Эрүүгийн хуулийн ялын бодлогоос ХӨГЦ YНЭРТДЭГ
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр муу хуулийн балгаар хүмүүс хохирсоор байгаатай цаашид эвлэрч боломгүй.
Тиймээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарсан энэ нөхцөл байдлыг ашиглан уг хуулийн алдаа согогийг нь цаг алдалгүй арилгах асуудлыг Улсын Их Хурлын энэ хаврын чуулганаар нэг мөр шийдвэрлээсэй гэсэндээ санал бодлоо тэрлэлээ.Нэгэнт хувь хүний эрх, эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, нэр төр, сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндээр нь хохироочихоод, эсвэл буудан алчихаад дараа нь цагаатгаснаар /хэрэв нэхэмжлэл гаргасан бол өчүүхэн бага хэмжээний нөхөх олговор олгох төдийхнөөр/ иргэдийн хохирол бүрэн арилахгүй. Ийм учраас Эрүүгийн хуулийг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах ажилд туйлын хариуцлагатай хандах учиртай. Хилсээр болон хууль бусаар ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгуулах гэхэд Улсын Дээд шүүх туйлын хойрго ханддаг нь ч нууц биш.
Урд нь Эрүүгийн хуулийг шинэчлэхдээ ялын төрөлд голлон анхаарч, үзэгний үзүүрээр нэмж хасах төдийхнөөр өөрчилж, ял хатуу байх ёстой гэсэн муйхар байр сууринаас хуульд зааснаас хөнгөн ял шийтгэх журмыг халж, давтан гэмт хэрэг үйлдэгчдэд оногдуулах ялыг сохроор чангалсныг эс тооцвол бодлогын шинжтэй өөрчлөлт хийгээгүй. Монгол Улсад улс төрийн, эдийн засгийн, нийгэмшлийн, оюун санааны дөрвөн том шинэтгэл хийгдчихээд байхад төрийн ялын бодлогод эдгээр нь тусгалаа олоогүй юм. Жишээ болгож Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-ийг аваад үзье. Бусдын 70000 төгрөгийн эд зүйлийг булаагаад нэг сар баривчлах ялаар шийтгүүлсэн бол жилийн дотор бусдын 70000 төгрөгийн эд зүйл хулгайлсан бол 10-аас дээш, 15 жил хүртэл хорих ял шийтгэнэ. Харин бусдын 70000 төгрөгийн эд зүйл хулгайлаад нэг сар баривчлах ял шийтгүүлсэн этгээдэд жилийн дотор бусдын мөн тийм хэмжээний эд зүйл хулгайлсан бол 2-5 жил хүртэл хорих ял шийтгэнэ. Энэ ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор бусдын 70000 төгрөгийн эд зүйл хулгайлбал 10-аас дээш 15 жил хүртэл хорих ял шийтгэнэ. Тэгвэл анхны үйлдлээрээ бусдын 3449999 төгрөгийн эд зүйл хулгайлсан этгээдийг 1-3 сар баривчилна, 700 тэрбум төгрөгийн, түүнээс хэд дахин илүү үнэтэй эд зүйл хулгайлсан этгээдийг 10-15 жил хорих ял шийтгэнэ. Ийм байж болох уу. Энд бодлого байна уу. Төрийн ялын бодлогод зайлшгүй өөрчлөлт байх ёстойг энэ жишээнээс харж болно. Давтан гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж байгааг халах цаг болсон. Өмнөх гэмт хэрэгтээ тохирсон ялыг эдэлсэн байтал илүү хүнд ял оноож байгаа нь энэ ерөөсөө засардаггүй этгээд гэж үзсэнийх үү. Тэгвэл гэмт үзэл бодлынх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй. Өмнөх хэрэгт нь дутуу ял өгсөн байна гэж үзээд нөхөж өгч байна гэж үзвэл үйлдсэн хэрэгт нь зөвхөн нэг удаа ял шийтгэдэг зарчим зөрчигдөж байна. Чухам ийм учраас шулуухан хэлэхэд өнөөгийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн ялын бодлогоос хуучирсан хөгц үнэртэж байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг түргэн шуурхай, бүрэн арилгуулах, хүнийг нэг удаа алдсаных нь төлөө бүрмөсөн цааш нь түлхэхгүй байх, зөвхөн учруулсан гэм хор, хохиролд нь тохирсон ял оногдуулах зэрэг асуудал төрийн ялын бодлогын гол цөм нь байх ёстой.
Өнөөгийн мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар бол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулаад 9 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн этгээд наад зах нь 6 жил 4 сар 2 хоногийн ялыг биечлэн эдэлснийхээ дараа, хулгайн хэргээр жишвэл өнөөдрийн ханшаар бусдын 13 800 000 төгрөгний эд зүйл хулгайлаад 8 жилийн хорих ял шийтгүүлсэн этгээд наад зах нь 5 жил 4 сар 1 хоногийн ялыг биечлэн эдэлснийхээ дараа л хохирлоо нөхөн төлөх бодол төрөхөөр харагдаж байгаа юм.
