүд таны манлайлалд итгэхээ больчих уу?
– Би 16 наснаасаа улс-төрийн хариуцлагыг өөртөө авсан. Далай лам байсан ч зөвлөл Түвдийн улс төрийг хянадаг байсан. Одоо би улс төрийн хариуцлагыг бага багаар орхисоор байна. Үнэн хэрэгтээ би 2001 оноос улс төрийн эрх мэдлийг улстөрчдөд тавьж өгснөөс хойш улс төрөөс хагас зодог тайлаад байгаа. Одоо би зөвлөх маягаар ажиллаж байна. Далай лам эрх мэдэлгүй болсон.
– Саяхан түвдүүд танд урт удаан амьдралыг бэлгэдсэн ёслол хийсэн. Та энэ жил Түвдийн сарны тооллоор 73 хүрч, тун хэцүү жил орж байгаа гэсэн. Ямар аюул тулгарах юм бол?
– Би буддист. Үйл явдал бүр үр дагавартай байдаг гэдэгт итгэдэг. Гэвч би зурхайд итгэддэггүй.
– Та Түвдийн төлөө дахин 20 жил амьдрах итгэлтэй байна гэж хэлсэн?
– Тийм ээ. Болох л юм. Миний бие сайн, ухаан саруул байна.
– Хятад улс Түвдийн асуудлыг хамхихын тулд таны үхлийг хүлээж байгаа гэх юм?
– Би үхсэнээр хойшоо нэг алхам ухрах болно. Олон түвд хүний хувьд хүнд цохилт болно. Гэвч оюун ухаан, Түвдийн асуудал байсаар байх болно. Тиймээс би ардчиллыг нэвтрүүлж, таван жил тутам сонгууль явуулдаг болсон. Далай лам байхгүй байгаа юм шиг ажиллаж, хөдлөх ёстой гэж би түвдүүдэд хэлдэг. Тэд хариуцлагаа өөрсдөдөө авах ёстой. Бидний тэмцэл шударга, эцэст нь бид ялах болно.
– Та алга болсноор Бээжингийн ашиг сонирхолд ашигтайгаар эргэх эргэлзээ, тээнэгэлзлийн үе ирэх…?
– Түвдийн шашны бүх лидер Энэтхэгт байна. Тэд бүгд хөгширсөн ч сэтгэлгээ сайтай залуус зөндөө байна. Түвдийн ард түмэн Далай ламыг хүсч байвал тэр байж л байг. Далай лам хэрэггүй гэж үзвэл Далай ламын институц байхгүй болно. Бүгдээрээ Энэтхэгийн буддын уламжлалд эргэж оръе гэж би олон жил хэлж байна. Будда нас барсны дараа хойд дүр нь тодроогүй. Буддизм үргэлжилсээр ирсэн. Будда дахин төрөлгүй, хойд дүр нь тодролгүй 1000 гаруй жил боллоо. Бидэнд сайн багш, сайн шавь хэрэгтэй. Зөвхөн нэг хүнд итгэх нь алдаа юм.
– Хойд дүрийг хэлэлцэж болдог юм уу?
– Энэ нь буддизмд байдаг амьдралын үргэлжлэлийн ухагдахуун юм. Далай ламын хойд дүр нь өнөө үед бас нийгмийн тогтолцоо болж байгаа юм. Энэ өөрчлөгдөх болно.
– Хойд дүрийг тодруулах нь шинжлэх ухаан мөн үү?
– Хойд дүрийг тохиолдол, учралаар тодруулдаг. Карма гэдэг шинжлэх ухаан юм л даа. Буддистууд өөрсдийн туршлага, тайлбараараа хойд дүрийг тодруулдаг. Дашрамд хэлэхэд цөллөгт байгаа түвдүүд сайн өсөхгүй байгаа нь санаа зовоож байна. Лам, гэлэнмаа нар илүү олон хүүхэдтэй болох хэрэгтэй. Буддист хүн эхнэр, хүүхэдтэй байж болно.
– Та өөр шашны лидерүүдтэй уулзахдаа юуны тухай ярьдаг вэ?
– Шашнууд хоорондоо хөг зохицол, эв найрамдалтай байх талаар ярилцдаг.
– Таны өргөөний үүдэн дээр байгаа газрын зураг дээр Хятад дотор Түвд, Туркестаныг (Шинжаан муж) тусгаар улс болгож тэмдэглэсэн байна. Бээжин үүнд уурлаж байгаа биз?
– Хятадууд Түвдийн тохиолдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. XXI зуунд үндэсний бүрэн эрхт байдал чухал биш. Нийтийн ашиг сонирхол чухал. Тиймээс бид БНХАУ дотор байх сонирхолтой байна.
– Та олон жил дэлхийгээр аялж Түвдийн гамшгийг танилцуулж яваа ч бусад Засгийн газруудаас дэмжлэг авахгүй л байна шүү дээ?
– Брюссель, Вашингтонд очиход улс төрийн лидерүүд нь хүлээж авдаг. Харин би хүмүүстэй уулзаж ярилцах илүү дуртай. Ямар ч Засгийн газар Түвдийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй.
Бэлтгэсэн Н.Мөнхжин