Эндээс төрийн ялын бодлого нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг түргэн шуурхай, бүрэн арилгуулах гол хөшүүрэг болох ёстой гэсэн нэг дэх санаа урган гарч байгаа юм.
Энд дараахь хувилбарууд байж болох юм.
– Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийн хувьд учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилган хохирогчтой эвлэрсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд мөн тохиолдолд хуульд зааснаас хөнгөн ял шийтгэх журмыг хэрэглэх. Эрүүгийн хуульд ийм өөрчлөлт оруулж гэмээ нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийг хахуульдах явдлыг бууруулах ач холбогдолтой байж мэднэ. Учир нь ялаас гарцаагүй мултрах боломжийг гагцхүү хохирогч л олгох нь тодорхой байгаа нөхцөлд гэмт хэрэг үйлдэгчдийн олонхи нь хохирогчоо л аль болохоор тойглох нь мэдээж. Энэ бол хахуульдана гэсэн үг. Ийм тохиолдолд албан тушаалтнууд нь төрийн нэрээр, гэмт этгээдүүдээсээ ч илүүтэйгээр хохирогчдыг сэтгэл зүйн хувьд давхар хохироож байдгийг хэдий болтол тэвчих болж байна вэ. Хэдэн жилийн өмнө Эрдэнэтийн цагдаагийн газарт түймэр тавьсан этгээд ахлах мөрдөн байцаагч Мөнгөншагайн балгаар хилсээр асар их хохирол амссаныхаа төлөө түүнтэй тооцоо хийх зорилготой байсан гэдэг. Өнгөрсөн жил мөрдөн байцаагчид болон прокурорууд авто ослоор нас барсан охинд нь бүх бурууг хууль бусаар тохож, гэмт этгээдийг илт өмгөөлсөнд нь гомдсон эцэг өөрийгөө боомилж хорвоог орхисон. Иймэрхүү жишээ хаа сайгүй.
Эцсийн бүлэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эхний удаад яллах уу, өршөөх үү гэдгийг гагцхүү хохирогч л шийдэх аваас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хорыг бүрэн арилгах гол нөхцөл бүрдэнэ.
Хамгийн чухал нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол баталгаатай хангагдсанаар Монгол Улсын Yндсэн хууль тунхаглал төдий биш, нийгмийн харилцааг жинхэнэ утгаар нь зохицуулдаг болно. Нөгөө талаар хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон прокурор, шүүх, шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын ачаалал нэгэн зэрэг эрс багасна. Ингэснээр Монгол Улс 100 000 хүнд оногдох хоригдлын тоогоороо дэлхийн улсуудын ядаж дундаж төвшинд очно. Одоо бол тун дээгүүр яваа шүү дээ. Ачаалал багассанаар орон тоог цомхотгож, төсөв хэмнэх ч боломжтой. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчдийг, шийдвэр гүйцэтгэгчдийг хахуульдах шаардлагагүй болсноор зарим талаар нийгэм эрүүлжих нөхцөл бүрдэнэ.
Сөрөг үр дагаврын тухайд гэвэл, нэгэнт хахууль авах найдлагагүй болчих юм бол хүмүүсийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчээр ажиллах сонирхол эрс буурч болох хэдий ч эрх зүйч баклаврын болон магистрын төвшинд бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц манайд хангалттай байгаа болохоор энэ нь асуудал биш. Харин ч мэргэжилдээ дур сонирхолтой, үнэнч шударга хүмүүс нь тунаж, ажлын байртай болох магадлал ихсэнэ. Гэмт хэрэгт холбогдсоноор нь дарамталж, хохирогчид амандаа багтах тооны мөнгө нэхэх хандлага газар авна. Тэгвэл ялаас мултрахын тулд ямар төрийн албан хаагчдыг хахуульдаж төрийг хямруулж байгаа биш, эрх ашигт нь хохирол учруулсан нүглээ наманчилж байгаа, тэгээд ч эрх, эрх чөлөөгөө хэрхэн үнэлэх нь хувь хүний өөрийнх нь асуудал болохоор энэ нь шударга ёсонд нийцнэ. Эндээс төрийн ялын бодлого нь хүнийг нэг удаа алдсаных нь төлөө бүрмөсөн цааш нь түлхэхгүй байх нөхцөлийг хангаж байх ёстой гэсэн хоёр дахь санаа урган гарч байгаа юм. Харин ялих шалихгүй шалтгаар өдөж байгаад хохирсон тохиолдлыг ялгаж салгах чадварыг холбогдох албан тушаалтнуудад эзэмшүүлэх, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдлуудыг зөв тодорхойлж, хуулийн бодлогыг зоригтой хэрэглэх нь хамгаас чухал.
Хуульч Л.НЯМЗУНДУЙ